Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2017/02411

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2017/02411

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж-Э-Э-Г ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  "Х" ХХК -д холбогдох,

 

Гэрээний улмаас учирсан хохирол нийт 127,260,794 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн төлөөлөгч Я.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ЖЭЭГ ХХК нь 2014 оны 5 сарын 01-ний өдөр ЭҮ ХХК-тай 2014/04-21-117 дугаартай гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу манай компани Хазаарбат ХХК-тай 2015 оны 6 сарын 04-ний өдөр №2/12 of 2.02.2012 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Уг гэрээ ёсоор 60.0 тонн ферромарганцийг тонн тус бүрийг нь 1303.6 ам.доллараар буюу нийт 78,220 ам.доллараар, 60.0 тонн ферромарганцийн тээврийн хөлс 7,120 ам.доллараар нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм.

Х ХХК-иас ферромарганцаа ЖЭЭГ ХХК нь 2014 оны 5 сарын 01-ний өдөр ЭҮ ХХК-тай байгуулсан 2014/04-21-117 дугаартай гэрээний дагуу нийлүүлэлт хийхдээ 1 тонн тус бүрийг нь 3,000 ам.доллараар нийлүүлэх байсан.

Х ХХК нь манай компанийн ЭҮ ХХК-тай 2014/04-21-117 дугаартай гэрээг үзэж танилцсан бөгөөд гэрээнд заагдсан чанар үзүүлэлт бүхий ферромарганц нийлүүлж чадна гэсэн учир гэрээ байгуулж гэрээний төлбөрийг Х ХХК-д хүлээлгэн өгсөн.

Ферромарганц нь Монгол Улсад бэлнээр байдаггүй гадаад улсаас импортоор оруулж ирдэг бараа түүхий эд тул Х ХХК нь өөрийн салбар компани болох ОХУ дахь НЭ ХХК-иар дамжуулан нийлүүлэлт хийнэ гэж байсан. Гэрээний дагуу 60 тонн ферромарганц орж ирснийг шууд ЭҮ-ийн Орхон аймаг дахь гаалийн хяналтын талбайд 2015 оны 8 сарын 07-ны өдөр хүргүүлсэн.

Эрдэнэт үйлдвэр хүлээн авч 60 тонн гэж нийлүүлэлт хийсэн ферромарганцийг жигнэн үзэхэд 59.84 тонн буюу жиндээ хүрэхгүй байсан. Уг бүтээгдэхүүнээс дээж аван агууламжийг шинжлэн үзэхэд хог хаягдал ихтэй бөгөөд ферромарганцийн агууламж 50-60 хувьтай буюу 40-50 хувийн хог, хаягдал болон төмрийн шаар баастай байна гэсэн дүгнэлтийг 2015 оны 9 сарын 15-ны өдөр гаргасан.

Дүгнэлтийн дагуу манай компани Х ХХК-иас нийлүүлэлт хийсэн бүтээгдэхүүнийг ангилан ялгалт хийж 2015 оны 10 сарын 13-ны өдрийн актын үндсэнд нийт 44.09 тонн-ыг шаардлага хангасан гэж үзэн хүлээн авч, үлдэгдэл 15.75 тонн гологдол гэж үзэн хүлээн авахаас татгалзаж манай компани эргүүлэн татаж авсан юм.

Дүгнэлтүүд болон гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тухай гомдлыг Х ХХК-ийн холбогдох этгээдүүд болон ерөнхий захирал Г.О хэлж мэдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хохирол барагдуулаагүй байгаа болно. Х ХХК гэрээний дагуу чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас бүтээгдэхүүний 20,532 ам.долларын, 1,874 ам.долларын тээврийн зардлын, 5,000,000 төгрөгийн гаалийн татвар шууд хохирол учирсан.

Хэрэв чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлсэн бол олох байсан ашиг 26,718 ам.доллар байх байсан юм. Иймд Х ХХК нь гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас ЖЭЭГ ХХК-д учирсан хохирол 49,124 ам.доллар болж байна. Энэхүү ам.долларын хохирлыг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар тооцвол 122,260,794 төгрөг болж байгаа бөгөөд дээрээс нь нэмж холбогдох гаалийн татвар 5,000,000 төгрөгийг нэмбэл нийт 127,260,794 төгрөгөөр хохироод байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж Х ХХК-иас 127,260,794 төгрөгийг гаргуулж ЖЭЭГ ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

ЖЭЭГ ХХК-ийн болон Х ХХК-ийн хооронд байгуулсан гэх 2/12 of 2.02.2012 дугаартай гэрээ гэх зүйл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 буюу дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь доорх баримтуудаар нотлогдож байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Үндэслэл нь энэхүү гэрээ гэх зүйлд талуудын \компанийн\ регистрийн дугаар, банкны дансны дугаар, баримтлах хууль зэргийг огт дурдаагүй байна. Монгол Улсад хүчин төгөлдөр гэрээ буюу стандарт гэрээнд талуудын регистрийн дугаар, хаяг байршил болон банкны дансны дугаар зэргийг заавал оруулдаг хэв загвар бий. Гэтэл тус гэрээ гэх зүйлд энэ тухай мэдээлэл огт дурдагдаагүй байна.

Ферромарганц нь сэлбэг тоног төхөөрөмж биш харин түүхий эд химийн бодис юм. Гэрээ гэх зүйлийн нийтлэг үндэслэл хэсэгт сэлбэг тоног төхөөрөмжийг бараа гэж заасан бөгөөд бараа гэдэг үгийг сэлбэг тоног төхөөрөмж гэдэг үгээр шилжүүлвэл энэ гэрээ бүхлээрээ дүр үзүүлсэн гэрээ гэдэг нь харагдаж байна.

Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагадаа Монгол Улсад байхгүй импортоор оруулж ирдэг түүхий эд гэж бичсэн нь сэлбэг тоног төхөөрөмж биш гэдгийг нотолж байна. Хэрэв тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол сэлбэг, тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ биш харин түүхий эд худалдах, худалдан авах гэрээ байх ёстой байсан. Худалдах, худалдан авах гэрээ гэх зүйл нь анхнаасаа сэлбэг тоног төхөөрөмжийн гэрээний загвар дээр хийгдсэн ба үүний нотолгоо нь гэрээ гэх зүйлийн 3.2, 3.3-р зүйлд заасан эвдрэл гэмтэл гарах гэдэг үгээр нотлогдоно.

Гэрээ гэх зүйлийн 3.1-д тоо ширхэг гэж дурьдсан байна. Ферромарганц дээр тоо ширхэг гэсэн ойлголт байхгүй бөгөөд килограмм, тонн гэсэн хэмжих нэгжээр яригдана. Тус гэрээ гэх зүйлд тоо ширхэгээр нийлүүлнэ гэж заасан нь ЖЭЭГ ХХК нь уг хэлцлийг анхнаасаа татвараас зайлсхийх зорилгоор татварын шалгалтанд зориулж хууран мэхлэх замаар хийлгэсэн дүр эсгэсэн хэлцэл гэдгийг нотолж байна.

Хэрвээ Х ХХК-ийг худалдагч гэж үзвэл тус гэрээ гэх зүйлийн 2.2-т худалдан авагч төлбөрийг бараа хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор барагдуулна гэж заажээ. Гэтэл худалдан авагч бараа хүлээн авахаас өмнө төлбөрийг урьдчилан шилжүүлсэн болох нь гаалийн бүрдүүлэлт дээрх бараа хүлээн авсан огноо \2015.07.28\ болон гадаад гуйвуулгын төлбөрийн баримтаар нотлогдоно. \2015.06.16, 2015.07.17\

Хэрвээ Х ХХК нь худалдагч юм бол ОХУ-аас оруулж ирж буй түүхий эдийг эхлээд өөрсдөө хүлээн авч ЖЭЭГ ХХК-д хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэвч Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө ЖЭЭГ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн нь Х ХХК-ийг худалдагч тал биш гэдгийг нотолж байна.

Хэрэв Х ХХК-ийг худалдагч гэх юм бол энэхүү гэрээ гэх зүйлээс талууд харилцан ашигтай ажиллаж тус компани нь бизнесийн ашиг хүртэх ёстой. Гэтэл ЖЭЭГ ХХК-ийн феррромарганц түүхий эдийн төлбөрт өгсөн гэх 85,340 доллар нь энэ үнийн дүнгээрээ ОХУ-руу шилжсэн байна. Энэ нь Х ХХК-г ямар ч ашиг хүртээгүй зөвхөн компанийн нэрээ ашиглуулсан болохыг нотолж байна.

Мөн ЖЭЭГ ХХК-ийн Х ХХК-д барааны төлбөрт өгсөн гэх нийт 85,340 ам.доллар нь Х ХХК-ийн ямар ч дансаар ороогүй ба энэ нь тус компанийг худалдагч биш гэдгийг нотолж байна.

Хэрвээ энэ гэрээ гэх зүйлийг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол 8.3.2-т барааг нийлүүлж төлбөр тооцооны хувьд бүрэн барагдуулж дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасны дагуу ЖЭЭГ ХХК нь Ферромарганцийн төлбөрийг төлснөөр гэрээ гэх зүйл дуусгавар болсон байна.

Энэ нь Х ХХК-ийн 2015.7.28-ны №15/318 дугаартай нэр шилжүүлэх хүсэлт, төлбөрийн баримтуудаар нотлогдоно. Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ЭҮ ХХК-ийн гэрээтэй танилцаагүй бөгөөд хэргийн материалд хавсаргасан баримтуудаас үзэж танилцсан болно. Хэрэв энэ гэрээ гэх зүйлийг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол 9.2-т энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор энэ гэрээнд хамаарах урьд өмнө нь яригдаж байсан аман хэлэлцээр, протокол, захидал, харилцаа нь хүчингүйд тооцогдоно гэж заасны дагуу өмнөх аман хэлцэлүүд бүгд хүчингүйд тооцогдоно.

Гэрээ гэх зүйлд чанарын талаар огт дурдаагүй ба ферромарганцыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь төлбөрөө ферромарганцийг хүлээн авахаас өмнө урьдчилан 100% буюу бүрэн шилжүүлснээр нотлогдоно. Мөн ЖЭЭС ХХК-д ямар ч бодит хохирол учраагүй. Гэрээ гэх зүйлийн 7.1-д бодит хохирлын тухай дурдсан боловч ферромарганцын төлбөр болоод тээврийн зардалд төлсөн нийт 85,340 ам.долларыг ЭҮ ХХК-д ферромарганцийн үнээс олж авсан.

ЭҮ ХХК-д ферромарганцын 1 тонн-ыг нь 3,000 ам.доллараар тооцож 44.09 тонн-ыг нийлүүлсэн нь нийт 132,270 ам.доллар болсон байна. Энэ нь түүхий эдийн төлбөрт төлсөн мөнгөө, тээврийн зардлаа буцаан олж авахын зэрэгцээ 46,930 ам.долларын ашигтай ажилласан болох нь харагдаж байна.

Үүнээс үзэхэд ЖЭЭГ ХХК-д ямар ч бодит хохирол учраагүй байна. Дээрхээс үзэхэд Х ХХК-тай байгуулсан №2/12 of 2.02.2012 дугаартай худалдах, худалдан авах гэрээ гэх зүйл нь хууран мэхлэх замаар хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд ЖЭЭГ ХХК өөрсдөө ашиг олох, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, татварын шалгалтоннаас зайлсхийж, татварын шалгалтанд зориулсан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь дээрх баримтуудаар нотлогдож байна.

Х ХХК нь ферромарганц гэх түүхий эдийн худалдагч тал биш учир хариуцагч байх ямар ч үндэслэлгүй бөгөөд энэхүү гэрээ гэх зүйлийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэдгийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЖЭЭГ ХХК нь гэрээний улмаас учирсан хохирол чанаргүй бүтээгдэхүүний үнэ 51,100,452 төгрөг /20,532 ам.доллар/, тээврийн зардал 4,664,049 төгрөг /1,874 ам.доллар/, гаалийн татвар 5,000,000 төгрөг, олох ёстой байсан ашиг 66,496,293 төгрөг /26,718 ам.доллар/, нийт 127,260,794 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Х ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Х ХХК нь ЖЭЭГ ХХК-ийн хүсэлтээр өмнө нь ферротитан, феррованадий, ферромолибден гэх химийн бодисуудыг ОХУ-аас оруулан нийлүүлж байсан, ийнхүү нийлүүлэхдээ бичгээр гэрээ байгуулж байгаагүй, энэ талаар маргаан гарч байгаагүй болох нь тогтоогддог.

 

Ферротитан, феррованадий, ферромолибден, ферромарганц зэрэг химийн бодис /металл/-ыг Монгол Улсын хилээр оруулахад тусгай зөвшөөрөл шаардлагагүй байдаг талаар зохигч талууд маргадаггүй.

 

Х ХХК-тай гэрээ байгуулах болсон шалтгаанаа нэхэмжлэгч ЖЭЭГ ХХК нь Х ХХК нь ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг Наран экспорт гэх компанитай, тус компани нь ОХУ дахь гаалийн бүрдүүлэлт, бичиг баримттай холбоотой ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ гэж үзсэн хэмээн тайлбарласныг хариуцагч тал няцаагаагүй бөгөөд нэхэмжлэгч талын энэхүү тайлбар нь 2015 оны 6 сарын 16-ны өдрийн Гадаад гуйвуулгын даалгавар-т хүлээн авагчийг Naran Export ООО /общество с ограниченной ответственностью/ гэж тодорхойлсноор нотлогдож байна гэж үзэв. /хх-26х/

 

Талууд өмнө нь ижил төрлийн харилцааг амаар хэлцэл байгуулах замаар зохицуулж байсан нөхцөл байдал, мөн Х ХХК-ийн нягтлан бодогчоор тухайн үед ажиллаж байсан гэрч Н.О-н шүүхэд өгсөн Энэ гэрээг 2016 оны 6 сард намайг жирэмсэн байх үед ЖЭЭГ ХХК-ийн захирал Б манай дээр байн байн ирж... . Тухайн үед захирал эзгүй, захирлын тамга нь байсан учраас Буянтогтоход нэг хувь гэрээ хийгээд явуулсан гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд хэрэгт авагдсан 2015 оны 6 сарын 04-ний өдрийн 2/12 оf 2.02.2012 тоот Худалдах, худалдан авах гэрээ-г хожим 2016 оны 6 сард нөхөж байгуулсан гэх хариуцагч талын тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-122х/

 

Иймд талууд хожим нөхөж байгуулсан 2015 оны 6 сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй. /хх1-16-17х/

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан 2015 оны 6 сарын 16-ны өдрийн Гадаад гуйвуулгын даалгавар-т гуйвуулагчийг K LLC /Х ХХК/ гэж тодорхойлсон тэмдэглэгээ, мөн Х ХХК-ийн нягтлан бодогчоор тухайн үед ажиллаж байсан гэрч Н.О-н шүүхэд өгсөн Гадаад руу гуйвуулах мөнгийг бэлнээр аваад өөрөө шилжүүлсэн тухай мэдүүлэг зэргээс үзэхэд ЖЭЭГ ХХК нь гэрээний үнийг Х ХХК-д бэлнээр хүлээлгэн өгч, Х ХХК-ийн нягтлан бодогч нь гадаад гуйвуулгыг өөрийн компанийн нэрийн өмнөөс хийсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-25х, хх-122-123х/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагыг хуулиар тогтоогоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гадаад гуйвуулгын баримтанд шилжүүлэх үнийн дүнг 78,220 ам.доллар гэж тэмдэглэсэн байх тул 60 тонн ферромарганцийг тонн тус бүрийг 1,303.6 ам.доллараар худалдах, худалдан авахаар тохиролцсон гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үнэн зөв байна.

 

Х ХХК-иас Х  ХХК-ийн нэр дээр орж ирж байгаа бараа болох ферромарганцийн гаалийн бүрдүүлэлтийг ЖЭЭГ ХХК-ийн нэр дээр бүрдүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу ЖЭЭГ ХХК нь ферромарганцийг хүлээн авсан байх тул хэрвээ Х ХХК нь худалдагч юм бол ОХУ-аас оруулж ирж буй түүхий эдийг эхлээд өөрсдөө хүлээн авч ЖЭЭГ ХХК-д хүлээлгэн өгөх ёстой байсан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

ЭҮ ХХК-ийн Засвар-механикийн заводын 2015 оны 9 сарын 15-ны өдрийн акт, Металлын лабораторийн 2015 оны 9 сарын 04-ний өдрийн 32 тоот болон 10 сарын 08-ны өдрийн тоот 36 тоот шинжилгээний дүн, Геологийн төв лаборатори-йн 2015 оны 10 сарын 12-ны өдрийн акт шинжилгээний дүн зэргийг үндэслэж ЭҮ ХХК нь 2015 оны 10 сарын 13-ны өдөр Ферромарганц 75-ын тухай акт гаргаж, 44.09 тонн ферромарганцыг үйлдвэрлэлд хэрэглэх, үлдэх 15.75 тонн ферромарганцыг нийлүүлэгч компанид буцаахаар шийдвэрлэжээ. /хх-18-24/

 

Өөрөөр хэлбэл, Х ХХК нь аман гэрээгээр 60 тонн ферромарганц нийлүүлэх үүрэг хүлээсэн байтал 15.75 тонн ферромарганц нь үйлдвэрлэлд ашиглах боломжгүй буюу чанарын шаардлага хангаагүй, биет байдлын доголдолтой болох нь тогтоогдож байна.

 

Чанарын шаардлага хангаагүй, биет байдлын доголдолтой болох нь шинжилгээний үр дүнд буюу лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон учир эд хөрөнгийг хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж нэхэмжлэгч ЖЭЭГ ХХК-ийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, ферромарганцийг зэс баяжуулахад ашигладаг химийн бодис болох талаар зохигч талууд тайлбарлаж байх тул үйлдвэрлэлд ашиглах боломжтой байхыг чанарын шаардлага хангасан байна гэж үзэх ба Х ХХК-ийн нийлүүлсэн 60 тонн ферромарганцаас үйлдвэрлэлд ердийн журмаар ашиглаж болохгүй буюу чанарын шаардлага хангахгүй байгаа нь 15.75 тонн болохыг шинжилгээгээр тогтоосон байдаг.

 

Иймд нэхэмжлэгч ЖЭЭГ ХХК нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2, 254.4-т зааснаар хариуцагч Х ХХК-иас 15.75 тонн ферромарганцийн үнэ (15.75 х 1303.6) х 2488.82 = 51,099,706 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Талууд тээврийн зардалд 7,120 ам.долларыг төлсөн талаар маргахгүй байх тул 15.75 тонн ферромарганц тээвэрлэх зардал (15.75 x 100%) / 60 = 26.25%, (7,120 x 26.25%) / 100 = 1,869 ам.доллар буюу 4,651,605 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь гаалийн татвар гэж 5,000,000 төгрөг нэхэмжилж байх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй, мөн олох ёстой байсан ашиг гэж 66,496,293 төгрөгийг нэхэмжилж байх боловч олох ёстой байсан ашгийг ЭҮ ХХК-тай байгуулсан гэрээний үнэ болон Х ХХК-тай байгуулсан гэрээний үнийн зөрүүгээр ((3,000 1,303.6) х 15.75 = 26,718 х 2,488.82) тооцож байгаа нь үндэслэлгүй учир гаалийн татвар болон олох ёстой байсан ашгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Учир нь, ашиг нь ЭҮ ХХК-д нийлүүлэх байсан үнээс татвар ногдох орлогоос хасагдах зардлуудыг, мөн татварын тухай хууль тогтоомжийн дагуу аж ахуйн нэгжээс төлөх татвар, хураамжуудыг хасч тооцсон дүнгээр илэрхийлэгдэх ойлголт юм.

 

Талууд худалдах, худалдан авах хэлцлийг амаар байгуулж, уг хэлцлээ бодит үйлдлээр хэрэгжүүлсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд хамааруулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч ЖЭЭГ ХХК нь гэрээний улмаас учирсан хохирлыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн 1 ам.долларыг төгрөгтэй харьцах ханшаар тооцсон нь үндэслэлтэй гэж шүүх үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 254.4-д зааснаар хариуцагч Х ХХК-иас 55,751,311 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЖЭЭГ ХХК-д олгож, үлдэх 71,509,483 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 794,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 437,707 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЖЭЭГ ХХК-д буцаан олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 246 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч Х ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР