Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1586

 

 “Жи Эс Эйч Гоулд” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01288 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Жи Эс Эйч Гоулд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хазаарбат” ХХК-д холбогдох

 

127 260 794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нандинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Жи Эс Эйч Гоулд” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "Жи Эс Эйч Гоулд” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2014/04-21-117 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани “Хазаарбат” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр №2/12 of 2.02.2012 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан. Уг гэрээ ёсоор 60.0 тн ферромарганцыг тонн тус бүрийг нь 1 303,6 ам.доллараар буюу нийт 78 220 ам.доллараар, 60 тн фөрромарганцын тээврийн хөлс 7 120 ам.доллараар нийлүүлэх, Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. “Хазаарбат” ХХК-иас худалдан авсан ферромарганцаа “Жи Эс Эйч Гоулд” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай байгуулсан 2014/04-21-117 дугаартай гэрээний дагуу нийлүүлэлт хийхдээ 1 тн тус бүрийг нь 3 000 ам.доллароор нийлүүлэх байсан. “Хазаарбат” ХХК нь манай компанийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай байгуулсан гэрээг үзэж танилцсан бөгөөд гэрээнд заагдсан чанар үзүүлэлт бүхий ферромарганц нийлүүлж чадна гэсэн учир гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг “Хазаарбат” ХХК-д хүлээлгэн өгсөн. Ферромарганц нь Монгол Улсад бэлнээр байдаггүй, гадаад улсаас импортоор оруулж ирдэг бараа түүхий эд тул “Хазаарбат“ ХХК нь өөрийн салбар компани болох ОХУ дахь “Наран экспорт” ХХК-иар дамжуулан нийлүүлэлт хийнэ гэж байсан. Гэрээний дагуу 60 тн ферромарганец орж ирснийг шууд Эрдэнэт үйлдвэрийн Орхон аймаг дахь  гаалийн хяналтын талбайд 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн. Эрдэнэт үйлдвэр хүлээн авч 60 тн гэж нийлүүлэлт хийсэн ферромарганцыг жигнэн үзэхэд 59.84 тн буюу жиндээ хүрэхгүй байсан. Уг бүтээгдэхүүнээс дээж аван агууламжийг шинжлэн үзэхэд хог хаягдал ихтэй бөгөөд ферромарганцын агууламж 50-60 хувьтай буюу 40-50 хувийн xoг хаягдал болон төмрийн шаар баастай байна гэсэн дүгнэлтийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан. Дүгнэлтийн дагуу манай компани “Хазаарбат” ХХК-иас нийлүүлэлт хийсэн бүтээгдэхүүнийг ангилан ялгалт хийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн актын үндсэнд 44.09 тн-ийг шаардлага хангасан гэж үзэн хүлээн авч, үлдэгдэл 15.75 тн гологдол гэж үзэн хүлээн авахаас татгалзаж манай компани эргүүлэн татаж авсан юм. Дүгнэлтүүд болон гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тухай гомдлыг “Хазаарбат” ХХК-ийн холбогдох этгээдүүд болон ерөнхий захирал Г.Одмаад хэлж мэдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хохирол барагдуулаагүй болно. “Хазаарбат” ХХК гэрээний дагуу чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас бүтээгдэхүүний 20 532 ам.долларын, 1 874 ам.долларын тээврийн зардлын, 5 000 000 төгрөгийн гаалийн татварын шууд хохирол учирсан. Хэрэв чанарын шаардпага хангасан бүтээгдэхүүн нийлүүлсэн бол олох байсан ашиг 26 718 ам.доллар байх байсан. Иймд “Хазаарбат” ХХК нь гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэний улмаас “Жи Эс Эйч Гоулд” ХХК-д учирсан хохирол 49 124 ам.доллар болж байна. Энэхүү хохирлыг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар тооцвол 122 260 794 төгрөг болно. Гаалийн татвар 5 000 000 төгрийг нэмбэл нийт 127 260 794 төгрөгөөр хохироод байна. Иймд  “Хазаарбат” ХХК-иас 127 260 794 төгрөгийг гаргуулж “Жи Эс Эйч Гоулд” ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Хазаарбат” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: "Жи Эс Эйч Гоулд” ХХК болон “Хазаарбат” ХХК-ийн хооронд байгуулсан гэх №2/12 of 2.02.2012 дугаартай гэрээний зүйл нь Иргэний хуулийн 56.1.2 "дүр үзүүлэн хийсэн хэлцэл", мөн хуулийн 56.1.3 "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэдэг нь доорх баримтуудаар нотлогдож байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Үндэслэл нь энэхүү гэрээ гэх зүйлд талуудын регистрийн дугаар, банкны дансны дугаар, баримтлах хууль зэргийг огт дурдаагүй байна. Монгол Улсад хүчин төгөлдөр гэрээ буюу стандарт гэрээнд талуудын регистрийн дугаар, хаяг байршил болон банкны дансны дугаар зэргийг заавал оруулдаг хэв загвар бий. Гэтэл тус гэрээ гэх зүйлд энэ тухай мэдээлэл огт дурдагдаагүй байна. Ферромарганец нь "сэлбэг тоног төхөөрөмж" биш, харин түүхий эд, химийн бодис юм. Гэрээ гэх зүйлийн "Нийтлэг үндэслэл" хэсэгт "сэлбэг, тоног төхөөрөмж"-ийг "бараа" гэж заасан бөгөөд "бараа" гэдэг үгийг "сэлбэг тоног төхөөрөмж" гэдэг үгээр шилжүүлэн ойлговол энэ гэрээ бүхлээрээ дүр үзүүлсэн гэрээ гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагадаа Монгол Улсад байхгүй, импортоор оруулж ирдэг "түүхий эд" гэж бичсэн нь сэлбэг тоног төхөөрөмж биш гэдгийг нотлож байна. Хэрвээ тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол "Сэлбэг тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ" биш, харин "Түүхий эд худалдах, худалдан авах гэрээ" байх ёстой байсан. "Худалдах, худалдан авах гэрээ" гэх зүйл нь анхнаасаа сэлбэг тоног төхөөрөмжийн гэрээний загвар дээр хийгдсэн ба үүний нотолгоо нь гэрээ гэх зүйлийн 3.2; 3.3-д заасан "эвдрэл гэмтэл гарах" гэдэг үгээр нотлогдоно. Гэрээ гэх зүйлийн 3.1-д "тoo ширхэг" гэж дурдсан байна. Ферромарганц дээр тоо ширхэг гэсэн ойлголт байхгүй бөгөөд "килограмм", "тонн" гэсэн хэмжих нэгжээр яригдана. Тус гэрээ гэх зүйлд "тоо ширхэгээр нийлүүлнэ" гэж заасан нь “Жи Эс Эйч Гоулд” ХХК нь уг хэлцлийг анхнаасаа татвараас зайлсхийх зорилгоор татварын шалгалтанд зориулж, хууран мэхлэх замаар хийлгэсэн дүр эсгэсэн хэлцэл гэдгийг нотлож байна. Хэрвээ “Хазаарбат” ХХК-ийг худалдагч гэж үзвэл тус гэрээ гэх зүйлийн 2.2-т "худалдан авагч төлбөрийг бараа хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор барагдуулна" гэж заажээ. Гэтэл худалдан авагч барааг хүлээн авахаас өмнө төлбөрийг урьдчилан шилжүүлсэн болох нь гаалийн бүрдүүлэлт дээрх бараа хүлээн авсан огноо болон гадаад гуйвуулгын төлбөрийн баримтаар нотлогдоно. Хэрэв “Хазаарбат” ХХК нь худалдагч юм бол ОХУ-аас оруулж ирж буй түүхий эдийг эхлээд өөрсдөө хүлээн авч “Жи Эс Эйч Гоулд” ХХК-д хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэвч Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө “Жи Эс Эйч Гоулд” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн нь “Хазаарбат” ХХК-ийг худалдагч тал биш гэдгийг нотлож байна. Хэрвээ “Хазаарбат” ХХК нь "худалдагч" тал юм бол энэхүү гэрээ гэх зүйлээс талууд харилцан ашигтай ажиллаж, “Хазаарбат” ХХК бизнесийн ашиг хүртэх ёстой. Гэтэл “Жи Эс Эйч Гоулд” ХХК-ийн ферромарганц түүхий эдийн төлбөрт өгсөн гэх 85 340 ам.доллар нь энэ үнийн дүнгээрээ ОХУ-руу шилжсэн байна. Энэ нь “Хазаарбат” ХХК ямар ч ашиг хүртээгүй, зөвхөн компанийн нэрээ ашиглуулсан болохыг нотлож байна. Мөн “Жи Эс Эйч Гоулд” ХХК-ийн “Хазаарбат” ХХК-д барааны төлбөрт өгсөн гэх нийт 85 340 ам.доллар нь “Хазаарбат” ХХК-ийн ямар ч дансаар ороогүй ба энэ нь “Хазаарбат” ХХК-ийг худалдагч биш гэдгийг нотлож байна. Энэ гэрээ гэх зүйлийг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол 8.3.2-т заасны дагуу “Жи Эс Эйч Гоулд” ХХК ферромарганцын төлбөрийг төлснөөр гэрээ гэх зүйл дуусгавар болсон байна. Энэ нь “Хазаарбат” ХХК-ийн 2015.07.28-ны №15/318 дугаартай нэр шилжүүлэх хүсэлт, төлбөрийн баримтуудаар нотлогдоно. “Хазаарбат” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гэрээтэй танилцаагүй бөгөөд хэргийн материалд хавсаргасан баримтуудаас үзэж танилцсан болно. Хэрвээ энэ гэрээ гэх зүйлийг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол 9.2-т заасны дагуу өмнөх аман хэлцлүүд бүгд хүчингүйд тооцогдоно. Гэрээ гэх зүйлийн 9.5-д "гэрээтэй холбоотой гарсан маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх" тухай заалт байгаа боловч талуудын хооронд маргааныг шийдвэрлэх ямар ч зөвшилцөл хийгдээгүй. Гэрээ гэх зүйлд чанарын талаар огт дурдаагүй ба ферромарганцыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь төлбөрөө ферромарганцыг хүлээн авахаас өмнө урьдчилан 100 хувь буюу бүрэн шилжүүлснээр нотлогдоно. Мөн “Жи Эс Эйч Гоулд” ХХК-д ямар ч бодит хохирол учраагүй. Гэрээ гэх зүйлийн 7.1-д "бодит хохирол"-ын тухай дурдсан боловч ферромарганцын төлбөр болоод тээврийн зардалд төлсөн нийт 85 340 ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нийлүүлсэн 44,09 тн ферромарганцийн үнээс олж авсан, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д ферромарганцын 1 тонныг нь 3 000 ам.доллараар тооцож 44,09 тн-ийг нийлүүлсэн нь нийт 132 270 ам доллар болсон байна. Энэ нь түүхий эдийн төлбөрт төлсөн мөнгөө, тээврийн зардлаа буцаан олж авахын зэрэгцэа 46 930 ам.долларын ашигтай ажилласан болох нь харагдаж байна. Үүнээс үзэхэд “Жи Эс Эйч Гоулд” ХХК-д ямар ч бодит хохирол учраагүй байна.   Дээрхээс   үзэхэд   “Хазаарбат”   ХХК-тай   байгуулсан   №2/12   of   2.02.2012 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ" гэх зүйл нь хууран мэхлэх замаар хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд “Жи Эс Эйч Гоулд” ХХК нь өөрсдөө ашиг олох, өөр хэлцлийг халхавчлах  зорилгоор, татварын шалгалтаас зайлсхийж, татварын шалгалтанд зориулсан, дүр үзүүлэн  хийсэн хэлцэл гэдэг нь дээрх баримтуудаар нотлогдож байна. “Хазаарбат” ХХК нь ферромарганц гэх түүхий эдийн худалдагч тал биш учир хариуцагч байх ямар ч үндэслэлгүй бөгөөд энэхүү гэрээ гэх зүйлийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэдгийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Хазаарбат“ ХХК-иас 127 260 794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Жи Эс Эйч Гоулд” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Жи Эс Эйч Гоулд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 794 500 төгрөгийн 794 254 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 246 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Жи Эс Эйч Гоулд” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч “Жи Эс Эйч Гоулд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэннямын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч нь доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээх ба хэрэв худалдсан эд хөрөнгө доголдолтой бол Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, мөн зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Жи Эс Эйч Гоулд” ХХК нь чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүний үнэд төлсөн 20 532 ам.доллар, түүнтэй холбоотой тээврийн зардалд төлсөн 1 874 ам.доллар, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ хариуцагч биелүүлсэн бол нэхэмжлэгчийн олох байсан орлого 26 718 ам.доллар, нийт 49 124 ам.доллар буюу 122 260 794 төгрөг дээр гаалийн татварт төлсөн 5 000 000 төгрөгийг хариуцагч “Хазаарбат” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй, хариуцагч “Хазаарбат” ХХК нь хохирлыг нэхэмжлэгч “Жи Эс Эйч гоулд” ХХК-д нөхөн төлөх үүрэгтэй байна" гэж дүгнэсэн бөгөөд энэ үндэслэлээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэхээр байна. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Иймд хариуцагч “Хазаарбат” ХХК-ийг чанарын доголдолтой ферромарганц нийлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч “Жи Эс Эйч Гоулд” ХХК нь “Хазаарбат” ХХК-ийн нийлүүлсэн ферромарганцыг Иргэний хуулийн 255.1.2 дахь заалтад заасны дагуу шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

...нэхэмжлэгч “Жи Эс Эйч Гоулд” ХХК-ийг эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх ба Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2 дахь заалтад заасны дагуу шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ" гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслээгүй шийдвэр болсон байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт заасан байхад үндэслэлгүйгээр дүгнэлт хийн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/01288 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Жи Эс Эйч Гоулд” ХХК нь хариуцагч “Хазаарбат” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний зарим хэсэг нь чанарын шаардлага хангаагүйн улмаас учирсан хохирол, нийт 127 260 794 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “Жи Эс Эйч Гоулд” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, худалдагч тал биш, зөвхөн тухайн бүтээгдэхүүнийг ОХУ-аас оруулж ирэхэд нь компанийн нэр, дансаа ашиглуулан тусласан, уг гэрээ нь дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.

 

Зохигчид худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, хариуцагчид гэрээний үүрэг үүссэн эсэхэд маргасан.

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлэн дүгнэж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн байна.

 

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсноор түүнтэй холбоотой гарсан маргаанд хамаарал бүхий, хэрэглэгдвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв оновчтой тогтоож тайлбарлан хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

 

 Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээ нь “Худалдах, худалдан авах гэрээ” гэж нэрлэгдсэн боловч гэрээний агуулга нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндсэн шинжийг агуулаагүйгээс гадна худалдан авсан хөрөнгийн үнийг төлсөн гэх баримт болох гадаад гуйвуулгын даалгавараар мөнгө худалдагчийн дансанд бус, өөр компанийн дансанд шилжсэн, гэрч Н.Оюунцэцэгийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үзвэл худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхэд учир дутагдалтай, эргэлзээтэй байна. /хх-16-17, 25, 122-124/ Өөрөөр хэлбэл, худалдагч нь эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч үнийг төлөх үүрэг үүссэн гэх үйл баримт хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт зөрчилтэй дүгнэлт хийн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

 

Түүнчлэн талууд гэрээнээс татгалзсан талаар мэтгэлцээгүй атал Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийн баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 794 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

         

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                        ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                               Б.НАРМАНДАХ