Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00955

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/02411 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

          2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2519 дүгээр магадлалтай,                                                                                                                                                               

             “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             “Х” ХХК-д холбогдох

          Гэрээний улмаас учирсан хохиролд 127,260,794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

             Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнням, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ж” ХХК нь 2014 оны 05 сарын 01-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2014/04-21-117 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани “Х” ХХК-тай 2015 оны 06 сарын 04-ний өдөр №2/12 of 2.02.2012 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээ ёсоор 60.0 тонн ферромарганцийг тонн тус бүрийг нь 1303.6 ам.доллараар буюу нийт 78,220 ам.доллараар, 60.0 тонн ферромарганцийн тээврийн хөлс 7,120 ам.доллараар нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. “Х” ХХК-иас ферромарганцаа “Ж” ХХК нь 2014 оны 05 сарын 01-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай байгуулсан 2014/04-21-117 дугаартай гэрээний дагуу нийлүүлэлт хийхдээ 1 тонн тус бүрийг нь 3,000 ам.доллараар нийлүүлэх байсан. “Х“ ХХК нь манай компанийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хийсэн 2014/04-21-117 дугаар гэрээг үзэж танилцсан бөгөөд гэрээнд заагдсан чанар үзүүлэлт бүхий ферромарганц нийлүүлж чадна гэсэн учир гэрээ байгуулж гэрээний төлбөрийг “Х” ХХК-д хүлээлгэн өгсөн. Ферромарганц нь Монгол Улсад бэлнээр байдаггүй гадаад улсаас импортоор оруулж ирдэг бараа түүхий эд тул “Х” ХХК нь өөрийн салбар компани болох ОХУ дахь “Наран экспорт” ХХК-иар дамжуулан нийлүүлэлт хийнэ гэж байсан. Гэрээний дагуу 60 тонн ферромарганц орж ирснийг шууд Эрдэнэт үйлдвэрийн Орхон аймаг дахь гаалийн хяналтын талбайд 2015 оны 08 сарын 07-ны өдөр хүргүүлсэн. Эрдэнэт үйлдвэр хүлээн авч 60 тонн гэж нийлүүлэлт хийсэн ферромарганцийг жигнэн үзэхэд 59.84 тонн буюу жиндээ хүрэхгүй байсан. Уг бүтээгдэхүүнээс дээж аван агууламжийг шинжлэн үзэхэд хог хаягдал ихтэй бөгөөд ферромарганцийн агууламж 50-60 хувьтай буюу 40-50 хувийн хог, хаягдал болон төмрийн шаар баастай байна гэсэн дүгнэлтийг 2015 оны 09 сарын 15-ны өдөр гаргасан. Дүгнэлтийн дагуу манай компани “Х” ХХК-иас нийлүүлэлт хийсэн бүтээгдэхүүнийг ангилан ялгалт хийж 2015 оны 10 сарын 13-ны өдрийн актын үндсэнд нийт 44.09 тонн-ыг шаардлага хангасан гэж үзэн хүлээн авч, үлдэгдэл 15.75 тонн гологдол гэж үзэн хүлээн авахаас татгалзаж манай компани эргүүлэн татаж авсан юм. Дүгнэлтүүд болон гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тухай гомдлыг “Х” ХХК-ийн холбогдох этгээдүүд болон ерөнхий захирал Г.Одмаад хэлж мэдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хохирол барагдуулаагүй байгаа болно. “Х” ХХК гэрээний дагуу чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас бүтээгдэхүүний 20,532 ам.долларын, 1,874 ам.долларын тээврийн зардлын, 5,000,000 төгрөгийн гаалийн татвар шууд хохирол учирсан. Хэрэв чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлсэн бол олох байсан ашиг 26,718 ам.доллар байх байсан юм. Иймд “Х” ХХК нь гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас “Ж” ХХК-д учирсан хохирол 49,124 ам.доллар болж байна. Энэхүү ам.долларын хохирлыг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар тооцвол 122,260,794 төгрөг болж байгаа бөгөөд дээрээс нь нэмж холбогдох гаалийн татвар 5,000,000 төгрөгийг нэмбэл нийт 127,260,794 төгрөгөөр хохироод байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Х” ХХК-иас 127,260,794 төгрөгийг гаргуулж “Ж” ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Ж” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 2/12 of 2.02.2012 дугаартай гэрээ гэх зүйл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 буюу дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь доорх баримтуудаар нотлогдож байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Үндэслэл нь энэхүү гэрээ гэх зүйлд талуудын регистрийн дугаар, банкны дансны дугаар, баримтлах хууль зэргийг огт дурдаагүй байна. Монгол Улсад хүчин төгөлдөр гэрээ буюу стандарт гэрээнд талуудын регистрийн дугаар, хаяг байршил болон банкны дансны дугаар зэргийг заавал оруулдаг хэв загвар бий. Гэтэл тус гэрээ гэх зүйлд энэ тухай мэдээлэл огт дурдагдаагүй байна. Ферромарганц нь сэлбэг тоног төхөөрөмж биш харин түүхий эд химийн бодис юм. Гэрээ гэх зүйлийн нийтлэг үндэслэл хэсэгт сэлбэг тоног төхөөрөмжийг бараа гэж заасан бөгөөд бараа гэдэг үгийг сэлбэг тоног төхөөрөмж гэдэг үгээр шилжүүлвэл энэ гэрээ бүхлээрээ дүр үзүүлсэн гэрээ гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Монгол Улсад байхгүй импортоор оруулж ирдэг түүхий эд гэж бичсэн нь сэлбэг тоног төхөөрөмж биш гэдгийг нотолж байна. Хэрэв тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол сэлбэг, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ биш харин түүхий эд худалдах, худалдан авах гэрээ байх ёстой байсан. Худалдах, худалдан авах гэрээ гэх зүйл нь анхнаасаа сэлбэг тоног төхөөрөмжийн гэрээний загвар дээр хийгдсэн ба үүний нотолгоо нь гэрээ гэх зүйлийн 3.2, 3.3-р зүйлд заасан эвдрэл гэмтэл гарах гэдэг үгээр нотлогдоно. Гэрээ гэх зүйлийн 3.1-д тоо ширхэг гэж дурьдсан байна. Ферромарганц дээр тоо ширхэг гэсэн ойлголт байхгүй бөгөөд килограмм, тонн гэсэн хэмжих нэгжээр яригдана. Тус гэрээ гэх зүйлд тоо ширхгээр нийлүүлнэ гэж заасан нь “Ж” ХХК нь уг хэлцлийг анхнаасаа татвараас зайлсхийх зорилгоор татварын шалгалтанд зориулж хууран мэхлэх замаар хийлгэсэн дүр эсгэсэн хэлцэл гэдгийг нотолж байна. Хэрвээ “Х” ХХК-ийг худалдагч гэж үзвэл тус гэрээ гэх зүйлийн 2.2-т худалдан авагч төлбөрийг бараа хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор барагдуулна гэж заажээ. Гэтэл худалдан авагч бараа хүлээн авахаас өмнө төлбөрийг урьдчилан шилжүүлсэн болох нь гаалийн бүрдүүлэлт дээрх бараа хүлээн авсан огноо \2015.07.28\ болон гадаад гуйвуулгын төлбөрийн баримтаар нотлогдоно. \2015.06.16, 2015.07.17\ Хэрвээ “Х” ХХК нь худалдагч юм бол ОХУ-аас оруулж ирж буй түүхий эдийг эхлээд өөрсдөө хүлээн авч “Ж” ХХК-д хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэвч Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө “Ж” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн нь “Х” ХХК-ийг худалдагч тал биш гэдгийг нотолж байна. Хэрэв “Х” ХХК-ийг худалдагч гэх юм бол энэхүү гэрээ гэх зүйлээс талууд харилцан ашигтай ажиллаж тус компани нь бизнесийн ашиг хүртэх ёстой. Гэтэл “Ж” ХХК-ийн феррромарганц түүхий эдийн төлбөрт өгсөн гэх 85,340 доллар нь энэ үнийн дүнгээрээ ОХУ-руу шилжсэн байна. Энэ нь “Х” ХХК-ийг ямар ч ашиг хүртээгүй зөвхөн компанийн нэрээ ашиглуулсан болохыг нотолж байна. Мөн “Ж” ХХК-ийн “Х” ХХК-д барааны төлбөрт өгсөн гэх нийт 85,340 ам.доллар нь “Х” ХХК-ийн ямар ч дансаар ороогүй ба энэ нь тус компанийг худалдагч биш гэдгийг нотолж байна. Хэрвээ энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол 8.3.2-т барааг нийлүүлж төлбөр тооцооны хувьд бүрэн барагдуулж дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасны дагуу “Ж” ХХК нь Ферромарганцийн төлбөрийг төлснөөр гэрээ гэх зүйл дуусгавар болсон байна. Энэ нь “Х” ХХК-ийн 2015.07.28-ны 15/318 дугаартай нэр шилжүүлэх хүсэлт, төлбөрийн баримтуудаар нотлогдоно. “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гэрээтэй танилцаагүй бөгөөд хэргийн материалд хавсаргасан баримтуудаас үзэж танилцсан болно. Хэрэв энэ гэрээ гэх зүйлийг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол 9.2-т энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор энэ гэрээнд хамаарах урьд өмнө нь яригдаж байсан аман хэлэлцээр, протокол, захидал, харилцаа нь хүчингүйд тооцогдоно гэж заасны дагуу өмнөх аман хэлцэлүүд бүгд хүчингүйд тооцогдоно. Гэрээ гэх зүйлд чанарын талаар огт дурдаагүй ба ферромарганцийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь төлбөрөө ферромарганцийг хүлээн авахаас өмнө урьдчилан 100 хувь буюу бүрэн шилжүүлснээр нотлогдоно. Мөн “Ж” ХХК-д ямар ч бодит хохирол учраагүй. Гэрээ гэх зүйлийн 7.1-д бодит хохирлын тухай дурдсан боловч ферромарганцийн төлбөр болоод тээврийн зардалд төлсөн нийт 85,340 ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ферромарганцийн үнээс олж авсан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ферромарганцийн 1 тонн-ыг нь 3,000 ам.доллараар тооцож 44.09 тонн-ыг нийлүүлсэн нь нийт 132,270 ам.доллар болсон байна. Энэ нь түүхий эдийн төлбөрт төлсөн мөнгө, тээврийн зардлаа буцаан олж авахын зэрэгцээ 46,930 ам.долларын ашигтай ажилласан болох нь харагдаж байна. Үүнээс үзэхэд “Ж” ХХК-д ямар ч бодит хохирол учраагүй байна. “Х” ХХК-тай байгуулсан 2/12 of 2.02.2012 дугаартай худалдах, худалдан авах гэрээ гэх зүйл нь хууран мэхлэх замаар хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд “Ж” ХХК өөрсдөө ашиг олох, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, татварын шалгалтнаас зайлсхийж, татварын шалгалтанд зориулсан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь дээрх баримтуудаар нотлогдож байна. “Х” ХХК нь ферромарганц гэх түүхий эдийн худалдагч тал биш учир хариуцагч байх ямар ч үндэслэлгүй бөгөөд энэхүү гэрээ гэх зүйлийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэдгийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/02411 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 254.4-д зааснаар хариуцагч Х ХХК-иас 55,751,311 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, үлдэх 71,509,483 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 794,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 437,707 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д буцаан олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 246 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2519 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/02411 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Х ХХК-д холбогдох гэрээний улмаас учирсан хохирол 127,260,794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэннямын хяналтын журмаар гаргасан гомдолд: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2519 дугаартай Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг бодитоор үнэлэлгүйгээр магадлал гаргасан гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дах хэсгийг тус тус үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.      Шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 254.4-т зааснаар хариуцагч “Х” ХХК-иас 55,751,311 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, үлдэх 71,509,483 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэсэн. Хэдийгээр энэ шийдвэр нь манай компанид хохиролтой боловч давж заалдах гомдол гаргаагүй. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг бодитойгоор харьцуулан үнэлэлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дугаар заалтыг тус тус зөрчсөн. Нотлох баримт 1. “Х” ХХК-аас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаргаж өгсөн 2015 оны 07 сарын 28-ны өдрийн 15/318 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг буюу бичгийн нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Энэ нотлох баримтаар Ферромарганцийг “Х” ХХК нь “Ж” ХХК-д худалдсан болох нь хангалттай нотлогддог. Нотлох баримт 2. 2015 оны 06 сарын 16-ны өдрийн ХААН банкны гадаад гуйвуулгын даалгаварт Бараа материалын төлбөр гэж дурдаад №2/12 оf 2.02.2012 дугаартай гэрээ гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь “Х” ХХК-тай байгуулсан 2015 оны 06 сарын 04-ний өдөр №2/12 оf 2.02.2012 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дугаартай таарч байгаа. Гэрч Н.Оюунцэцэгийн мэдүүлэгт “Одмаа захирлаас зөвшөөрөл авсны үндсэн дээр “Ж” ХХК-ийн Захирал Б.Гантогтохын бэлнээр авч ирсэн 78,220 ам.долларыг банкинд очиж шилжүүлсэн” гэх мэдүүлгийг огт үнэлэлгүйгээр магадлал гаргасан. Мөн гадаад гуйвуулга хийхэд нь зөвхөн компанийн нэрээ ашиглуулсан гэж хариуцагч дурьддаг боловч “Х” ХХК-тай байгуулсан 2015 оны 06 сарын 04-ний өдөр №2/12 оf 2.02.2012 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г цаг хугацааны хувьд ялгаатайгаар байгуулсан болох дээр хариуцагч маргадаггүй байхад огт үнэлээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын гэрч Н.Оюунцэцэгийн мэдүүлгийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэлгүйгээр хэрэгт ач холбогдол бүхий байдлыг үгүйсгэсэн дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн дурын компани, хувь хүн аль ч арилжааны банкаар дамжуулан гадаад гуйвуулга хийх бүрэн боломжтой байхад хариуцагчийн нэрээ ашиглуулсан, манай гэрээгээр л гуйвуулга хийх боломжтой гэж дурдаж байгаа нь худал бөгөөд “Х” ХХК нь худалдагч тал болохыг хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай нотлож байна. Хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэгт “Х” ХХК нь манай “Ж” ХХК-д өмнө нь химийн бодис нийлүүлж худалдаж байсан гэж мэдүүлдэг, тайлбартаа дурддаг байдлыг хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзэхийг хүсье. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь заалтыг үндэслэн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2519 дугаартай Магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/02411 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэннямын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас учирсан хохиролд чанаргүй бүтээгдэхүүний үнэ 51,100,452 төгрөг, тээврийн зардал 4,664,049 төгрөг, гаалийн татвар 5,000,000 төгрөг, олох ёстой байсан ашиг 66,496,293 төгрөг, нийт 127,260,794 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, худалдах-худалдан авах гэрээний худалдагч тал биш, ферромарганцийг нэхэмжлэгчид нийлүүлээгүй, үнийг хүлээн аваагүй, зөвхөн компанийн нэрээ ашиглуулсан гэж маргажээ.

2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч “Х” ХХК нь 78,220 ам.долларыг ОХУ-ын “Наран экспорт” ХХК-д шилжүүлсэн, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ОХУ-аас илгээсэн 60 тонн бараа материалыг нэхэмжлэгч “Ж” ХХК 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан үйл баримт гэрч Н.Оюунцэцэгийн мэдүүлэг, гаалийн бүрдүүлэлтийн баримт, гадаад мөнгөн шилжүүлгийн даалгавар зэргээр тогтоогдож байна.

 “Ж” ХХК-ийн хүсэлтээр “Х” ХХК өмнө нь ферротитан, феррованадий, ферромолибден зэрэг химийн бодисыг ОХУ-аас оруулан нийлүүлж байсан, талууд гэрээг бичгээр байгуулдаггүй байсан боловч энэ талаар маргаан гарч байгаагүй тухай зохигчид шүүх хуралдаан дээр тайлбарлажээ.

“Х” ХХК-ийн ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг “Наран экспорт” компани нь тус улсад гаалийн бүрдүүлэлт, бичиг баримттай холбоотой ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ гэснийг үндэслэн хариуцагчтай гэрээ байгуулсан гэсэн нэхэмжлэгчийн  тайлбарыг хариуцагч тал няцаагаагүй, энэ тайлбар нь 2015 оны 06 сарын 16-ны өдрийн гадаад гуйвуулгын даалгаварт хүлээн авагчийг “Naran Export” ООО /общество с ограниченной ответственностью/ гэсэн хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т заасан журмаар үнэлж, талуудын хооронд аман хэлцлийн үндсэн дээр худалдах-худалдан авах гэрээний  харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн, 2/12 оf 2.02.2012 тоот “Худалдах-худалдан авах гэрээ”-г талууд  2015 оны 06 сарын 04-ний өдөр нөхөж байгуулсныг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй.

2015 оны 06 сарын 16-ны өдрийн гадаад гуйвуулгын даалгаварт гуйвуулагчаар “Х” ХХК гэж бичигдсэн, түүнчлэн хариуцагч компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Н.Оюунцэцэгийн мэдүүлгээс үзэхэд “Ж” ХХК нь гэрээний зүйлийн үнийг “Х” ХХК-д бэлнээр хүлээлгэн өгч, хариуцагч компанийн нягтлан бодогч нь 78,220 ам.доллар шилжүүлсэн байх тул 60 тонн ферромарганцийн  нэг тонны үнийг 1,303.6 ам.доллароор тохиролцсон гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэргийн баримтанд үндэслэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт “Х” ХХК-иас гаргасан хүсэлтийн дагуу “Ж” ХХК нь ферромарганцыг хүлээн авсан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар-механикийн заводын 2015 оны 09 сарын 15-ны өдрийн акт, Металлын лабораторийн 2015 оны 09 сарын 04-ний өдрийн 32 тоот болон 10 сарын 08-ны өдрийн тоот 36 тоот шинжилгээний дүн, Геологийн төв лабораторийн 2015 оны 10 сарын 12-ны өдрийн акт шинжилгээний дүн зэргийг үндэслэж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 44.09 тонн ферромарганцийг үйлдвэрлэлд хэрэглэх, үлдэх 15.75 тонныг нийлүүлэгч компанид буцаахаар шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагджээ.

“Х” ХХК-ийн нийлүүлсэн 60 тонн ферромарганцаас 15.75 тонн нь чанарын шаардлага хангаагүй, биет байдлын доголдолтой болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон учир эд хөрөнгийг хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж нэхэмжлэгч “Ж” ХХК-ийг буруутгах  үндэслэлгүй тул тэрээр “Х” ХХК-иас 15.75 тонн ферромарганцийн үнэ 51,099,706 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2, 254.4-т нийцжээ.

Талууд тээврийн зардалд 7,120 ам.долларыг төлсөн талаар маргаагүй тул анхан шатны шүүх 15.75 тонн ферромарганцад ногдох тээврийн зардалд хариуцагчаас 4,651,605 төгрөгийг гаргуулсныг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь гаалийн татвар гэж 5,000,000 төгрөг нэхэмжилснээ баримтаар нотлоогүй, олох ёстой байсан ашиг гэж 66,496,293 төгрөгийг нэхэмжлэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай байгуулсан гэрээний үнэ болон “Х” ХХК-тай байгуулсан гэрээний үнийн зөрүүгээр тооцож байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэн, эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзлээ.   

Давж заалдах шатны шүүх хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэгч “Ж” ХХК-д 60 тонн ферромарганцийг шилжүүлээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчид худалдах-худалдан авах гэрээнд заасан ферромарганцийн үнэ 78,220 ам.долларыг бодитоор төлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т заасныг зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгоно.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2519 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/02411 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,710 /дөрвөн зуун гучин зургаан мянга, долоон зуун арав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН