Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2019/01667

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2019/01667

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ПД ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Т холбогдох,

Гэрээний үүрэгт 12 674 266 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Анар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ПД ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Т нь 2016 оны 11 сарын 18-ны өдөр 14 095 000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, 2017 оны 06 сарын 05-ны өдөр нэмэлтээр 2 340 000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, 2017 оны 12 сарын 13-ны өдөр нэмэлтээр 1 500 000 төгрөгийн зээлийг авч, цалингийн зээлийн шинэчилсэн гэрээгээр 17 935 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, сарын 1.40%-ийн хүүтэйгээр Улаанбаатар хотын банк ХХК-иас зээлж авсан байдаг.

Н.Т нь зээл авах үедээ Улсын дээд шүүхийн Дотоод аудитын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 149 дүгээр захирамжаар орон тоог нь хассан. Зээлдэгч нь 2018 оны 06 сарын 22-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөхгүй байж үүргийн зөрчил үүссэн.

Зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь манай даатгалын компанитай 2014 оны 06 сарын 26-ны өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба зээлдэгч Н.Тын орон тоо хасагдаж, зээлийн хугацаа хэтрэлт 90 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. Ийнхүү Улаанбаатар хотын банк ХХК-ийн нөхөн төлбөр хүссэн 2018 оны 11 сарын 21-ний өдрийн 6ё/5913 дугаар албан тоотыг хүлээн авч, компаний гүйцэтгэх захирлын 3011804992 дугаар тушаалын дагуу нөхөн төлбөр тооцож 12 674 266 төгрөгийг Улаанбаатар хотын банк ХХК-д төлсөн.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх Улаанбаатар хотын банк ХХК-д олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн билээ.

Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй байгаа тул Н.Таас 12 674 266 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ПД ХХК-иас Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу 12 674 266 төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Даатгал нь эрсдлийг шийддэг санхүүгийн дэд бүтэц бөгөөд хамгийн энгийнээр даатгуулагч эрсдлийн хураамж төлснөөр тэдгээр эрсдлийг бий болох эдийн засгийн дарамтаас хамгаалдаг. Даатгал нь Даатгалын гэрээний үндсэн дээр нэг талаас даатгуулагч өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, ашиг сонирхолоо болзошгүй аюул, эрсдлээс учирч болох хохирлоо нөхөх баталгаатай байх болон тохиролцсон болзлоор нөхөн авах зорилгоор даатгуулж, түүний төлөө зохих хураамж төлөх, нөгөө талаас даатгагч нь даатгуулагчид учирч болох хохиролыг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөр үүрэг хүлээж, эрх эдлэх харилцаа юм. Өөрөөр хэлбэл даатгал нь аливаа эрсдлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, ашиг сонирхлыг хамгаалах зориулалт бүхий мөнгөн сан байгуулах үйл ажиллагаа юм. Гэтэл даатгагч болох ПД ХХК-иас даатгалын нөхөн төлбөрийг даатгалын тухай хуулийн 8.7-д заасан буруутай этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэхээр зохицуулсан хуулийн зохицуулалтыг буруу ойлгон нэхэмжилж байгаа нь хууль зүйн болон гэрээний эрх зүйн талаасаа үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр Даатгалын тухай хуульд заасан "буруутай этгээд" гэдэг нь даатгалын гэрээнд заагдсан нөхцөл тохиолдлын дагуу даатгалын нөхөн төлбөрийг авсан этгээд өөрөө байх нь логикийн хувьд ч үндэслэлгүй юм.

Даатгалын гэрээний талаар. Үүрэг гүйцэтгэгч нь ямар нэг үйлдэл хийх, эсвэл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь түүнээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхийг үүсгэдэг. Иргэний хуулийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээ нь ирээдүйд бий болох нь тодорхойгүй нөхцөл байдлын улмаас аль нэг этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болох тодорхойлох буюу байнга хянах боломжгүй эрсдлээс сэргийлэн хийгддэг гэрээ юм. Иргэний хуулиар /431.3/ даатгалын гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг тавьсан байдаг. 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ЦЗЭ 30C14100534-3 дугаартай Цалингийн зээлийн эрсдлийн гэрээний /хх-15/ 1.1-т Энэхүү гэрээний зорилго нь дэд даатгуулагч /энэ тохиолдолд иргэн Н.Т/ зээл болон 3 сарын хүүгийн үлдэгдлийг төлж барагдуулахад даатгалын эрсдлийн улмаас учирч болох хохирлоос даатгуулан хураамж төлж, даатгагч даатгалын хугацаанд гэрээнд заасан нөхцлөөр даатгалаар хангахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж, 2.2-т дэд даатгуулагч - /гэж/ банкнаас зээл авч буй зээлдэгч болон хамтран зээлдэгч тус бүрийг, 2.4-д даатгалын тохиолдол /гэж/ гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсэх: гэж, 4.1-т даатгалын зүйл нь даатгалын хураамж төлсөн дэд даатгуулагчийн авсан зээл байна, 5.1-т даатгалын эрсдэл гэж /5.1.3/ Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажил олгогчийн санаачлагаар цуцлагдах гэж тодорхой заажээ. Мөн 2014 оны 6 дугаар сарын 26-ны ХА 30C/141000534 тоот УБ банк болон ПД ХХК-ны хооронд байгуулсан Хамтран ажилах гэрээний "1.1-т "дэд даатгуулагчийг" даатгалд хамруулах... харилцааг зохицуулахад оршино гэж туйлын тодорхой заасан байдаг.

Эндээс харвал энэхүү Даатгалын гэрээний даатгалын зүйл нь хариуцагчаар татагдсан иргэн миний цалингийн зээл болох нь тодорхой байна. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2-т Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна гэж заасан. Даатгаж болох ашиг сонирхол нь цаашилбал гуравдагч этгээдийн ашиг сонирхол байж болно. Даатгуулагчийн ашиг сонирхол гэдэг нь даатгалын гэрээгээр өөрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой этгээдийн ашиг сонирхол бол гуравдагч этгээдийн ашиг сонирхол гэдэг нь даатгалын гэрээний нэг тал болон оролцоогүй ч тухайн даатгалын гэрээний үйлчлэлд багтан өөрийн ашиг сонирхлоо хамгаалуулж болох этгээдийн ашиг сонирхол юм.

Улаанбаатар банкнаас ПД ХХК-нд даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичигт /хх-9/ "... Н.Т нь ... даатгалын шимтгэлд 179,350 төгрөг төлсөн. ... зээлдэгч Н.Тт даатгалын нөхөн төлбөрийг ...олгож өгнө үү." гэжээ. Цаашилбал нөхөн төлбөр олгох тухай Практикал даатгал компанийн захирлын тушаалд /хх-7/ " ...даатгалын нөхөн төлбөрт нийт 12 674 266 төгрөгийг даатгуулагч Н.Тын хүсэлтээр ... олгохыг... зөвшөөрсүгэй гэжээ.

Даатгалын тухай хуулийн 4.1.6-д Даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан.

Гэрээний талуудын талаар. Нотлох баримтаас харахад Н.Т нь гэрээний тал буюу дэд даатгуулагч болох нь тодорхой харагдаж байна. Нөгөөтэйгүүр Даатгалын гэрээнээс үүдэх иргэний эрх зүйн харилцаанд дор хаяж хоёр этгээд оролцох бөгөөд үүнд даатгалын гэрээний талууд буюу даатгагч, даатгуулагч нар хамрагдана. Мөн даатгалын гэрээг бусдыг төлөөлж өөр этгээдтэй байгуулж болно. Энэ тохиолдолд дээрх гэрээг гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гэж үзнэ.

Даатгалын эрсдэлийн талаар. Даатгалын эрсдэл гэдэг нь даатгалд хамрагдсан зүйлд хохирол учруулж болох нөхцөл орчныг ойлгодог. Тэгвэл даатгалын тохиолдол гэдэг нь даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно. Эрсдлийг Даатгалын гэрээний /хх-15/ 5.1-д зааж өгсөн байдаг.

Иймд хариуцагчаар татагдсан иргэн миний бие Даатгалын тухай хуулийн 8.7 -д заасан буруутай этгээд биш бөгөөд, /мөн гэрээний 9.1-т заасан/ харин ч эсрэгээрээ гэрээнд заагдсан, даатгалын төлбөрийг төлсөн, даатгалын нөхөн төлбөрийг авах эрх бүхий этгээд мөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ПД ХХК нь хариуцагч Н.Тт холбогдуулан гэрээний үүрэгт 12 674 266 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ПД ХХК нь Улаанбаатар хотын банк ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу түүнд даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг барагдуулснаар даатгалын гэрээ болон хуульд заасны дагуу төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан гэх үндэслэлээр хариуцагч Н.Таас 12 674 266 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч Н.Т нь даатгалын гэрээний дэд даатгуулагч буюу даатгалд хамрагдсан этгээд тул буруутай этгээд биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

ПД ХХК нь Улаанбаатар хотын банк ХХК-тай 2014.06.26-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2014.06.26-ны өдөр Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ-г байгуулсан байх боловч уг гэрээнд 2015.08.18-ны өдөр, 2016.02.02-ны өдөр, 2017.07.17-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /хх-12-22х/

Улаанбаатар хотын банк ХХК нь цалингийн зээлийн гэрээний дагуу Н.Тт 2016.11.18-ны өдөр 14 095 000 төгрөг, 2017.06.05-ны өдөр нэмэлтээр 2 340 000 төгрөг, 2017.12.13-ны өдөр нэмэлтээр 1 500 000 төгрөг тус тус зээлдүүлсэн /хх-9-11х/ байх бөгөөд зээлийн үүргийн гүйцэтгэлд учирч болзошгүй эрсдлийг ПД ХХК-тай байгуулсан дээрхи Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ-ны дагуу даатгалд хамруулан 2016.12.06-ны өдөр даатгалын хураамжийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Тайлан тооцоо баримт /хх-53-62х/-аар тогтоогдож байна.

Зээлдэгч Н.Т нь Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 149 дүгээр захирамжаар орон тоог нь хассан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн, 2018 оны 06 сарын 22-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөөгүй нь даатгалын тохиолдолд үүссэн гэж үзэж Улаанбаатар хотын банк ХХК нь 2018 оны 11 сарын 21-ний өдрийн 6ё/5913 дугаар албан бичгээр ПД ХХК-иас Н.Тын зээлийн үүргийн хэмжээгээр нөхөн төлбөрийг шаардсан байна. ПД ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 3011804992 дугаар тушаалаар нөхөн төлбөр 12 674 266 төгрөгийг Улаанбаатар хотын банк ХХК-д төлсөн байна.

Эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

Хариуцагч Н.Т нь даатгалын гэрээний дэд даатгуулагч буюу даатгалд хамрагдсан этгээд гэж маргаж байгаа тул үүнийг шалгъя.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1даатгалын үйл ажиллагаа гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг гэж, 4.1.2даатгагч гэж энэ хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг гэж, 4.1.3-д даатгуулагч гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг гэж тус тус заасан.

ПД ХХК болон Улаанбаатар хотын банк ХХК нарын хооронд байгуулагдсан 2014.06.26-ны өдрийн Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ-нд тусгагдсан талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, зорилго зэргээс үзэхэд Улаанбаатар хотын банк ХХК нь өөрийн ашиг сонирхолын төлөө, өөрийнхөө харилцагч /зээлдэгч/-д учирч болзошгүй эрсдэлүүдийг даатгалын тохиолдол болгон даатгуулж, даатгалын хураамжийг төлсөн, даатгалын тохиолдолд бий болоход өөртөө нөхөн төлбөрийг авахаар Даатгалын гэрээг байгуулжээ.

Даатгалын гэрээнд дэд даатгуулагч гэж банкнаас зээл авч буй зээлдэгч болон хамтран зээлдэгч тус бүрийг гэж нэр томъёоны тайлбар хийсэн байх бөгөөд гэрээгээр дэд даатгуулагч-ийн ашиг сонирхол даатгагдсан, даатгалын гэрээний үндсэн дээр үүсэх нөхөн төлбөрийг авах эрх дэд даатгуулагч-д үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Н.Тын дээрхи тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасан байна.

ПД ХХК болон Улаанбаатар хотын банк ХХК нарын хооронд байгуулагдсан 2014.06.26-ны өдрийн Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ-ний 7.3 болон 9 дүгээр зүйлд зааснаар Улаанбаатар хотын банк ХХК нь зээлийн төлбөр, 3 сарын хүүгийн хамт нэхэмжлэх эрхээ даатгагч ПД ХХК-д шилжүүлэхээр тохиролцжээ.

Иймд ПД ХХК нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар зээлдэгч Н.Таас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч Н.Т нь Улаанбаатар хотын банк ХХК-тай 2017.12.13-ны өдөр байгуулсан №ЦЗГ1203/171213 дугаартай Цалингийн зээлийн шинэчилсэн гэрээ-ний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасан буруутай этгээд гэж үзэх үндэслэлтэй юм.

Зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь зээлдэгчид учирч болзошгүй эрсдлийг даатгуулж, зээлдэгчийн зээлийн төлбөр, 3 сарын хүүгийн төлбөрийн хэмжээгээр нөхөн олговорыг ПД ХХК-иас авч, зээлдэгч Н.Таас зээлийн төлбөрийг шаардах эрхээ ПД ХХК-д шилжүүлсэн тул Н.Таас зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 12 674 266 төгрөгийг гаргуулж, ПД ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Таас 12 674 266 /арван хоёр сая зургаан зуун далан дөрвөн мянга хоёр зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулж ПД ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ПД ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 740 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Таас 217 740 /хоёр зуун арван долоон мянга долоон зуун дөчин/ төгрөгийг гаргуулж ПД ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА