Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2020/00338

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 155/2019/01519/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт оршин суух, Хариад овогт Жамьянжавын Наранчулууны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Мөрөн сумын 05 дугаар багийн .... дүгээр гудамжны ..... тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн ..... дугаар гудамжны .... тоотын хашаа байшинг битүүмжилсэн битүүмжлэл, эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие Жамъянжав овогтой Наранчулуун нь Мөрөн сумын иргэн С.Нэргүйгээс 2008 оны 4 дүгээр сард хуучнаар Мөрөн сумын 05 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинг худалдан авч төлбөрийг бүрэн хийж өөрийн эзэмшлийнх болгосон билээ. Иргэн С.Нэргүй нь хашаа байшингийн бичиг баримтыг удахгүй шилжүүлж өгнө гэж тухайн үед надад хэлсэн боловч 2009 онд надад худалдсан хашаа байшингаа Капитал банкны барьцаанд тавьсан байсан ба энэ талаар би тухайн үед мэдээгүй сүүлд олж мэдсэн билээ. Гэтэл Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс Монгол Улсын дээд шүүхийн 414 дүгээр тогтоолыг баримтлан хашаа байшинг намайг эзгүй байхад төлөөлөх эрхгүй хүнээр гарын үсэг зуруулан битүүмжилж, дараа нь хураах тогтоол үйлдүүлэн, дуудлага худалдаанд оруулахаар болсон гэж мэдэгдээд байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа Улсын дээд шүүхийн 414 дүгээр тогтоол гарахаас өмнө талийгаач С.Нэргүй амьд байх үедээ надад худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүүгчийн захирамж байгаа болно. Миний бие уг үл хөдлөх хөрөнгийг Капитал банкны барьцаанд тавигдахаас өмнө шударгаар худалдаж авсан бөгөөд миний нэр дээр талийгаач нарын өрийг төлөх ёстой гэсэн шийдвэр байхгүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын өрийг надаар төлүүлж, миний хөрөнгийг битүүмжлэн захиран зарцуулах гэж байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж үзэж байна. Миний бие өөрийгөө тухайн хашаа байшингийн хууль ёсны шударга өмчлөгч гэж үздэг. Нэхэмжлэгч миний зүгээс Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хэт нэг талыг барьсан ажиллагаа явуулж байгаа гэж үзэж байгаа ба шударга өмчлөгчийн эрхэнд халдан хашаа, байшинг битүүмжилж, хураах ажиллагаа явуулж байгаа нь миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Миний бие Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой захиргааны актуудыг захиргааны хэргийн шүүхэд хамааралтай гэж үзэн хүчингүй болгуулахаар Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад иргэний журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай талаар захирамж гаргаж хэргийг буцаасан юм. Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулиар тухайн хууль үйлчлэхгүй харилцааг тодорхойлж өгсөн ба хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүнд хамааруулжээ.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын Капитал банкны зээлийн төлбөр барагдуулах үйл ажиллагаатай холбогдуулан Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөх эрхэнд халдан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул хуучнаар Мөрөн сумын 5 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинг битүүмжилсэн битүүмжлэх, эд хөрөнгө хураах тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн Жамьянжав овогтой Наранчулуун нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өөрийн эзэмшлийн хашаа байшингийн өмчлөх эрхэнд халдаж байгаатай холбоотойгоор хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэн хуучнаар Мөрөн сумын 5 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинг битүүмжилсэн битүүмжлэх, эд хөрөнгө хураах тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан билээ. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн тайлбарыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Нямсүрэнгийн төлбөрт Капитал банкны барьцаа, Улсын дээд шүүхийн 414 дүгээр тогтоолоор Капитал банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад зориулж барьцаалсан эд хөрөнгө болохыг нотлон зээлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг хөрөнгөн дээр явуулж, төлбөрийг барагдуулах үндэслэлийг тогтоож өгсөн тул зээлдэгч С.Нэргүйн өмчлөлийн хөрөнгөнд ажиллагаа явуулж байгааг өмчлөх эрхэнд халдсан гэж үзэх үндэслэл байхгүй юм. гэжээ. Нэхэмжлэгч Ж.Наранчулуун нь тухайн хөрөнгийг хууль ёсны дагуу эзэмшилдээ авсан ба түүнийг эзэмших эрхтэй этгээд юм. Тэрээр хуульд заасан үндэслэлийн дагуу тухайлбал Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.,

106.2-т ... өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно. гэж заасны дагуу өмчлөх эрхээ шаардаж байхад түүний шаардлагыг үндэслэлгүй гэж үзсэн нь буруу байна.

2. Мөн шүүхэд ирүүлсэн тайлбартаа ... уг хөрөнгөнд явуулсан ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэсэн байна. Улсын дээд шүүхийн 414 дүгээр тогтоолоор төлбөр төлөгч болсон С.Нэргүй, Б.Нямсүрэн нар нь нас барсан ба хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2018 оны 9 дүгээр сарын 13-нд дуусгавар болгосон байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, эрх залгамжлагч байхгүй байхад нэхэмжлэгч Ж.Наранчулууны хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгийг хураах тогтоол үйлдэж эрхэнд халдаж байгаа үйлдэл нь хуульд нийцээгүй ба шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу авагдсан гэж үзэх боломжгүй байна.

3. Шударга эзэмшигч нэхэмжлэгч Ж.Наранчулуун нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаад 12 жил болж байгаа ба Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна. гэсэн заалтын дагуу өмчлөх эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс түүнтэй хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэн түүнийг хохироох боломжгүй гэдгийг шүүхийн зүгээс анхаарч үзнэ гэдэгт итгэж байна.

4. Мөрөн сумын иргэн С.Нэргүй нь Капитал банкны барьцаанд тавихаасаа  өмнө иргэн Ж.Наранчулуунд Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшингаа худалдсанаа хүлээн зөвшөөрч, бичиг баримтыг шилжүүлж өгөхөөр тохирч уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг ба энэ нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1392 тоот захирамжаар нотлогддог юм. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д Үүрэг гүйцтэгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч нь аль нэр үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. гэж заажээ. Энэ заалтын хүрээнд авч үзвэл иргэн С.Нэргүй нь амьд сэрүүн байхдаа нэхэмжлэгч *******ы өрийг эхэлж төлж барагдуулах сонголтыг хийсэн болох нь харагдаж байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Наранчулууны эзэмшлийн хашаа байшинг битүүмжилсэн битүүмжлэх, эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Чанцалдулам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолоор Б.Нямсүрэнгээс 10.223.080 төгрөг гаргуулж, Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Тус газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Нямсүрэнгийн төлбөрт Капитал банкны барьцаа, Улсын дээд шүүхийн 414 дүгээр тогтоолоор Капитал банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад зориулж барьцаалсан эд хөрөнгө болохыг нотлох зээлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцон, шүүхийн шийдвэр биелүүлэх баталгаа болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг хөрөнгө дээр явуулж, төлбөрийг барагдуулах үндэслэлийг тогтоож өгсөн тул зээлдэгч С.Нэргүйн өмчлөлийн хөрөнгөнд ажиллагаа явуулж байгааг өмчлөх эрхэнд халдсан гэж үзэх үндэслэл байхгүй юм. Учир нь Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр зээлдэгч С.Нэргүйн зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийг чөлөөлүүлэх талаар түүний эхнэр Б.Нямсүрэн, охин Н.Эрдэнэцэцэг хөрөнгийг худалдан авсан гэх ******* нар үүргийг гүйцэтгэлийг хангуулах гэрээний зүйл болох хөрөнгийг чөлөөлүүлэх болон гэрээг хүчингүй болгуулахаар шүүхээр хэлэлцүүлж, Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэрээр өв залгамжлуулсан эсэхээс үл шалтгаалан зээлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцон, шүүхийн шийдвэр биелүүлэх баталгаа болгон шийдвэрлэсэн тул уг хөрөнгөнд явуулсан ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлд ******* нь шударга өмчлөгчийн эрхэнд халдлаа, өрийг нь надаар төлүүлж, миний хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах гэж байна гэжээ. Энэ асуудал нь бүгд Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 345, Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414-р тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа тул Шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс шийдвэрийг буруу зөв гарсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээний зүйлийг буруу, зөв шийдэн хүчингүй болгосон, хүчин төгөлдөрт тооцсон гэх тал дээр тунгаан дүгнэлт хийх, тайлбар гаргах эрхгүй юм. Иймээс нэгэнт гарсан шийдвэрийг биелүүлэхийн тулд шийдвэрт заасан хүчин төгөлдөр гэрээний зүйл болох хөрөнгөнд албадан ажиллагаа явуулах нь Шийдвэр гүйцэтгэх байгуулагын хувьд хийвэл зохих үүрэгт ажиллагаа тул тус газрын зүгээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн гаргасан тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн төлбөрийг төлүүлэх зорилгоор хураан авсан хөрөнгийг хүчингүй болгуулах гэж байгаа асуудал нь төлбөр авагч Капитал банкны эрх ашигт хамааралтай болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Мөрөн сумын 05 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинг битүүмжилсэн битүүмжлэл, эд хөрөнгө хураах тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг нь талийгаач С.Нэргүй, нэхэмжлэгч ******* нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдэж, талийгаач С.Нэргүй нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1392 дугаар шүүгчийн захирамжаар Мөрөн сумын 05 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшингийн бичиг баримтыг *******д өгөхөөр тохиролцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн битүүмжлэл, эд хөрөнгө хураах тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, чөлөөлүүлнэ гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 345, Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414-р тогтоолоор талийгаач С.Нэргүйн зээлийн төлбөрийг түүний эхнэр асан Б.Нямсүрэнгээс 10.564.259 төгрөг гаргуулахаар шийдвэрлэгдсэн бөгөөд шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг гүйцэтгэхээр хөрөнгийн судалгаа явуулахад С.Нэргүйгийн нэр дээр Мөрөн сумын 05 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшин бүртгэлтэй байгаа тул тухайн эд хөрөнгөд ажиллагаа явуулж байгаа, мөн талийгаач С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын охин Б.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгч ******* нар нь үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгийг битгий хураагаач бид төлбөрийг 50:50 хувиар хариуцан төлж барагдуулна гэж шийдвэр гүйцэтгэгч болон Капитал банкинд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч үүргээ биелүүлээгүй учир тухайн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэж маргажээ.

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16230003/08 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, зохигчийн тайлбар зэргээр Мөрөн сумын 05 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинг битүүмжлэн, хураан авч талийгаач С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын Капитал банкинд төлөх 10.564.259 төгрөгт шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүсчээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь: Талийгаач С.Нэргүй нэхэмжлэгч *******д Мөрөн сумын 05 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинг 2008 оны 4 дүгээр сард 9.000.000 төгрөгөөр худалдсан тул тухайн эд хөрөнгийг бичиг баримтыг нь түүний нэр дээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн үйл баримт нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1392 дугаар шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам нь Монгол Улсын Дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолыг биелүүлэхийн тулд нэхэмжлэгч ******* нь талийгаач С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын Капитал банкинд төлөх өр төлбөрийн 50 хувийг төлнө гэж шийдвэр гүйцэтгэгч болон Капитал банкинд удаа дараа тайлбар гаргаж байсан учир Мөрөн сумын 05 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинг битүүмжлэн, хураан авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч тухайн эд хөрөнгийг 2008 оны 4 дүгээр сард 9.000.000 төгрөгөөр худалдаж, эд хөрөнгийн бичиг баримтыг нь худалдан авагч *******ы нэр дээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1392 дугаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад тухайн эд хөрөнгөд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй байна гэж дүгнэх үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгч *******ы Мөрөн сумын 05 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинг битүүмжилсэн битүүмжлэл, эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 835 дугаар нэхэмжлэгчийн хүсэлт хангаж, Мөрөн сумын 05 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь Улсын дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолоор хариуцагч Б.Нямсүрэнгээс 10.564.259 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хааж байгаа явдал биш юм гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ... нөхөн төлүүлнэ. гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд зааснаар зохиоцуулна. гэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлдүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Мөрөн сумын 05 дугаар багийн .... дүгээр гудамжны ..... тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинг битүүмжилсэн битүүмжлэл, эд хөрөнгө хураах тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, чөлөөлүүлсүгэй.

2. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 835 дугаар нэхэмжлэгчийн хүсэлт хангаж, Мөрөн сумын 05 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын .... дүгээр багийн  ..... дугаар гудамжны .... тоотын хашаа байшинтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА