Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/00740

 

Ж.Наранчулууны нэхэмжлэлтэй

                        иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 155/ШШ2020/00338 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалтай, 

Ж.Наранчулууны нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Хашаа байшинг битүүмжилсэн болон эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч Ж.Наранчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би С.Нэргүйгээс 2008 оны 4 дүгээр сард Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинг худалдан авч төлбөрийг бүрэн хийж өөрийн эзэмшлийнх болгосон. С.Нэргүй нь хашаа байшингийн бичиг баримтыг удахгүй шилжүүлж өгнө гэж тухайн үед надад хэлсэн боловч 2009 онд надад худалдсан хашаа байшингаа Капитал банкны барьцаанд тавьсан байсан ба энэ талаар би тухайн үед мэдээгүй сүүлд олж мэдсэн. Гэтэл Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс Монгол Улсын дээд шүүхийн 414 дүгээр тогтоолыг баримтлан хашаа байшинг намайг эзгүй байхад төлөөлөх эрхгүй хүнээр гарын үсэг зуруулан битүүмжилж, дараа нь хураах тогтоол үйлдүүлэн, дуудлага худалдаанд оруулахаар болсон гэж мэдэгдээд байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа Улсын дээд шүүхийн 414 дүгээр тогтоол гарахаас өмнө талийгаач С.Нэргүй амьд байх үедээ надад худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүүгчийн захирамж байгаа болно. Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хэт нэг талыг барьсан ажиллагаа явуулж байгаа гэж үзэж байгаа ба шударга өмчлөгчийн эрхэнд халдан хашаа, байшинг битүүмжилж, хураах ажиллагаа явуулж байгаа нь миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын Капитал банкны зээлийн төлбөр барагдуулах үйл ажиллагаатай холбогдуулан Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөх эрхэнд халдан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул хуучнаар Мөрөн сумын 5 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинг битүүмжилсэн битүүмжлэх, эд хөрөнгө хураах тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолоор Б.Нямсүрэнгээс 10,223,080 төгрөг гаргуулж, Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Тус газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Нямсүрэнгийн төлбөрт Капитал банкны барьцаа, Улсын дээд шүүхийн 414 дүгээр тогтоолоор Капитал банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад зориулж барьцаалсан эд хөрөнгө болохыг нотлох зээлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцон, шүүхийн шийдвэр биелүүлэх баталгаа болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг хөрөнгө дээр явуулж, төлбөрийг барагдуулах үндэслэлийг тогтоож өгсөн тул зээлдэгч С.Нэргүйн өмчлөлийн хөрөнгөнд ажиллагаа явуулж байгааг өмчлөх эрхэнд халдсан гэж үзэх үндэслэл байхгүй юм. Учир нь Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр зээлдэгч С.Нэргүйн зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийг чөлөөлүүлэх талаар түүний эхнэр Б.Нямсүрэн, охин Н.Эрдэнэцэцэг хөрөнгийг худалдан авсан гэх Ж.Наранчулуун нар үүргийг гүйцэтгэлийг хангуулах гэрээний зүйл болох хөрөнгийг чөлөөлүүлэх болон гэрээг хүчингүй болгуулахаар шүүхээр хэлэлцүүлж, Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэрээр өв залгамжлуулсан эсэхээс үл шалтгаалан зээлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцон, шүүхийн шийдвэр биелүүлэх баталгаа болгон шийдвэрлэсэн тул уг хөрөнгөнд явуулсан ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймээс нэгэнт гарсан шийдвэрийг биелүүлэхийн тулд шийдвэрт заасан хүчин төгөлдөр гэрээний зүйл болох хөрөнгөнд албадан ажиллагаа явуулах нь Шийдвэр гүйцэтгэх байгууллагын хувьд хийвэл зохих үүрэгт ажиллагаа тул тус газрын зүгээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн гаргасан тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн төлбөрийг төлүүлэх зорилгоор хураан авсан хөрөнгийг хүчингүй болгуулах гэж байгаа асуудал нь төлбөр авагч Капитал банкны эрх ашигт хамааралтай болно гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 155/ШШ2020/00338 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Наранчулууны нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Мөрөн сумын 05 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинг битүүмжилсэн битүүмжлэл, эд хөрөнгө хураах тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, чөлөөлж, Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 835 дугаар нэхэмжлэгчийн хүсэлт хангаж, Мөрөн сумын 05 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Наранчулуунд олгож шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Наранчулууны хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Мөрөн сумын 5 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот /одоогийн хаягаар 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоот/ хашаа, байшинг битүүмжилсэн битүүмжлэх болон эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Наранчулууны нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Наранчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөвсгөл аймгийн Эрүү , иргэний давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна .

Давж заалдах шатны шүүх нь маргааны зүйлийг тодорхойлолгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж алдаатай шийдвэр гарган миний өмчлөх эрхийг хамгаалахтай холбоотой эрх зүйн дүгнэлтийг огт хийгээгүй болно. Өөрөөр хэлбэл шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгч миний эрх , хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэх, өнөөдрийн байдлаар Капитал банкны барьцаанд байгаа хэдий ч банкны барьцаанд тавихаас өмнө миний зүгээс хуулийн дагуу худалдан авч эзэмшилдээ авсан 12 жил гаруй хугацаанд эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас чөлөөлж болох эсэх талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь туйлын ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч Ж.Наранчулуун , С.Нэргүй нар 2008 оны 04 дүгээр сард Мөрөн сумын 05 дугаар багийн 61 дугаар гудамжны 01 тоот , одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотод байрлах хашаа байшинг 9 сая төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон хэдий ч уг үл хөдлөх эд хөрөнгө нь зээлийн гэрээний барьцаанд тавигдсан байжээ. гэж үйл баримтын цаг хугацаа , үйлдлийг илт мушгин гуйвуулж зөрүүтэй худал дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан болохыг нотолж байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 414 дүгээр тогтоол 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гарсан байдаг. Харин нэхэмжлэгч миний Мөрөн сумын иргэн талийгаач С.Нэргүйгээс банкны барьцаанд тавихаас нь өмнө маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдаж авснаа баталгаажуулсан Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1392 дугаар захирамж 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гарсан юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс 414 дүгээр тогтоолыг биелэгдэх ёстой гэж үзсэн атлаа тогтоолтой адил шүүхийн эцсийн шийдвэр болсон 1392 дугаартай шүүгчийн захирамжийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, биелэгдэх ёстой үзэхгүй байгааг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг огт тодруулалгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргаж өгсөн нотлох баримтуудад үнэн эргэлзээгүй талаас үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэдгийг давхар нотолж байна. Иймд Хөвсгөл аймаг дахь эрүү , иргэний давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаартай магадлалыг хүчингүй болгож , Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 155/ШШ2020/00338 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, миний зөрчигдөж байгаа эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

Ж.Наранчулуун нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ Мөрөн сумын 5 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот /одоогийн хаягаар 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоот/ хашаа, байшинг битүүмжилсэн, хураасан тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлж өгнө үү гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.  

Нэхэмжлэгч нь С.Нэргүйгээс 2008 оны 4 дүгээр сард Мөрөн сумын 5 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоотын хашаа, байшинг 9,000,000 төгрөгөөр худалдан авсан талаар нэхэмжлэлдээ дурдсан ба Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2009.11.02-ны өдрийн 1392 дугаар захирамжаар хашаа байшингийн бичиг баримт гаргуулах тухай Ж.Наранчулууны нэхэмжлэлийг хариуцагч С.Нэргүй хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

С.Нэргүй нь 2008.05.20-ны өдөр Капитал банктай  зээлийн гэрээ байгуулж, 7,500,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээр дурдсан хашаа байшинг барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ.  

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, Капитал банк шүүхэд нэхэмжлэл гаргасан, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011.06.16-ны өдрийн 414 дүгээр тогтоолоор барьцааны гэрээ  хүчин төгөлдөр  гэж дүгнэж, хариуцагчийн ....барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тогтоол хүчинтэй байна /хэргийн 4-9 дүгээр тал/. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан хөрөнгө зээлийн барьцаа хөрөнгө байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх ба сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.    

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй, хариуцагч нь шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан, хэрэглэвэл зохих Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.4-т заасныг  зөрчөөгүй байна.  

Барьцаа нь үндсэн эрхээс салгаж үл болох шинжтэй тул зээлийн төлбөрийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны эрх дуусгавар болохгүй. 

Капитал банкны нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэг, түүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.  

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД Б.УНДРАХ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

  Д.ЦОЛМОН