Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 00013

 

 

 

 

 

 

 

                                                                    

 

Ж.Ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 338 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Ж.Ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 /одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01/ тоот хашаа байшин битүүмжилсэн битүүмжлэл, эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, чөлөөлүүлэх тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие иргэн С.Нэргүйгээс 2008 оны 4 дүгээр сард хуучнаар Мөрөн сумын 05 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинг худалдан авч төлбөрийг бүрэн хийж өөрийн эзэмшлийнх болгосон билээ. Иргэн С.Нэргүй нь хашаа байшингийн бичиг баримтыг удахгүй шилжүүлж өгнө гэж тухайн үед надад хэлсэн боловч 2009 онд надад худалдсан хашаа байшингаа Капитал банкны барьцаанд тавьсан байсан ба энэ талаар би тухайн үед мэдээгүй сүүлд олж мэдсэн билээ. Гэтэл Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс Монгол Улсын дээд шүүхийн 414 дүгээр тогтоолыг баримтлан хашаа, байшинг намайг эзгүй байхад төлөөлөх эрхгүй хүнээр гарын үсэг зуруулан битүүмжилж, дараа нь хураах тогтоол үйлдүүлэн дуудлага худалдаанд оруулахаар болсон гэж мэдэгдээд байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа Улсын дээд шүүхийн 414 дүгээр тогтоол гарахаас өмнө талийгаач С.Нэргүй амьд байх үедээ надад худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүүгчийн захирамж байгаа болно. Миний бие уг үл хөдлөх хөрөнгийг Капитал банкны барьцаанд тавигдахаас өмнө шударгаар худалдаж авсан бөгөөд миний нэр дээр талийгаач нарын өрийг төлөх ёстой гэсэн шийдвэр байхгүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын өрийг надаар төлүүлж, миний хөрөнгийг битүүмжлэн захиран зарцуулах гэж байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

... Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын Капитал банкны зээлийн төлбөр барагдуулах үйл ажиллагаатай холбогдуулан Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөх эрхэнд халдан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул хуучнаар Мөрөн сумын 5 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинг битүүмжилсэн битүүмжлэх, эд хөрөнгө хураах тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн тайлбарыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. ...Нэхэмжлэгч Ж.Н нь тухайн хөрөнгийг хууль ёсны дагуу эзэмшилдээ авсан ба түүнийг эзэмших эрхтэй этгээд юм. Тэрээр хуульд заасан үндэслэлийн дагуу тухайлбал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”,

106.2-т “... өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу өмчлөх эрхээ шаардаж байхад түүний шаардлагыг үндэслэлгүй гэж үзсэн нь буруу байна.

2.Мөн шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... уг хөрөнгөнд явуулсан ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн байна. Улсын дээд шүүхийн 414 дүгээр тогтоолоор төлбөр төлөгч болсон С.Нэргүй, Б.Нямсүрэн нар нь нас барсан ба хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2018 оны 9 дүгээр сарын 13-нд дуусгавар болгосон байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, эрх залгамжлагч байхгүй байхад нэхэмжлэгч Ж.Ны хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгийг хураах тогтоол үйлдэж эрхэнд халдаж байгаа үйлдэл нь хуульд нийцээгүй ба шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу авагдсан гэж үзэх боломжгүй байна.

3.Шударга эзэмшигч нэхэмжлэгч Ж.Н нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаад 12 жил болж байгаа ба Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэсэн заалтын дагуу өмчлөх эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс түүнтэй хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэн түүнийг хохироох боломжгүй гэдгийг шүүхийн зүгээс анхаарч үзнэ гэдэгт итгэж байна.

4.Мөрөн сумын иргэн С.Нэргүй нь Капитал банкны барьцаанд тавихаасаа  өмнө иргэн Ж.Н-нд Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшингаа худалдсанаа хүлээн зөвшөөрч, бичиг баримтыг шилжүүлж өгөхөөр уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг ба энэ нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1392 тоот захирамжаар нотлогддог юм. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй.” гэж заажээ. Энэ заалтын хүрээнд авч үзвэл иргэн С.Нэргүй нь амьд сэрүүн байхдаа нэхэмжлэгч Ж.Ны өрийг эхэлж төлж барагдуулах сонголтыг хийсэн болох нь харагдаж байна. Иймд нэхэмжлэгч Ж.Ны эзэмшлийн хашаа байшинг битүүмжилсэн битүүмжлэх, эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам шүүхэд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолоор Б.Нямсүрэнгээс 10,223,080 төгрөг гаргуулж, Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Тус газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Нямсүрэнгийн төлбөрт Капитал банкны барьцаа, Улсын дээд шүүхийн 414 дүгээр тогтоолоор Капитал банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад зориулж барьцаалсан эд хөрөнгө болохыг нотлох зээлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцон, шүүхийн шийдвэр биелүүлэх баталгаа болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг хөрөнгө дээр явуулж, төлбөрийг барагдуулах үндэслэлийг тогтоож өгсөн тул зээлдэгч С.Нэргүйн өмчлөлийн хөрөнгөнд ажиллагаа явуулж байгааг өмчлөх эрхэнд халдсан гэж үзэх үндэслэл байхгүй юм. Учир нь Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр зээлдэгч С.Нэргүйн зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийг чөлөөлүүлэх талаар түүний эхнэр Б.Нямсүрэн, охин Н.Эрдэнэцэцэг хөрөнгийг худалдан авсан гэх Ж.Н нар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээний зүйл болох хөрөнгийг чөлөөлүүлэх болон гэрээг хүчингүй болгуулахаар шүүхээр хэлэлцүүлж, Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэрээр өв залгамжлуулсан эсэхээс үл шалтгаалан зээлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцон, шүүхийн шийдвэр биелүүлэх баталгаа болгон шийдвэрлэсэн тул уг хөрөнгөнд явуулсан ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

... Иймээс нэгэнт гарсан шийдвэрийг биелүүлэхийн тулд шийдвэрт заасан хүчин төгөлдөр гэрээний зүйл болох хөрөнгөнд албадан ажиллагаа явуулах нь Шийдвэр гүйцэтгэх байгуулагын хувьд хийвэл зохих үүрэгт ажиллагаа тул тус газрын зүгээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн гаргасан тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ны нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Мөрөн сумын 05 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинг битүүмжилсэн битүүмжлэл, эд хөрөнгө хураах тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, чөлөөлүүлж, Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 835 дугаар нэхэмжлэгчийн хүсэлт хангаж, Мөрөн сумын 05 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот, одоогийн хаягаар Мөрөн сумын 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоотын хашаа байшинтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Нд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам давж заалдах гомдолдоо:

1. ...Шүүгч нэг талыг барьж, хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн шинжлэн судалж хэргийг шийдвэрлээгүй. Учир нь уг маргаантай асуудлаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1392 дугаар шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа. Энэ захирамжаар шийдвэрлэсэн асуудалд дүгнэлт хийсэн хүчин төгөлдөр Улсын дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны 414 дүгээр тогтоолыг үнэлээгүй.

... Улсын дээд шүүхийн тогтоолоор уг маргаж буй хөрөнгийн өмчлөгч нь Иргэний хуулийн 110 дугаар зуйлийн 110.1-д заасны дагуу Капитал банк болохыг тогтоосон. Энэ шийдвэр нь шүүгчийн үндэслэж, шийдвэр гаргасан шийдвэрээс (Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1392 дугаар шүүгчийн захирамж) хойш буюу 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан Шүүхийн шийдвэр зөрчилтэй гарсан тохиолдолд хэрхэн гүйцэтгэх талаар нарийвчилсан зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд байхгүй тул хуульд үндэслэсэн шүүхийн шийдвэрийг хуулийн нэгэн адил хэрэгжүүлнэ гэж үзэж Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг төсөөтэй хэрэглэвэл уг маргаантай асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн сүүлд гарсан шийдвэр буюу Улсын дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны 414 дүгээр тогтоолыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь хууль ёсны үйл ажиллагаа болно.

 2.Нөгөө талаас нэгэнт Улсын дээд шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөрт тооцож, өв залгамжлагчийг үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн ба Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасан тул барьцааны хөрөнгөд халдаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан. Иргэн Ж.Ны хувьд уг хөрөнгийн барьцаалагч, хууль ёсны өмчлөгч биш учир уг шаардлагыг гаргах эрхгүй. Учир нь иргэн Ж.Н, С.Нэргүйгийн хооронд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан шаардлагыг хангасан гэрээний харилцаа үүсээгүй. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан 'Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” тул хүчин төгөлдөр бус. Ийм учир Ж.Нд өмчлөгчийн эрх эдэлж гомдол гаргах эрх зүйн үндэслэл байхгүй.

3.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 155 /ШШ2020/00338 дугаартай шийдвэрээр хэлэлцэж шийдвэрлэсэн уг асуудал нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 354 дүгээр шийдвэр, Хөвсгөл аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн асуудал ба шүүгч иргэний хэрэг үүсгэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан “Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” нөхцөлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65 1 1. 65.1.3-65.1.8, 65 1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хүралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэсэн хуулийн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн.

4.Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй байдлаар шийдсэн. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ямар огноо, дугаартай эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, шүүгч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ямар огноо, дугаартай эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 155 /ШШ2020/00338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэж, шүүхийн шийдвэрийн бодит биелэлтийг хангах нөхцөл боломжийг бүрдүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй хэдий ч үйл ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрхэнд халдах боломжгүй билээ. Гэтэл Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь Ж.Наар С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын төлбөрийг мөнгөн хэлбэрээр үндэслэлгүй төлүүлж, түүнчлэн банкны барьцаанд тавихаас өмнө түүнд худалдан борлуулж, эзэмшүүлсэн хашаа байшинг 2019 оны 11 дүгээр сарын 16-нд битүүмжлэн 2019 оны 11 дүгээр сарын 25-нд хураах тогтоол үйлдэж түүний өмчлөх эрхийг зөрчсөн юм. Энэ нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.” гэж, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.” гэж заасан заалтуудад нийцэхгүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн шийдвэр нь “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т  заасан шаардлагад нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.Н нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Мөрөн сумын 5 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот /одоогийн хаягаар 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоот/ хашаа, байшинг битүүмжилсэн битүүмжлэх, эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “...энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн тул шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс шийдвэрийг буруу, зөв гарсан талаар дүгнэлт, тайлбар хийх эрхгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн гаргасан тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч Ж.Н, С.Нэргүй нар 2008 оны 4 дүгээр сард Мөрөн сумын 5 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 /одоогийн хаягаар 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоот/ тоотод байрлах хашаа, байшинг 9,000,000 төгрөгөөр худалдах, худалдах авах гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон хэдий ч уг үл хөдлөх эд хөрөнгө нь зээлийн гэрээний барьцаанд тавигдсан байжээ.

Тодруулбал С.Нэргүй нь Капитал банктай  2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 7,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, уг зээлийн болон барьцааны гэрээ  хүчин төгөлдөр  талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 414 дүгээр тогтоолд дүгнэж, “барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай Б.Нямсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна /хх-ийн 4-8-р хуудас/.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д  “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.”, мөн зүйлийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна.” гэж заасан байна. Иймээс хуульд  заасан журмын дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бусдын өмчлөх эрхэд халдсан гэж үзэх боломжгүй.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол  барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”.

Барьцааны эрх нь үндсэн шаардах эрхээс салгаж үл болох шинжтэй байдаг тул үндсэн үүргийг биелүүлж, барьцаагаар хангагдах шаардлагыг дуусгавар болгоогүй тохиолдолд барьцааны эрх дуусгавар болохгүй.

Капитал банкны нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэг, түүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй учир хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн эд хөрөнгө битүүмжлэх болон эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргасан Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон журамд нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа  үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх Мөрөн сумын 5 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 /одоогийн хаягаар 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоот/ тоотод байрлах хашаа, байшинг худалдах худалдах авах гэрээ, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой маргаан шийдвэрлэсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой энэ маргаантай хамааралгүй тул нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар шийдвэрлэсэн гэж үзэх, улмаар  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ны хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Мөрөн сумын 5 дугаар багийн 61 дүгээр гудамжны 01 тоот /одоогийн хаягаар 11 дүгээр багийн 22 дугаар гудамжны 01 тоот/ хашаа, байшинг битүүмжилсэн битүүмжлэх болон эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлүүлэхийг хүссэн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ны нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРХҮҮ

                                       ШҮҮГЧИД                                  Ё.БЯМБАЦЭРЭН

                                                         Б.СОСОРБАРАМ