Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2019/01612

 

 

 

 

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2019/01612

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Д.Уранчимэг, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Нэхэмжлэгч: Б.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.М холбогдох

Гэм хорын хохиролд 7 079 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч А.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагч Г.М, түүний өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 05 сарын 30-ны өглөө 9.30 цагт СБД-ийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах UВН центрийн зүүн урьд авто машины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 92-47 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн автомашинаа байрлуулаад ажилдаа орсон. Ээлжийн ажлаа хүлээж аваад албаны машинтай 5-6 харуул хамгаалалттай газрын ээлж хүлээлцэх хүмүүсээ шалгахаар гадагш гарсан. Ажил үүргээ гүйцэтгээд явж байтал над руу машин чинь шатаж байна гэж хүн залгасан яваад ирэхэд миний машин шатаад дууссан байсан. Энэхүү асуудлыг СБД-ийн Цагдаагийн 1 хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Т.Сэргэлэнбат шалгаад иргэн Г.М татаж байсан тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэний улмаас гал гарч миний эзэмшлийн 92-47 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн автомашин шатаж, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр автомашинд 6 679 000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Гэтэл Дүүргийн Прокурорын газраас 2018 оны 10 сарын 17-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1680 тоот Прокурорын тогтоол гарч ... хохирогч нар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлоо шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж шийдсэн.

Иймд Г.Маас автомашинд учирсан хохирол 6 679 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 400 000 төгрөг нийт 7 079 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.М, түүний өмгөөлөгч Б.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М би тус шүүхэд Б.Агийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...иргэн Г.М татаж байсан тамхиа унтраалгүй хогийн савруу шидсэний улмаас гал гарч миний эзэмшлийн ...автомашин шатаж хохирол учирсан... гэх үндэслэлийг дурджээ. Миний бие 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим ажил тараад явж байх замдаа UBH барилгын зүүн урд хэсэгт ажлын залуугийн хамт тамхи татахаар зогссон. Уг газарт 2-3 минут орчим зогсож тамхи татсан бөгөөд тамхины ишээ хогийн савны наад талруу нь шидсэн болохоос бус нэхэмжлэлд дурдсан шиг хогийн сав руу шидээгүй, тамхины иш ч хогийн сав байрлах хэсгээс нэг метр орчмын наана унасан. Тамхины ишийг хогийн сав руу шидээгүй, тамхины иш цементэн дээр унасан бөгөөд тухайн хэсэгт галд амархан шатах эд зүйл байгаагүй тул уг үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Агийн автомашин шатаагүй юм. Миний бие тухайн гал гарсан хэсэгт тамхи татсан боловч гал гарсан шалтгаан нь миний тамхи татсанаас болоогүй, тухайн барилгад үйл ажиллагаа явуулдаг иргэд, байгууллага, мөн тухайн ойр орчмоор өнгөрч байсан бусад иргэний шууд болон шууд бус үйлдлээс шалтгаалсан байж болзошгүй гэж үзэж байна. Иймд дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан Б.Агийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Амраа нь хариуцагч Г.Мад холбогдуулан гэм хорын хохиролд 7 079 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Ю Би Эйч барилгын зүүн урд талд Г.М татаж, тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэний улмаас гал гарч миний эзэмшлийн Pruis-20 маркийн тээврийн хэрэгсэл шатаж, автомашинд 6 679 000 төгрөгийн хохирол учирч, 400 000 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Г.М нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Ю Би Эйч барилгын зүүн урд талд тамхи татсан, уг газарт гал гарч Pruis-20 маркийн автомашин болон бусад зүйлс шатсан байсан үйл баримтын талаар маргаагүй, гал гаргасан гэм буруугийн талаар маргаж байна.

 

2018 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 18 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Ю Би Эйч барилгын зүүн урд талд Г.М нь татаж байсан тамхиа унтраалгүй хогийн савруу шидсэний улмаас гал гарч, тус барилгын зүүн урд талын буланд байрлуулсан байсан иргэн Б.Агийн өмчлөлийн 92-47УНҮ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашин шатаж хохирол учруулсан болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29-40х/-д татаж байсан тамхиа унтраалгүйгээр гал гарсан зүг рүү шидсэн, гэрч Б.Азжаргалын мэдүүлэг /хх-93-94х/-т Г.Мтай тамхи татсан, барагцаагаар 4 м орчим зайтай хогийн цэг байсан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2018.10.19-ны өдрийн 1680 дугаар тогтоол /хх-25-18х/, Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх-23-24х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч Г.М нь уг гал гарсан нөхцөл байдалд өөрийнхөө гэм буруугүйг болон бусад этгээдийн үйлдлийн улмаас гал гарсан гэх байдлыг баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т, учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэл гаргасан Б.А нь 92-47УНҮ улсын дугаартай, Тоёото Приус-20 маркийн автомашиныг 2016.09.07-ны өдрөөс 2018.06.13-ны өдрийг хүртэл эзэмшиж байсан болох нь Автотээвэрийн үндэсний төвийн Тээврийн хэрэгсэлийн лавлагаа, баримтууд /хх-95-134х/-аар тогтоогдож байх тул автомашин шатсаны улмаас түүний эд хөрөнгөд хохирол учирч эрх нь зөрчигдсөн тул гэм хор учруулсан этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

Нэхэмжлэгч гэм хорын хэмжээг 7 079 000 төгрөг гэж тодорхойлон шаардсан бөгөөд Б.Агийн 92-47УНҮ улсын дугаартай, Тоёото Приус-20 маркийн автомашины зах зээлийн үнэ 9 000 000 төгрөг байсан талаар үнэлгээний тайланд тусгагдсан байгаа боловч Б.А нь шатсан автомашинаа сэлбэгт хэдэн төгрөгөөр худалдсан талаарх баримтыг ирүүлээгүй тул үнийн зөрүүгээр хохирлыг тооцох боломжгүй байна.

Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар автомашины эвдэрсэн эд ангийг солих шууд зардлыг 5 329 000 төгрөг гэж, засварлах зардлыг 1 350 000 төгрөг гэж, нийт 6 679 000 төгрөгөөр тодорхойлсон байна. /хх-23-24х/

Нэхэмжлэгч Б.А автомашинаа засварлахгүйгээр худалдсан гэж тайлбарлаж байгаа тул автомашины эвдэрсэн эд ангийг солих шууд зардал 5 329 000 төгрөгийг учруулсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь зардал гарсан буюу үнэлгээ хийлгэсний хөлс 400 000 төгрөг төлсөн гэсэн нь баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Ашид билгүүн ХХК-ийн БА ХХК-д олгосон Нэхэмжлэх-ээр /хх-64х/, Б.Аг Ашид билгүүн ХХК-д 400 000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 5 329 000 төгрөгийг хангаж, үлдэх 1 750 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Маас 5 329 000 /Таван сая гурван зуун хорин есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 750 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 128 214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Маас 100 214 /нэг зуун мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ С.ЭНХБАЯР