Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00650

 

           “Б А” ХХК, Б.Аын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/01150 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1297 дугаар магадлалтай,

“Б А” ХХК, Б.Аын нэхэмжлэлтэй

Б.Аад холбогдох

Гэм хорын хохиролд “Б А” ХХК-нд 24,387,677 төгрөг, Б.Ад 7,079,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч “Б А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, Ц.Амар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Б А” ХХК, Б.Ань Б.Аад холбогдуулан гэм хорын хохиролд Б А ХХК-нд 24,387,677 төгрөг, Б.Ад 7,079,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/01150 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б А ХХК-ийн хариуцагч Б.Аад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 24,387,677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Агийн хариуцагч Б.Аад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 7 079 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б А ХХК-иас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,000 төгрөгийн 279,888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 112 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б А ХХК-д олгож, нэхэмжлэгч Б.Агаас 2018 оны 10 сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1297 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/01150 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Ааас 24 387 677 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б А ХХК-д, 5 329 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад тус тус олгосугай гэж өөрчлөн, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Б.Ааас 279 888 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б А ХХК-д, 100 214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад тус тус олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Б А” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 000 төгрөг, нэхэмжлэгч Б.Агаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100 300 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж гаргаснаас гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.17, 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасныг тус тус үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хүлээн авна уу. Давж заалдах шатны шүүхээс анхан шүүхийг алдаа гаргасан гэж үзсэн үндэслэлээ “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу дээрх нотлох баримтуудыг үнэлээгүйн улмаас гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй...” гэж тайлбарласан боловч шийдвэр гаргах үндэслэл болсон ямар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болох үндэслэлийг дурьдалгүй, хэт ерөнхий, ойлгомжгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. 1. Давж заалдах шатны шүүхээс хэрэг цугларсан “...(I) Б.Аын гэрчийн мэдүүлэг, (II) Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018.10.19-ний өдрийн 1680 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, (III) 2020.02.10-ны өдрийн 75/1277 дугаар шинжээчийн дүгнэлт, (IV) сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл...” зэрэг нийт 4-н хэсэг баримтыг үндэслэн миний үйлчүүлэгч Б.Аыг гэм хор учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн боловч эдгээр баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлэх боломжгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Хэрэгт гал юунаас болж гарсан, хаанаас эхэлж гарсан, тээврийн хэрэгсэл хаана байрлаж байсан, хогийн цэг гал гарсан цэгээс болон тээврийн хэрэгсэл, байшингийн булангаас хэдэн метрийн зайтай байрлаж байсныг буюу Б.Аын тамхи татсан үйлдлийн улмаас гал гарсныг тодорхой нотолсон баримт байдаггүй. 1.1. Б.Аын гэрчээр өгсөн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 44-45 дахь тал)-ийн тухайд: Гал гарсан шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, тус ажиллагааны явцад хариуцагч Б.Ааас гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр тухайн хэсэгт тамхи татсан, камерын бичлэг үзсэн болохоо мэдүүлсэн болохоос тухайн гал юунаас болж, хаанаас гарсан, мөн түүний буруугаас болж гарсан эсэх талаар мэдүүлээгүй байдаг. Гал юунаас болж гарсан, хаанаас эхэлж гарсныг ч тэрээр хараагүй, мэдээгүй билээ. 1.2. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018.10.19-ний өдрийн 1680 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолын тухайд: Уг баримтын нотолгооны ач холбогдлын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Б.Аад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан болохыг л нотолж буй баримт болохоос бус нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотолсон баримт биш болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй болно. 1.3. 2020.02.10-ны өдрийн 75/1277 дугаар “Шинжээчийн дүгнэлт”-ийн тухайд: Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан санал, хүсэлтийн дагуу, гал гарсан шалтгаан нөхцөлийг тодруулах нь тусгай мэдлэг шаардагдсан асуудал гэж үзэн тус хэрэгт шинжээч томилж, гал гарсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар болсон боловч шинжээч нарын гаргасан дүгнэлт зөрүүтэй, ямар тусгай мэдлэгийг ашиглаж тухайн дүгнэлтэд хүрсэн үндэслэл ойлгомжгүй байсан. Иймээс хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу галын шинжээч, хошууч М.Батсайхныг шүүх хуралдаанд оролцуулж, дүгнэлт гаргах болсон үндэслэлийг тодруулсан боловч тэрээр гал хаанаас эхэлж гарсан нөхцөл байдлыг тогтоогоогүй, дүгнэлт гаргахад шаардлагатай баримт (үнс, нурамньг дээж, гал түймэр гарсан тухай акт, тэмдэглэл)-ыг ашиглаагүй, дүгнэлт гаргах болсон үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй болно. Ийнхүү шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй байсан тул уг баримтыг үнэлээгүй анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсан. 1.4. Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэх баримтын тухайд: Тухайн камерийн бичлэг зөвхөн баруун урд зүгт байрлах хэсгийн дүрсийг бэхжүүлсэн буюу гал хаанаас эхэлж гарсан, гал гарж буй хэсэгт өөр этгээд байсан эсэх, хогийн цэг, тээврийн хэрэгсэл хаана байрлаж байсан зэрэг үйл баримтыг баримтжуулаагүй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр гал гарсан шалтгаан нөхцөлтэй огт хамааралгүй баримтыг үндэслэж гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. 2. Магадлалд: “...Хариуцагч тал дээрх нотлох баримтуудыг үгүйсгэж, өөрийн гэм буруугүйг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй...” гэх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийжээ. Анхан шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг хариуцагч талаас гаргаж өгснөөс гадна гал түймэр гарсан тухай акт, гал түймэр гарсан тухай тэмдэглэл, холбогдох бусад баримтыг гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах, шүүх хуралдаанд шинжээч оролцуулах зэрэг хүсэлтийг гаргаж, эдгээрээс заримыг нь хангаж тодорхой ажиллагаа хийгдсэн болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй болно. Ийнхүү давж заалдах шатны шүүх тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрхэн үнэлэх талаар харилцааг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Дээр дурьдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.

6. Хариуцагч Б.Аад холбогдох гэм хорын хохирол 24,387,677 төгрөгийг гаргуулах “Б А” ХХК-ийн нэхэмжлэл, 7,079,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэж, шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

7. Хоёр шатны шүүх хариуцагч Б.А гэм буруутай эсэх талаар хэрэгт байгаа баримтыг өөр өөрөөр дүгнэсэн боловч энэ талаарх нотлох баримт, нотолгооны зүйл эргэлзээтэй, хөдөлбөргүй тогтоогдоогүй учраас хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх боломжгүй байна.

8. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолд  Б.Аыг гэрчээр асуусан, гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэх үндэслэл заасан, уг баримт нь гэм бурууг нотолсон үндэслэл болохгүй юм. Анхан шатны шүүх прокурорын тогтоолын дүгнэлтийг хариуцагч Б.Аыг нэхэмжлэгч нарт учирсан гэм хорыг хариуцах эрх зүйн үндэслэл болгоогүй нь Үндсэн хуулийн дээрх зарчимд нийцсэн ба үзлэг хийх, шинжээч томилох, шүүх хуралдаанд шинжээч оролцуулах зэрэг ажиллагааг явуулсан нь зөв хэдий ч хоёр шатны шүүх хариуцагчийн гэм бурууд хамааралтай баримт, нотолгоо, нөхцөл байдлыг оновчтой тодруулж, дүгнэж чадаагүй нь учир дутагдалтай гэж үзэв.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг. Хариуцагчийн хууль бус ажиллагаа болон гэм буруугийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй.

10. Хэрэгт ач холбогдол бүхий дараах нөхцөл байдлууд тодорхой бус нөхцөлд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Үүнд:

- Хэргийн газрын үзлэгээр /хх-84,85/ UBN төвийн гадна фасадны зүүн урд өнцөгөөс унжсан байдалтай зэс утасны үзүүрээс дээж авсан тухай тэмдэглэгдсэн ба энэ талаар тодруулах

- ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2020.02.10-ны өдрийн 75/1277 тоот дүгнэлтээр гал гарсан шалтгаан ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан, Ш.Маргад нь тамхи татаж байгаад 18:43:43 цаг дор тамхийг гал үүсвэрлэн гарсан хогийн цэг байрлах хэсэг рүү шидсэн үйлдэл нь гал гарахад хүргэсэн байна, уг гал түймэр нь хогийн цэгээс үүсвэрлэн гарч, барилгын хана болон иргэн Б.Агийн автомашин руу дамжин тарсан байна гэж дүгнэсэн. Шүүхээс CD бичлэгт хийсэн үзлэгээр 18:43:40 цагт Б.Маргад /бор өнгийн костюм пиджактай залуу/ татсан тамхиа бор өнгийн байшин, цагаан автомашин, 3 хүний суух сандлын чигт шидсэн, 18:49:02 секундэд утаа манарч байгаа үйл баримт тогтоогдсон ба 18:43:40-18:49:02 хүртэл хугацаанд уг газар дээр өөр хүн ирсэн эсэх, бичлэгт харагдахгүй байх боломж бий эсэх, тамхины иш шидсэн зүйл ажиглагдах эсэх буюу энэ хооронд Маргадаас өөр хүний үйлдэл байгаагүй гэдгийг тодруулж, эргэлзээгүй тогтоох

- Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 2018.08.14-ний өдрийн CD-ийнд үзлэг хийсэн тэмдэглэлд үйл явдлыг нарийвчлан тусгасан байхад шүүхээс хийсэн үзлэгт товч тусгагдсан, тамхи татсан, тамхины иш хаясан, гал гарсан цаг зөрүүтэй байгааг тодруулах /хх-6-18, 158-160/

- Шүүх хуралдаанд оролцсон шинжээч М.Батсайхан “тамхины ишийг няслахад цементэн дээр шатамхай материал байхгүй бол унтарна, шатамхай материал байсан бол цогшоод асах боломжтой” гэж хариулсан ба гал гарсан газар дээр шатамхай бодис байсан эсэхийг тодруулах зэрэг гал гарсан бүхий л шалтгаан нөхцөл, хариуцагчийн үйлдлийг тодруулж дүгнэлт хийх шаардлагатай гэж үзнэ.

11. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/01150 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1297 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2020.07.21-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 307,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                                          ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                  Д.ЦОЛМОН

                                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД