Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01297

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01297

 

 

Б.А - ХХК, Б.А нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/01150 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А - ХХК, Б.А нарын хариуцагч Г.М -д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд Б.А - ХХК-нд 24 387 677 төгрөг, Б.А д 7 079 000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А , түүний өмгөөлөгч Б.Пүрэвдорж, нэхэмжлэгч Б.А - ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.А - ХХК-ийн төлөөлөгч Л.Шинэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Г.М - нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юу би эйч центр барилгын зүүн урд талд татаж байсан тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэнээр гал гарч, үүний улмаас манай компанийн өмчлөлийн Юу би эйч центр барилгын булан шатаж 24 387 677 төгрөгийн хохирол гарсан. Улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгах явцад Г.М - нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг 40 минутын үед ажлаасаа гараад Юу би эйч центрийн зүүн урд талын буланд тамхи татаад тамхины ишийг хогийн сав руу няслаад хаясан. Маргааш өглөө миний тамхи татаад зогсож байсан газрын ойролцоо зогсож байсан автомашин шатсан, барилгын зүүн урд талын булан шатсан байдалтай байсан. Юу би эйч центрийн хүмүүс бичлэг харуулсан, бичлэгийг үзэхэд тамхины ишээ нясалж хаясны дараа 4 орчим минутын дараа гал гарч байгаа бичлэг байсан, хохирлыг төлөх талаас нь арга хэмжээ авна гэж өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Гэвч хохирогч нарт учруулсан хохирлын хэмжээ нь хуульд заасан хэмжээнд хүрээгүй, мөн ноцтой хохирол учраагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй, харин хохирогч нар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлын асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэн эрүүгийн хэргийг хаасан. Иймд хариуцагч Г.М - нь бусдын эд хөрөнгөд илт болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг үндэслэн манай компанид учруулсан 24 387 677 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 9 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юу би эйч центрийн зүүн урд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн 92-47 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн автомашинаа байрлуулаад ажилдаа орсон. Ажил үүргээ гүйцэтгээд явж байтал автомашин чинь шатаж байна гэж хүн залгасан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шалгаад Г.М - нь татаж байсан тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэний улмаас гал гарч миний эзэмшлийн 92-47 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн автомашин шатаж, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр автомашинд 6 679 000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Иймд Г.М -аас автомашинд учирсан хохирол 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.М - шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим ажил тараад явж байх замдаа Юу би эйч центр барилгын зүүн урд хэсэгт ажлын залуугийн хамт тамхи татахаар зогссон. Уг газарт 2-3 минут орчим зогсож тамхи татсан бөгөөд тамхины ишээ хогийн сав байрлах хэсэг рүү шидсэн болохоос бус нэхэмжлэлд дурдсан шиг хогийн сав руу шидээгүй, тамхины иш ч хогийн сав байрлах хэсгээс нэг метр орчмын наана унасан. Тамхины ишийг хогийн сав руу шидээгүй, тамхины иш цементэн дээр унасан бөгөөд тухайн хэсэгт галд амархан шатах эд зүйл байгаагүй тул уг үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт хохирол учраагүй болно. Миний бие тухайн гал гарсан хэсэгт тамхи татсан боловч гал гарсан шалтгаан нь миний тамхи татсанаас болоогүй, тухайн барилгад үйл ажиллагаа явуулдаг иргэд, байгууллага, мөн тухайн ойр орчмоор өнгөрч байсан бусад иргэний үйлдлээс шалтгаалсан байж болзошгүй. Иймд дээрх дурдсан үндэслэлийг харгалзан Б.А - ХХК, Б.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.А - ХХК-ийн хариуцагч Г.М -ад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 24 387 677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.А гийн хариуцагч Г.М -ад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 7 079 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.А - ХХК-иас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 000 төгрөгийн 279 888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 112 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.А - ХХК-д олгож, нэхэмжлэгч Б.А гаас 2018 оны 10 сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128 214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А - ХХК-ийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, үйл баримтыг үгүйсгэсэн байдалтайгаар илт нэг талыг баримталж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тухайн үед гал гарсан цэг дээр Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч хошууч М.Батсайхан ахалж үзлэг хийн, үнс нурамын дээж авсан байдаг ба шинжээчийн хувьд шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэргэжлийн хүний үүднээс өөрийн гаргасан галын дүгнэлтийн талаарх тайлбарыг шүүхэд хангалттай тайлбарласан. Тэрээр хэлэхдээ Гамшиг судлалын хүрээлэнгийн лабораторт хүргүүлсэн үнс нурамын дээжээс шаардлага хангахгүй гэж хариу гарсан нь тухайн гал түймэр нь цахилгаан дамжуулах утас, шатах тослох материал зэргээс гараагүй гэсэн дүгнэлт юм, харин ийм тохиолдолд гуравдагч гадны хүчин зүйлийн улмаас буюу ил гал, үүн дотроо асаасан тамхи, лаа, шүдэнз зэргээс гал түймэр гарсан байдаг. Гэтэл хэргийн материалд авагдсан видео бичлэгийг үзэхэд Г.М -ын унтраагаагүй тамхиа хогийн цэг байрлах хэсэг рүү шийдсэн үйлдэл нь гал гарахад хүргэсэн байх бүрэн үндэслэлтэй гэсэн тайлбарыг шүүхэд өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхээс хэд хэдэн удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Г.М - нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлж, бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байсныг анхаарч үзэх хэрэгтэй. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын шинжээч уг гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр /унтраагүй тамхи/ үүсвэрлэн гарсан болохыг тогтоосон. Хэрэгт авагдсан нотлох баримт дүрс бичлэгээс үзэхэд Г.М -ын тамхины ишээ хогийн цэг байрлах хэсэг рүү шидсэн үйлдэл нь гал гарахад хүргэсэн. Дүгнэлт гаргасан шинжээч нь гал анх гарсан үед хэргийн газарт ажиллаж байсны хувьд тухайн үеийн нөхцөл байдал, хэргийн газрын үзлэг зэргээс үндэслэн дүгнэлтээ гаргасан болохоо шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Хэрэгт авагдсан дүрс бичлэг нь 6 минут 26 секундын маш тод дүрслэлтэй бичлэг бөгөөд Г.М - тамхиа унтраалгүй хогийн цэг байрлаж байсан хэсэг рүү шидэж байгаа, хамт зогсож байсан залуу тамхиа бариад цааш явж байгаа, бусад 2 хүн нь байршлын хувьд цаана хол зогсож тамхи татаад тамхины ишээ будгын лаазанд хийж байгаа зэрэг нь тодорхой харагддаг. Харин тус хэсгээр өөр хүн өнгөрсөн бол камерт заавал бичигдэж үлдэх байсан нь байрлалын хувьд тодорхой харагдаж байхад шүүх дүрс бичлэгт бичигдээгүй зүйлийг болсон мэтээр дүгнэж байгаа нь ойлгомжгүй хэт нэг талыг зөвтгөх гэсэн дүгнэлт хийсэн байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээгээр буюу 5 329 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.А - ХХК, Б.А нар нь хариуцагч Г.М -ад холбогдуулан гэм хорын хохиролд нийт 29 716 677 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зөрчлийн улмаас үүсэх үүргийн үндсэн зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн агуулгаас үзвэл гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын хөрөнгөд гэм хор учирсан байх, уг үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаарддаг.

Хэргийн баримтаар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Юу Би Эйч центр барилгын зүүн урд тал гал гарсны улмаас тус төвийн барилгын булан, Б.А гийн эзэмшлийн Тоёото Приус-20 маркийн автомашин зэрэг шатсан үйл баримт тогтоогдсон байна. /1хх-154-169/ Уг гал гарсан шалтгааныг хариуцагч Г.М - татаж байсан тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэн үйлдлээс болсон гэх үндэслэлээр түүнээс гэм хорын хохиролд нэхэмжлэгч Б.А - ХХК нь 24 387 677 төгрөг, Б.А нэхэмжлэлийн шаардлагаа багасган 5 329 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч гал гарсан шалтгааныг өөрийнх буруутай үйлдэлтэй хамааралгүй гэх үндэслэл заан маргажээ.

Хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1680 дугаар тогтоол, эрүүгийн журмаар шалгаж байх явцад эд хөрөнгөд хийсэн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Г.М -ын гэрчийн мэдүүлэг, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг, судлалын хүрээлэнгийн албан бичиг зэрэг эрүүгийн хэргээс хуулбарлан ирүүлсэн бичгийн нотлох баримтууд, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр сиди бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, шинжээч Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Ш-05 тоот, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 348/1277, мөн оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 377/1277 дугаартай дүгнэлтүүд, гэрч Б.Азжаргалын мэдүүлэг, шинжээч М.Батсайханы тайлбар зэрэг нотлох баримтууд авагджээ. /1хх 44-45, 69, 84-85, 95-96, 125-126, 154-169, 226, 2хх59-60, 88-89/

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу дээрх нотлох баримтуудыг үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Хариуцагч Г.М - нь татгалзлын үндэслэлээ хогийн сав 5.5 метр зайтай учир тамхины иш цемент дээр унасан, тэр орчим хүмүүс их явдаг гэж тайлбарлан, маргасан байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хэрэг үүсгэх шалгах явцад түүний өгсөн гэрчийн мэдүүлэгт ... Юу Би Эйч центрын зүүн урд талын буланд очиж тамхи татаад тамхины ишийг хогийн сав руу няслаад хаясан, ... маргааш өглөө нь хүрч ирэхэд миний тамхи татаад зогсож байсан газрын ойролцоо байсан машин, барилгын зүүн урд талын булан шатсан байдалтай байсан, тэгээд тус төвийн хүмүүс надад бичлэг харуулсан, миний тамхины ишээ нясалж хаясаны дараа 4 орчим минутын дараа гал гарч байсан талаар мэдээлэл тусгагджээ. /1хх-44-45/

Тухайн үед хэрэг болсон газар үзлэг хийж, гал гарсан шалтгааныг тогтоолгохоор үнс, нурамны дээжийг шинжилгээнд явуулсан боловч уг дээж нь шаардлага хангаагүй, тогтоолын асуултыг шинжилгээтэй холбоотой асуултаар солих, дээжийг шаардлагатай хэмжээгээр ирүүлснээр дүгнэлт гаргах боломжтой талаар Гамшиг судлалын хүрээлэнгээс 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүргүүлсэн байна. /1хх-86/ Дээрх албан бичгийн дагуу үнс, нурамны дээжийг дахин шинжилгээнд явуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байх ба Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1680 дугаар тогтоолоор Г.М -ад холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй буюу хохирлын хэмжээнд хүрээгүй гэх үндэслэлээр хаажээ./1хх-8-9/

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар томилогдсон шинжээч нь хэргийн газрын камерын бичлэг, хэргийн 44-45 дугаар хуудсанд авагдсан Г.М -ын эрүүгийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн гал гарсан шалтгаан ил галын нөлөөгөөр /унтраагаагүй тамхи/ үүсвэрлэн гарсан гэсэн дүгнэлтийг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байна. /1хх-95-96/

Мөн дахин томилогдсон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 348/1277, мөн оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 377/1277 дугаартай дүгнэлтүүдэд уг хавтаст хэрэгт хамт ирсэн 2 ширхэг сиди бичлэг нээгдээгүй, Г.М -ын улмаас гал түймэр гарсан эсэхийг хэргийн материалд тулгуурлан тогтоох боломжгүй. Хэргийн газрын үзлэг, хэргийн материал зэргээс үзвэл гал гарсан шалтгааныг ил гал /... асаасан тамхи ...., ... /-ын нөлөөгөөр үүсвэрлэсэн гарсан байх үндэслэлтэй. Уг гал түймэр хогийн цэгээс үүсвэрлэн гарч, барилгын хана, иргэн Б.А гийн автомашин руу дамжин тархсан байна гэжээ. /1хх-125-126, 2хх-59-60/

2 дахь хавтаст хэргийн 88-89 дэх талд авагдсан шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 75/1277 дугаартай дүгнэлтэд хэргийн газрын үзлэг, хэргийн материал зэргээр гал гарсан шалтгааныг ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан, гал гарсан цэг болон хэрэгт авагдсан сиди бичлэг дэх Г.М -ын тамхи иш шидэх үед зогсож байсан газар хоорондын зай нь 5.5 метр байсан, Г.М - нь тамхи татаж байгаад сиди бичлэгийн 18:43:40 цаг дор тамхийг гал үүсвэрлэн гарсан хогийн цэг байрлах хэсэг рүү шидсэн үйлдэл нь гал гарахад хүргэсэн, уг гал түймэр нь хогийн цэгээс үүсвэрлэн гарч, барилгын хана болон иргэн Б.А гийн автомашин руу дамжин тархсан гэж үзжээ.

Анхан шатны шүүхийн сиди бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч Г.М -ын тамхи татсан, тамхины ишээ хогийн сав руу хаяад явсан, гал гарсан цаг хугацаа зэрэг нь түүний эрүүгийн журмаар шалгагдаж байхдаа өгсөн мэдүүлэг, гэрч тусгагдсан цаг хугацаатай тохирч байна. /2хх-158-160/ Гэрч Б.Азжаргалын мэдүүлэг нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий баримт болж чадаагүй тул үнэлэх боломжгүй. /1хх 226/

Дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлээд хариуцагчийн болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарч нэхэмжлэгч Б.А - ХХК-ийн өмчлөлийн барилгын хана болон нэхэмжлэгч Б.А гийн автомашин руу дамжин тархсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу түүнээс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Хариуцагч тал дээрх нотлох баримтуудыг үгүйсгэж, өөрийн гэм буруугүйг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсаны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Хариуцагч Г.М - нь гэм хорын хохирлын хэмжээ, түүнийг тогтоосон байдлын талаар маргаагүй. Хэрэг учрал болох үед Ашид билгүүн ХХК нэхэмжлэгч Б.А гийн эд хөрөнгөд хохирлын үнэлгээ хийхдээ автомашины эвдэрсэн эд ангийг солих шууд зардлыг 5 329 000 төгрөгөөр тогтоосон байх тул энэ хэмжээгээр хохирлыг тооцох нь зүйтэй. Иймээс хариуцагч Г.М -аас 24 387 677 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А - ХХК-д, 5 329 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А д тус тус олгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/01150 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Г.М -аас 24 387 677 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А - ХХК-д, 5 329 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А д тус тус олгосугай гэж өөрчлөн, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Г.М -аас 279 888 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А - ХХК-д, 100 214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А д тус тус олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.А - ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 000 төгрөг, нэхэмжлэгч Б.А гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100 300 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД