Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2019/00412

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2019/00412

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар /,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран багийн ******* тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар / нарт холбогдох

53 469 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие С.******* нь Есөн-Эрдэнэ худалдааны төв дээр жимс, хүнсний ногооны наймаа эрхэлдэг. Тус худалдааны төвийн 4-6 дугаар павилоныг түрээслэдэг Д.Зинаадугар болон Д. нарт 2015 оноос хойш зээлээр худалдах худалдан авах гэрээгээр жимс, хүнсний ногоо худалддаг байсан юм. Хамтран ажиллах хугацаанд жимс хүнсний ногоогоо 45 хоногтоо зээлж аваад 45 хоногийн дараа тооцоогоо хийж байхаар харилцан тохиролцсон бөгөөд эхний 2 жилийн хугацаанд мөнгөө тохиролцсон хугацаанд өгдөг байсан. 2016 оноос хойш бараагаа тогтмол хугацаандаа манайхаас авдаг байсан боловч мөнгөө дутуу хагас шилжүүлсээр 53,469,400 /тавин гурван сая дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун/ төгрөгний үлдэгдэл үлдсэн. Ингээд Д.тай уулзаж үлдэгдэл төлбөрөө хэзээ өгөх талаар асуухад 2017 оны 07-р сарын 27-ны өдөр өгөхөөр тохиролцож тооцооны дэвтэр дээр гарын үсэг зурсан. Гэтэл тус мөнгийг одоо болтол өгөхгүй байгаа юм. Иймээс Д.Зинаадугар, Д. нараас худалдах худалдан авах гэрээний төлбөрт 53,469,400 /тавин гурван сая дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Би Есөн-Эрдэнэ зах дээр жимс ногооны худалдаа эрхэлдэг. 2015-2017 онд Д., Д.******* нарт бараа материал зээлээр өгч байсан. 2017 онд Д.тай тооцоо нийлж 53469400 төгрөг өгөхөөр болсон. Д. Хаан хүнс мөнгөө өгөхгүй байна гээд удсан. 2017 оны 04 дүгээр сараас хойш бараа зээлээр өгөхөө больсон. Өөртэй нь яриад 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөнгийг чинь өгч барагдуулна гэж ярилцаж тохиролцоод Д. миний дэвтэр дээр гарын үсэг зурсан. Тохиролцсоны дагуу энэ мөнгөө өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.гийн эхний мэдүүлэг дээр 53469000 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын үнийн дүнд суутгана гэж байснаа одоо болохоор огт бараа авч байгаагүй юм шиг зүйл ярьж байна. Шүүх хурал болгон дээр ярьж байсан яриа нь явцын дунд өөрчлөгдөж байгаа нь худлаа ярьж байна гэдэг нь харагдаж байна. Өөрөө яагаад биечлэн ирэхгүй байгаа юм бэ. Надаас авсан барааны мөнгөө өгч чадахгүй, миний нүүрийг харж чадахгүй байгаа болохоор шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй байгаа байх. Би хэрэгт Д.*******тай ярьсан яриагаа утсаар хурааж авч CD дээр буулгаж өгсөн. Чи өөрөө бид хоёрыг шүүхэд өгсөн болохоор мөнгийг чинь өгөхгүй гэсэн зүйл ярьсан байгаа... гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шаардлагатай баримтууд тал талаасаа гаргаж өгөөд нягтлагдаад ирсэн. Ерөнхийдөө учир байдлын барагцаа гарсан байх. Талуудын хооронд аман хэлбэрээр иргэний журмаар хэлцэл байгуулж байсан талаар маргахгүй байгаа. 2015 оноос 2017 оны 04 дүгээр сар хүртэл жимс ногоо зээлээр худалдаж авч төлбөрөө хийдэг. Харилцан тооцоо үүсгэдэг итгэлцлээр харилцаа үүсээд явж байсан гэдэг дээр маргахгүй байна. Хариуцагч тал шүүхэд тайлбар гаргахдаа иргэн С.*******гаас авсан жимс ногоогоо өөрийн хувийн Эрдробат ХХК-ний нэрээр Эрдэнэт Үйлдвэр ХХК-д нийлүүлдэг гэж тайлбарласан байдаг. Энэ хэрэг бол 2017 оны 12 дугаар сард иргэний журмаар хэрэг үүссэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүтэн жил 6 сарын дараа шинэ сонирхолтой зүйл ярьж байна. Хариу тайлбарыг өөр хүн бичиж өгсөн. Тэр тайлбар нь хариуцагч нарын хүсэл зоригийн дагуу гаргасан тайлбар биш гэдэг зүйл ярьж байна. Шүүх бол хариуцагч нарт нэхэмжлэл гардуулж эрх үүргийг нь тайлбарлаж өгдөг процессын журмаар явагдсан. Эрх үүргээ ойлгосны үндсэн дээр хариуцагч нар өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлж хүнээр бичүүлсэн байх. Гэхдээ хүнээр тайлбар бичүүлсэн гэдэг зүйл өнөөдөр яригдаж байна. Өмнө нь ийм зүйл огт яригдаж байгаагүй. Д.*******, Д. гэсэн гарын үсэгтэй 3 тайлбар хэрэгт байгаа. 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тайлбар гаргаж өгсөн байгаа. Энэ тайлбарын агуулга дээр С.******* гэдэг хүнээс 2015 оноос эхлээд ойролцоогоор 500.000.000-600.000.000 төгрөгийн бараа авсан. Манай компани С.*******гаас нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг тооцож авах ёстой. Энэ тооцоо бол барааны тооцоо биш гэж тайлбарладаг. Эрдробат ХХК-ний санхүүгийн тайлангаар 2015, 2016, 2017 онд нийт тэрбум 512 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Худалдан авалтанд нэг тэрбум 514 төгрөгийн барааны үнэ төлсөн байна. 3 санхүүгийн баримт дээр нэмэгдсэн өртөгийн албан татвартай үнээр худалдаж авсан бараа бол 775,5 сая төгрөгийн баримт байна. Ард нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдөөс худалдан авсан барааны жагсаалт гаргаад баримтыг хавсаргасан байна. Энэ ямар учиртай юм бэ? гэхээр Сангийн сайд, үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 03 дугаар сарын 29-ний 82/51 дугаартай тушаалаар баталсан нэмэгдсэн өртгийн албан татварын баримт, түүнийг хэрэглэх журам, нэмэгдсэн өртгийн албан татвараар худалдан авсан барааны бүртгэл гэдэг зүйлийг баталсны дагуу тайлан хийж байгаа. С.******* бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш учраас С.*******гаас авсан барааны баримтыг татварын тайланд хавсаргаж өгөөгүй байгаа. Харин С.*******гаас авсан барааг нэмэгдсэн өртгийн татваргүй худалдаж аваад цааш нь нөат-ыг өөрөө ногдуулж зардаг. Санхүүгийн тайлан бол ийм учиртай тайлан байна. Саяны тоо баримтуудыг харьцуулж үзвэл борлуулалт, худалдан авалт нь ойролцоо гарна. Тийм учраас шүүх энэ хэрэгт дүгнэлт өгөхдөө хариуцагч нарын шүүхэд өгсөн тайлбарын үндэслэлийг анхаарч харах нь зүйтэй. Энэ тайлбарын үндэслэл бусад нотлох баримттай хэр зэрэг уялдаа холбоотой байна вэ гэдгийг харах ёстой. Санхүүгийн баримт бүгд ирсэн. С.******* гэдэг хүн татвар төлөгч биш гэдэг баримт бас ирсэн. С.******* гэдэг хүнээс авсан бараандаа нөат суутгаж авах ямар ч үндэслэл байхгүй байна. Хоёрдугаарт жимс ногоо авсан, аваагүй ийм тооцоо байхгүй тухай ярьж байна. Үнэхээр хүнд ямар ч бараа өгөөгүй байж 53469400 төгрөг нэхэж байгаа бол энэ өөрөө Эрүүгийн хэрэг болно. Тэрийг нь шалгуулах ёстой. Тооцоо байгаа гэхдээ энэ бол нэмэгдсэн өртгийн татварын тооцоо биш. Тооцоо байгаа эсэхэд нь шүүх дүгнэлт өгөх байх. Хоёр зүйл дээр хариуцагч нар маргадаг. С.*******г энэ дэвтрийг гаргаж өгсөн гэдэг. С.******* бол энэ дэвтрийг гаргаж өгөөгүй. Ганцхан 7 дугаар сарын 27-ны өдөр тооцохоор тохиров гэсэн Д.гийн гарын үсэгтэй баримтыг гаргаж өгсөн. Д. 30000000 төгрөг, 10000000 төгрөг өгсөн байгаа. Дэвтэр дээр 93000000 төгрөгийн тооцоо жагсааж бичсэн байгаа. Өгсөн мөнгийг нь хасахаар 53469400 төгрөг үлдэж байгаа. Тоонуудын учир нь ингэж олдоод явж байгаа. Энэ дэвтрийг нотлох баримтаар өгсөн учраас шүүх энэ дэвтэр дээр үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Үүнийг баталж байгаа нэг баримт бол энэ ярианы бичлэг байгаа. Энэ бичлэгийг тагнуулын аргаар хийгдсэн хууль бус гээд байх шиг байна. Иргэний хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т дуу дүрсний бичлэг нотлох баримт байж болно. Иргэний эрх зүйн харилцааны оролцогчид эрх үүргээ тодруулах зорилгоор харилцсан зүйлээ бичлэг болгож буулгахад ямар ч асуудал байхгүй. Хэрвээ үүнийг хууль бус гэвэл Зөрчлийн тухай хуулийн 6.22, Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлээр гомдол өгөөд шалгуулж болно. Тэр бол агуулгын хувьд шал өөр зүйл байгаа. Энэ бичлэг бол дангаараа нотлох баримт болохгүй. Бусад нотлох баримттай харьцуулж үзэх хэмжээний нотлох баримт болно. Шүүх дүгнэлт хийхдээ С.******* гэдэг хүн хууль бусаар нотлох баримт бүрдүүлж хуурамчаар хөрөнгө мөнгө олох гээд байна гэж дүгнэлт хийх байх. Нэг бол энэ хүнээс бараа зээлээр авсан гэдэг нь нотлогдож байгаа учраас Д.*******, Д. нараас 53469400 төгрөг гаргуулах нь үндэслэлтэй байна гэж дүгнэлт хийх ёстой. Өнөөдөр бол өөрсдөө тайлбараа бичээгүй, бараа зээлээр авч байгаагүй, гарын үсэг зурсан талаараа ч мэдэхгүй гэдэг зүйл байж болох уу. Тийм бол С.*******гаас бараа авахдаа авч байсан нэг хувь баримтаа өнөөдөр авчраад тулгаад үзэж яагаад болохгүй байгаа юм бэ. Санхүүгийн баримтуудыг цаг гаргаад үзвэл ойлгож ядаад байхаар зүйл байхгүй байна. Тоонууд нь хоорондоо бараг таарч байсан. Энэ тайлангуудаар 2015,2016 оны эцэст 66 сая төгрөгийн өртэй тайлан гаргаад явсан байдаг. 2017 оны эцэст энэ өр төлбөр гараагүй зүйл харагдаж байгаа. Нэмэгдсэн өртгийн татварын өр гэж гараагүй. Сар сардаа илүү, дутуу төлөлттэй яваад байсан тайлан байгаа. 66 сая төгрөгийн өрийг данс хоорондын буюу бусад өр гэж гаргаж байсан. Энэ бол татварын өр биш бусад өр гэдэг нь харагдаж байгаа. Хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдож байна. Тиймээс С.*******гийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Шүүх өмнө нь нотлох баримт дутуу гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан... гэв.

Хариуцагч Д.*******, Д. нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.*******гийн нэхэмжлэлтэй танилцаж энэхүү тайлбарыг гаргаж байна. Манай Эрдробат ХХК уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-д хүнсний ногоо болон бүдүүн, жимс, жимсгэнэ 2013 оноос эхлэн гэрээ байгуулж нийлүүлсэн. Есөн-Эрдэнэ захын Ч-1 повилон түрээслэгч С.*******гаас 2015 оноос эхлэн хүнсний нарийн ногоо болон бүдүүн жимс жимсгэнэ авч уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-д нийлүүлсэн. С.*******тай НӨАТ-н 10 хувь авна гэж тохиролцсоны үндсэн дээрээс бараа авсан. 500-600 төгрөгний бараа борлуулалт хийж бүх тооцоог хийж дуусгасан. 53,469,400 төгрөгний НӨАТ-н 10 хувь суутгаж авсан болно. С.******* НӨАТ-г төлнө гэж ярьсаар өнөөдрийг хүрсэн. Харин манай компани татварын НӨАТ-г өнөөдрийг хүртэл төлж ирсэн. Тийм учраас бидний хооронд ямар ч тооцоо байхгүй. С.*******гийн нэхэмжилж байгаа 53,469,400 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний авсан бараанд хорогдол тооцож өгнө үү. С.******* нь анх бараа өгөхдөө НӨАТ-ын 10 хувь өгнө, мөн хорогдол тооцно гэж тохиролцсоны үндсэн дээр С.*******гийн хүсэлтээр манай Эрдробат ХХК нь хүнсний бүх төрлийн ногоо авч НӨАТ-ын тайлангаа гаргаж тайлагнаж ирсэн. Манай компаний НӨАТ-ын өр нь 2015 оноос эхлэн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 60,250,000 төгрөгний өртэй байна. Тийм учраас бидний хооронд ямар ч тооцоо байхгүй. С.*******гийн нэхэмжилж байгаа 53,469,400 төгрөгийг бид хоёр хүлээн зөвшөөрөхгүй. С.******* нь Д.******* бид хоёрт бараа өгөөгүй. Эрдробат ХХК-иар дамжуулан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-д бараа нийлүүлж байсан учир бид хоёрт холбогдох 53,469,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нар нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хариу тайлбар өгсөн байна. С.******* нь бараа өгөөгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нарын дунд барааны үлдэгдэл тооцоо байхгүй байна гэсэн тайлбар гаргасан байгаа. Энэ тайлбарыг дэмжиж оролцож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.******* нь Д.*******, Д. нарт 53469400 төгрөгийн бараа өгсөн гэдгээ хангалттай нотолж чадахгүй байна. Ийм хэмжээний төлбөрийн үлдэгдэл байхгүй гэж хариуцагч нар тайлбарлаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Иргэний хуулийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлт хийж байгаа. Би хуульчийн хувьд Иргэний хуулийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байж магадгүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 243.1 дэх заалт нь ямар асуудлыг зохицуулах вэ? гэхээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж байгаа. Хөрөнгө хүлээн авах ажиллагаа Иргэний хуулийн 243.1-т зааснаар худалдахаар авах гээд байгаа хөрөнгөө хүлээж авах үүрэг гэж заагаад үнийг нь төлнө гэж байгаа. Иргэний хуулийн 262.1-т заасан хуулийн зохицуулалт нь зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчийг үнийг төлөхөөс нь өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн төлнө. Эсвэл тодорхой цаг хугацааны дараа бүрэн төлөх үүргийг тус тус хүлээх тохиролцоог зээлээр худалдах худалдан авах гэрээ гэнэ гэсэн ерөнхий агуулгаар тухайн харилцааг зохицуулсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн харилцааг авч үзвэл С.******* гэдэг хүн Д.*******, Д. хоёрын хэн нэгэнд нь жимс өгөөд байсан гэж ярьж байна. Хариуцагч нар бол тодорхой хугацаанд авч байснаа үгүйсгэхгүй байгаа. Тэр хоорондын харилцсан баримтаа бүрдүүлэх эсэх асуудал нь хүмүүсийн өөрсдийнх нь эмх замбараа, хариуцлага, итгэлцлийн асуудал байх. Гэхдээ бид нар хүмүүсийн итгэлцэл дээр дүгнэлт хийхээсээ илүү нотлох баримтанд тулгуурлаж маргааныг шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч бол ямар жимс, ногоо өгч байсан гэдгээ тодорхойлж хэлж мэдэхгүй байна. Жимснийхээ тоо ширхэгийг мэдэхгүй байна. Аль барааны үнийг аваад, аль барааны мөнгийг өгөөгүй байгаа гэдгээ мэдэхгүй байна. Дэвтэр гээд үндэслэж байгаа баримт дээр тоо биччихсэн байна. Тэр тооныхоо ард нь барааны нэр төрөл, тоо ширхэг бичих ёстой байсан. Тэр талаар ямар нэг бичиж тэмдэглэсэн зүйл байхгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн худалдах, худалдан авах гэрээний ерөнхий зохицуулалт дотор тусгай нөхцөлтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээний онцлог гэж үзвэл Иргэний хуулийн 248 дугаар зүйлд эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох тухай хуулийн заалтыг хэрэглэх ёстой. Хууль тайлбарлах замаар мэтгэлцэх ёстой. Хуульд өөрөө заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авсан нөхцөлийг гэрээгээр тодорхойлно гэж байгаа. Хоёрдугаарт худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийг хүлээн авсан талаар гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж байгаа. Ийм хуулийн зохицуулалт байна. Тэгэхээр эд хөрөнгийг худалдсан бол тухайн эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн байх учиртай. Хүлээлгэж өгсөн талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ хэрэгт эд хөрөнгө хүлээлгэн өгчихсөн баримт байх нь битгий хэл нэхэмжлэгч ямар хэмжээний хөрөнгө, ямар нэр төрлийн жимс ногоо хүлээлгэж өгснөө мэдэхгүй байна. Ийм мэдэхгүй гэж байгаа нөхцөл байдалд хэрхэн яаж дүгнэлт хийх вэ?. Тэгвэл хариуцагч нарын хувьд энэ барааг авчихсан, төлөөгүй, төлсөн талаар маргалдах боломж нь нээгдэнэ. Гэтэл нэхэмжлэгч маань 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 сар хүртэлхи хугацаанд ямар хэмжээтэй бараа өгсөн гэдгээ нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1-т заасан эрхээ эдэлж, тус хуулийн 38.1.1-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Нэхэмжлэл шүүхэд гаргаад дараагаар нь Д.*******, Д. нар мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрөөд байдаг юм бол яагаад тооцоо нийлсэн гэрээ, акт, баримт үйлдэж болоогүй юм бэ?. Яагаад тооцохоор тохиролцов гээд баллаж сохолсон дэвтрийн дунд бичсэн хэсгийг аваад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримт гэж яриад байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэлэхийн тулд тооцоо гээд байгаа тоонууд ойлгомжтой, тодорхой илэрхийлэгдэж байх ёстой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нотлох баримт болж чадахгүй байна гэж үзэж байна. Дараагаар нь бичлэгний тухай асуудал яриад байдаг. Бичлэг гэдэг нь хүмүүс хоорондоо дуу дүрсний бичлэг хийгээд баримт болгож болох юм байна. Тэр тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т заасан нотолгооны хэрэгслээр тогтоож энэ нотолгооны хэрэгсэл нь бусад байдлаар нотлогдож байвал үнэлэх тохиолдол байна. Гэтэл нууцаар хийчихсэн гэдгээ нэхэмжлэгч өөрөө шүүх хурал дээр хэлж байна. Тайлбар гэж үнэлбэл үүнийг л үнэлэх ёстой байх. Нууцаар бичлэг хийх нь 2 шалтгаантай байна. Нөгөө хүн нь мэдчих юм бол үг хэлэхээ байчихаж магадгүй гэдэг шалтгаан байгаа байх. Хоёрдугаарт магадгүй энэ хүн Д.******* гэдэг хүн биш байх. Зүгээр ойролцоо дуутай, эрэгтэй хүн ярьчихсан байж болох юм. Иймэрхүү зүйл дээр эргэлзээгээ тайлах ёстой. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.... гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.*******, Д. нарт холбогдуулан 53 469 400 төгрөгийг худалдсан жимс, ногооны үнэ гэж нэхэмжилснийг хариуцагч нар ...нэхэмжлэгчээс 2015 оноос эхлэн хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ авч байсан, нэмэгдсэн өртгийн албан татварыг авна гэж тохиролцсон, 500-600 сая төгрөгийн борлуулалт хийж бүх тооцоог хийж дуусгасан, ...53469400 төгрөгний НӨАТ-ын 10 хувь суутгаж асван, бид хоёрт бараа өгөөгүй, Эрдробат ХХК-аар дамжуулан Эрдэнэт-Үйлдвэрт бараа нийлүүлж байсан... гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч С.******* жимс хүнсний ногооны бөөний худалдаа эрхэлдэг ба хариуцагч Д.*******, Д. нар нэхэмжлэгчээс жимс ногоо худалдан авч дараа төлбөртэйгөөр үнийг төлж байсан нь зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй байх тул зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргаж өгсөн түүний өөрийн гараар хөтөлдөг 2016-2017 оны тооцооны дэвтэр болон дэвтрийн хуулбар баримтанд бичигдсэн 53 469 400 үлдэгдэл VII/27 нд тооцохоор тохиров гэж бичсэн хэсгийн доор зурсан гарын үсэг хариуцагч Д.гийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор хариуцагч тал маргаж шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шинжээч томилсон. Шинжээчийн 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 567 дугаартай дүгнэлтээр хариуцагч Д.гийн гарын үсэг мөн гэж тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгч нь хариуцагч нарт хэдий хэмжээний бараа худалдсан, хариуцагч хэдэн төгрөгийн бараа авснаас хэдийг нь төлснийг нотлохгүй байх ба мөн хэрэгт зохигчдоос гаргаж ирүүлсэн нотлох баримт болох Эрдробат ХХК-ийн 2015, 2016, 2017 оны НӨАТ суутган төлөгчийн тайлан, 2015, 2016, 2017 оны санхүүгийн анхан шатны баримтуудаар зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний дагуу 53.469.400 төгрөгийг хариуцагч нар нэхэмжлэгчид төлөх ёстойг нотлохгүй байна.

Мөн хэрэгт нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн хариуцагч *******тай ярилцсан яриа гэх СД-нд буулгасан бичлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй, нууцаар хийсэн бичлэг байх бөгөөд ямар хүмүүсийн хооронд, хэзээ яригдаж байгаа яриа болох нь тодорхойгүй, эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар нотлогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 425 297 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******, Д. нарт холбогдох худалдсан барааны үнэ 53.469.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 425297 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ