Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00055

 

 

 

2021 01 21 001/ХТ2021/00055

 

 

 

 

С.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00412 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар магадлалтай,

 

С.*******гийн нэхэмжлэлтэй,

Д.*******, Д.******* нарт холбогдох

 

53,469,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие Есөн-Эрдэнэ худалдааны төв дээр жимс, хүнсний ногооны наймаа эрхэлдэг. Тус худалдааны төвийн 4-6 дугаар павильоныг түрээсэлдэг Д.******* болон Д.******* нарт 2015 оноос хойш зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр жимс, хүнсний ногоо худалддаг байсан. Хамтран ажиллах хугацаанд жимс хүнсний ногоогоо 45 хоногтоо зээлж аваад 45 хоногийн дараа тооцоогоо хийж байхаар харилцан тохиролцсон бөгөөд эхний 2 жилийн хугацаанд мөнгөө тохиролцсон хугацаанд өгдөг байсан. 2016 оноос хойш бараагаа тогтмол хугацаандаа манайхаас авдаг байсан боловч мөнгөө дутуу хагас шилжүүлсээр 53.469.400 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Ингээд Д.*******тай уулзаж үлдэгдэл төлбөрөө хэзээ өгөх талаар асуухад 2017 оны 07 сарын 27-ны өдөр өгөхөөр тохиролцож тооцооны дэвтэр дээр гарын үсэг зурсан. Гэтэл тус мөнгийг одоо болтол өгөхгүй байгаа. Иймээс Д.*******, Д.******* нараас худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 53.469.400 төгрөгийг гаргуулж өгнө үү. Д.*******гийн эхний мэдүүлэг дээр 53.469.000 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын үнийн дүнд суутгана гэж байснаа одоо болохоор огт бараа авч байгаагүй юм шиг зүйл ярьж байна. Шүүх хурал болгон дээр ярьж байсан яриа нь өөрчлөгдөж байгаа нь худал ярьж байна гэдгийг харуулж байна. Өөрөө яагаад биечлэн ирэхгүй байгаа юм бэ.

Надаас авсан барааны мөнгөө өгч чадахгүй, миний нүүрийг харж чадахгүй байгаа болохоор шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй байгаа байх. Би хэрэгт Д.*******тай ярьсан яриагаа утсаар хурааж авч CD дээр буулгаж өгсөн. Чи өөрөө бид хоёрыг шүүхэд өгсөн болохоор мөнгийг чинь өгөхгүй гэсэн зүйл ярьсан байгаа гэжээ.

 

Хариуцагч Д.*******, Д.******* нарын гаргасан хариу тайлбарт: Манай Эрдробат ХХК уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-д хүнсний ногоо болон бүдүүн жимс, жимсгэнэ 2013 оноос эхлэн гэрээ байгуулж нийлүүлсэн. Есөн-Эрдэнэ захын Ч-1 павилион түрээслэгч С.*******гаас 2015 оноос эхлэн хүнсний нарийн ногоо болон бүдүүн жимс жимсгэнэ авч уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-д нийлүүлсэн. С.*******тай НӨАТ-ын 10 хувь авна гэж тохиролцсоны үндсэн дээрээс бараа авсан. 500-600 сая төгрөгийн бараа борлуулалт хийж, бүх тооцоог хийж дуусгасан. 53.469.400 төгрөгийн НӨАТ-ын 10 хувь суутгаж авсан болно. С.******* НӨАТ-ыг төлнө гэж ярьсаар өнөөдрийг хүрсэн. Харин манай компани татварын НӨАТ-ыг өнөөдрийг хүртэл төлж ирсэн. Тийм учраас бидний хооронд ямар ч тооцоо байхгүй. С.*******гийн нэхэмжилж байгаа 53.469.400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Авсан бараанд хорогдол тооцож өгнө үү. С.******* нь анх бараа өгөхдөө НӨАТ-ын 10 хувь өгнө, мөн хорогдол тооцно гэж тохиролцсоны үндсэн дээр С.*******гийн хүсэлтээр манай Эрдробат ХХК нь хүнсний бүх төрлийн ногоо авч НӨАТ-ын тайлангаа гаргаж тайлагнаж ирсэн. Манай компанийн НӨАТ-ын өр нь 2015 оноос эхлэн 2017 оны 12 сарын 30-ны өдрийн байдлаар 60.250.000 төгрөгийн өртэй байна. Тийм учраас бидний хооронд ямар ч тооцоо байхгүй. С.*******гийн нэхэмжилж байгаа 53.469.400 төгрөгийг бид хүлээн зөвшөөрөхгүй. С.******* нь Д.******* бид хоёрт бараа өгөөгүй. Эрдробат ХХК-иар дамжуулан Эрдэнэт үйлдвэр ХХК-д бараа нийлүүлж байсан учир бид хоёрт холбогдох 53,469,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2019/00412 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******, Д.******* нарт холбогдох худалдсан барааны үнэ 53.469.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425.297 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 140/ШШ2019/00412 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дүгээр заалтын Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******, Д.******* нарт холбогдох худалдсан барааны үнэ 53.469.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар хариуцагч Д.*******, Д.******* нараас 53.469.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай гэж,

2 дугаар заалтын Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425.297 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425.297 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Д.******* нараас 425.297 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 63 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 243.1, 248.2-т заасныг баримталсан байх ба дээрх 248.2-т заасан худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно...гэж заасан. Энэ нь худалдах, худалдан авах гэрээний маргааныг шүүх хянах явцад тайлбар гаргаснаар бус харин шүүхийн маргаанаас өмнө гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн харилцааны явцад хийсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох учиртай. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн дээрх заалтыг шүүхэд хариуцагч нарын гаргасан гэх тайлбартай холбогдуулан хэрэглэж байгаа нь тус хуулийн заалтыг буруу тайлбарласныг харуулж байна. Материаллаг эрх зүйн харилцаа нь гэрээ байгуулах, түүнийг тайлбарлах, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад хэрэгждэг ба шүүх талуудын маргааныг шийдвэрлэх явцад шүүхэд маргах эрхээ хэрэгжүүлэхээс өмнөх байдалд дүгнэлт хийх замаар эрх зүйн харилцааг тодорхойлдог байна. Иймээс Иргэний хуулийн 248.2-т зааснаар худалдан авагч нар эд хөрөнгийг хүлээн авсан тухай ямар ч үйлдэл хийгээгүй давж заалдах шатны шүүх анхаараагүй нь шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг илтгэж байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн тухайд: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдаагүй тооцоо нийлсэн баримт гэх эргэлзээтэй нотлох баримтыг хараат бусаар, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэхийн оронд зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлж түүний өмгөөлөгч мэтээр өөрийгөө үзэж шийдвэрлэлээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-д заасан эрх, 38-д заасан үүргээ хэрэгжүүлж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, харин хооронд зөрүүтэй дэвтрийн эх хувь болон хуулбарыг нотлох баримтаар гаргасан ба түүний доторх тооцоо нь буруу хийгдсэн, хэн нь тодорхойгүй иргэдийн нэрээр бичигдсэн, зарим тооцооны хэсгийг засварлаж, гараар дарсан, тооцоо нийлсэн гэх агуулгыг илэрхийлээгүй баримтыг тооцоо нийлсэн баримт гэж тодорхойлсон гэж гуйвуулан нэхэмжлэлийг бүхэлд нь хяналаа гэх үгийн дор нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн өмнө нь гаргаж байгаагүй тайлбарыг давж заалдах шатны шүүх өөрөө олж тогтоон нэхэмжлэлийг хангасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрддөг диспозитив зарчмыг давж заалдах шатны шүүх анхааралгүй, нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэхийн тулд дээрх дэвтрийг тооцоо нийлсэн баримт гэж үзсэн ба дээрх дэвтэрт хийгдсэн тооцоо нь хэний, хэзээ, хаана, ямар нэр төрлийн, нэг бүр нь ямар үнэтэй, нийт хэдий хэмжээтэй, хэдэн төгрөгийн эсхүл валютын үнэтэй тооцоог хэн, хэнтэй нийлээд байгаа нь ойлгомжгүй, хэдийг нь хэд дээр нэмээд байгаа нь тодорхойгүй гар бичмэлийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж байгаа давж заалдах шатны ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр байдалд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхтэй ч хэргийн оролцогчдын маргаагүй, нэхэмжлэгч талын тайлбарлаагүй, тооцоо нийлсэн баримт гэх бодит үнэнд нийцэхгүй, хууль зүйн болон тооцооллын үндэслэлгүй баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, төдийгүй мөн хуулийн 40.5-д зааснаар анхан шатны шүүхэд нэхэмжлэгч талын гаргаагүй тайлбарыг давж заалдах шатны шүүхэд гаргасан мэтээр үзэж магадлалд тусгасан байгаа нь давж заалдах шатны шүүх хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлээгүй. Хэрэв магадлалд дурдснаар дэвтрийн Д.*******, Д.******* гэсэн хуудсыг тооцоо нийлсэн баримт гэж үнэлэх гэж байгаа бол тухайн хуудсанд бичигдсэн байгаа тооцоо математик шинжлэх ухааны ямар арга хэрэгслээр бий болсныг заавал тогтоох учиртай. Тодруулбал, тус хуудсанд байгаа тооцоолол үнэн зөв, бодит байдалд үндэслэсэн, эргэлзээгүй эсэхийг шалгаагүй, тэгсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, уг асуудлаар анхан шатны шүүхэд хариуцагч талаас хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй, уг алдааг давж заалдах шатны шүүх засаж, тооцооллын үнэн зөв эсэхийг шалгахын оронд нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч нарын гаргасан гэх тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн төлбөрийг зөвшөөрөхгүй байгаагаа анхнаасаа илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаж байсан тул уг маргааныг шүүх ийнхүү хэлэлцэж байгаа. НӨАТ-ын тооцооны асуудал нь хариуцагч нарын эгчийн зүгээс гаргаж өгсөн тайлбар юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1-д зааснаар хариуцагч нарын татгалзлалын үндэслэл нь бодит байдалд нийцээгүй бол нотлох баримт төдийгүй нотолгооны хэрэгсэл ч болохгүй. Мөн хуулийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримт нь зохигчдын тайлбар...зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэсэн ба уг хуулийн зохицуулалт нь зохигчдын хооронд хэдий хэмжээний, ямар бараа бүтээгдэхүүний, нийт хэдэн төгрөгийн эсхүл валютын тооцоо хийгдсэнийг тогтоох болохоос нэхэмжлэлийн шаардлагыг шууд нотлох нотолгооны хэрэгсэл болохооргүй байна. Иймд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.24-ний өдрийн 63 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.10-ны өдрийн 412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч С.******* нь Д.*******, Д.******* нарт холбогдуулан худалдсан жимс, ногооны үлдэгдэл төлбөрт 53,469,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, ... Эрдробат ХХК-аар дамжуулан Эрдэнэт үйлдвэрт бараа нийлүүлж байсан, 500-600 сая төгрөгийн борлуулалтаас ...53,469,400 төгрөг НӨАТ-т суутгаж тооцоо дууссан, төлбөр байхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, харин давж заалдах шатны шүүх бүрэн хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

Хариуцагч нарын төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар С.******* нь 2015-2017 онд хариуцагч нарт бараа нийлүүлж, Д.*******, Д.******* нар Эрдробат ХХК-ийн нэрээр борлуулалт хийж, төлбөр тооцоо хийж байсан нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн харилцаанд хамаарна.

 

2. Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

 

Нэхэмжлэгч С.******* өөрийн гараар хөтөлдөг тооцооны дэвтрийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн бөгөөд дэвтэр болон түүний хуулбарт бичигдсэн ...53,469,400 төгрөг үлдэгдэл, 7 сарын 27-ны өдрөөр тооцохоор тохиров гэсэн бичвэрийг талуудын хооронд тооцоо нийлсэн баримт гэж тодорхойлсон байна.

 

Хариуцагч талаас дээрх тооцооны дэвтрийн ...27-нд тооцохоор тохиров гэсэн хэсгийн доод талд зурагдсан гарын үсэг нь хариуцагч Д.*******гийн гарын үсэг мөн эсэх талаар шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргасан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Д.*******гийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна гэж дүгнэсэн байна./I-xx-228,229/

 

Хариуцагч Д.*******, Д.******* нараас 2017 оны 12 сарын 17 болон 2018 оны 01 сарын 15-нд шүүхэд ирүүлсэн тайлбарт ...С.*******гаас 2015 оноос эхлэн ногоо, жимс жимсгэнэ авч Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн. С.*******тай НӨАТ-ын 10 хувь авна гэж тохиролцсоны үндсэн дээр бараа авсан. 500-600 сая төгрөгийн бараа борлуулалт хийж бүх тооцоог хийж дуусгасан. 53.469.400 төгрөгийн НӨАТ-ын 10 хувийг суутгаж авсан гэсэн тайлбар гаргасан. /I-xx-18,20,35/

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.******* нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш бөгөөд Эрдробат ХХК-ийн 2015-2017 оны санхүүгийн баримтууд нь энэ маргаанд хамааралгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, тооцооны дэвтэр, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна.

 

3. Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байх тул ...шүүх Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасныг буруу хэрэглэсэн гэсэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй. /I-xx-18,20,35/ Түүнчлэн ...дэвтрийг тооцоо нийлсэн баримт гэж үзсэн буюу нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэдэг гомдлыг хангах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хүсэлтээр ...гарын үсгийн шинжилгээ хийгдсэн, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлаа нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд хариуцагч нарын төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч Д.*******ын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,300.00 /дөрвөн зуун хорин таван мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

ШҮҮГЧ Д.ЦОЛМОН