Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 63

 

С.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 142/2017/01373/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 140/ШШ2019/00412 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Т-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.З-, Д.Э- нарт холбогдох

          “53.469.400 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

          Нэхэмжлэгч С.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

          2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чойном нар оролцов.

Нэхэмжлэгч С.Т-гаас:

 ... Миний бие С.Т- нь Есөн-Эрдэнэ худалдааны төв дээр жимс, хүнсний ногооны наймаа эрхэлдэг. Тус худалдааны төвийн 4-6 дугаар павилоныг түрээсэлдэг Д.З- болон Д.Э- нарт 2015 оноос хойш зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр жимс, хүнсний ногоо худалддаг байсан. Хамтран ажиллах хугацаанд жимс хүнсний ногоогоо 45 хоногтоо зээлж аваад, 45 хоногийн дараа тооцоогоо хийж байхаар харилцан тохиролцсон бөгөөд эхний 2 жилийн хугацаанд тохиролцсон мөнгөө өгдөг байсан. 2016 оноос хойш бараагаа тогтмол хугацаандаа манайхаас авдаг боловч мөнгө дутуу хагас шилжүүлсээр 53.469.400 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Ингээд  Д.Э-тай уулзаж үлдэгдэл төлбөрөө хэзээ өгөх талаар асуухад 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгөхөөр тохиролцож тооцооны дэвтэр дээр гарын үсэг зурсан. Гэтэл тус мөнгийг одоо болтол өгөхгүй байгаа. Иймд Д.З-, Д.Э- нараас худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 53.469.400 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2017 оны 04 дүгээр сараас хойш бараа зээлээр өгөхөөр больсон. Өөртэй нь яриад 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөнгийг чинь өгч барагдуулна гэж ярилцаж тохиролцоод Д.Э- миний дэвтэр дээр гарын үсэг зурсан болвч мөнгөө өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.Э- эхний мэдүүлэг дээрээ 53.469.000 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын үнийн дүнд суутгана гэж байснаа одоо болохоор огт бараа авч байгаагүй юм шиг зүйл ярьж байна. Би хэрэгт Д.З-тай ярьсан яриагаа утсаар хурааж авч СD дээр буулгаж хэрэгт өгсөн гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгээс:

... Хариуцагч тал шүүхэд тайлбар гаргахдаа иргэн С.Т-гаас авсан жимс ногоогоо өөрийн хувийн Эрдробат ХХК-ийн нэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК-д нийлүүлдэг гэж тайлбарласан байдаг. Энэ хэрэг бол 2017 оны 12 дугаар сард үүссэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүтэн жил 6 сарын дараа шинэ зүйл ярьж байна. ... Д.З-, Д.Э- гэсэн гарын үсэгтэй 3 тайлбар хэрэгт байгаа. 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тайлбар гаргаж өгсөн байгаа. Энэ тайлбарын агуулга дээр С.Т- гэдэг хүнээс 2015 оноос эхлээд ойролцоогоор 500.000.000-600.000.000 төгрөгийн бараа авсан. Манай компани С.Т-гаас нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг тооцож авах ёстой. Энэ тооцоо бол барааны тооцоо биш гэж тайлбарласан. Эрдробат ХХК-ийн санхүүгийн тайлангаар 2015, 2016, 2017 онд нийт тэрбум 512 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Худалдан авалтад нэг тэрбум 514 сая төгрөгийн барааны үнэ төлсөн байна. 3 санхүүгийн баримт дээр нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр худалдаж авсан бараа бол 775.5 сая төгрөгийн баримт байна. С.Т- бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш учраас С.Т-гаас авсан барааны баримтыг татварын тайланд хавсаргаж өгөөгүй ...Санхүүгийн тайлан бол ийм учиртай. Хоёрдугаарт: Ийм тооцоо байхгүй тухай ярьж байна. С.Т-г энэ дэвтрийг гаргаж өгсөн, өгөөгүй гэдэг хоёр зүйл дээр хариуцагч нар маргадаг. 07 дугаар сарын 27-ны өдөр тооцохоор тохиров гэсэн Д.Э-гийн гарын үсэгтэй баримтыг гаргаж өгсөн. Дэвтэр дээр 93.000.000 төгрөгийн тооцоо жагсааж бичсэн байгаа. Өгсөн мөнгийг нь хасахаар 53.469.400 төгрөг үлдэж байгаа. Үүнийг баталж байгаа нэг баримт бол энэ ярианы бичлэг. Иргэний хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т дуу дүрсний бичлэг нотлох баримт байж болно. Шүүх Д.З-, Д.Э- нараас 53.469.400 төгрөг гаргуулах нь үндэслэлтэй байна гэж дүгнэлт хийх ёстой. ...Энэ тайлангуудаар 2015, 2016 оны эцэст 66 сая төгрөгийн өртэй тайлан гаргаад явсан байдаг. 2017 оны эцэст энэ өр төлбөр гараагүй зүйл харагдаж байгаа. Нэмэгдсэн өртгийн татварын өр гэж гараагүй... 66 сая төгрөгийн өрийг данс хоорондын буюу бусад өр гэж гаргаж байсан. Энэ бол татварын өр биш бусад өр гэдэг нь харагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч Д.З-, Д.Э- нараас:

... Манай Эрдробат ХХК уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-д хүнсний ногоо болон бүдүүн, жимс, жимсгэнэ 2013 оноос эхлэн гэрээ байгуулж нийлүүлсэн. Есөн-Эрдэнэ захын Ч-1 павилон түрээслэгч С.Т-гаас 2015 оноос эхлэн хүнсний нарийн ногоо болон бүдүүн жимс жимсгэнэ авч уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-д нийлүүлсэн. С.Т-тай НӨАТ-ийн 10 хувь авна гэж тохиролцсоны үндсэн дээрээс бараа авсан. 500-600 сая төгрөгийн бараа борлуулалт хийж бүх тооцоог хийж дуусгасан. 53.469.400 төгрөгийн НӨАТ-ийнн 10 хувь суутгаж авсан. С.Т- НӨАТ-ыг төлнө гэж ярьсаар өнөөдрийг хүрсэн. Харин манай компани татварын НӨАТ-ыг өнөөдрийг хүртэл төлж ирсэн. Тийм учраас бидний хооронд ямар ч тооцоо байхгүй. С.Т-гийн нэхэмжилж байгаа 53.469.400 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний авсан бараанд хорогдол тооцож өгнө үү.  С.Т- нь анх бараа өгөхдөө НӨАТ-ын 10 хувь өгнө, мөн хорогдол тооцно гэж тохиролцсоны үндсэн дээр С.Т-гийн хүсэлтээр манай Эрдробат ХХК нь хүнсний бүх төрлийн ногоо авч НӨАТ-ын тайлангаа гаргаж тайлагнаж ирсэн. Тийм учраас бидний хооронд ямар ч тооцоо байхгүй. Манай компанийн НӨАТ-ын өр нь 2015 оноос эхлэн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 60.250.000 төгрөгийн өртэй байна. Тийм учраас бидний хооронд ямар ч тооцоо байхгүй. С.Т-гийн нэхэмжилж байгаа 53.469.400 төгрөгийг бид хоёр хүлээн зөвшөөрөхгүй. С.Т- нь Д.З- бид хоёрт бараа өгөөгүй. Эрдробат ХХК-иар дамжуулан уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бараа нийлүүлж байсан учир бид хоёрт холбогдох 53.469.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяраас:

“...С.Т- нь бараа өгөөгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нарын дунд барааны үлдэгдэл тооцоо байхгүй байна гэсэн тайлбар гаргасан байгаа. Энэ тайлбарыг дэмжиж оролцож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Т- нь Д.З-, Д.Э- нарт 53.469.400 төгрөгийн бараа өгсөн гэдгээ хангалттай нотолж чадахгүй байна. Ийм хэмжээний төлбөрийн үлдэгдэл байхгүй гэж хариуцагч нар тайлбарлаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч М.Ганзоригоос:

“...Иргэний хуулийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлт хийж байгаа. ...Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн харилцааг авч үзвэл С.Т- гэдэг хүн Д.З-, Д.Э- хоёрын хэн нэгэнд нь жимс өгөөд байсан гэж ярьж байна. Хариуцагч нар бол тодорхой хугацаанд авч байснаа үгүйсгэхгүй байгаа. ... Нэхэмжлэгч ямар жимс, ногоо өгч байсан гэдгээ тодорхойлж, тоо ширхгийг нь хэлж мэдэхгүй байна. Аль барааны үнийг аваад, мөнгийг өгөөгүй байгаа гэдгээ мэдэхгүй байна. Дэвтэр гээд үндэслэж байгаа баримт дээр тоо биччихсэн, тэр тооныхоо ард нь барааны нэр төрөл, тоо ширхгийг бичих ёстой байсан ч бичиж тэмдэглэсэн зүйл байхгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн худалдах, худалдан авах гэрээний онцлог гэж үзвэл Иргэний хуулийн 248 дугаар зүйлд эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох тухай хуулийн заалтыг хэрэглэх ёстой. Хоёрдугаарт. Худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийг хүлээн авсан талаар гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж байгаа. ...Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд ямар хэмжээтэй бараа өгсөн гэдгээ нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1-т заасан эрхээ эдэлж, тус хуулийн 38.1.1-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэлэхийн тулд тооцоо гээд байгаа тоонууд ойлгомжтой, тодорхой илэрхийлэгдэж байх ёстой. Бичлэг гэдэг нь хүмүүс хоорондоо дуу дүрсний бичлэг хийгээд баримт болгож болох юм байна. Тэр тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т заасан нотолгооны хэрэгслээр тогтоож энэ нотолгооны хэрэгсэл нь бусад байдлаар нотлогдож байвал үнэлэх тохиолдол байна. Гэтэл нууцаар хийчихсэн гэдгээ нэхэмжлэгч өөрөө шүүх хурал дээр хэлж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна...” гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 140/ШШ2019/00412 дугаар шийдвэрээр:

            Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248  дугаар зүйлийн 248.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Т-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.З-, Д.Э- нарт холбогдох худалдсан барааны үнэ 53.469.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,297 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Т- давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Надаас байнга бараа авч, цааш нь худалдсан газраас нь мөнгө нь орж ирэхээр төлбөрөө хийдэг 2015-2017 онд маш олон удаа өгч байсан хүмүүс 2017 оны эхэн үеэс төлбөр төлөх нь хойшлогдож өр үүсэж эхэлсэн, үүнийгээ ярилцаад 2017 оны 07 дугаар сарын 27 гэхэд үүссэн өр 53.469.400 төгрөгөө төлж дуусгахаар гарын үсэг зурсан, миний нэхэмжлэлд хариулахдаа энэ тооцоог ийм юм байх учиргүй гэж үгүйсгээгүй, энэ өр бол С.Т-гаас авсан бараанд суутгаж авах НӨАТ-ын өр гэж тайлбарласан, намайг уулзаад ярилцахад төлж чадахгүй байгаагаа, энэ өглөг авлагаа зөвшөөрсөн бичлэг байсаар байхад шүүх Д.Э-, Д.З- нарт завшуулж, намайг хохироосон шийдвэр гаргасанд үнэхээр гомдолтой байна.  ...Миний тооцоогоо тэмдэглэдэг дэвтрийг хариуцагч тал шүүхийн журмаар хураалгаж авчхаад ганцхан Д.Э-, Д.З- хоёрын тооцоог тэмдэглэдэг дэвтэр мэтээр яриад, намайг нэхэмжлэлээ нотолж өгсөн дэвтэр гэж үзээд байгааг би ойлгохгүй байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгээс:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийн бодит байдал болон нотлох баримтад үндэслэл муутай дүгнэлт хийсэн, хэргийн зарим үйл байдал, нотлох баримтыг зайлшгүй үнэлж дүгнэх замаар хэргийг шийдвэрлэх байтал орхигдуулснаас үндэслэлгүй буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ижил эрх, үүрэгтэй оролцож байгаа нэхэмжлэгч, хариуцагчийн мэтгэлцээнд гаргасан үндэслэл, нотлох няцаах үүргээ хэрэгжүүлсэн байдалд эрх тэгш дүгнэлт өгөлгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй гэсэн ташаа дүгнэлт өгч, хариуцагч нэхэмжлэлийг ямар баримтаар хэрхэн няцаасан тухай ямар ч дүгнэлт хийгээгүй нь нэг талыг барьсан шинжтэй, Хариуцагчийн хүсэлтээр шүүгчийн захирамжаар авсан нэхэмжлэгч Д.Т-гийн бүхий л харилцагчтай холбоотой тооцооны дэвтрийг нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотолж өгсөн баримт гэж андуурсан дүгнэлт хийж, түүнийг өөлөх байдлаар хандсан, хариуцагчийн өмгөөлөгчийн саналаар хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 6.6-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчимд харш болсон. Ийм хэмжээнд нотлогдсон анхан шатны 412 дугаар шийдвэрт заасан шиг өнгөц дүгнэлт хийж 53.469.400 төгрөгийн үүргийг хариуцагч нарт завшуулж, нэхэмжлэгчийг хохироож үлдээх нь зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх нь хууль шударга ёсны баталгаа байх Үндсэн хууль болон шүүхийн тухай хуулиудын зарчимд нийцэхгүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй байна.

            Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Нэхэмжлэгч С.Т- хариуцагч Д.З-, Д.Э- нарт холбогдуулж жимс, жимсгэнэ, ногооны үнийн үлдэгдэл төлбөр 53.469.400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Д.З-, Д.Э- нар  нэхэмжлэгч С.Т-д ямар нэгэн төлбөр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.Т- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж өөрийн гараар хөтөлдөг тооцооны дэвтрийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн бөгөөд тэрхүү дэвтэр болон түүний хуулбар баримтанд “53.469.400 төгрөг үлдэгдэл 07 дугаар сарын 27-ны өдрөөр тооцохоор тохиров” гэсэн бичвэрийг бидний хооронд тооцоо нийлсэн баримт гэж тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хариуцагч Д.З-, Д.Э- нар 2015-2017 онуудад жимс, хүнсний ногооны бөөний худалдаа эрхэлдэг С.Т-гаас 500-600 сая төгрөгийн жимс, жимсгэнэ, хүнсний ногоо худалдан авч, дараа төлбөртэйгөөр үнийг төлж байсан талаар тайлбар гаргадаг бөгөөд зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үргэлжлэн явагдаж байсан бөгөөд энэ талаар маргадаггүй болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч Д.З-, Д.Э- нар нэхэмжлэгч С.Т-гаас 2015-2017 онуудад жимс, жимсгэнэ, хүнсний ногоо дараа төлөхөөр худалдан авч байсан бөгөөд 53.469.400 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь дараах баримтуудаар нотлогдоно гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Нэхэмжлэгч С.Т-гийн гаргаж өгсөн нотлох баримт болох тооцооны дэвтэр дэх “27-нд тооцохоор тохиров” гэсэн хэсгийн доод талд зурагдсан гарын үсэг нь Д.Э-гийн гарын үсэг  мөн эсэх талаар шинжээч томилж, хариу авч өгнө үү гэж хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авч шинжээч томилжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 567 дугаартай дүгнэлтээр ... “дээрх нүүрэн дэх шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Э-гийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна” гэсэн дүгнэлт гарсан. /1 дүгээр хавтас 228, 229/

Хариуцагч Д.З-, Д.Э- нар 2017 оны 12 дугаар сарын 17, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа...” ...С.Т-гаас 2015 оноос эхлэн хүнсний нарийн ногоо болон бүдүүн ногоо, жимс жимсгэнэ авч уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн. С.Т-тай НӨАТ-ын 10 хувь авна гэж тохиролцсоны үндсэн дээр бараа авсан. 500-600 сая төгрөгийн бараа борлуулалт хийж бүх тооцоог хийж дуусгасан. 53.469.400 төгрөгийн НӨАТ-ын 10 хувийг суутгаж авсан болно...” гэж тайлбарласан болно. /1 дүгээр хавтас 18, 20, 35/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн  тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт,эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж зааснаар хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, шинжээчийн дүгнэлт нь хэрэгт ач холбогдол бүхий баримт мөн гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Т-гаас нотлох баримтаар гаргаж өгсөн CD бичлэгийг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй, нууцаар хийсэн бичлэг байх бөгөөд ямар хүмүүсийн хооронд хэзээ яригдаж байгаа яриа болох нь тодорхойгүй эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбараар нэхэмжлэгч С.Т- нь ямар нэгэн аж ахуйн нэгжгүй бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш бөгөөд хариуцагч нарын шүүхэд гаргаж өгсөн “Эрдробат” ХХК-ийн 2015-2017 оны санхүүгийн баримтууд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохыг нотолсон баримт юм.

Харин энэ нь зохигчдын маргаантай асуудалд холбогдолгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч С.Т- болон түүний өмгөөлөгчийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 140/ШШ2019/00412 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Т-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.З-, Д.Э- нарт холбогдох худалдсан барааны үнэ  53.469.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар хариуцагч Д.З-, Д.Э- нараас 53.469.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Т-д олгосугай гэж,

2 дугаар заалтын “Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425.297 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Т-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425.297 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.З-, Д.Э- нараас 425.297 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Т-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч С.Т-гаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425.297 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОЮУНЦЭЦЭГ              

                                                         ШҮҮГЧИД                                   С.ЭНХЖАРГАЛ                        

                                                                                                             Л.АМАРСАНАА