Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2018/01090

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2018/01090

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг, *******, Шуудай нар овогт Пүрэв-Ойдовын Батсайхан /регистрийн дугаар РУ64090118/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Жаргалант сум, Дулаан-Уул багт оршин суух, *******/-д холбогдох

Гэм хорын хохирол 7.402.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* онд төрсөн. Ам бүл 3. 2 хүүхдийн хамт амьдардаг. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *******ыг архи уусныг нь мэдэлгүй мотоциклийн нь ард сууж вогзал орохоор явж байгаад замдаа осолд орж маш хүнд гэмтэж зүүн хөлний шилбээр 2 хугарч, зүүн хөлийн дунд чөмгөөр 1 хугарч, зүүн өвдөгний булууны яс бяцарч цуурсан, өвдөгний үе завсар ясны том хэлтэрхий орсон. Бас зүүн гар шуугаараа хугарсан. Хагалгаанд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр орж хөлийн болон гарын бүх хугархай, бяцарсан ясыг хадуулсан. Нийт 4 хугархай хадуулсан. Өвдөгний үений завсар орсон ясыг авч болохгүй байна дурангийн хагалгаанд дараа нь орох шаардлагатай гээд орхисон. Хугархай нь бороолж гайгүй болсны дараа дурангийн хагалгаанд ор гэсэн. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Эрдэнэтэд эмнэлэгт хэвтэн 05 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Одоо бол байнга эмнэлэгээр явж байна. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод дурангийн хагалгаанд Medtrauma эмнэлэгт дурангийн хагалгааны төлбөр болох 2 000 000 төгрөг шаардлагатай болсон. Хагалгааны дараа эмчилгээ нь тусдаа явагдана гэсэн. ******* нь анхан шатны шүүх хуралд орохдоо анхны эмчилгээний зардлаас үлдсэн 450 000 төгрөг дутуу байсан. Энэ мөнгийг би хурлын дараа өгнө, мөн шөлний хонь өгнө та гомдолгүй гээд хэлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь өрөвдөөд хохирол төлсөн, гомдолгүй гээд тэнсэн ял болгож өгөөч гэж гуйж байгаад биеэр эдлэх ялгүй болгож өгсөн. Шүүх хурлаас хойш өгнө гэсэн эмчилгээний зардлын үлдэгдэл 450 000 төгрөгийг өгөхгүй, утсаа авахаа больж утсаар ярихаар пизда минь хохь чинь гээд доромжилж ярьж байна. Шүүх хурал дээр шүүгч Эрдэнэцэцэг гуайд би хөлтэй болтол нь эргэж тойрч байна гэж хэлсэн. Шүүх хурлаас гарсан цагаасаа хойш нэг ч удаа утсаар яриагүй, эргэж тойроогүй. Архи уусан залуугаас болоод зүүн талын хөл, гар ямар ч хөдөлмөрийн чадваргүй болж 7 сар бүтэн тэргэнцэр дээр сууж 2 хүүхдээрээ бие засуулж яваад 5 сараас зүүн гар маань суга таяг муухан тулдаг болсон. Одоо суга таягтай явж байгаа. Одоо бол ажил хийж чадахгүй болохоор амьдрал маань маш хүнд эм тарианыхаа мөнгийг олж чадахгүй байна. Том хүүд маань ажил олдохгүй. Бага хүү маань 9 дүгээр ангид сурдаг. 15 настай. Бага хүү маань одоо намайг асарч, хоол ундыг маань хийж өгч байна. Одоо биеийн байдал зүүн хөл өвдгөөрөө нугарахгүй. Гэртээ суултуур дээр бие засаж байна. 54 настай ясны хэм ихтэй уураг кальци ихтэй хоол ид гэх юм тийм юм авах боломжгүй өвчин намдаах эм тариагаа арай ядан авч байна. 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр группийн журмаар орж хөдөлмөрийн чадвараа 79 хувийн алдалттай гэж 2 жилийн хугацаатай зээл авч осолд орсон цагаасаа эхлэн эм тариа авч байна. 1 удаа хийх өвчин намдаах тариа нь 2,200 төгрөг өдөрт доод тал нь 3-4 удаа хийдэг. Амьдрал маш хэцүү байна. Шүүх хурлаас хойш эм тариа зөндөө авсан. Мөн хот руу эмчилгээнд явсан. Эм тариагаа авч чадахгүй үнэхээр хэцүү байна. *******оос эмчилгээний зардал болон дараах мөнгийг нэхэмжилж байна. Эхний хагалгааны мөнгөний үлдэгдэл 450 000 төгрөг, эм тарианы мөнгө 240 450 төгрөг, дурангийн хагалгааны төлбөр 2 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 2 760 650 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж өгнө үү. Дээрх нэхэмжилж байгаа мөнгө зөвхөн эмчилгээний мөнгө бөгөөд хот руу эмчилгээнд явсан унааны зардал ороогүй бөгөөд *******оос дээрх нэхэмжилсэн 2 760 650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие ******* нь *******оос гэм хорын хохиролд 2,760,000 тгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд уг шаардлагаа нэмэгдүүлж байна.

Дурангийн хагалгааны төлбөрийг 2,000,000 төгрөг гэснийг 4,200,000 төгрөг гэж өөрчлөн, эм тарианы болон тэргэнцэрийн зардалд нийт 900,250 төгрөг нэмж, замын зардал Улаанбаатар хот руу асран хамгаалагчийн хамт эмнэлэгт үзүүлэхээр явсан 262,600 төгрөг, хүү Цогтсайхны олох ёстой байсан орлогын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол асаргааны мөнгөний зөрүү 2,040,000 төгрөг нийт 3,312,940 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

******* итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дурангийн хагалгааны төлбөр 4.200.000 төгрөг дээр 900.250 төгрөгийг нэмээд нийт 5.100.000 төгрөг болж байна. Тэгээд замын зардал 262.000 төгрөгийг, асарсан асаргааны зөрүү гэх мэтээр нэмээд нийт 7.402.850 төгрөг нэхэмжилж байгаа юм гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Батсайхны нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь эхний хагалгааны үлдэгдэл 450.000 төгрөг, эм тарианы төлбөр 240.450 төгрөг, дурангийн хагалгааны төлбөр 2 сая төгрөг, УТХ-д төлсөн 70,000 төгрөг гээд нийт 2.760.650 тегрөгийг нэхэмжилсэн байна.

Үүнийг бүрэн төлөхөд эргэлзээтэй байна.

Өөрөөр хэлбэл хагалгааны төлбөр гээд урьд нь надаас 2 сая төгрөг авч байсан бөгөөд үүнийг бүтэн хагалгаанд зарцуулсан гэж бодохгүй байна. Учир нь тухайн үед хагалгааны баримт гээд 180.000 төгрөг өгсөн байгаа болно. Эрүүгийн хэрэг дээр би хангалттай төлбөр төлсөн гэж бодож байгаа юм.

Харин хөлний хадаас авахуулах хагалгаа нь болоогүй байгаа шүү дээ. Одоо ямар хагалгаанд орсон юм бол мэдэхгүй байна.

Би П.Батсайхны эмчилгээний зардлыг төлөх үүрэгтэй боловч ямар ч үндэслэлгүй нэхсэн мөнгийг нь төлөхийг хүсэхгүй байна.

Өнгөрсөн хавар Буяннэмэх гэдэг шүүгчээр над руу утсаар яриулж дарамтлуулж байсан бөгөөд би тэр хүний сураглаж шүүхээр асуусан чинь Буяннэмэх гэдэг шүүгч байхгүй байж таарсан. Тэр хүнээр над руу яриулж сар болгон мөнгө авч дарамталдаг байсан юм. Тэр хүний утас нь надад хадгалаастай байгаа ба би тэр хүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулна гэж бодож байна.

Ийм маягаар намайг өнөөдрийг хүртэл байнга дарамталж байсан ба цаашид ийм байдал гаргахгүй байх гэж найдаж байна.

Би хагалгааний үлдэгдэл мөнгө 450.000 төгрөг өгнө гэж хэзээ ч хэлээгүй. Хагалгаанд орох шаардлагатай гэсэн болохоос одоо орчихсон юм байхгүй байна. Дурангийн хагалгаанд орох шаардлагатай эсэхэд эргэлзээтэй байна. Эмч дурангийн хагалгаанд ямар үндэслэлээр ор гээд байгаа нь тодорхойгүй. Мөн намайг өөрийг нь янз бүрээр доромжилсон мэтээр бичсэн байна, би ердөөсөө тийм зүйл хэлээгүй бөгөөд намайг ******* нь харин нь эсрэгээрээ хэлж доромжилдог. Намайг ******* энд тэнд хүрээд ир гэчихээд яваад очихоор тэр газраа байдаггүй.

Иймд П.Батсайхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: *******ы нэхэмжлэлтэй *******од холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх бөгөөд шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагандаа 2 сая төгрөгийг хагалгааны зардал гэж нэхэмжилснээ 4,200,000 төгрөг болгон өөрчилсөн байна. Би хагалгааны зардалд 2 сая төгрөг эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа төлсөн бөгөөд одоогоор эрүүгийн шүүх хурлаас хойш өнөөдрийг хүртэл хагалгаанд ороогүй байна. Ямар үндэслэлээр 4,200,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

Хагалгаанд ороод төлбөрийн баримтыг хавсаргасан тохиолдолд хагалгааны баримт болон амбулторийн карт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн төлбөрийг төлөх талаар тайлбартаа тусгасан болно. Зөвхөн ДУБ ХХК-ны нэхэмжилэхээр хагалгааны зардлыг төлөх нь хууль зүйн үндэслэлгүй.

Эм тарианы зардлын баримтууд хангалттай бус байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Мөн замын зардалд өөр хүний замын зардлын баримт байх тул төлөх үндэслэлгүй. Шатахууны зардлыг ямар үндэслэлээр нэхэмжилээд байгаа нь тодорхойгүй байна. Хүү Цогтсайханы олох ёстой орлогыг надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь хүү нь ердөө ч ажил хийж байгаагүй байсан байж асаргааны зөрүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Зарлагын баримтанд байгаа эмийг хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд хандаж хариуцагч *******оос гэм хорын хохирол 7,402,850 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөхийг зөвшөөрч, мэтгэлцэж байна.

Шүүх бүрэлдэхүүн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангах үндэстэй гэж дүгнэлээ.

Хариуцагч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 05-47 ОРЗ улсын дугаартай мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгч *******ы биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоол, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь дурангийн хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай, байнгын асаргаанд байдаг, эмийн болон эмчилгээний зардал, дурангийн хагалгааны төлбөр, Улаанбаатар хотод ирэх буцах замын зардал, хүү ******* асаргааны мөнгөний зөрүү 2,040,000 төгрөг нийт 7,402,850 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарладаг.

Хариуцагч ******* нь П.Батсайхны биед гэмтэл учруулсан нь үнэн боловч нэхэмжлэгч нь хагалгаанд ороогүй, яагаад хагалгаанд орох болсон шалтгаан нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хохирогчийн эмчилгээнд 2,000,000 төгрөг өгсөн, одоо төлөх төлбөргүй гэж мэдүүлж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хүү Б.Цогтсайхнаас 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэгч ******* нь асаргааны мөнгөний зөрүүг нэхэмжлэх эрхтэй байна.

Хэргийн үйл баримт хариуцагчийн гэм буруугийн талаар талууд маргахгүй байна.

Хариуцагч *******ын хууль бус үйлдлийн улмаас Д.Батсайхны эрүүл мэнд хохирсон нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул тэрээр эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ.

Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн зүүн хөлний шилбээр 2 хугарч, зүүн хөлийн дунд чөмгөөр 1 хугарч, зүүн өвдөгний булууны яс бяцарч цуурсан, өвдөгний үе завсар ясны том хэлтэрхий орсон, зүүн гар шуугаараа хугарсан гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь дээрх гэмтлийн улмаас 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хагалгаанд орж хөлийн болон гарын бүх хугархай, бяцарсан ясыг хадуулсан, нийт 4 хугарлыг хадуулж, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 900,250 төгрөг, замын зардал 62,400 төгрөгийн талыг төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үед өгсөн 2,000,000 төгрөгнөөс хасахаар дахин төлөх төлбөргүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлын төлбөр нь эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас хойш зардал байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Medtrauma эмнэлэгт дурангийн хагалгааны төлбөр болох 2,000,000 төгрөг шаардлагатай болсон, хагалгааны дараа эмчилгээ нь тусдаа явагдана гэсэн гэж анх нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн дурангийн хагалгааны төлбөр 4,200,000 төгрөг, эм тарианы болон тэргэнцэрийн зардал 900,250 төгрөг, Улаанбаатар хот руу асран хамгаалагчийн хамт эмчлүүлэхээр явсан замын зардал 262,600 төгрөг, хүү Б.Цогтсайханы олох ёстой байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон асаргааны мөнгөний зөрүү 170,000 х 12 сар=2.040.000 төгрөг нийт 7,402,850 төгрөг нэхэмжилсэн болно.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаас хуульд заасан шаардлага хангасан баримтыг үндэслэн хариуцагч *******оос 2,983,183 төгрөг / унааны зардалд 82,600 төгрөг, хариуцагчийн хүү Цогтсайханы 11 сар 23 хоногт оногдох асаргааны мөнгөний зөрүү 2,000,333 төгрөг, эмчилгээний болон тэргэнцэрийн мөнгө 900,250 төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч *******од олгож нэхэмжлэлийн шаардлагаас 4,419,667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн дурангийн хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа гэсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болсон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч *******оос 62,681 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 2,983,183 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,419,667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, төрийн сангаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагчаас 62,681 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ

Б.ХИШИГДАВАА