Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2018/00144

 

 

*******ы нэхэмжлэлтэй хариуцагч

*******од холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/01090 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******од холбогдох,

Гэм хорын хохирол 7.402.850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *******ыг архи уусныг нь мэдэлгүй мотоциклийн нь ард сууж вокзал орохоор явж байгаад замдаа осолд орж маш хүнд гэмтэж зүүн хөлний шилбээр 2 хугарч, зүүн хөлийн дунд чөмгөөр 1 хугарч, зүүн өвдөгний булууны яс бяцарч цуурсан, өвдөгний үе завсар ясны том хэлтэрхий орсон. Бас зүүн гар шуугаараа хугарсан. Хагалгаанд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр орж хөлийн болон гарын бүх хугархай, бяцарсан ясыг хадуулсан. Нийт 4 хугархай хадуулсан. Өвдөгний үений завсар орсон ясыг авч болохгүй байна дурангийн хагалгаанд дараа нь орох шаардлагатай гээд орхисон. Хугархай нь бороолж гайгүй болсны дараа дурангийн хагалгаанд ор гэсэн. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Эрдэнэтэд эмнэлэгт хэвтэн 05 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Одоо бол байнга эмнэлэгээр явж байна. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод дурангийн хагалгаанд Medtrauma эмнэлэгт дурангийн хагалгааны төлбөр болох 2 000 000 төгрөг шаардлагатай болсон. Хагалгааны дараа эмчилгээ нь тусдаа явагдана гэсэн. ******* нь анхан шатны шүүх хуралд орохдоо анхны эмчилгээний зардлаас үлдсэн 450 000 төгрөг дутуу байсан. Энэ мөнгийг би хурлын дараа өгнө, мөн шөлний хонь өгнө та гомдолгүй гээд хэлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь өрөвдөөд хохирол төлсөн, гомдолгүй гээд тэнсэн ял болгож өгөөч гэж гуйж байгаад биеэр эдлэх ялгүй болгож өгсөн. Шүүх хурлаас хойш өгнө гэсэн эмчилгээний зардлын үлдэгдэл 450 000 төгрөгийг өгөхгүй, утсаа авахаа больж утсаар ярихаар пизда минь хохь чинь гээд доромжилж ярьж байна. Шүүх хурал дээр шүүгч Эрдэнэцэцэг гуайд би хөлтэй болтол нь эргэж тойрч байна гэж хэлсэн. Шүүх хурлаас гарсан цагаасаа хойш нэг ч удаа утсаар яриагүй, эргэж тойроогүй. Архи уусан залуугаас болоод зүүн талын хөл, гар ямар ч хөдөлмөрийн чадваргүй болж 7 сар бүтэн тэргэнцэр дээр сууж 2 хүүхдээрээ бие засуулж яваад 5 сараас зүүн гар маань суга таяг муухан тулдаг болсон. Одоо суга таягтай явж байгаа. Одоо бол ажил хийж чадахгүй болохоор амьдрал маань маш хүнд эм тарианыхаа мөнгийг олж чадахгүй байна. Том хүүд маань ажил олдохгүй. Бага хүү маань 9 дүгээр ангид сурдаг. 15 настай. Бага хүү маань одоо намайг асарч, хоол ундыг маань хийж өгч байна. Одоо биеийн байдал зүүн хөл өвдгөөрөө нугарахгүй. Гэртээ суултуур дээр бие засаж байна. 54 настай ясны хэм ихтэй уураг кальци ихтэй хоол ид гэх юм тийм юм авах боломжгүй өвчин намдаах эм тариагаа арай ядан авч байна. 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр группийн журмаар орж хөдөлмөрийн чадвараа 79 хувийн алдалттай гэж 2 жилийн хугацаатай зээл авч осолд орсон цагаасаа эхлэн эм тариа авч байна. 1 удаа хийх өвчин намдаах тариа нь 2,200 төгрөг өдөрт доод тал нь 3-4 удаа хийдэг. Амьдрал маш хэцүү байна. Шүүх хурлаас хойш эм тариа зөндөө авсан. Мөн хот руу эмчилгээнд явсан. Эм тариагаа авч чадахгүй үнэхээр хэцүү байна. *******оос эмчилгээний зардал болон дараах мөнгийг нэхэмжилж байна. Эхний хагалгааны мөнгөний үлдэгдэл 450 000 төгрөг, эм тарианы мөнгө 240 450 төгрөг, дурангийн хагалгааны төлбөр 2 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 2 760 650 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж өгнө үү. Дээрх нэхэмжилж байгаа мөнгө зөвхөн эмчилгээний мөнгө бөгөөд хот руу эмчилгээнд явсан унааны зардал ороогүй бөгөөд *******оос дээрх нэхэмжилсэн 2 760 650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Дурангийн хагалгааны төлбөрийг 2,000,000 төгрөг гэснийг 4,200,000 төгрөг гэж өөрчлөн, эм тарианы болон тэргэнцэрийн зардалд нийт 900,250 төгрөг нэмж, замын зардал Улаанбаатар хот руу асран хамгаалагчийн хамт эмнэлэгт үзүүлэхээр явсан 262,600 төгрөг, хүү Цогтсайхны олох ёстой байсан орлогын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол асаргааны мөнгөний зөрүү 2,040,000 төгрөг нийт 3,312,940 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Б.Цогтсайхны итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Дурангийн хагалгааны төлбөр 4.200.000 төгрөг дээр 900.250 төгрөгийг нэмээд нийт 5.100.000 төгрөг болж байна. Тэгээд замын зардал 262.000 төгрөгийг, асарсан асаргааны зөрүү гэх мэтээр нэмээд нийт 7.402.850 төгрөг нэхэмжилж байгаа юм гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь эхний хагалгааны үлдэгдэл 450.000 төгрөг, эм тарианы төлбөр 240.450 төгрөг, дурангийн хагалгааны төлбөр 2 сая төгрөг, УТХ-д төлсөн 70,000 төгрөг гээд нийт 2.760.650 тегрөгийг нэхэмжилсэн байна. Үүнийг бүрэн төлөхөд эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл хагалгааны төлбөр гээд урьд нь надаас 2 сая төгрөг авч байсан бөгөөд үүнийг бүтэн хагалгаанд зарцуулсан гэж бодохгүй байна. Учир нь тухайн үед хагалгааны баримт гээд 180.000 төгрөг өгсөн байгаа болно. Эрүүгийн хэрэг дээр би хангалттай төлбөр төлсөн гэж бодож байгаа юм. Харин хөлний хадаас авахуулах хагалгаа нь болоогүй байгаа шүү дээ. Одоо ямар хагалгаанд орсон юм бол мэдэхгүй байна.

Би П.Батсайхны эмчилгээний зардлыг төлөх үүрэгтэй боловч ямар ч үндэслэлгүй нэхсэн мөнгийг нь төлөхийг хүсэхгүй байна. Өнгөрсөн хавар Буяннэмэх гэдэг шүүгчээр над руу утсаар яриулж дарамтлуулж байсан бөгөөд би тэр хүний сураглаж шүүхээр асуусан чинь Буяннэмэх гэдэг шүүгч байхгүй байж таарсан. Тэр хүнээр над руу яриулж сар болгон мөнгө авч дарамталдаг байсан юм. Тэр хүний утас нь надад хадгалаастай байгаа ба би тэр хүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулна гэж бодож байна. Ийм маягаар намайг өнөөдрийг хүртэл байнга дарамталж байсан ба цаашид ийм байдал гаргахгүй байх гэж найдаж байна. Би хагалгааний үлдэгдэл мөнгө 450.000 төгрөг өгнө гэж хэзээ ч хэлээгүй. Хагалгаанд орох шаардлагатай гэсэн болохоос одоо орчихсон юм байхгүй байна. Дурангийн хагалгаанд орох шаардлагатай эсэхэд эргэлзээтэй байна. Эмч дурангийн хагалгаанд ямар үндэслэлээр ор гээд байгаа нь тодорхойгүй. Мөн намайг өөрийг нь янз бүрээр доромжилсон мэтээр бичсэн байна, би ердөөсөө тийм зүйл хэлээгүй бөгөөд намайг ******* нь харин нь эсрэгээрээ хэлж доромжилдог. Намайг ******* энд тэнд хүрээд ир гэчихээд яваад очихоор тэр газраа байдаггүй. Иймд П.Батсайхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагандаа 2 сая төгрөгийг хагалгааны зардал гэж нэхэмжилснээ 4,200,000 төгрөг болгон өөрчилсөн байна. Би хагалгааны зардалд 2 сая төгрөг эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа төлсөн бөгөөд одоогоор эрүүгийн шүүх хурлаас хойш өнөөдрийг хүртэл хагалгаанд ороогүй байна. Ямар үндэслэлээр 4,200,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Хагалгаанд ороод төлбөрийн баримтыг хавсаргасан тохиолдолд хагалгааны баримт болон амбулторийн карт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн төлбөрийг төлөх талаар тайлбартаа тусгасан болно. Зөвхөн ДУБ ХХК-ны нэхэмжилэхээр хагалгааны зардлыг төлөх нь хууль зүйн үндэслэлгүй.

Эм тарианы зардлын баримтууд хангалттай бус байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Мөн замын зардалд өөр хүний замын зардлын баримт байх тул төлөх үндэслэлгүй. Шатахууны зардлыг ямар үндэслэлээр нэхэмжилээд байгаа нь тодорхойгүй байна. Хүү Цогтсайханы олох ёстой орлогыг надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь хүү нь ердөө ч ажил хийж байгаагүй байсан байж асаргааны зөрүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Зарлагын баримтанд байгаа эмийг хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/01090 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 2,983,183 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,419,667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, төрийн сангаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагчаас 62,681 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие хариуцагч *******ын буруутай үйлдлийн улмаас 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зүүн хөлийн шилбэ 2 хугарч, дунд чөмгөөр 1 хугарч зүүн өвдөгний булууны яс бяцарч, цуурч өвдөгний үеийн завсар ясны том хэлтэрхий орсон. Зүүн гар хажуугаараа хугарч гэмтэл авч хохирсон. Уг гэмтлийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хагалгаанд орж 4 хугарлыг хадуулсан. Энэ өдрөөс хойш олон хугаралттай тул 1 жил 2 сар гаран болоход би бүтэн нойртой хонож үзээгүй. 2018 оны 05 дугаар сарын 07-14-нийг хүртэл гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Одоо байнга бусдын асаргаанд байж өнөөдрийг хүрсэн. Хугарсан яс бороолоогүй, байгаа шалтгаан нь өвдөгний үеийн завсар орсон яс гишгэж болохгүйгээс болж бороололт удааширч байна. Үений завсар орсон ясыг үе нээж хагалгаа хийх боломжгүй учир дурангийн хагалгаанд яаралтай орох шаардлагатай байна. Ингээд Улаанбаатар хотод төв гэмтлийн эмч Өлзийбаатар гэдэг эмчид үзүүлэхэд манай гэмтлийн эмнэлэг дурангийн үений хагалгаа хийдэг аппарад эвдрээд удаж байна гээд өөр эмнэлэгт хандахыг зөвлөсөн. Би 2018 оны 07 дугаар сард очиход 09 дүгээр сарын 25-нд хагалгаанд ор гэсэн ба төлбөр нь 2.000.000 төгрөг гэсэн. Би мөнгө байхгүй иргэний шүүхээр орох юм гэтэл 2.000.000 төгрөгний тодорхойлолт хийж өгсөн. Ингээд өөрийн биеэр хот явахад албан ёсны баримт болгож яс авах хагалгаанд 3.600.000 төгрөг, 1 хоногт 60.000 төгрөг байдаг 10 хоног хэвтэж эмчилдэг, 600.000 төгрөг нийт 4.200.000 төгрөг болно гэж албан ёсоор дарга нягтлангийн гарын үсэг тамгатай нэхэмжлэл бичиж өгсөн. Хуулинд эмчилгээний зардлыг урьдчилан нэхэх эрхийг заасан байдаг. Иймд миний хөлийг гэмтээхээс өмнө эрүүл саруул байсан хэмжээнд нь авчрах үүрэгтэй байтал шүүх намайг таягтайгаа тэгээд явж бай гэж байгаа мэт хагалгааны зардлыг урьдчилан нэхэж буйг хэрэгсэхгүй болгосон нь миний зөрчигдсөн, хохирсон асуудлыг бүрэн ойлгож шийдсэнгүй. Би одоо ямар ч орлого олох боломжгүй хүний асаргаанд байгаа тул хагалгааны мөнгийг өөрөө гаргаж чадахгүй байна. Иймд миний гомдлыг харгалзан шийдвэрт өөрчлөлт оруулж хагалгааны зардлыг гаргуулахаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

Апхан шатны шүүх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасныг зөрчсөн болно. Учир нь: Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэг талыг баримталсан, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт болох /хх- 54 хуудас/ Б.Цогтсайхан манай үйлдвэрт 2017.09.01-2019.09.07-ны хооронд ачигчаар ажиллаж байгаад хувийн шалтгаанаар 5 хоногийн чөлөө аваад үүнээс хойш ирж ажиллаагүй нь үнэн" гэсэн "Эрмийт ХХК-ийн хүний нөөцийн менежерийн тодорхойлолтыг үнэлж олох ёстой орлогыг гаргуулж шийдвэрлэсэн болно. Хавтаст хэрэгт Б Цогтсайханы олох ёстой байсан орлогыг нотлох өөр нотлох баримт байхгүй байх бөгөөд өөрөөр хэлбэл тухайн үед ажиллаж байсныг нотлох баримтууд байдаггүй. /Хөдөлмөрийн гэрээ, цалингийн тодорхойлолт гэх мэтчилэн/ түүнийг ийм орлого олж байсан эсэх талаар нотлох баримтууд байдаггүй.

Харин нь гаргаж өгсөн ганц нотлох баримт болох тодорхойлолт нь эргэлзээтэй 2019 он гараагүй байхад /2017.09.01- 2019.09.07-ны хооронд ачигчаар ажиллаж байгаад ... гэсэн/ Б Цогтсайханыг энэ байгууллагад ажиллаж орлого олж байсан эсэхэд эргэлзээтэй, хариуцагч ******* нь Б.Цогтсайханыг ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй гэдгийг нотолж хэлдэг. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан Б.Цогтсайханы олох ёстой орлогыг тооцохдоо хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэж гаргасан талаар дурьдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-д заасныг нэхэмжлэгч нь хангасан эсэхэд шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******оос гэм хорын хохиролд 7.402.850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ******* согтуугаар мотоцикл жолоодож яваад осол гаргаж *******ы биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримтанд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр согтуугаар *******ыг мотоциклийн араар суулгаж яваад осол гаргаж түүний зүүн хөлний шилбэ 2 хугарч, зүүн хөлний дунд чөмөг 1 хугарсан зүүн өвдөгний булууны яс бяцарч цуурсан өвдөгний үений завсар том ясны хэлтэрхий орсон, зүүн гар хугарсан хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч ******* нь дээрх гэмтлийн улмаас 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн эмнэлэгт хэвтэн хагалгаанд орж гар хөлийн хугарлыг хадуулах эмчилгээ хийлгэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч ******* хариуцагч *******оос гэм хорын хохирлыг шаардах эрхтэй. Энэхүү үндэслэлээр шүүх хариуцагч *******оос эмчилгээний зардал 900.250 төгрөг унааны зардал 82.600 төгрөг, нэхэмжлэгчийн хүү Цогтсайханы асаргааны сарын 70.000 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 11 сар 23 хоногоор тооцон зөрүү 2.000.333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд нийцсэн байна.

Харин нэхэмжлэгч *******ыг өвдөгний үений дурангийн хагалгаанд ороход шаардлагатай хагалгааны төлбөр болох 4.200.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.

MED TRAUMA ДУБ ХХК-ийн эмч Ц.Оюунбаярын үе дайрсан хугаралтай бөгөөд үений хөндий рүү буруу бороолсон ясыг үений дурангийн мэс заслаар хусаж цэвэрлэх шаардлагатай хагалгааны төлбөр 3.000.000 төгрөг, ор хоног 600.000 төгрөг гэсэн тодорхойлолтоор Б.Батсайхан нь дурангийн хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай болох нь тогтоогдсон гэж үзэх боломжтой байна.

Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хариуцагч *******оос 4.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдсэн хэмжээгээр хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжинд мөн зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны 142/ШШ2018/01090 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 2.983.183 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.419.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 6.583.183 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 819.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, төрийн сангаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагчаас 62.681 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, төрийн сангаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагчаас 120.280 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

С.УРАНЧИМЭГ