Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/00588

 

П.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/01090 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 144 дугаар магадлалтай, 

П.Б-ы нэхэмжлэлтэй

Б.А-од холбогдох, 

Гэм хорын хохирол 7.402.850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С-, хариуцагчийн өмгөөлөгч Я.Э-, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч П.Б-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.А-ыг архи уусныг нь мэдэлгүй мотоциклийн ард сууж вокзал орохоор явж байгаад замдаа осолд орж маш хүнд гэмтэж зүүн хөлний шилбээр 2 хугарч, зүүн хөлийн дунд чөмгөөр 1 хугарч, зүүн өвдөгний булууны яс бяцарч цуурсан, өвдөгний үе завсар ясны том хэлтэрхий орсон. Бас зүүн гар шуугаараа хугарсан. Хагалгаанд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр орж хөлийн болон гарын бүх хугархай, бяцарсан ясыг хадуулсан. Нийт 4 хугархай хадуулсан. Өвдөгний үений завсар орсон ясыг авч болохгүй байна дурангийн хагалгаанд дараа нь орох шаардлагатай гээд орхисон. Б.А- нь хохирлыг барагдуулна, мөн шөлний хонь өгнө та гомдолгүй гээд хэлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь өрөвдөөд хохирол төлсөн, гомдолгүй гээд биеэр эдлэх ялгүй болгосон. Гэтэл хохирлоо төлөхгүй элдвээр хэлж доромжлох болсон. Иймд эм тарианы болон тэргэнцэрийн зардалд 900.250 төгрөг, дурангийн хагалгааны төлбөр 4.200.000 төгрөг, Улаанбаатар хот руу асран хамгаалагчийн хамт эмнэлэгт үзүүлэхээр явсан 262.600 төгрөг, хүү Б.Цогтсайханы олох ёстой байсан орлогын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол асаргааны мөнгөний зөрүү 2.040.000 төгрөг, нийт 7.402.850 төгрөгийг  Б.А-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А-ын шүүхэд гаргасан хариу тайлбарт: ...Нэхэмжлэгч нь хагалгааны төлбөр гээд урьд нь надаас 2 сая төгрөг авч байсан бөгөөд үүнийг бүтэн хагалгаанд зарцуулсан гэж бодохгүй байна. Учир нь тухайн үед хагалгааны баримт гээд 180.000 төгрөг өгсөн байгаа. Эрүүгийн хэрэг дээр би хангалттай төлбөр төлсөн гэж бодож байгаа юм. Харин хөлний хадаас авахуулах хагалгаа нь болоогүй байгаа. Одоо ямар хагалгаанд орсон юм бол мэдэхгүй байна. Би П.Б-ы эмчилгээний зардлыг төлөх үүрэгтэй боловч ямар ч үндэслэлгүй нэхсэн мөнгийг нь төлөхийг хүсэхгүй байна. Өнгөрсөн хавар Буяннэмэх гэдэг шүүгчээр над руу утсаар яриулж дарамтлуулж байсан бөгөөд би тэр хүний сураглаж шүүхээр асуусан чинь Буяннэмэх гэдэг шүүгч байхгүй байж таарсан. Тэр хүнээр над руу яриулж сар болгон мөнгө авч дарамталдаг байсан юм. Тэр хүний утас нь надад хадгалаастай байгаа ба би тэр хүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулна гэж бодож байна. Ийм маягаар намайг өнөөдрийг хүртэл байнга дарамталж байсан ба цаашид ийм байдал гаргахгүй байх гэж найдаж байна. Хагалгаанд орох шаардлагатай гэсэн болохоос одоо орчихсон юм байхгүй. Эмч дурангийн хагалгаанд ямар үндэслэлээр ор гээд байгаа нь тодорхойгүй. Ямар үндэслэлээр 4.200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй бөгөөд хагалгаанд ороод төлбөрийн баримтыг хавсаргасан тохиолдолд хагалгааны баримт болон амбулторийн карт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн төлбөрийг төлөх талаар тайлбартаа тусгасан болно. Зөвхөн ДУБ ХХК-ны нэхэмжлэхээр хагалгааны зардлыг төлөх нь хууль зүйн үндэслэлгүй. Эм тарианы зардлын баримтууд хангалттай бус байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Мөн замын зардалд өөр хүний замын зардлын баримт байх тул төлөх үндэслэлгүй. Шатахууны зардлыг ямар үндэслэлээр нэхэмжилээд байгаа нь тодорхойгүй байна. Хүү Б.Цогтсайханы олох ёстой орлогыг надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь хүү нь ердөө ч ажил хийж байгаагүй байсан байж асаргааны зөрүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Зарлагын баримтанд байгаа эмийг хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/01090 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А-оос 2.983.183 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.419.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, төрийн сангаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож, хариуцагчаас 62,681 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 144 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны 142/ШШ2018/01090 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А-оос 2.983.183 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.419.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А-оос 6.583.183 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 819.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, төрийн сангаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож, хариуцагчаас 62.681 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, төрийн сангаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож, хариуцагчаас 120.280 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх нэхэмжлэгч П.Б-ы хүү Б.Цогтсайханы асаргааны мөнгөний зөрүү 2.000.333 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөнд давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэг талыг баримталсан, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт болох “Б.Цогтсайхан манай үйлдвэрт 2017.09.01- 2019.09.07 хооронд ачигчаар ажиллаж байгаад хувийн шалтгаанаар 5 хоногийн чөлөө аваад үүнээс хойш ирж ажиллаагүй нь үнэн” гэсэн “Эрмийт” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн тодорхойлолтыг үнэлж олох ёстой орлогыг гаргуулж шийдвэрлэсэн болно. Хэрэгт Б.Цогтсайханы олох ёстой байсан орлогыг нотлох өөр нотлох баримт байхгүй бөгөөд өөрөөр хэлбэл тухайн үед ажиллаж байсныг нотлох баримтууд байдаггүй. Харин нь гаргаж өгсөн ганц нотлох баримт болох тодорхойлолт нь эргэлзээтэй, 2019 он гараагүй байхад 2017.09.01-2019.09.07 хооронд ачигчаар ажиллаж байгаад... гэсэн байдаг. Б.Цогтсайханыг энэ байгууллагад ажиллаж орлого олж байсан эсэхэд эргэлзээтэй, хариуцагч Б.А- нь Б.Цогтсайханыг ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй гэдгийг нотлож хэлдэг. Б.А- нь 2017.09.15-ны үед 05-47 ОРЗ улсын дугаартай мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж П.Б-д хүндэвтэр гэмтэл учруулсан. Тэгээд П.Б- нь иргэний журмаар гэм хорын хохирлын нэхэмжилсэн боловч нэхэмжлэгчийн шаардлага тодорхойгүй, эргэлзээтэй нотлох баримтуудыг шүүх үнэлсэн нь үндэслэлгүй байна. 2 шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан Б.Цогтсайханы олох ёстой орлогыг тооцохдоо хэрэгт авагдсан ямар нотлох баримтад үндэслэж хангасан талаар дурьдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг нэхэмжлэгч нь хангасан эсэхэд шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. П.Б- нь хагалгааны төлбөр болох 4.200.000 төгрөгийг урьдчилан гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх нь үндэслэлтэй байна гэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хуульд заасан шаардлага хангасан баримтыг үндэслэн хариуцагч Б.А-оос 2.983.183 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 4.419.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч П.Б- нь дурангийн мэс заслын хагалгааны төлбөр 3.000.000 төгрөг, ор хоног 600.000 төгрөг гэсэн тодорхойлолтоор дурангийн хагалгаанд орох шаардлагатай гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үндэслэл хэргийн 36 дугаар талд "ДУБ" ХХК-ийн 2018.08.02-ны өдрийн хагалгааны төлбөр 3.000.000 төгрөг, ор хоног 600.000 төгрөг нийт 3.600.000 төгрөг гэж, хэргийн 41 дүгээр талд “ДУБ" ХХК-ийн 2018.08.25-ны өдрийн хагалгааны төлбөр 3.600.000 төгрөг, ор хоног 600.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөг гэсэн 2 янзын тодорхойлолтууд байдаг. Дээрх 2 тодорхойлолтыг үндэслэн давж заалдах шатны шүүх нь өөрийн үзэмжээр хагалгааны зардлыг 3.600.000 төгрөгийн тодорхойлолтоор П.Б-ыг дурангийн хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай болох нь тогтоогдсон гэж үзэх боломжтой байна гэсэн атлаа Иргэний хуулийн 228.4-т зааснаар хариуцагч Б.А-оос 4.200.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэнгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 6.583.183 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх 2 тодорхойлолтын алийг нь үнэлж аль тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байгаа нь эргэлзээтэй. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүх бүрэлдэхүүн дээрх 2 тодорхойлолт нь үнэхээр эргэлзээтэй байна гэсэн атлаа ийм маягаар дүгнэлт хийж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж эргэлзээгүй нотлох баримтыг үнэлэх нь зүйн хэрэг гэж үзэж байна. Хэрэгт авагдсан 1 тодорхойлолтоос өөр нотлох баримт байхгүй байхад хаана байдаг ямар эмнэлэг, ямар үйл ажиллагаа эрхэлж буй нь тодорхойгүй зэрэг эргэлзээ төрөхүйц нөхцөл байдалд шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1, 38.1-д заасан хуулийн шаардлага хангаагүй байхад давж заалдах шатны шүүх нь зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй байна. Хариуцагч Б.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэм буруугийн тал дээрээ маргадаггүй, харин нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбар гаргадаг. Хариуцагч Б.А- нь эм тарианы зардал, тэргэнцэрийн зардал, унааны зардал гэх нийт 983.183 төгрөг төлөхийг зөвшөөрдөг. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хариуцагч Б.А-оос 983.183 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

П.Б- нь Б.А-оос гэм хорын хохиролд 7.402.850 төгрөг шаардсныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2.983.183 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаад нийт 6.583.183 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн зүйлийн 497.2-т  “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж тус тус заажээ.

Б.А- нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасны улмаас П.Б-д хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Хариуцагч Б.А-ын гэм буруутай хууль бус үйлдэл, уг үйлдлийн улмаас учирсан хохирол, эдгээрийн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон тул нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцагч арилгах үүрэгтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасантай нийцсэн байна.

Хариуцагчийн “...ДУБ ХХК-ийн тодорхойлолтыг үндэслэн хагалгааны зардлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй, П.Б- хагалгаанд ороогүй, орох эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт шаардлага хангаагүй” гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгчийг дурангийн хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай гэж үзэж хагалгааны зардал 4.200.000 төгрөг нэмж гаргуулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасныг зөрчөөгүй байна.

Хэргийн баримт, хариуцагчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 144 дугаар магадлальг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 120.280 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ