Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2020/01164

 

 

 

 

 

 

2020оны 05сарын04өдөр

 

181/ШШ2020/01164

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.С /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.К ХХК /РД:/-д холбогдох

 

30,314,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С нь М.К ХХК-тай 2018 оны 02 сарын 28-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан ААА цогцолбор хорооллын А блокны 1 дүгээр орцны 12 давхрын 51.82 м.кв талбай бүхий 2 өрөө, 1204 тоот орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1,300,000 төгрөгт тооцож, нийт байрны үнэд 67,366,000 төгрөгийг орон сууц захиалан бариулах гэрээний 2.4 болон 2.5 дугаар заалтуудын дагуу цаг хугацаанд нь бүрэн төлсөн. Гэрээний 3.2 дахь заалтын дагуу 2018 оны 07 сарын 31-нд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй. Энэ байдлаас болж Д.Сд орон сууц түрээслэх зэргээр хохирол учирсан. Иймд гэрээний 5.5 дахь заалтад заасны дагуу хугацаандаа байрыг ашиглалтад авч чадаагүйн улмаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувиар алданги тооцож 30,314,700 төгрөгийг нэхэмжилж байна. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Стай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 3.5 дахь хэсэгт Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад орох хугацааг 3.2-д заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувиар алданги захиалагч талд төлнө хэмээн заасан. Нэхэмжлэгч барилгын ажлын гүйцэтгэлийн хувийг тодорхойлохгүйгээр нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн хувьд алдаатай илтэд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Бид 2019 оны 12 сарын 24-ний өдөр орон сууцыг Д.Сд хүлээлгэн өгч акт үйлдсэн. Орон сууц захиалан бариулах гэрээний тавдугаар зүйлийн 5,1-д захиалсан орон сууцын байрыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд захиалагчид урьдчилан мэдэгдэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан, байгаль цаг уурын гэнэтийн болзошгүй аюул бүхий хүчин зүйл, төсөл хэрэгжүүлэгч нь захиалагчийн даалгавраар барилгыг засан сайжруулах, өөрчлөн байгуулах засварын ажил гүйцэтгэх болсон хугацаа, төрийн бодлого шийдвэр зэрэг болно гэж заасан. Мөн тус гэрээний 5.2-д зааснаар дээрх шалтгаануудын улмаас үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба төсөл хэрэгжүүлэгч нь орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл болохгүй гэж заасан байх тул гэрээнд заасан алдангийг манай компани төлөх үндэслэл бүрдэхгүй юм. Учир нь энэхүү тогтоосон хугацаанд ашиглалтад ороогүй нь энэхүү хариу тайлбарын 2.2-с 2.8-д дурдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Төрийн байгууллагууд шийдвэрлэхгүй удаж хугацаа алдсаар бидний ажил удааширсан нь алданги төлөхгүй байх үндэслэлийг бүрдүүлж байна. Үүнд: Цаг агаарын нөхцөл байдал, Сантехник, бохирын асуудал, Цахилгаан, дулааны асуудал, Шилэн кабель татахад учирсан асуудал, Бусад асуудал зэрэг болно. Нийслэлийн эрүүл мэндийн төвөөс хэрэгжүүлж байгаа төсөлдөө Кикэн Ёочи Трэйнинг стандартыг хэрэгжүүлэх чиглэлийг манай байгууллагад өгсөн ба уг стандартыг хэрэгжүүлэхэд багагүй хугацаа зарцуулсан. Бид гэрээнд заасан тогтоосон хугацаанд орон сууц ашиглалтад оруулах нь дээрх төрийн байгууллагуудын шийдвэрээс болж удааширсан. Бид гэрээнд заасан үүргээ биелүүлж барилгын ажлыг тогтвортой явуулж ашиглалтад оруулсан бөгөөд захиалагчид барилгын үйл явцын талаар мэдээллийг цаг тухайд нь мэдээлж, гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн юм. Энэ нь хариу тайлбарын хавсралт №3-т дурдсан 2019 оны 04 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Д.Сд олгосон 002/12 тоот албан бичгээр нотлогдоно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт дурдсан анзын хэмжээ илт их гэж тооцох нөхцөл байдал үүссэн. Бид гэрээний үүргээ ухамсарлан орон сууцны 1 м.кв-ын үнэд өөрчлөлт оруулаагүй. Захиалагч Монгол Улсын барилгын салбарын хөгжил, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 1 м.кв орон сууцны дундаж үнэ 2,000,000 төгрөг байхад 67,366,000 төгрөгөөр 51.82 м.кв орон сууц захиалж, өмчлөлдөө шилжүүлж аваад 30,314,700 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Иймд дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч М.К ХХК-д холбогдуулан алдангид 30,314,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Д.С болон М.К ХХК нарын хооронд А-17/63 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ нэртэй гэрээ /хх-5-7 тал/ байгуулагдаж уг гэрээгээр М.К ХХК нь ААА цогцолбор хороолын А блокны 1 орцны 12 давхрын 51.82 м.кв талбай бүхий 2 өрөө, 1204 тоот орон сууцыг 2018 оны 07 сарын 31-ний дотор барьж Д.Сд хүлээлгэн өгөх, Д.С нь орон сууцны үнэд нийт 67,366,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Орон сууц захиалан бариулах гэрээ нэртэй байх боловч урьдчилан батлагдсан зураг төслийн дагуу баригдаж буй орон сууцны барилгын тодорхой хэсгийг худалдах худалдан авах агуулгатай байх тул худалдах худалдан авах гэрээний шинжийг илүүтэй агуулсан гэж үзэн дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Д.С нь орон сууцны үнийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулсан гэдэгт хариуцагч маргахгүй байх тул Д.Сыг гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ.

М.К ХХК нь орон сууцыг 2019 оны 09 сарын 19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч /хх-64-67 тал/, улмаар орон сууцыг 2019 оны 12 сарын 24-ний өдөр Д.Сд Орон сууц хүлээлцсэн акт /хх-26 тал/-аар хүлээлгэн өгсөн, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Д.Сын нэр дээр 2020 оны 01 сарын 31-ний өдөр бүртгэгдсэн /хх-82 тал/ байх тул М.К ХХК-ийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад заасан орон сууцыг 2018 оны 07 сарын 31-ний өдөр батлагдсан зургийн дагуу барьж, захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Учир нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дахь заалтад зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой бөгөөд мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дахь заалтад үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан, талуудын хооронд байгуулсан гэрээнд Мач констракшн ХХК нь орон сууцыг 2018 оны 07 сарын 31-ний өдөр батлагдсан зургийн дагуу барьж, Д.Сд хүлээлгэн өгөх хугацаа тогтоосон боловч энэ хугацааг хэтрүүлсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтад Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад орох хугацааг 3.2-д заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувиар алданги захиалагч талд төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан, алдангийн хувь хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан 0.5 хувиас хэтрээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас анз буюу алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч барилгын гүйцэтгэлийн хувийг тодорхойлолгүйгээр нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн хувьд илт алдаатай, хууль зүйн үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргасан байх боловч М.К ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг Д.Сд хүлээлгэн өгөөгүй байсан тул нэхэмжлэгч алдангийг барилгын гүйцэтгэлийн хувьтай уялдуулалгүйгээр орон сууцны нийт үнээс буюу 67,366,000 төгрөгөөс тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх хугацаа хэтрэхэд цаг агаарын нөхцөл байдал, сантехник, бохир, цахилгаан дулаан, шилэн кабел татахтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх талаар төрийн байгууллагуудад хандахад төрийн байгууллагууд асуудлыг шийдвэрлэхгүй удаасны улмаас ажил удааширсан гэсэн тайлбарыг гаргаж, төрийн байгууллагуудад хандан хүргүүлж байсан албан бичгүүд, тэднээс ирүүлсэн хариу /хх-24,25, 28-54 тал/-г шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч дээрх баримтууд нь төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас барилгын ажил удааширсан гэсэн нөхцөл байдлыг нотлох баримт биш байх ба барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай холбогдох зөвшөөрөл, баримт бичгийг бүрдүүлэхтэй холбоотой баримтууд байна.

Дээрх зөвшөөрөл, баримт бичгүүдийг бүрдүүлэхтэй холбоотой асуудал нь барилгын ажил гүйцэтгэгчийн зүгээс зайлшгүй хийгдэх ёстой ажлууд бөгөөд үүнийг цаг хугацаанд нь багтааж хийгээгүй нь төрийн байгууллагуудаас шалтгаалсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь мөн барилгын ажил гүйцэтгэхэд цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн гэх тайлбарыг гаргаж өдөртөө 5 градусаас хүйтэн өдрүүд 2018 оны 1 сараас 3 сарын хооронд 77, 2018 оны 10 сараас 2018 оны 5 сарын хооронд 152, 2019 оны 10 сараас 12 сарын хооронд 65, шөнөдөө 0 градусаас хүйтэн өдрүүд 2018 оны 1 сараас 5 сарын хооронд 110, 2018 оны 09 сараас 5 сарын хооронд 222, 2019 оны 10 сараас 12 сарын хооронд 89 өдөр байсан гэх баримт /хх-27 тал/-ыг шүүхэд гаргаж өгсөн байх боловч дээрх баримт нь дурдсан цаг хугацаанд хамаарах өдрүүдэд олон жилийн дундаж цаг агаарын хэмээс илтэд хүйтэн байсан гэдгийг нотлох баримт биш байх тул цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил удааширсан гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь заалтад заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтад заасан анзын хэмжээ илт их гэж үзэх үндэслэл байгаа гэх тайлбарыг гаргасан байх боловч талууд гэрээндээ 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоох хуулийн шаардлага бүхий алдангийн хэмжээг түүнээс бага буюу 0.1 хувиар тогтоосон, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь заалтад заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байх тул хариуцагчийн гаргасан анзын хэмжээ илт их гэх тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтад заасны дагуу орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа буюу 2018 оны 07 сарын 31-ний өдрөөс хойш 61 дэх хоногоос эхлэн орон сууцыг актаар хүлээж авсан 2019 оны 12 сарын 24-ний өдрийг хүртэлх нийт 450 хоногт орон сууцны үнэ болох 67,366,000 төгрөгийн 0.1 хувь буюу 67,366 төгрөгөөр тооцон /67366*450=30314700/ алдангид 30,314,700 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь тооцооллын хувьд зөв байх тул хариуцагч М.К ХХК-аас алдангид 30,314,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

1.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч М.К ХХК-аас 30,314,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 сарын 30-ны өдөр урьдчилан 309,523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.К ХХК-аас 309,523 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР