Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 01238

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.С-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01164 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М-” ХХК-д холбогдох

 

30 314 700 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Анхзаяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Батбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бадамханд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С- нь “М-” ХХК-тай 2018 оны 02 сарын 28-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Поларис апартмент” цогцолбор хорооллын А блокны 1 дүгээр орцны 12 давхрын 51.82 м.кв талбай бүхий 2 өрөө, 1204 тоот орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1 300 000 төгрөгт тооцож, нийт байрны үнэд 67 366 000 төгрөгийг орон сууц захиалан бариулах гэрээний 2.4 болон 2.5-д заасны дагуу цаг хугацаанд нь бүрэн төлсөн. Гэрээний 3.2-т заасны дагуу 2018 оны 7 сарын 31-нд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй. Энэ байдлаас болж Д.С-д орон сууц түрээслэх зэргээр хохирол учирсан. Иймд гэрээний 5.5-д заасны дагуу хугацаандаа байрыг ашиглалтад авч чадаагүйн улмаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувиар алданги тооцож 30 314 700 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.С-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 3.5-д хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад орох хугацааг 3.2-д заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувиар алданги захиалагч талд төлнө хэмээн заасан. Нэхэмжлэгч барилгын ажлын гүйцэтгэлийн хувийг тодорхойлохгүйгээр нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн хувьд алдаатай илтэд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Бид 2019 оны 12 сарын 24-ний өдөр орон сууцыг Д.С-д хүлээлгэн өгч акт үйлдсэн. Орон сууц захиалан бариулах гэрээний 5.1-д захиалсан орон сууцын байрыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд захиалагчид урьдчилан мэдэгдэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан, байгаль цаг уурын гэнэтийн болзошгүй аюул бүхий хүчин зүйл, төсөл хэрэгжүүлэгч нь захиалагчийн даалгавраар барилгыг засан сайжруулах, өөрчлөн байгуулах засварын ажил гүйцэтгэх болсон хугацаа, төрийн бодлого шийдвэр зэрэг болно гэж заасан. Мөн тус гэрээний 5.2-д зааснаар дээрх шалтгаануудын улмаас үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба төсөл хэрэгжүүлэгч нь орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл болохгүй гэж заасан байх тул гэрээнд заасан алдангийг манай компани төлөх үндэслэл бүрдэхгүй юм. Учир нь энэхүү тогтоосон хугацаанд ашиглалтад ороогүй нь төрийн байгууллагууд шийдвэрлэхгүй удаж хугацаа алдсаар бидний ажил удааширсан нь алданги төлөхгүй байх үндэслэлийг бүрдүүлж байна. Үүнд: цаг агаарын нөхцөл байдал, сантехник, бохирын асуудал, цахилгаан, дулааны асуудал, шилэн кабель татахад учирсан асуудал, бусад асуудал зэрэг болно. Нийслэлийн эрүүл мэндийн төвөөс хэрэгжүүлж байгаа төсөлдөө тодорхой стандартыг хэрэгжүүлэх чиглэлийг манай байгууллагад өгсөн ба уг стандартыг хэрэгжүүлэхэд багагүй хугацаа зарцуулсан. Бид гэрээнд заасан тогтоосон хугацаанд орон сууц ашиглалтад оруулах нь дээрх төрийн байгууллагуудын шийдвэрээс болж удааширсан. Бид гэрээнд заасан үүргээ биелүүлж барилгын ажлыг тогтвортой явуулж ашиглалтад оруулсан бөгөөд захиалагчид барилгын үйл явцын талаар мэдээллийг цаг тухайд нь мэдээлж, гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт дурдсан анзын хэмжээ илт их гэж тооцох нөхцөл байдал үүссэн. Бид гэрээний үүргээ ухамсарлан орон сууцны 1 м.кв-ын үнэд өөрчлөлт оруулаагүй. Захиалагч Монгол Улсын барилгын салбарын хөгжил, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 1 м.кв орон сууцны дундаж үнэ 2 000 000 төгрөг байхад 67 366 000 төгрөгөөр 51.82 м.кв орон сууц захиалж, өмчлөлдөө шилжүүлж аваад 30 314 700 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Иймд дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч “М-” ХХК-иас 30 314 700 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.С-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М-” ХХК-аис 309 523 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01164 тоот шүүхийн шийдвэрээс дараах үндэслэл, заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: тодорхойлох хэсгийн “нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Д.С- нь “М-” ХХК-тай 2018 оны 02 сарын 28-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан, БЗД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Поларис апартмент” цогцолбор хорооллын А блок, 1 орц, 12 давхар, 51,82 м.кв, 2 өрөө 1204 тоот орон сууцыг 1 м.кв-ийн үнийг 1 300 000 төгрөгт тооцож, нийт байрны үнэд 67 366 000 төгрөгийг орон сууц захиалан бариулах гэрээний 2.4 болон 2.5 заалтуудын дагуу хугацаанд бүрэн төлсөн” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.С- нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үүрэгт 30 314 700 төгрөгийг гаргуулахаар гаргасан. Орон сууц захиалан бариулах гэрээн дэх “М-” ХХК-ийн үүрэг нь орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулж, Д.С-д өмчлөх эрхийг хүлээлгэн өгөх байсан. Манай байгууллага орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулах гэрээний үүргээ биелүүлсэн байхад шүүх энэ талаар шийдвэр гаргахдаа тусгаагүй байна. Үндэслэх хэсгийн “Хариуцагч нь нэхэмжлэгч барилгын гүйцэтгэлийн хувийг тодорхойлохгүйгээр нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн хувьд илт алдаатай, хууль зүйн үндэслэлгүй гэсэн тайлбайрыг гаргасан байх боловч “М-” ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг Д.С-д хүлээлгэн өгөөгүй байх тул нэхэмжлэгч алдангийг барилгын гүйцэтгэлийн хувьтай уялдуулалгүйгээр орон сууцны нийт үнээс буюу 67 366 000 төгрөгөөс тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцохоор хуульчилсан. Гэрээнд дурдсан өдрийн байдлаар манай байгууллага гэрээний үүргээ биелүүлж байсан байхад анхан шатны шүүхээс үүргээ огт биелүүлээгүй гэж үзэн гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцож шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

           

            Нэхэмжлэгч Д.С- нь хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан              30 314 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2018 оны 02 сарын 28-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “М-” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Поларис апартмент” цогцолбор хорооллын А блокны 1 дүгээр орц, 12 давхарт 51.82 м.кв, 2 өрөө бүхий 1204 тоот орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Д.С- нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу орон сууцны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, орон сууц захиалан бариулах гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-7-р тал/ 

 

                        Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

           

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж, талуудын байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 5.5-д “Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад орох хугацааг 3.2-д заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувийн алдангийг захиалагчид төлнө” гэж заасан байна.

 

            Талуудын байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 3.2-д орон сууцыг 2018 оны 7 сарын 31-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх бөгөөд хариуцагч “М-” ХХК нь орон сууцыг 2019 оны 12 сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Д.С-д хүлээлгэн өгсөн нь орон сууц хүлээлцсэн актаар тогтоогджээ. /хх-ийн 26-р тал/. Хариуцагч “М-” ХХК нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үйл баримтад анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгч Д.С- нь хуульд буюу гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй юм.          

            Иймд хариуцагч “М-” ХХК-иас 30 314 700 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.С-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо төрийн байгууллагын бодлого, шийдвэртэй холбоотойгоор барилга ашиглалтад орох хугацаа хойшилсон, нэхэмжлэгч Д.С- нь барилгын гүйцэтгэлийн хувийг тодорхойлолгүйгээр алданги нэхэмжилсэн гэх боловч энэхүү тайлбар, гомдол үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, барилгын холбогдох зөвшөөрлүүд, баримт бичиг бүрдүүлэхтэй холбоотой асуудал нь хариуцагч талын зайлшгүй гүйцэтгэх үүрэг байх бөгөөд эдгээрийг төрийн байгууллагын бодлого шийдвэрээс шалтгаалсан гэж үзэхгүй. Мөн талууд гэрээндээ барилгын гүйцэтгэлтэй холбоотойгоор алдангийн хэмжээг тохиролцоогүй, хариуцагч талаас уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

            Түүнчлэн хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээний дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд худалдан авагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул алдангийг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.  

           

                        Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01164 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 309 524 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                    

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

     

             ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

                                 

                                                                                     Г.ДАВААДОРЖ