Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00588

 

   Д.Сын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01164 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1238 дугаар магадлалтай,

Д.Сын нэхэмжлэлтэй

“М К” ХХК-д холбогдох

30,314,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамхандын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, түүний өмгөөлөгч Э.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д.С нь “М К” ХХК-д холбогдуулан 30,314,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01164 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч М К ХХК-иас 30,314,700 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Сд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 сарын 30-ны өдөр урьдчилан 309,523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М К ХХК-аис 309,523 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгуулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1238 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01164 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 309 524 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамхандын хяналтын гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн 2020.06.08 өдрийн 1238 тоот шүүхийн шийдвэрт иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн дараах байдлаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Хянавал хэсгийн “Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Нэгдүгээрт: Нэг талаас Д.С орон сууц захиалан бариулж үүний төлөө хөлс төлсөн. Нөгөө талаас гүйцэтгэгч “М К” ХХК ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан учир талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ юм. Хоёрдугаарт: Д.Стай байгуулсан гэрээний үндэслэх хэсэгт гэрээг ажил гүйцэтгэх гэрээ болохыг талууд анх гэрээ байгуулахдаа тохиролцон тодорхойлсон. Гуравдугаарт: Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1 дэх хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгчийн үндсэн үүргийг орон сууцыг чанартай барих” гэж тодорхойлсон. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ ажил гүйцэтгэх гэрээ байхыг анхан болон давж заалдах шатны шүүхээс худалдах-худалдан авах гэрээ гэж үзэн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай байна. 2. Хэдийгээр “М К” ХХК гэрээний үүргээ биелүүлэхдээ хугацаа хэтрүүлсэн хэдий ч орон сууцыг барих үүргээ биелүүлж байсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох”-р хуульчилсан. Гэрээнд дурдсан 2018.07.31 өдрийн байдлаар манай байгууллага гэрээний үүргээ биелүүлж байсан байхад анхан шатны шүүхээс үүргээ огт биелүүлээгүй гэж үзэн гэрээний 100 хувь үнийн дүнгээс алданги тооцож шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн “М К” ХХК-с 30,314,700, улсын тэмдэгтийн хураамж 309,523 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгохыг шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхрүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэлээр хянан хэлэлцээд хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч “М К” ХХК-д холбогдуулан алданги 30,314,700 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

7. Зохигч талууд 2018.02.28-ны өдөр гэрээ байгуулж, “М К” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Поларис апартмент цогцолбор хорооллын А блокны 1 дүгээр орц, 12 давхарт 51.82 м.кв, 2 өрөө бүхий 1204 тоот орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Д.С нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу орон сууцны үнэ 67,366,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

8. Гэрээний зорилго, талуудын хүсэл зориг, тэдгээрийн эрх, үүрэг, гэрээний зүйл, гэрээний үнэ зэрэг хэлцлийн гол нөхцөлөөс үзэхэд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг зөрчөөгүй байна. Шүүх гэрээний харилцааг ажил гүйцэтгэх гэрээ бус худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлага болох алдангийг багасгах, алдангийг хэрэгсэхгүй болгох үр дүнд нөлөөлөөгүй юм.

9. Гэрээ хүчин төгөлдөр тул талуудын хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд Д.С нь төлбөр төлөх үүргээ биелүүлсэн бол “М К” ХХК нь  гэрээнд заасан хугацаанд буюу 2018.07.31 гэхэд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, 1 жил 5 сарын дараа 2019.12.24-ний өдөр хүлээлгэн өгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тул гэрээний 5.5-д зааснаар алданги төлөх үүрэг үүссэн байна. Гэрээний 5.5-д “Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад орох хугацааг 3.2-д заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувийн алдангийг захиалагчид төлнө” гэж заажээ.

10. Түүнчлэн, гэрээний 5.1-т “Захиалсан орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь Төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд Захиалагчид урьдчилан мэдэгдэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь:- Байгаль цаг уурын гэнэтийн болзошгүй аюул бүхий хүчин зүйл, -Төсөл хэрэгжүүлэгч нь захиалагчийн даалгавраар барилгыг засан сайжруулах, өөрчлөн байгуулах засварын ажил гүйцэтгэх болсон хугацаа, -Төрийн бодлого шийдвэр зэрэг болно.” гэж, 5.2-т “Дээрх шалтгаануудын улмаас үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба Төсөл хэрэгжүүлэгч нь орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан боловч ийм нөхцөл байдал бий болсон талаар хариуцагч нь нэхэмжлэгч талд мэдэгдэж байгаагүй, хугацаа хэтрэхэд нөлөөлсөн шалтгаан үүссэн талаар талуудын хооронд харилцсан баримт байхгүй, барилгын холбогдох зөвшөөрлүүд, баримт бичиг бүрдүүлэхтэй холбоотой асуудал нь хариуцагч талын үүрэг бөгөөд эдгээрийг төрийн байгууллагын бодлого шийдвэрээс шалтгаалсан гэж үзэхгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг зөрчөөгүй байна.

Гэрээний зүйл нь орон сууц тул барилгын гүйцэтгэл ихэнх хувь нь биелэгдсэн байсан, шүүх гүйцэтгээгүй үүргийн хэмжээг анхаараагүй гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй байна.

11. Иймд “М К” ХХК эд хөрөнгө шилжүүлж өгөх үүргээ хугацаа хэтрүүлж биелүүлсэн тул алданги төлөх үүрэгтэй, алдангийг багасгах, чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01164 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1238 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 309,524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                             Б.МӨНХТУЯА

                                                                                                             Д.ЦОЛМОН

                                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД