Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2020/01150

 

 

 

 

 

 

2020 оны 05сар ы 01дөр

181/ШШ2020/01150

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.А ХХК /РД:/,

 

Нэхэмжлэгч: Б.А /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.М /РД:/-д холбогдох,

 

Б.А ХХК-д 24,387,677 төгрөг гаргуулах, Б.Ад 7,079,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгч Б.Агийн өмгөөлөгч Б.*******, нэхэмжлэгч Б.А ХХК-ийн төлөөлөгч Б.*******, хариуцагч Г.Мын өмгөөлөгч Б.*******, Ц.Амар, шинжээч М.*******, иргэдийн төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.А ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Юу би эйч центр барилгын зүүн урд талд Г.М гэгч нь татаж байсан тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэнээр гал гарч, үүний улмаас манай компанийн өмчлөлийн Юу би эйч центр барилгын булан шатаж 24,387,677 төгрөгийн хохирол гарсан. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь Г.Мын бусдын эд хөрөнгөд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэлд 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 180902525 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан юм. Шалгалтын явцад Г.М мэдүүлэг өгөхдөө: 2018 оны 05 сарын 30-ны өдөр 18 цаг 40 минутын үед ажлаасаа гараад Юу би эйч центрийн зүүн урд талын буланд очиж парламент тамхи татаад тамхины ишийг нь хогийн сав руу няслаад хаясан. Маргааш өглөө хүрч ирэхэд миний тамхи татаад зогсож байсан газрын ойролцоо зогсож байсан машин шатсан, барилгын зүүн урд талын булан шатсан байдалтай байсан. Тэгээд л Юу би эйч центрийн хүмүүс хүрч ирээд надтай уулзаад бичлэг харуулсан. Би бичлэгийг үзэхэд миний тамхины ишээ нясалж хаясны дараа 4 орчим минутын дараа гал гарч байгаа бичлэг байсан.. Би ил задгай гал гаргаж болохгүй гэдгийг мэддэг бөгөөд би бусдын эд хөрөнгийг устгая гэсэн санаа зорилго агуулаагүй татаж байсан тамхины ишээ няслаад л хаячихсан бөгөөд унтарчих байх гэж бодсон юм аа. Санамсаргүй байдлаас ийм зүйл болсон байгаад маш их харамсаж байгаа... Яг одоогийн байдлаар бол барагдуулж чадахгүй эхний ээлжинд хохирсон хүмүүстэй уулзаж ярилцаж тохиролцоно. Мөн эцэг эхтэйгээ уулзаад хохирлыг төлөх талаас нь арга хэмжээ авна хэмээн өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Гэвч Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хэргийг хянан үзээд 2018 оны 10 сарын 19-ний өдөр 1680 тоот тогтоолыг гаргасан бөгөөд ингэхдээ Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг хуульчилсан. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ноцтой хохирол гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсныг ойлгоно гэх заалтуудыг үндэслэн хохирогч нарт учруулсан хохирлын хэмжээ нь хуульд заасан хэмжээнд хүрээгүй, мөн ноцтой хохирол учраагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй, харин хохирогч нар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлын асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэн эрүүгийн хэргийг хаасан. Хариуцагч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдээгүй гэж тооцсон боловч тэрээр өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг арилгах үүрэг бүхий эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд мөн гэж бид үзэж байна. Иймд хариуцагч Г.М нь бусдын эд хөрөнгөд илт болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг үндэслэн манай компанид учруулсан 24,387,677 төгрөгийн хохирлыг түүнээс гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч Г.М нэхэмжлэгч Б.А ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.М миний бие тус шүүхэд Б.А ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б.А ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Г.М гэгч нь татаж байсан тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэнээр гал гарч үүний улмаас манай компанийн өмчлөлийн Юу би эйч центр барилгын булан шатсан... гэх үндэслэлгүй тайлбарыг гаргажээ. Миний бие 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим ажил тараад явж байх замдаа Юу би эйч центр барилгын зүүн урд хэсэгт ажлын залуугийн хамт тамхи татахаар зогссон. Уг газарт 2-3 минут орчим зогсож тамхи татсан бөгөөд тамхины ишээ хогийн сав байрлах хэсэг рүү шидсэн болохоос бус нэхэмжлэлд дурдсан шиг хогийн сав руу шидээгүй, тамхины иш ч хогийн сав байрлах хэсгээс нэг метр орчмын наана унасан. Тамхины ишийг хогийн сав руу шидээгүй, тамхины иш цементэн дээр унасан бөгөөд тухайн хэсэгт галд амархан шатах эд зүйл байгаагүй тул уг үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учраагүй болно. Миний бие тухайн гал гарсан хэсэгт тамхи татсан боловч гал гарсан шалтгаан нь миний тамхи татсанаас болоогүй, тухайн барилгад үйл ажиллагаа явуулдаг иргэд, байгууллага, мөн тухайн ойр орчмоор өнгөрч байсан бусад иргэний үйлдлээс шалтгаалсан байж болзошгүй. Иймд дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан Б.А ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Б.Амараа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 05 сарын 30-ны өглөө 9.30 цагт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Юу би эйч центрийн зүүн урд авто машины зогсоол дээр өөрийн эзэмшлийн ББББ УНҮ улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн автомашинаа байрлуулаад ажилдаа орсон. Ээлжийн ажлаа хүлээж аваад албаны машинтай 5-6 харуул хамгаалалттай газрын ээлж хүлээлцэх хүмүүсээ шалгахаар гадагш гарсан. Ажил үүргээ гүйцэтгээд явж байтал над руу машин чинь шатаж байна гэж хүн залгасан яваад ирэхэд миний машин шатаад дууссан байсан. Энэхүү асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Т.Сэргэлэнбат шалгаад иргэн Г.М татаж байсан тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэний улмаас гал гарч миний эзэмшлийн ББББ УНҮ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн автомашин шатаж, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр автомашинд 6,679,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Гэтэл Дүүргийн Прокурорын газраас 2018 оны 10 сарын 17-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1680 тоот Прокурорын тогтоол гарч ... хохирогч нар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлоо шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж шийдсэн. Иймд Г.Маас автомашинд учирсан хохирол 6,679,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 400,000 төгрөг нийт 7,079,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.М нэхэмжлэгч Б.Агийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.М миний бие тус шүүхэд Б.Агийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б.Агаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Г.М гэгч нь татаж байсан тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэнээр гал гарч үүний улмаас манай компанийн өмчлөлийн Юу би эйч центр барилгын булан шатсан... гэх үндэслэлгүй тайлбарыг гаргажээ. Миний бие 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим ажил тараад явж байх замдаа Юу би эйч центр барилгын зүүн урд хэсэгт ажлын залуугийн хамт тамхи татахаар зогссон. Уг газарт 2-3 минут орчим зогсож тамхи татсан бөгөөд тамхины ишээ хогийн сав байрлах хэсэг рүү шидсэн болохоос бус нэхэмжлэлд дурдсан шиг хогийн сав руу шидээгүй, тамхины иш ч хогийн сав байрлах хэсгээс нэг метр орчмын наана унасан. Тамхины ишийг хогийн сав руу шидээгүй, тамхины иш цементэн дээр унасан бөгөөд тухайн хэсэгт галд амархан шатах эд зүйл байгаагүй тул уг үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учраагүй болно. Миний бие тухайн гал гарсан хэсэгт тамхи татсан боловч гал гарсан шалтгаан нь миний тамхи татсанаас болоогүй, тухайн барилгад үйл ажиллагаа явуулдаг иргэд, байгууллага, мөн тухайн ойр орчмоор өнгөрч байсан бусад иргэний үйлдлээс шалтгаалсан байж болзошгүй. Иймд дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан Б.Агийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.А ХХК нь хариуцагч Г.Мад холбогдуулан гэм хорын хохиролд 24,387,677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Мад холбогдуулан гэм хорын хохиролд 7 079 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 181/ШЗ2020/00619 дугаартай хэргийг нэгтгэх тухай захирамжаар Б.А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Мад холбогдох 24,387,677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт Б.Агийн нэхэмжлэлтэй, Г.Мад холбогдох 7,079,000 төгрөг гаргуулах тухай 181/2018/03009 индекстэй иргэний хэргийг нэгтгэсэн.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.А ХХК-ийн хариуцагч Г.Мад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 24,387,677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Агийн хариуцагч Г.Мад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 7 079 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Юу би эйч центр барилгын зүүн урд талд Г.М татаж байсан тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэний улмаас гал гарч Б.А ХХК-ийн өмчлөлийн Юу би эйч центр барилгын булан шатаж Б.А ХХК-д 24,387,677 төгрөгийн хохирол, Б.Агийн өмчлөлийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл шатаж, Б.Ад 6,679,000 төгрөгийн хохирол учирч, 400,000 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлаж, Б.А ХХК нь өөрт учирсан хохирлын хэмжээг нотолж Ашид билгүүн ХХК-ийн гаргасан 24,387,677 төгрөгийн үнийн дүн бүхий хохирлын үнэлгээний тайлан /хэргийн 1 хавтас 10-17 тал/-г, Б.А нь өөрт учирсан хохирлыг нотолж Ашид билгүүн ХХК-ийн гаргасан 6,679,000 төгрөгийн үнийн дүн бүхий хохирлын үнэлгээний тайлан /хэргийн 1 хавтас 137-141 тал/-г шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Юу би эйч центр барилгын зүүн урд талд тамхи татсан болон уг газарт гал гарч Б.А ХХК-ийн өмчлөлийн Юу би эйч центр барилгын булан шатсан, Б.Агийн өмчлөлийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл шатсан үйл баримтын талаар маргадаггүй боловч уг гал түүний шидсэн тамхины улмаас гараагүй хэмээн гэм буруугийн талаар маргаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь заалтад Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дахь заалтад Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан этгээдээс гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.А ХХК нь Юу би эйц центрийн барилга буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027072 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13, Энхтайваны өргөн чөлөө гудамж, /14210/ 23 тоот хаягт байршилтай 19,500 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар, нэхэмжлэгч Б.Амараа нь ББББУНҮ улсын дугаартай, Тоёото Приус-20 маркийн автомашиныг 2016 оны 09 сарын 07-ны өдрөөс 2018 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл эзэмшиж байсан болох нь Автотээвэрийн үндэсний төвийн Тээврийн хэрэгсэлийн лавлагаа, баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нар нь эд хөрөнгө нь шатсаны улмаас учирсан гэм хорын хохирлыг арилгахыг гэм хор учруулсан буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Тодорхой этгээдийг гэм хорыг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэхэд түүний бусдад хохирол учруулсан үйлдэл байхыг шаардах ба уг үйлдэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан бусдын үнэт зүйл, эрхийг зөрчсөн нь тогтоогдсон байх шаардлагатай.

2018 оны 05 сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Юу би эйч барилгын зүүн урд талд Г.М гэгч нь татаж
байсан тамхиа унтраалгүй хогийн сав руу шидсэний улмаас гал гарч тус барилгын
зүүн урд талын буланд байрлуулсан байсан иргэн Б.Амараагийн өмчлөлийн Тоёота приус-20 маркийн автомашин, Б.А ХХК-ийн өмчлөлийн барилгын булан шатаж хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх үйлдэлд 2018 оны 06 дугаар
арын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалган улмаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 1680 дугаартай тогтоол /хэргийн 1 хавтас 6 тал/-оор шалгавал зохих бүхий л ажиллагааг хийсэн боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 05 сарын 27-ны өдрийн 1/1830 дугаартай албан бичиг /хэргийн 1 хавтас 83 тал/-ээр Г.Мад холбогдуулан шалгасан хэрэгт гал түймэр гарсан акт, тэмдэглэл, галын шинжээчийн дүгнэлт зэрэг авагдаагүй болох нь тогтоогдсон бөгөөд тухайн үед гал гарсан газраас авсан үнс нурамны дээж нь шаардлага хангаагүйн улмаас Онцогой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс шинжээчийн дүгнэлт гараагүй болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 05 сарын 27-ны өдрийн 1/1830 дугаартай албан бичигт хавсаргасан баримтаар тогтоогдсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрыг шинжээчээр томилоход тус газрын шинжээчийн 2019 оны 08 сарын 27-ны өдрийн Ш-05 дугаартай дүгнэлт /хэргийн 1 хавтас 95,96 тал/-ээр гал гарсан шалтгаан ил галын нөлөөгөөр /унтраагаагүй тамхи/ үүсвэрлэн гарсан гэсэн дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийг шинжээчээр томилоход тус газрын шинжээчийн 2019 оны 11 сарын 14-ний өдрийн 348/1277 дугаартай дүгнэлт /хэргийн 1 хавтас 125,126 тал/-ээр Г.Мын үйлдлийн улмаас гал түймэр гарсан эсэхийг тогтоох боломжгүй, гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй, гал түймэр нь хогийн цэгээс үүсвэрлэн гарч барилгын хана болон иргэн Б.Агийн автомашин руу дамжин тархсан гэсэн дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2020 оны 02 сарын 10-ны өдрийн 75/1277 дугаартай дүгнэлт /хэргийн 2 хавтас 88,89 тал/-ээр гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан, гал гарсан цэг болон Г.Мын тамхины иш шидэх үед зогсож байсан газар хоорондын зай 5.5 метр байсан, Г.Мын тамхийг гал үүсвэрлэн гарсан хогийн цэг байрлах хэсэг рүү шидсэн үйлдэл нь гал гарахад хүргэсэн, уг гал түймэр нь хогийн цэгээс үүсвэрлэн гарч барилгын хана болон иргэн Б.Агийн автомашин руу дамжин тархсан гэсэн дүгнэлтүүд тус тус гарсан.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулж дүгнэлтийг тайлбарлуулсан бөгөөд шүүх хуралдаанд шинжээчээс эхний дүгнэлтээр Г.Мын үйлдлийн улмаас гал түймэр гарсан эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн атлаа сүүлийн дүгнэлтээр Г.Мын тамхийг гал үүсвэрлэн гарсан хогийн цэг байрлах хэсэг рүү шидсэн үйлдэл нь гал гарахад хүргэсэн гэж дүгнэсэн шалтгаан, уг дүгнэлтийг ямар баримтад үндэслэн гаргасныг тодруулахад шинжээч нь эхний дүгнэлт гаргах үед шүүхээс ирүүлсэн сиди ажиллахгүй байсан тул Г.Мын татсан тамхиа шидэж байгаа дүрс бичлэгийг үзэх боломжгүй байсан, сүүлийн дүгнэлтийг гаргах үед сиди дээрх бичлэгийг үзсэн бөгөөд сиди дахь бичлэгийг үзсэний үндсэн дээр Г.Мын тамхийг гал үүсвэрлэн гарсан хогийн цэг байрлах хэсэг рүү шидсэн үйлдэл нь гал гарахад хүргэсэн гэж дүгнэсэн гэж тайлбарласан.

Хэдийгээр шинжээч хэрэгт нотлох баримтаар авагдсан сиди бичлэгийг үзсэний үндсэн дээр Г.Мын тамхийг гал үүсвэрлэн гарсан хогийн цэг байрлах хэсэг рүү шидсэн үйлдэл нь гал гарахад хүргэсэн гэж дүгнэсэн байх боловч уг бичлэгт Г.М хогийн цэг байрладаг гэх газрыг чиглүүлэн татсан тамхины ишээ шидэж байгаа дүрс гардгаас бус шидсэн тамхины иш нь хогийн саванд орсон, эсхүл шатамхай материал дээр унасан эсэх нь тодорхойгүй, мөн Г.Мын тамхи татаж байсан газарт буюу Юу би эйч центр барилгын гадна талбайд хүмүүс олноор тамхи татдаг болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан сидинд бичигдсэн 12 минут 36 секундын бичлэгт 12 минутын дотор 4 хүн тухайн газарт тамхи татаж байгаагаар бичигдсэн байдлаар тогтоогдсон тул шүүх бүрэлдэхүүн шинжээчийн хэрэгт нотлох баримтаар авагдсан сиди бичлэгийг үзээд гаргасан гэх Г.Мын тамхийг гал үүсвэрлэн гарсан хогийн цэг байрлах хэсэг рүү шидсэн үйлдэл нь гал гарахад хүргэсэн гэх дүгнэлт хариуцагчийн гэм бурууг хангалттай нотлох үндэслэл болохгүй байна гэж үзлээ.

Хариуцагч Г.М татаж байсан тамхины ишээ хогийн цэг байрлаж байсан гэх газар руу чиглүүлэн шидсэн үйлдлийн улмаас гал гарч, нэхэмжлэгч Б.А ХХК болон Б.А нарын эд хөрөнгө галд шатаж, нэхэмжлэгч нарт эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.А ХХК-ийн хариуцагч Г.Мад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 24,387,677 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Б.Агийн хариуцагч Г.Мад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 7 079 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.А ХХК-ийн хариуцагч Г.Мад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 24,387,677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Агийн хариуцагч Г.Мад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 7 079 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.А ХХК-аас 2019 оны 02 сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,000 төгрөгийн 279,888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 112 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.А ХХК-д олгож, нэхэмжлэгч Б.Амараагаас 2018 оны 10 сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

 

 

ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ