Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2017/01065

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2017/01065

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баяртогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Баяртогтох би тус үйлдвэрийн лабораторийн судалгааны төвд жолоочоор ажиллаж байсан бөгөөд үйлдвэрийн ерөнхий захирлын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/1008 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлүүдээр цуцлахдаа миний хууль ёсны эрх ашгийг хохироосон хууль бус шийдвэр гаргалаа.

Үүнд:1.Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.2-т заасан "ажил олгогч санаачилсан"

2.40-р зүйлийн 40.1.4-т заасан "хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан..."

3.131-р зүйлийн 131.1.3-т заасан "ажлаас халах"

Надтай байгуулсан хөдөлмөрийн 55-23 дугаартай гэрээний 4.2.12-т заасан "хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан"

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.16-д заасан "хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан"

ЛСТ-ийн /товчилсон нэрээр/ баяжуулалтын лабораторийн судлаач инженер Т.Цагаандоржийн илтгэх хуудас зэргүүдийг үндэслэлээ болгосон байна.

Хоёр талын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа /хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэжээ.Тушаалын гол үндэслэлээ болгоод байгаа 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаартай согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн акт нь нотлох баримтын шаардлага хангаагүйн дээр мөн өдөр би ажлаа бүтэн өдрийн турш хийсэн.

Тухайн өдөр намайг хоёр талын хөдөлмөрийн гэрээний 3.4.4-т заасан "...ажлын байр.үйлдвэрийн дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн буюу мансуурсан байдалтай ирэхгүй байх"гэсэн заалт,"Эрдэнэт үйлдвэр"ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.9-д заасан "Ажлын байр,хувцас солих,амрах өрөө.ажпын байртай адилтгах бусад газар ...согтууруулах ундаа...хэрэглэхгүй байх гэсэн"ажилтны үүргийг.мөн журмын 8.8.12-т "Ажилдаа ирэхийн өмнө,ажпын байр.үйлдвэрийн бүсэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж,эмчийн үзлэгээр согтолтын хэмжээ зөвшөөрөгдсөн багажийн үзүүлэлтээр амьсгалд 0.01-0.19 хувь илэрсэн" бол цалин бууруулах арга хэмжээ авахаар, мөн журмын 8.9.11-т: "Үйлдвэрийн бүс ажлын байранд согтууруулах ундаа,...хэрэглэсэн" гэсэн зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан байна.

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр намайг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн болохыг нотолсон гэх 42 тоот акт өөрөө хүчин төгөлдөр бус болох нь дээрх заалтуудаар үгүйсэгдэж байна.

Хоёр талын хөдөлмөрийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цуцалсан байх бөгөөд тухайн өдрийн өглөө би 08 цаг 10 минутын үед эмнэлэгт хэвтсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.3-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ажилтан миний ажлын байр хэвээр хадгалагдах учиртай байна.

Би 2017 оны 07 дугаар сарын 20-ны өглөө эмнэлэгт хэвтчихээд ажпын газарлуугаа ярьсан чинь чамайг ажлаас халсан тушаал гарсан гэж хэлсэн.

Иймд:Б.Баяртогтох намайг хуучин хийж байсан ажилд маань эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Баяртогтох нь *******-ийн Лабораторийн судалгааны төвд жолоочоор ажиллаж байгаад ажилдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирсэн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэл бүхий болно.

Б.Баяртогтох нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг шинжилсэн шинжилгээгээр согтууруулах ундааны 0,35-ын үлдэгдэлтэй гарч, цехийн удирдлагадаа "согтууруулах ундааны 0,35-ын үлдэгдэлтэй ажилдаа ирснээ хүлээн зөвшөөрч, алдааг дахин гаргахгүй гэж тайлбар бичиж өгч байсан. *******-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8-д "Өвчний улмаас болон хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд ажилтан өөрөө эсвэл холбогдох хүмүүс /эхнэр, нөхөр, хүүхэд, төрөл садан гм./-ээр дамжуулан ажил эхлэхээс өмнө шууд удирдлагадаа урьдчилан /утас, мессеж, факс, өргөдөл гм./ мэдэгдэх, ажилдаа ирсэн өдрөөс хойш холбогдох баримт бичгийг ажлын 3 хоногийн дотор бүрдүүлж өгөх үүрэгтэй" гэж заасан, Б.Баяртогтох энэ үүргээ биелүүлээгүй өвчтэй тухайгаа шууд удирдлагадаа болон ажил олгогчид урьдчилан мэдэгдээгүй, шууд удирдлага, ажил олгогч нар түүнийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 08.10 минутанд эмнэлэгт хэвтснийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан учраас ажил олгогч гэм буруугүй. Дээр дурдсан үндэслэл болон холбогдох хууль, журам, нотлох баримт, түүний тайлбарыг үндэслэн гаргасан ажил олгогчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/1008 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий учир Б.Баяртогтохын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Баяртогтох нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжэгч Б.Баяртогтохыг *******-ийн Ерөнхий захирлын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/1008 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.2,40-р зүйлийн 40.1.4,131-р зүйлийн 131.1.3,хөдөлмөрийн гэрээний 4.2.12, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.16-д заасныг баримтлан "Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халсан байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа согтуу ирсэн байх бөгөөд түүнийг тусгай багаж үлээлгэн согтолтын зэргийг тогтоож сорилт хийсэн тухай 42 дугаартай акт үйлдсэн, ЛСТ-ийн /товчилсон нэрээр/ баяжуулалтын лабораторийн судлаач инженер Т.Цагаандорж согтолтын зэрэг тогтооход байлцаж, мөн илтгэх хуудас бичсэн байна.

Хоёр талын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэжээ. Тушаалын үндэслэл болгосон 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаартай согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн акт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч хоёр талын хөдөлмөрийн гэрээний 3.4.4-т заасан "...ажлын байр.үйлдвэрийн дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн буюу мансуурсан байдалтай ирэхгүй байх" гэсэн заалт, "Эрдэнэт үйлдвэр"ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.9-д заасан "Ажлын байр, хувцас солих, амрах өрөө, ажпын байртай адилтгах бусад газар ...согтууруулах ундаа...хэрэглэхгүй байх гэсэн" ажилтны үүргийг, мөн журмын 8.8.12-т "Ажилдаа ирэхийн өмнө, ажпын байр, үйлдвэрийн бүсэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эмчийн үзлэгээр согтолтын хэмжээ зөвшөөрөгдсөн багажийн үзүүлэлтээр амьсгалд 0.01-0.19 хувь илэрсэн" бол цалин бууруулах арга хэмжээ авахаар, мөн журмын 8.9.11-т: "Үйлдвэрийн бүс ажлын байранд согтууруулах ундаа,...хэрэглэсэн" гэсэн зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан заалтыг зөрчиж 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилдаа ирж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчсөн, мөн хөдөлмөрийн сахилга зөрчсөн үйлдлийг давтан гаргасан болох нь 42 тоот акт, гэрч Т.Цагаандоржийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар батлагдаж байна.

Нэхэмжлэгч нь 2 талын хөдөлмөрийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цуцалсан байх бөгөөд тухайн өдрийн өглөө 08 цаг 10 минутын үед эмнэлэгт хэвтсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.3-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ажилтан миний ажлын байр хэвээр хадгалагдах учиртай гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр ажлаас халсан тушаал гарсаны дараа, тухайн өдөр эмнэлэгт хэвтсэн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл ажлаас халах үед эмнэлэгт хэвтэх нь түүний ажлын байр хадгалагдах үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч согтолтын зэргийг цагдаа тогтоох ёстой, эмч драйгер үлээлгэх ёсгүй, согтолтын зэрэг тогтоох багаж нь ямар багаж байсан болон чанарын шаардлага хангаж байсан эсэх нь тодорхойгүй байна гэж мэтгэлцэж байна.

Гэвч хариуцагч *******-ны Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар тус компаны ажилчин албан хаагчдад ажилдаа ирэхийн өмнө, ажлын байр, үйлдвэрийн бүсэд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглодог, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг эмчийн үзлэгээр оруулж, согтолтын хэмжээг багажийн үзүүлэлтээр илрүүлж тогтоодог, энэ нь тухайн компаны хэвшсэн үйл ажиллаагаа болсон байна.Нэхэмжлэгч тухайн үед багаж шаардлага хангахгүй байсан тухай болон согтуурлын зэргийн талаар маргаагүй, энэ талаар гомдол гаргаж байгаагүй, архи ууснаа хүлээн зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэргийг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баяртогтохын *******-ын Лаборатори судалгааны төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Баяртогтохыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН