Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 00175

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  Б.Баяртогтохын нэхэмжлэлтэй

                                         иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01065 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Баяртогтохын нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох,

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Баяртогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Баяртогтох би тус үйлдвэрийн лабораторийн судалгааны төвд жолоочоор ажиллаж байсан бөгөөд үйлдвэрийн ерөнхий захирлын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/1008 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлүүдээр цуцлахдаа миний хууль ёсны эрх ашгийг хохироосон хууль бус шийдвэр гаргалаа.

Үүнд:1.Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.2-т заасан "ажил олгогч санаачилсан" 2.40-р зүйлийн 40.1.4-т заасан "хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан..." 3.131-р зүйлийн 131.1.3-т заасан "ажлаас халах" надтай байгуулсан хөдөлмөрийн 55-23 дугаартай гэрээний 4.2.12-т заасан "хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан" "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.16-д заасан "хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" ЛСТ-ийн баяжуулалтын лабораторийн судлаач инженер Т.Цагаандоржийн илтгэх хуудас зэргүүдийг үндэслэлээ болгосон байна.

Хоёр талын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа /хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэжээ. Тушаалын гол үндэслэлээ болгоод байгаа 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаартай согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн акт нь нотлох баримтын шаардлага хангаагүйн дээр мөн өдөр би ажлаа бүтэн өдрийн турш хийсэн.

Тухайн өдөр намайг хоёр талын хөдөлмөрийн гэрээний 3.4.4-т заасан "...ажлын байр үйлдвэрийн дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн буюу мансуурсан байдалтай ирэхгүй байх" гэсэн заалт, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.9-д заасан "Ажлын байр, хувцас солих, амрах өрөө ажлын байртай адилтгах бусад газар ...согтууруулах ундаа...хэрэглэхгүй байх гэсэн" ажилтны үүргийг мөн журмын 8.8.12-т "Ажилдаа ирэхийн өмнө, ажлын байр үйлдвэрийн бүсэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эмчийн үзлэгээр согтолтын хэмжээ зөвшөөрөгдсөн багажийн үзүүлэлтээр амьсгалд 0.01-0.19 хувь илэрсэн" бол цалин бууруулах арга хэмжээ авахаар, мөн журмын 8.9.11-т: "Үйлдвэрийн бүс ажлын байранд согтууруулах ундаа,...хэрэглэсэн" гэсэн зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан байна.

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр намайг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн болохыг нотолсон гэх 42 тоот акт өөрөө хүчин төгөлдөр бус болох нь дээрх заалтуудаар үгүйсгэгдэж байна. Хоёр талын хөдөлмөрийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цуцалсан байх бөгөөд тухайн өдрийн өглөө би 08 цаг 10 минутын үед эмнэлэгт хэвтсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.3-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ажилтан миний ажлын байр хэвээр хадгалагдах учиртай байна. Би 2017 оны 07 дугаар сарын 20-ны өглөө эмнэлэгт хэвтчихээд ажлын газарлуугаа ярьсан чинь чамайг ажлаас халсан тушаал гарсан гэж хэлсэн. Иймд Б.Баяртогтох намайг хуучин хийж байсан ажилд маань эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Баяртогтох нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг шинжилсэн шинжилгээгээр согтууруулах ундааны 0,35-ын үлдэгдэлтэй гарч, цехийн удирдлагадаа "согтууруулах ундааны 0,35-ын үлдэгдэлтэй ажилдаа ирснээ хүлээн зөвшөөрч, алдааг дахин гаргахгүй гэж тайлбар бичиж өгч байсан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8-д "Өвчний улмаас болон хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд ажилтан өөрөө эсвэл холбогдох хүмүүс /эхнэр, нөхөр, хүүхэд, төрөл садан гм./-ээр дамжуулан ажил эхлэхээс өмнө шууд удирдлагадаа урьдчилан /утас, мессеж, факс, өргөдөл/ мэдэгдэх, ажилдаа ирсэн өдрөөс хойш холбогдох баримт бичгийг ажлын 3 хоногийн дотор бүрдүүлж өгөх үүрэгтэй" гэж заасан, Б.Баяртогтох энэ үүргээ биелүүлээгүй өвчтэй тухайгаа шууд удирдлагадаа болон ажил олгогчид урьдчилан мэдэгдээгүй, шууд удирдлага, ажил олгогч нар түүнийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 08:10 минутанд эмнэлэгт хэвтснийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан учраас ажил олгогч гэм буруугүй. Дээр дурдсан үндэслэл болон холбогдох хууль, журам, нотлох баримт, түүний тайлбарыг үндэслэн гаргасан ажил олгогчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/1008 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий учир Б.Баяртогтохын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01065 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баяртогтохын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ын Лаборатори судалгааны төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Баяртогтохыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Баяртогтохыг буруутгаж байгаа гол нотлох баримт болох согтолтын зэрэг тогтоож сорил хийсэн акт хуулийн шаардлага хангасан нотлох баримт мөн эсэхийг шүүх шалган түүнд бодит дүгнэлт хийх учиртай байсан.

Хэрэгт Эрүүл мэндийн сайд Хууль зүйн сайдын хамтарсан 2016.04.25-ны өдрийн А/138А/131 дугаартай хамтарсан тушаал мөн тушаалын хавсралтаар: Жолооч согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.4-т: Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах Стандарчилалын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж /Драгер 6810 цаашид согтуурал шалгах багаж гэх/ ашиглана гэсэн байхаас харахад хариуцагч байгууллагын хэрэглээд байгаа драгер энэ журамд заасан 6810 дугаартай эрх байгууллагаар баталгаажуулсан болох нь нотлогдоогүй үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх яаж үнэлсэн нь тодорхой бус байна.

Нэхэмжлэгч Б.Баяртогтох 2017.07.20-ны өглөө 8:10 минутын үөд эмнэлэгт хэвтэхээр өвчтөний түүх нээлгээд өөрийн ажлын газрын хүний нөөцийн менежертэй эмнэлэгт хэвтсэн тухайгаа утсаар хэлсэн гэдэг.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн эмнэлэгт хэвтсэн цаг хугацааг мэдэх боломжгүй байсан учир ажил олгогч буруугүй гэсэн дүгнэлтийг хийжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүний нөөцийн менежертэй утсаар хэлсэн гэж бичсэн байхад үүнийг хариуцагч тал үгүйсгээгүй бөгөөд тухайн ажлаас халах цаг хугацаа эмнэлэгт хэвтсэн цаг хугацаа хоёр давхацсан гэсэн тайлбарыг өгдөг юм.

Хоёр талын хөдөлмөрийн гэрээний 3.4.4-т заасан "...ажлын байр, үйлдвэрийн дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн буюу мансуурсан байдалтай ирэхгүй байх" гэсэн заалт:

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.9-д заасан "Ажлын байр хувцас солих амрах өрөө ажлын байртай адилтгах бусад газар ...согтууруулах ундаа...хэрэглэхгүй байх гэсэн" ажилтны үүргийг мөн журмын 8.8.12-т "Ажилдаа ирэхийн өмнө ажлын байр үйлдвэрийн бүсэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж эмчийн үзлэгээр согтолтын хэмжээ зөвшөөрөгдсөн багажийн үзүүлэлтээр амьсгалд 0.01-0.19 хувь илэрсэн" бол цалин бууруулах арга хэмжээ авахаар мөн журмын 8.9.11-т: "Үйлдвэрийн бүс ажлын байранд согтууруулах ундаа,...хэрэглэсэн" гэсэн зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан байна.

Хэрэв 2017.06.29-ний өдөр нэхэмжлэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн болохыг нотолсон гэх 42 тоот акт өөрөө хүчин төгөлдөр бус болох нь дээрх заалтуудаар мөн үгүйсгэгдэж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.3-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ажилтаны ажлын байр хэвээр хадгалагдах учиртай байдаг бөгөөд өвчин гэдэг хэн нэгэнд хэлж ирдэггүй учир хариуцагчид урьдчилан мэдэгдэх боломжгүй.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.18-ны өдрийн 1065 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж Б.Баяртогтохын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсэгт оруулж өгнө үү гэжээ.

                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Баяртогтох нь хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/1008 дугаар тушаалд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

Нэхэмжлэгч Б.Баяртогтох нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын лабораторийн судалгааны төвд жолоочоор ажиллаж байгаад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/1008 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 4.1.12, хөдөлмөрийн дотоод журмын 8.9.16-д зааснаар хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалж, жолоочийн ажлаас чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч Б.Баяртогтох нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ажилд ирэхэд нь согтолтын зэргийг тогтоох тусгай багаж үлээлгэн хийсэн сорилоор 0,35 хувийн согтолтын зэрэг гарсан болох нь 2017.06.29-ний өдрийн 42 дугаар сорилын актаар тогтоогджээ.

Энэ нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.8.12-т заасан ажилдаа ирэхийн өмнө, ажлын байр үйлдвэрийн бүсэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эмчийн үзлэгээр согтолтын хэмжээ зөвшөөрөгдсөн багажийн үзүүлэлтээр амьсгалд 0,01-0,19 хувь илэрсэн бол, хөдөлмөрийн хөдөлмөрийн гэрээний 3.4.4-т заасан “...ажлын байр үйлдвэрлэлийн дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн буюу мансуурсан байдалтай ирэхгүй байх гэсэн” заалтуудыг зөрчсөн нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргажээ.

Нөгөө талаар Б.Баяртогтох нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2 сарын хугацаагаар үндсэн цалинг 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл авагдсны дараа 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа 0,35 хувийн согтолттой ирсэн зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/1008 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ