Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/00510

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01065 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 175 дугаар магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Э ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Эрдэнэт  үйлдвэрийн лабораторийн судалгааны төвд жолоочоор ажиллаж байсан бөгөөд ерөнхий захирлын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/1008 тоот тушаалаар  хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь миний хууль ёсны эрх ашгийг хохироосон хууль бус шийдвэр болсон. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.16-д заасан "хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" ЛСТ-ийн /товчилсон нэрээр/ баяжуулалтын лабораторийн судлаач инженер Т.Цагаандоржийн илтгэх хуудас зэргүүдийг үндэслэлээ болгосон байна. Тушаалын гол үндэслэл болоод байгаа 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаартай согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн акт нь нотлох баримтын шаардлага хангаагүйн дээр мөн өдөр би ажлаа бүтэн өдрийн турш хийсэн. 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр намайг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн болохыг нотолсон гэх 42 тоот акт өөрөө хүчин төгөлдөр бус болох нь хөдөлмөрийн гэрээний 3.4.4,"Эрдэнэт үйлдвэр"ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.9, 8.8.12, 8.9.11 заалтуудаар үгүйсгэгдэж байна. Хоёр талын хөдөлмөрийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цуцалсан байх бөгөөд би тухайн өдрийн өглөө 08 цаг 10 минутын үед эмнэлэгт хэвтсэн. Мөн өдрийн өглөө эмнэлэгт хэвтчихээд ажлын газар руугаа ярихад ажлаас халсан тушаал гарсан гэж хэлсэн. Иймд намайг хуучин хийж байсан ажилд маань эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б- нь Э ХХК-ийн Лабораторийн судалгааны төвд жолоочоор ажиллаж байгаад ажилдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирсэн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэл бүхий болно. Б.Б- нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг шинжилсэн шинжилгээгээр согтууруулах ундааны 0,35-ын үлдэгдэлтэй гарч, цехийн удирдлагадаа "согтууруулах ундааны 0,35-ын үлдэгдэлтэй ажилдаа ирснээ хүлээн зөвшөөрч, алдааг дахин гаргахгүй гэж тайлбар бичиж өгч байсан. Э ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8-д "Өвчний улмаас болон хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд ажилтан өөрөө эсвэл холбогдох хүмүүс /эхнэр, нөхөр, хүүхэд, төрөл садан гм./-ээр дамжуулан ажил эхлэхээс өмнө шууд удирдлагадаа урьдчилан /утас, мессеж, факс, өргөдөл гм./ мэдэгдэх, ажилдаа ирсэн өдрөөс хойш холбогдох баримт бичгийг ажлын 3 хоногийн дотор бүрдүүлж өгөх үүрэгтэй" гэж заасан, Б.Б- энэ үүргээ биелүүлээгүй өвчтэй тухайгаа шууд удирдлагадаа болон ажил олгогчид урьдчилан мэдэгдээгүй, шууд удирдлага, ажил олгогч нар түүнийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 08.10 минутад эмнэлэгт хэвтсэнийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан учраас ажил олгогч гэм буруугүй. Дээр дурдсан үндэслэл болон холбогдох хууль, журам, нотлох баримт, түүний тайлбарыг үндэслэн гаргасан ажил олгогчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/1008 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий учир Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01065 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын Э ХХК-ийн Лаборатори судалгааны төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 175 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-10-18-ны өдрийн 142/ШШ2017/01065 дугаартай шийдвэр.Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-11-28-ны өдрийн 175 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Б.Б-ыг буруутгаж байгаа гол нотлох баримт болох согтолтын зэрэг тогтоож сорил хийсэн акт хуулийн шаардлага хангасан нотлох баримт мөн эсэхэд шүүх бодит дүгнэлт хийх учиртай байсан боловч огт дүгнэлт хийсэнгүй. Согтолтын зэрэг тогтоох тухай Эрүүл мэндийн сайд.Хууль зүйн сайдын хамтарсан 2016-04-25-ны өдрийн А/138.А/131 дугаартай хамтарсан тушаал хавсралтын хамт байгаа бөгөөд хавсралт хэсэгт Жолооч согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1-ын 4-т: Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах Стандартчиллын төв байгууллагаас баталгаажуулсан зориулалтын багаж /Драгер 6810 цаашид согтуурал шалгах багаж гэх/ашиглана гэсэн байхаас харахад хариуцагч байгууллагын хэрэглээд байгаа драгер энэ журамд заасан 6810 дугаартай эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан болох нь нотлогдоогүй үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хөдөлбөргүй нотлох баримтаар үнэллээ. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Б.Б- 2017-07-20-ны өглөө 8-10 минутын үед эмнэлэгт хэвтэхээр өвчтөний түүх нээлгээд өөрийн ажлын газрын хүний нөөцийн менежертээ эмнэлэгт хэвтсэн тухайгаа утсаар хэлсэн гэдэг бөгөөд үүнийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүний эмнэлэгт хэвтсэн эсэх талаар хариуцагч маргадаггүй бөгөөд ерөнхий захирлын тушаал гарах үед эмнэлэгт хэвтсэн байна гэсэн тайлбарыг өгдөг.Хавтаст хэрэгт "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн судалгааны төвийн ажилтнуудын ажлын цагийн хуваарь байгаа бөгөөд ажил 08-30д эхэлдэг болох нь нотлогдож байгаагаас харахад нэхэмжлэгч Б.Б- ажил эхлэхээс 20 минутын өмнө эмнэлэгт хэвтсэн байна. Нэхэмжлэгч Б.Б- эмнэлэгт хэвтэн шинжилгээ хийлгэж улмаар эмчилгээ хийлгэж эхэлсэн болохыг нотолсон өвчтөний түүхийн хуулбар 819 дугаартай, мөн эмнэлгийн хуудсууд байгаа болно. "Эрдэнэт үйлдвэр"ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.9-д заасан "Ажлын байр.хувцас солих.амрах өрөө,ажлын байртай адилтгах бусад газар ...согтууруулах ундаа...хэрэглэхгүй байх гэсэн" ажилтны үүргийг.мөн журмын 8.8.12-т Ажилдаа ирэхийн өмнө.ажлын байр.үйлдвэрийн бүсэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж.эмчийн үзлэгээр согтолтын хэмжээ зөвшөөрөгдсөн багажийн үзүүлэлтээр амьсгалд 0.01-0.19 хувь илэрсэн" бол цалин бууруулах арга хэмжээ авахаар.мөн журмын 8.9.11-т: "Үйлдвэрийн бүс.ажлын байранд согтууруулах ундаа,...хэрэглэсэн" гэсэн зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан байна. Хэрэв 2017-06-29-ний өдөр нэхэмжлэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн болохыг нотолсон гэх 42 тоот акт өөрөө хүчин төгөлдөр бус болох нь дээрх журмын холбогдох заалтуудаар мөн үгүйсэгдэж байгаа юм.

Иймд:Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-10-18-ны өдрийн 142/ШШ2017/01065 дугаартай шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-11-28-ны өдрийн 175 дугаар магадлалуудтай хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.    

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан  “...жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах” тухай нэхэмжлэл  гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.      

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Б/1008 дугаар тушаал гаргаж, Б.Б-ыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр жолоочийн ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дэх заалтыг тушаалд дурджээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2.1-т “ажилтан ажилдаа ирэхдээ болон ажлын байр үйлдвэрийн бүсэд согтууруулах ундаа, мансууруулах бодис авчирсан, хэрэглэсэн, худалдсан буюу архидалт мансууралт зохион байгуулсан бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцална” гэжээ /хэргийн 3-5 дугаар тал/.

Нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа согтуу ирсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, тэрээр архи ууснаа тухайн үед хүлээн зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан, энэ үндэслэлээр ажил олгогч түүнийг ажлаас халсан нь тогтоогджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг  хангах боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01065 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 175 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гомдлыг хангахгүй орхисугай.     

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ