Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 181/шш2017/00307

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2017/00307

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Т.П ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: И.М ХХК-д холбогдох

48 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Б.У,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани И.М ХХК ХХК-тай 37/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг холбогдох барьцааны гэрээний хамт байгуулсан. Уг гэрээний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нийлүүлсэн шатахууны төлбөрийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна.

Хариуцагчаас төлбөр 32 400 000 төгрөг, алданги 16 200 000 төгрөг, нийт 48 600 00 төгрөг нэхэмжилж байгаагаас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2 000 000 төгрөг төлөгдсөн тул үндсэн төлбөрийг 2 000 000 төгрөг, алдангийг 1 000 000 төгрөгөөр тус тус багасгаж байна.

Иймд хариуцагчаас төлбөр 30 400 000 төгрөг, алданги 15 200 000 төгрөг, нийт 45 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.П ХХК нь И.М ХХК ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөр 32 400 000 төгрөг, алданги 16 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас хариуцагч нь 2 000 000 төгрөг төлсөн байх тул үндсэн төлбөрийг 2 000 000 төгрөгөөр, алдангийг 1 000 000 төгрөгөөр тус тус бууруулж, хариуцагчаас төлбөр 30 400 000 төгрөг, алданги 15 200 000 төгрөг, нийт 45 600 000 төгрөг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, 32 400 000 төгрөгийн худалдан авалт хийгдсэн болох нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 37/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр байгуулсан Барьцааны гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн тооцоо нийлсэн акт, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр И.М ХХК ХХК-иас М.П ХХК руу шатахууны орлого шилжүүлсэн талаарх нэхэмжлэгчийн ХААН банк дахь дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа ... нэхэмжлэлийн мөнгөн дүнг зөвшөөрөхгүй ... гэсэн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй өөр үндэслэлийг заагаагүй.

Нотлох баримтын хуваарилалтын хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин нь 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн тооцоо нийлсэн актад зурагдсан И.М ХХК ХХК-ийн захирал М.Цогтоогийн гарын үсэгт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж байсан боловч ямар учраас гарын үсэг зурагдсан талаар эргэлзээ үүссэн, шинжилгээ хийлгэх бодит ямар нөхцөл, шалтгаант холбоо, үйл баримт байгаа талаарх үндэслэлийг гаргаж ирээгүй тул шүүхийн зүгээс дээрх тооцоо нийлсэн актыг үнэлсэн болохыг дурдаж байна.

Иймд баримтаар нотлогдсон төлөгдөөгүй үндсэн мөнгөн төлбөрийн үүрэг 30 400 000 төгрөг, хууль болон гэрээнд заасан журам, тооцооллын хүрээнд бодогдсон алданги 15 200 000 төгрөг, нийт 45 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмждэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч хүсэлтэд дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв. Түүнчлэн шүүхийн зүгээс хариуцагч талын өмгөөлөгч авах, итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах, өөр өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхцсантай холбогдуулан биечлэн шүүх хуралдаанд оролцох эрхээ хангуулахаар гаргасан хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэж байсан болохыг дурдвал зохино.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.М ХХК ХХК-иас 45 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.П ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, И.М ХХК ХХК-иас 385 950 төгрөг гаргуулан М.П ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ