| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2020/0204/Э |
| Дугаар | 8 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 8
А.Х-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0204/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.А-, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Сүрмандах
Шүүгдэгч А.Х-
Хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 434 дугаар шийтгэх тогтоолтой, А-гийн Х-ад холбогдох, 2018002530205 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Х-, хохирогч Э.Д- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон. ********** регистрийн дугаартай, Б- овогт А-гийн Х-.
Шүүгдэгч А.Х- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Д-г байнга зодсон хэрэгт урьд шүүхээр хорих ял шийтгүүлж, хорих ялаа эдэлж дууссаны дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн ** дүгээр байрны гадна хамтран амьдрагч 3 сартай жирэмсэн Э.Д-г байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 434 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б- овогт А-гийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.т зааснаар шүүгдэгч А.Х-ад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх гийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх эсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн уулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Х-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Х-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Х- давж заалдах гомдолдоо:
...Би Э.Д-тэй хамтран амьдраад 6 жил болж байгаа бөгөөд бага насны 3 хүүхэдтэй. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1.т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан бөгөөд миний бие зүйл ангиа хүлээн зөвшөөрөхгүй байна.. гэжээ.
Хохирогч Э.Д- давж заалдах гомдолдоо:
Миний бие бага насны 3 хүүхдээ харж ажилгүй гэртээ суудаг. А.Х- нь өрхийн амьжиргаагаа бүгдийг нь ганцаараа залгуулдаг. Одоо миний бие болон 3 хүүхдийн амьдрал маш хүнд байдалтай байгаа тул А.Х-ыг яллахгүй, амьдралд минь туслалцаа үзүүлнэ үү гэжээ
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Х- тайлбартаа:
Цар тахлын хүнд нөхцөлд надаас өөр ар гэрийг маань асарч тэжээн тэтгэх хүн байхгүй тул надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:
Миний үйлчлүүлэгч нь бага насны 3 хүүхдээ харж ажилгүй гэртээ суудаг. А.Х- нь өрхийн амьжиргаагаа бүгдийг нь ганцаараа залгуулдаг. 3 хүүхдийн амьдрал маш хүнд байдалтай байгаа тул А.Х-ад оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.Х-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, хохирогч нарын давж заалдсан гомдолд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад
-Шүүгдэгч А.Х- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Э.Д-г байнга зодсон хэрэгт урьд шүүхээр хорих ял шийтгүүлж, хорих ялаа эдэлж дууссаны дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн ** дүгээр байрны гадна дахин 3 сартай жирэмсэн Э.Д-г зодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Э.Д-гийн “... Х-тай хамт амьдраад 5 жил болж байна. Энэ хугацаанд 2 хүүхэдтэй болсон. Одоо би 3 сартай жирэмсэн. Х- урьд намайг зодсон хэргээр шоронд сууж байгаад 2020 оны 01 дүгээр сард суллагдсан. Өнөөдөр 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр манай дүү А- хонь төхөөрснийг дуулаад “Дүүгээсээ мах олж ир” гэхээр нь би чадахгүй гэсэн чинь байрны гадаа газар унагаад байгаад толгой руу дэвсэж, нуруу руу өшиглөж зодсон. ...” /хх 16-18/,
гэрч Л.Г-ийн “... 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 7 дугаар байрнаас Х- эхнэр Д-г хөөгөөд чанга чанга дуугарч явсаар байрны үүдэнд ирсэн. Тэгээд Д-г үсдэж дараад толгой руу нь өшиглөсөн...” /хх 20/ гэх мэдүүлгүүд,
Дархан-уул аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 312 дугаартай шинжээчийн дүгнэлт ...” /хх 25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч А.Х-, хохирогч Э.Д- нар хамт амьдраад 5 жил болж байгаа. Энэ хугацаанд 2 хүүхэдтэй болсон. Одоо эхнэр Э.Д- 3 сартай жирэмсэн болох нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Жирэмсэн эмэгтэй хяналтын хөтөч нэртэй дэвтрийн хуулбар болон хамтын амьдралтай гэдгээ хэн аль нь хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.
Шүүгдэгч А.Х- нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ялимгүй зүйлээр шалтаглан эхнэр Э.Д-гийн эрх чөлөөнд халдаж зодсон ба шүүгдэгч нь урьд эхнэрээ зодож эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь түүний хувийн байдлыг тогтоосон баримтуудаар нотлогдож байна. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл 1 дэх хэсгийн 1.1-д Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйлдэл хамаарах ба “байнга” гэдэг ойлголтод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг урьд 2-3 удаа зодсон, энэхүү үйлдлийнхээ улмаас эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээсэн эсэхийг хамаарахгүйгээр сүүлийн үйлдэлдээ дахин хариуцлага хүлээх тухай зохицуулалт юм.
Энэ нь тухай гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, урьдчилан сэргийлэх эрх зүй үндэс болно.
Шүүгдэгч А.Х-ад холбогдох эрүүгийн хэрэгт явуулсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт ажиллагаа түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Мөн анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч А.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаас гадна шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул өөрчлөх, хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд шүүгдэгч болон хохирогчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзээд давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 434 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Х-, хохирогч Э.Д- нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР