Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 133/ШШ2020/00581

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Д.З

нэхэмжлэгч- Д.Д

нэхэмжлэгч- А.Х нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч- И.Б-д холбогдох,

худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үлдэгдэл төлбөрт 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч А.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Х миний бие хүү Д.З, нөхөр Д.Д нартай ярилцаж байгаад хүү бид хоёр И.Б-У-с 2018 оны 12 дугаар сард Хөгжил хороололд байрлах 4-3 тоотод орших 32 мкв байрыг худалдаж авахаар болсон. Тус байрыг тавилгын хамт 22.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож бичгээр цаасан дээр гэрээ хийсэн байдаг. Эхлээд 15.000.000 төгрөгийг бэлнээр 2018 оны 12 дугаар сарын 20-нд өгч, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг цувуулан төлснөөр ордераа шилжүүлж авахаар харилцан тохиролцсон. Анх тавилгын хамт авахаар тохиролцсон боловч И.Б-У нь тавилгаа буцаан авч, 2.000.000 төгрөгийг хасаж 20.000.000 төгрөгөөр өгч авахаар болсон.

Тэгээд 2019 оны 08 сард байрны үнийн үлдэгдэл 5.000.000 төгрөгийг манай нөхөр Д.Д дансаараа И.Б-У руу шилжүүлж ордераа шилжүүлж авая гэтэл үлдэгдэл мөнгөө удаж өглөө 1.300.000 төгрөг нэмж өг тэгвэл ордерийг өгье гэсэн. Тэр үед мөнгөний боломж байхгүй байсан тул наймаа буцахаар болж байр суллаж өг гэсний дагуу байрыг нь суллаж өгсөн. Байр сулласны дараа байрны үнэ гэж авсан 20.000.000 төгрөгийг манай нөхөр Д-ын данс руу шилжүүлэхдээ 5.000.000 төгрөг, 12.000.000 төгрөгийг цувуулж хийсэн. Бидний байрны үнэнд өгсөн 20.000.000 төгрөгнөөс 3.000.000 төгрөгийг дутуу шилжүүлсэн байх тул И.Буян-Ундрахаас 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Миний бие И.Б-У-ыг Говь-Алтай аймагт харьяалалтай байдаг болохоор өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаяган дээрээ оршин суудаггүй хаяг тодорхойгүй байна гэж нэхэмжлэлийг буцаасан. Мөн шүүхэд хандаж И.Б-У-ыг эрэн сурвалжлуулахад Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт түр оршин сууж байна гэдгийг тогтоолгож Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад И.Б-У нь би одоо албан ёсны хаяг Говь-Алтай аймаг дахь хаяган дээрээ амьдарч байгаа гэж хэлээд дахин нэхэмжлэлийг буцаасан байдаг. И.Б-У гэгч энэ эмэгтэй хаягаа байнга худал хэлж, сольж хуулийн байгууллагуудаар тоглож, бидний эрх ашгийг хөндөж, зардал чирэгдэл болж хохироож байгаад гомдолтой байна. Иймд хуулийн дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-1/.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд байх хөгжил хорооллын 4-3 тоот 1 өрөө байрыг 22.000.000 төгрөгөөр худалдахаар тохирон гэрээ хийгдсэн ба 15.000.000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 7.000.00 төгрөгийг удахгүй өгч байрны ордероо авахаар мөн үлдэгдэл мөнгөө өгч дуустал байрны лизинг сар бүр 187.122 төгрөг төлдөг, тэрийг А.Х, Д.З нар төлж явахаар тохирон байрандаа оруулсан. Уг тохиролцооноос хойш 2019 оны 1 болон 2 дугаар саруудад зээлийн төлбөрийг А.Х, Д.З нар төлсөн ба 3 дугаар сараас төлөөгүй сургаггүй болсон тул И.Б-У өөрөө төлж явсан.

Нэхэмжлэлд 2019 оны 08 дугаар сард үлдэгдэл 5 сая төгрөгийг шилжүүлээд байрны ордероо авъя гэхэд мөнгө удаж өглөө гээд нэмж 1.300.000 төгрөг нэхэмжилсэн гэсэн нь ор үндэсгүй юм. И.Б-У тайлбартаа анх тохирсноос хойш байрны лизинг 2 сарынхыг хийгээд сураггүй болсон тул тухайн үед бид өөрсдөө зээлээ хийж явсан ба үлдэгдэл мөнгөө авахдаа энэ талаар ярилцана гэж бодож байсан бөгөөд 9 сарын дараа 8 сарын сүүлчээр Д гэх хүн гарч ирээд байрны ордер авна гэж дарамтлахаар нь үлдэгдэл төлбөрөө хийхээр нь өгнө гэхэд 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг байрны зээлийн төлбөрийг манайх төлж явсан. Тиймээс энэ мөнгөө төлөөд ав гэхэд Д ойлгохгүй шүүхэд өгнө гэж байсан. Сүүлдээ тэд өгөх мөнгө алга, байраа ав, мөнгөө авъя гэсэн. Тухайн мөнгийг А.Х, Д нар салсан тусдаа амьдардаг бөгөөд над руу шилжүүл хэмээн хоорондоо өрсөлдөн над руу давшлах болсон. Энэ үед байранд амьдраад 11 сар болсон байсан тул 20.000.000 төгрөгөөс ярьж тохиролцсоноороо 9 сарын зээлийн төлбөр 1.684.094 төгрөг, мөн 11 сар байранд амьдарсан түрээсийн төлбөрт сар бүр 120.000 төгрөгөөр бодож 1.320.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 17.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.

Анх байрыг маань худалдан авна гэж гэрээ хийж орчихоод 11 сар амьдарчихаад одоо буцаагаад мөнгөө бүрэн авна гэдэг маань зээлийн асуудал болон байранд маань үнэгүй амьдрах гэсэн шударга бус явдал гэж үзэж байна. Мөн 3.000.000 төгрөг зээлээд алга болсон гэж цагдаагийн байгууллагад худлаа гомдол гаргаж Улбаанбаатар хотод суурьшин амьдарч байгааг минь мэдсээр байж бидэнтэй байнга холбоотой байсан хэрнээ хүнийг байхгүй мэтээр эрэн сурвалжилуулж хүний нэр төрийг гутаан, төрийн байгууллагыг хуурч мэхэлсэн явдалд гайхширч байна. Улаанбаатар хотод шүүхийн ажиллагаа эхлээд дундаа явж байтал Хандхүү нь өөрөө нотлох баримт дутуу гэдгээр нэхэмжлэлээ буцаасан байсан. Түүний дараа би аймагт буцаж ирсэн. Ирсэн шалтгаан нь Х авсан байраа жил амьдраад буцаасан тул түрээслэх ч боломжгүй болсон байсан. Ингээд бид ашиглаагүй хэрнээ зээлийн төлөлт хийсээр байсан. Энэ нь хот хөдөө 2 байранд зээл төлөх хүнд байсны эцэст хотын байраа зараад аймаг дахь байрандаа буцаж ирж амьдрахаас өөр аргагүй болсон. Х нь хийсэн гэрээ хэлцлийнхээ дагуу байсан бол манайд энэ их асуудал чиргдэл учрахгүй байсан.

Аймагт буцаж ирсэн байхад асууж сураглахгүйгээр хотод дахин нэхэмжлэлээ өгчихөөд хаягаа буруулсан гэж хүн гүтгэж байгаад харамсаж байна. Сонгины шүүхээс намайг амьдарч байсан хаягаар хайгаад над руу ярихад тэр хаяг дээр амьдрахгүй байгаа нь үнэн бөгөөд аймагт ирсэн тухай үнэнээ хэлэхэд нэхэмжлэлийг нь буцаасан байсан. Мөн байраа зараад Улаанбаатар хот руу нүүж очиж байр худалдан авч тухайн хаяг дээр амьдарч байсан маань үнэн болно. Тиймдээ Улаанбаатар хотын Сонгины шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж байсан юм. Худал хэлж хаягаа буруулсан зүйл надад огт байхгүй. Харин ч хотод өмгөөлөгч авч ажиллаж байсан учир одоо аймагт ажлаа эхлүүлэхэд бидэнд зардал чирэгдэл ир гарч байна. Авахгүй байрныхаа төлөө биднээр тоглож бидэнд асар их хохирол чирэгдэл учруулчихаад дээр нь ингэж олон газар шүүх цагдаа болж байгаа нь бидэнд зардал чирэгдэл их гарч байгаад гомдолтой байна гэжээ.

Дээрх шалтгаан нөхцлүүдийн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул эвийн журмаар ойлголцож, эвлэрэх боломжгүй бол анх тохиролцсоноор Төрийн банкинд сар бүр 187.122 төлж байхаар ярилцсан болон тухайн байранд 11 сар амьдарсан төлбөрийг зах зээлийн ханшаар тогтоолгон түрээсийн төлбөр нэмж гаргуулах болон бусдын нэр төр, алдан хүндэд халдаж төрийн байгууллагад худлаа гомдол гаргасан талаар сөрөг нэхэмжлэл гаргахаар шийдэж байна гэжээ /хх-36-37/.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.З, Д.Д, А.Хнар хариуцагчаар иргэн И.Б-У татаж, түүнд холбогдуулан 2018-12-20-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнийн дагуу шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл төлбөрт 3.000.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1/.

Нэхэмжлэгч Д.З-г төлөөлөн нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-04-27-ны өдрийн итгэмжлэлээр нэг жилийн хугацаатай /хх-3-4/,

нэхэмжлэгч Д.Д-г төлөөлөн нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-04-20-ны өдрийн итгэмжлэлээр гурван сарын хугацаатай /хх-6/, 2020-07-07-ны өдрийн итгэмжлэлээр арван хоёр сарын хугацаатай /хх-31-32/, 2020-08-13-ны өдрийн итгэмжлэлээр нэг жилийн хугацаатай /хх-54-555/ тус тус нэхэмжлэгч А.Х-д олгосон байна.

Хариуцагч И.Б-У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-07-16-ны өдрийн итгэмжлэлээр С.Б-д нэг жилийн хугацаатай олгосон байна /хх-34-35/.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзэхэд 2018-12-20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд оролцогч тал нь байр худалдагч И.Б-У, байр худалдан авагч нь А.Х, Д.З гээд гэрээний зүйлийг хөгжил хороололд байрлах 4-3 тоот 32 м.кв 1 өрөө байрыг 22 сая төгрөгийн үнэтэй, бэлэн 15.000.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 7.000.000 төгрөгийг цувуулан төлөх нөхцөлтэйгээр зээлээр авч, өгөлцөхөөр тохиролцож талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурав гэжээ /хх-9/.

Мөн гэрээний төгсгөл хэсэгт өөр өнгийн балаар, өөр бичвэрээр нийт байрны 22 сая төгрөгнөөс тавилгыг 2 сая төгрөг хасагдсан болно, мөлхөө, гал тогооны шкаф, хувцасны шкаф, зэрэг нь буцааж аваад явсан болно гэх бичвэрийг нэхэмжлэгч А.Х хийсэн талаар шүүх хуралдаанд тайлбарласан /хх-9/.

Дээрх худалдах, худалдан авах гэрээг гараар бичиж гэрээнд оролцогч талууд гарын үсэг зурсан байх тул зохигчийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэж, худалдан авагч тал 20.000.000 төгрөгийг худалдагчид төлж, худалдагчийн худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Маргааны зүйл нь хариуцагчаас нэхэмжлэгч талд худалдсан үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж,

хуулийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээр заасан байх тул зохигчийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэг нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-д заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзэх бөгөөд хуулийн 42 дугаар зүйлийн 10-т бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж заасан тул нэхэмжлэгч нар байр худалдан авахаар шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 3.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор хуульчилсан.

Хариуцагч тал гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нараас авсан, байраа буцаан авч 17.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлсэн үйл баримтад маргаагүй боловч шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг цувуулж төлөх, сар бүр байрны ипотекийн зээлийг төлөхөөр тохирсон, 11 сар байранд амьдарсан тул түрээсийн төлбөр тооцон хасагдаж байгаа гэх татгалзсан тайлбарыг гаргасан.

Гэтэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн талаарх үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч худалдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг нэхэмжлэгч нарт бүрэн өгсөн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй, бичгээр байгуулсан гэрээнд маргааны зүйл болсон орон сууц ипотекийн эсхүл банкны барьцаанд байгаа талаар огт дурдаагүй, 15.000.000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 7.000.000 төгрөгийг цувуулан төлөх нөхцөлтэй гэж заасан ба цувуулан төлөх хугацааг тодорхойлон заагаагүй байна.

Хариуцагчийн татгалзалын үндэслэл болох 7.000.000 төгрөгийг цувуулан төлөхдөө тухайн байрны банкны зээлийг төлөх үүргийг нэхэмжлэгч нар хүлээсэн, худалдах, худалдан авах гэрээний дийлэнх хэсгийг биелүүлсэн байхад түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцоо хийгдсэн бол нэхэмжлэгч нар байрны гэрчилгээг шилжүүлж өгөөгүй маргаан гарснаар И.Б-У хүсэлтээр байрыг чөлөөлж өгсний дараа 17.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д-ын дансанд шилжүүлсэн тул үлдэгдэл 3.000.000 төгрөгийг гаргуулна гэж шаардлага гаргасан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд хариуцагч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шинээр гаргасан нотлох баримт нь 2015-12-11-ний өдрийн Төрийн банкны Говь-Алтай салбар, И.Б-У, М.Б нарын хооронд байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, зээлийн хэмжээ нь 22.400.000 төгрөг /хх-59-66/,

2015-12-11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл нь хувийн сууцны зориулалттай, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын төвд, Баянхайрхан баг, Хөгжил хороолол 4-р гудамж, 3-р байрны 6 тоот гэж тусгагдсан /хх-67-69/ байх бөгөөд талуудын хооронд 2018-12-20-нд бичгээр байгуулсан гэрээнд худалдсан байрыг Хөгжил хороолол 4-3 тоот гэж тодорхойлсон байна.

Тиймээс нэхэмжлэгч нарт худалдсан 4-3 тоотын байр нь банкны эсхүл ипотекийн зээлийн барьцаанд байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй тул худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт банкны зээл төлөхөөр, гэрээ цуцлагдсан тохиолдолд өгсөн авснаа харилцан буцаахдаа түрээсийн төлбөр төлөхөөр тохирсон гэх хариуцагчийн татгалзлын үндэслэл нотлогдон тогтоогдохгүй байна.

Харин хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020-04-14-ний өдрийн 184/ШЗ2020/05146 дугаар захирамжаар нэхэмжлэгч А.Х, Д.З нарын хариуцагч И.Б-У холбогдуулан гаргасан 3.000.000 гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээ нэхэмжлэгч татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг /13-16/,

мөн шүүхийн шүүгчийн 2020-05-28-ны өдрийн 184/ШЗ2020/07288 дугаар захирамжаар Д.Д, Д.З нарын нэхэмжлэлтэй, хариуцагч И.Б-У холбогдуулан 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-17-19/ болохыг дурдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч А.Хандхүү өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг бичгээр гаргасан болохыг дурдав /хх-78/.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч А.Х-с 2020-06-23-ны өдөр төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Б-У 62.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан 22018-12-20-ны өдөр И.Б-У, А.Х, Д.З нарын хооронд байгуулсан худалдах, худалдан гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч И.Б-У-аас 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.З/, Д.Д, А.Х нарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Б-У 62.950 /жаран хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Х-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ