Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01032

 

Д.З, Д.Д, А.Х нарын

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 133/ШШ2020/00581 дүгээр шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 215/МА2020/00033 дугаар магадлалтай,

Д.З, Д.Д, А.Х нарын нэхэмжлэлтэй,

И.Бад холбогдох,

3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батнасангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч А.Анхбаяр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.З, Д.Д, А.Х нар нь хариуцагч И.Бад холбогдуулан 2018.12.20-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 133/ШШ2020/00581 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан 22018.12.20-ны өдөр И.Б, А.Х, Д.З нарын хооронд байгуулсан “худалдах, худалдан гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч И.Б /ДБ82022201/-аас 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.З /ДМ88033113/, Д.Д /ДМ54111814/, А.Х /ДМ63091302/ нарт олгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Баас 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Хд олгож шийдвэрлэжээ.

3.Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 215/МА2020/00033 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 133/ШШ2020/00581 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “худалдах, худалдан гэрээ” гэснийг “худалдах, худалдан авах гэрээ” гэж өөрчилж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батнасан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах тухай.

4.1.Д.З, Д.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х нь И.Бад холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба 2020.08.19-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон бөгөөд шүүхийн шийдвэр нь хариуцагчийн хохироосон шийдвэр гаргасан юм. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн байна. Тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх ба хэт нэг талын эрх ашигт тулгуурласан шударга бус хууль зөрчсөн магадлал гарсан байна. Учир нь гэвэл зөвхөн нэхэмжлэгч нарын тайлбарыг үндэслэн, хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй гэсэн шийдвэр гаргаж шийдсэн байна.

4.2.Нэхэмжлэгч Д.З нь анх ипотекийн зээлийн төлбөрийг сар сард нь хийж явахаар хэлэлцэн тохирсноор И.Бын нөхөр М.Батдэлгэрийн дансанд 2019.01.02-ны өдөр 187,000 төгрөг шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Х нь уг мөнгийг шилжүүлснийг хүлээн зөвшөөрч байхад шүүгч А.Хгийн “уг байрыг анхнаасаа банкны барьцаанд байгааг мэдээгүй” гэх үгээр “худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн талаарх үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй” гэж дүгнэсэн нь илт хууль зөрчиж байна. Мэдээгүй байсан бол А.Х нь мөнгө шилжүүлэхгүй байх байсан.

4.3.А.Хгийн мэдүүлж буй зүйлс нь худал буюу Хаан банкны дансны хуулга болох нотлох баримтыг эх хувиар нь өгсөөр байтал нотлох баримтаар үнэлээгүй, өөрөөр хэлбэл хоёр тал хоёулаа хүсэл зоригоо илэрхийлж бичгээр гэрээ байгуулсан буюу тухайн байрыг худалдахаар зохигчид нотариат орсон байдаг ба банкны зээлтэй байрыг шууд шилжүүлж болохгүй талаар нотариат тайлбарлахад тэгвэл өөрсдөө бичгээр гэрээ хийе гэх саналыг А.Х гаргасан байдаг. 22,000,000 төгрөгийг бүрэн өгсөн тохиолдолд банкны төлбөрийг барагдуулаад, бичиг баримтыг нь өөрсдийнх нь нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байтал үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөөгүй учраас байр шилжих боломжгүй. Шүүгчийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2 шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Гэсэн шаардлагад нийцээгүй байна.

4.4.Түүнчлэн Иргэний хуулийн 248-р зүйлийн 248.2 худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно. Гэж заасны дагуу байр худалдан авах тохиролцсон дагуу урьдчилгаа мөнгө нэхэмжлэгч тал хариуцагч руу шилжүүлсэн баримт нь байна. Энэ өөрөө тодорхой үйлдэл хийсэн гэж үзэхээр байна. Худалдан авагч тал мөнгөө бүрэн төлж байж гэрчилгээ нь шилжих хуулийн заалттай, гэтэл шүүхээс үнийн дүнг төлөөгүй байсаар байтал нэр шилжүүлэх ёстой гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч тал хариуцагчийн байранд 11 сар амьдарсан, энэ хугацаанд хариуцагч тал байр түрээсэлж амьдарч байсан өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал 11 сар амьдарсныхаа түрээс гэж хариуцагчид зах зээлийн үнэлгээгээр тооцож олгох ёстой байтал энэ талаар шүүх юу ч дурдаагүй байгаа нь хууль зөрчсөн илт хууль бус шийдвэр гаргасан байна.

Иймд дээрх магадлал нь хуульд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

6.Нэхэмжлэгч Д.З, Д.Д, Хандхүү нар нь хариуцагч И.Бад холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “2018.12.20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд байх Хөгжил хорооллын 4-3 тоот 1 өрөө байрыг тавилгын хамт 22,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан, дараа нь тавилгаа өөрөө авснаар 20,000,000 төгрөг төлөхөөр болж, эхлээд 15,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 5,000,000 төгрөгийг 9 сарын дараа төлсөн хэдий ч нэмж мөнгө шаардсаны улмаас наймаагаа буцахаар болж 17,000,000 төгрөгөө авсан, үлдэх мөнгийг өгөхгүй байгаа тул гаргуулна” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...15,000,000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 5,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн боловч хугацаагаа хэтрүүлсэн, энэ мөнгөө өгөх хүртэл орон сууц барьцаалсан зээлийн сар бүр төлөх 187,122 төгрөгийг төлөхөөр тохиролцоод төлөөгүй, иймээс гэрээнээс татгалзаж, 20,000,000 төгрөгөөс тохиролцсоноороо 9 сарын зээлийн төлбөрт 1,684,094 төгрөг, мөн 11 сар байранд амьдарсан түрээсийн төлбөрт сар бүр 120,000 төгрөгөөр бодож 1,320,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг суутгаад 17,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн” гэж маргасан байна.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан боловч уг гэрээг нотариатчаар гэрчлүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүйгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус, иймээс хэлцлээр шилжүүлсэн эд зүйлийг талууд харилцан буцаах үр дагавар үүснэ, хариуцагч 17,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, үлдэх 3,000,000 төгрөгийг суутган авсан нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн байна.

Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг зөв гэж үзсэн, харин шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулжээ.

8.Зохигч орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээг бичгээр байгуулсан, хариуцагч нь төлбөрийг хэсэгчлэн төлсөн боловч зохигчийн хооронд маргаан үүссэнээс гэрээг хэрэгжүүлэхээс татгалзсан нь тогтоогдсон байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл нь орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичгийг шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатчаар гэрчлүүлэхийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан байна.

Түүнчлэн нотариатчаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ гэж, хуульд зааснаар нотариатчаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү гэрчлүүлсэн бол хэлцлийг бичгээр хийсэн гэж үзэхийг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 43 дугаар зүйлийн 43.2.3-т тус тус заажээ.

Иймээс зохигч гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй буюу хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэн, хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийг харилцан буцаах үр дагаврыг шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй ба хариуцагч нар орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн талаар зохигч маргаагүй тул үнэд төлсөн 20,000,000 төгрөгөөс үлдэх хэсэг 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгохдоо шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг зөрчөөгүй гэж үзэв.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо, “Д.З ипотекийн зээлийн төлбөрийг сар бүр төлөхөөр тохиролцсон, энэ нь түүний эх А.Хандмаагийн манай нөхөр М.Батдэлгэрийн дансанд мөнгө шилжүүлж байснаар нотлогдохыг шүүх анхаараагүй, 11 сар амьдарсан хугацааны төлбөрийг гаргуулаагүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч нарын хэлцлээр шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг буцаан төлөхгүй гэсэн татгалзлаа нэхэмжлэгч нар нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй үедээ хариуцагчийн сар бүр банкинд төлөх 187,122 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн, энэ үүрэгт 9 сарын зээлийн төлбөрт 1,684,094 төгрөг, орон сууцанд 11 сар амьдарсан тул сарын 120,000 төгрөгөөр бодож нийт 1,320,000 төгрөгийг тус тус суутгасан гэсэн.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчид сар бүр 187,122 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчээс үүргээ биелүүлэхийг шаардах эрх үүсэх ба ийм нөхцөлд хоёр этгээдийн ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгох боломжтойг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасан байна.

Гэвч нэхэмжлэгч нар хариуцагчийн зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. А.Хгээс М.Батдэлгэрийн дансанд 1 удаа 187,112 төгрөг шилжүүлсэн тухай банкны гүйлгээний мэдээллийг хариуцагч гаргаж өгсөн боловч энэхүү дансны гүйлгээ талуудын хооронд хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж мөнгө төлөх үүрэг хүлээж гэрээ байгуулагдсаныг нотлохгүй юм.

Мөн 11 сарын түрээсийн төлбөр гэж суутгасан нь нэхэмжлэгч нараас хохирол шаардсан агуулгатай байх хэдий ч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, үндэслэлээ нотлоогүй байна, иймээс гэрээний үнэд төлсөн 3,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч нарт буцаан төлөөгүй нь буруу гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх зохигч маргаагүй атал “орон сууц нь банкны барьцаанд байсныг нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй, худалдагч буюу хариуцагч гэрээний дагуу үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй” гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болсныг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 215/МА2020/00033 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч И.Б /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батнасан/-ын 2020.11.04-ний өдөр 62,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД