Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 215/МА2020/00033

 

Д.З, Д.Д нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 133/ШШ2020/00581 дугаар шийдвэртэй,

Д.З, Д.Д нарын нэхэмжлэлтэй, И.Б-д холбогдох, 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагч И.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Х миний бие хүү Д.З, нөхөр Д.Д нартай ярилцаж байгаад хүү бид хоёр И.Б-аас 2018 оны 12 дугаар сард Хөгжил хороололд байрлах 4-3 тоотод орших 32 мкв байрыг худалдаж авахаар болсон. Тус байрыг тавилгын хамт 22.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож бичгээр цаасан дээр гэрээ хийсэн байдаг. Эхлээд 15.000.000 төгрөгийг бэлнээр 2018 оны 12 дугаар сарын 20-нд өгч, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг цувуулан төлснөөр ордераа шилжүүлж авахаар харилцан тохиролцсон. Анх тавилгын хамт авахаар тохиролцсон боловч И.Б нь тавилгаа буцаан авч, 2.000.000 төгрөгийг хасаж 20.000.000 төгрөгөөр өгч авахаар болсон. Тэгээд 2019 оны 08 сард байрны үнийн үлдэгдэл 5.000.000 төгрөгийг манай нөхөр Д.Д дансаараа И.Б руу шилжүүлж ордераа шилжүүлж авья гэтэл үлдэгдэл мөнгөө удаж өглөө 1.300.000 төгрөг нэмж өг тэгвэл ордерийг өгье гэсэн. Тэр үед мөнгөний боломж байхгүй байсан тул наймаа буцахаар болж байр суллаж өг гэсний дагуу байрыг нь суллаж өгсөн. Байр сулласны дараа байрны үнэ гэж авсан 20.000.000 төгрөгийг манай нөхөр Д-ын данс руу шилжүүлэхдээ 5.000.000 төгрөг, 12.000.000 төгрөгийг цувуулж хийсэн. Бидний байрны үнэнд өгсөн 20.000.000 төгрөгнөөс 3.000.000 төгрөгийг дутуу шилжүүлсэн байх тул И.Б-аас 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд байх хөгжил хорооллын 4-3 тоот 1 өрөө байрыг 22.000.000 төгрөгөөр худалдахаар тохирон гэрээ хийгдсэн ба 15.000.000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 7.000.000 төгрөгийг удахгүй өгч байрны ордероо авахаар мөн үлдэгдэл мөнгөө өгч дуустал байрны лизинг сар бүр 187.122 төгрөг төлдөг, түүнийг А.Х, Д.З нар төлж явахаар тохирон байрандаа оруулсан. Уг тохиролцооноос хойш 2019 оны 1 болон 2 дугаар саруудад зээлийн төлбөрийг А.Х, Д.З нар төлсөн ба 3 дугаар сараас төлөөгүй сураггүй болсон тул И.Б өөрөө төлж явсан.

 

Нэхэмжлэлд 2019 оны 08 дугаар сард үлдэгдэл 5 сая төгрөгийг шилжүүлээд байрны ордероо авъя гэхэд мөнгө удаж өглөө гээд нэмж 1.300.000 төгрөг нэхэмжилсэн гэсэн нь ор үндэсгүй юм. И.Б тайлбартаа анх тохирсноос хойш байрны лизинг 2 сарынхыг хийгээд сураггүй болсон тул тухайн үед бид өөрсдөө зээлээ хийж явсан ба үлдэгдэл мөнгөө авахдаа энэ талаар ярилцана гэж бодож байсан бөгөөд 9 сарын дараа 8 сарын сүүлчээр Д.Д гэх хүн гарч ирээд байрны ордер авна гэж дарамтлахаар нь үлдэгдэл төлбөрөө хийхээр нь өгнө гэхэд 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг байрны зээлийн төлбөрийг манайх төлж явсан. Тиймээс энэ мөнгөө төлөөд ав гэхэд Д.Д ойлгохгүй шүүхэд өгнө гэж байсан. Сүүлдээ тэд өгөх мөнгө алга, байраа ав, мөнгөө авъя гэсэн. Тухайн мөнгийг А.Х, Д.Д нар салсан тусдаа амьдардаг бөгөөд над руу шилжүүл хэмээн хоорондоо өрсөлдөн над руу давшлах болсон.

Энэ үед байранд амьдраад 11 сар болсон байсан тул 20.000.000 төгрөгөөс ярьж тохиролцсоноороо 9 сарын зээлийн төлбөр 1.684.094 төгрөг, мөн 11 сар байранд амьдарсан түрээсийн төлбөрт сар бүр 120.000 төгрөгөөр бодож 1.320.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 17.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.

Анх байрыг маань худалдан авна гэж гэрээ хийж орчихоод 11 сар амьдарчихаад одоо буцаагаад мөнгөө бүрэн авна гэдэг маань зээлийн асуудал болон байранд маань үнэгүй амьдрах гэсэн шударга бус явдал гэж үзэж байна. А.Х нь хийсэн гэрээ хэлцлийнхээ дагуу байсан бол манайд энэ их асуудал чирэгдэл учрахгүй байсан.

Дээрх шалтгаан нөхцлүүдийн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул эвийн журмаар ойлголцож, эвлэрэх боломжгүй бол анх тохиролцсоноор Төрийн банкинд сар бүр 187.122 төлж байхаар ярилцсан болон тухайн байранд 11 сар амьдарсан төлбөрийг зах зээлийн ханшаар тогтоолгон түрээсийн төлбөр нэмж гаргуулах болон бусдын нэр төр, алдар хүндэд халдаж төрийн байгууллагад худлаа гомдол гаргасан талаар сөрөг нэхэмжлэл гаргахаар шийдэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан 22018-12-20-ны өдөр И.Б, А.Х, Д.З нарын хооронд байгуулсан худалдах, худалдан гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч З овогт И.Б /ДБ82022201/-аас 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х овогт Д. З /ДМ88033113/, Х овогт Д. Д /ДМ54111814/, Б овогт А.Х /ДМ63091302/ нарт олгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Б-аас 62.950 /жаран хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Х-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.З, Д.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х нь И.Б-д холбогдуулан 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон бөгөөд шүүхийн шийдвэр нь хэт нэг талын эрх ашигт тулгуурласан шударга бус гарсанд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Д.З нь анх ипотекийн зээлийн төлбөрийг сар сард нь хийж явахаар хэлэлцэн тохирсоноор И.Б-ын нөхөр М.Б-ийн дансанд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 187.000 төгрөг шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х нь уг мөнгийг шилжүүлсэнийг хүлээн зөвшөөрч байхад шүүгч А.Х-гийн уг байрыг анхнаасаа банкны барьцаанд байгааг мэдээгүй гэх үгээр худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн талаарх үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь гайхалтай.

Шүүгч түүнийг тогтоолгүйгээр яаравчлан буюу шүүх хуралдаанаас өмнө өөрийн дүгнэлтээ гаргасан хэмээн хардаж байна.

Дээрхээс үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд хэмээн И.Б-ыг тодорхойлон, бусдад хохирол учруулсан хэмээн дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 3.000.000 төгрөг гаргуулах тухай хэмээн тодорхойлсон байтал шүүгч шийдвэртээ худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үлдэгдэл төлбөр 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэмээн тодорхойлжээ. Шүүгч хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдэх байтал шаардлагаас халин, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд хэмээн И.Б-ыг тодорхойлон, бусдад хохирол учруулсан хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь шүүгч хэт нэг талын эрх ашигт тулгуурласан шударга бус шийдвэр гаргасан гэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаан эхлэх цагаас хариуцагч талыг зандрах, уцаарлах, нэхэмжлэгч талаас асуух асуултдаа өөрийн дүгнэлтээ хэлэх хөтөлж асуух зэргээр ёс зүйн зөрчил гаргаж байсан болно. Уг шийдвэр нь шударга ёсны зарчимд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага 3.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч хуульд нийцүүлэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.З, Д.Д нар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнийн дагуу шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 3.000.000 төгрөгийг И.Б-аас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч И.Б уг байранд нэхэмжлэгчид 11 сар амьдарсан тул 20.000.000 төгрөгөөс ярьж тохиролцсоноор /2 сарын зээлийн төлбөрийг төлсөн тул/, 9 сарын зээлийн төлбөр /9x187122=1.684.094 төгрөг/, түрээсийн төлбөр /9x120.000=1.320.000 төгрөг/, нийт 3.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 17.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заажээ.

 

Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заажээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэдэг нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-д заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзэх бөгөөд хуулийн 42 дугаар зүйлийн 10-т бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж заасан тул нэхэмжлэгч нар байр худалдан авахаар шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 3.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хэлцлийн хүчин төгөлдөр бус байдал нь үүссэн үр дагаврыг арилгуулахыг шаардах эрх үүсгэнэ гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад худалдах, худалдан гэрээ гэж бичсэн үгийн алдааг зөвтгөх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 133/ШШ2020/00581 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын худалдах, худалдан гэрээ гэснийг худалдах, худалдан авах гэрээ гэж өөрчилж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.Ж

 

ШҮҮГЧИД                          Ч.Э

 

                                           Ш.Б