Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 277

 

 

 “Н” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/03633 дугаар шийдвэртэй, “Н” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ц-д холбогдох зээлийн болон барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24 270 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ц- нь гэрээний дагуу илүү төлсөн 8 711 000 төгрөг, барьцааны эд зүйлсийг “Н” ХХК--иас гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин, хариуцагч Д.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Н” ХХК- нь Д.Ц-тэй 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 46 тоот “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-ний дагуу 9 809 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, мөн оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 8 тоот “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-ний дагуу 5 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 6127 тоот “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-ний дагуу 4 400 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлсэн.

Хариуцагч Д.Ц- дээрх 3 зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгээгүй. 8 тоот гэрээний барьцаа хөрөнгө нэхэмжлэгч компанид одоо хүртэл хадгалагдаж байна. Харин 46, 6127 тоот гэрээнүүд ямар нэгэн барьцаа хөрөнгө байхгүй. Д.Ц- нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчийг ихээхэн хохироож байгаа тул барьцаа хөрөнгөгүй 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар гаргуулна.

46 тоот гэрээний төлбөрт 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл үндсэн төлбөрөөс 809 000 төгрөг, хүүгийн төлбөрт 540 000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 9 000 000 төгрөгийг төлж барагдуулалгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 4 500 000 төгрөгийн алдангийг тооцвол нийт 13 500 000 төгрөгийн хохирол учруулсан. Тус гэрээний үүргийг гүйцэтгэх талаар Д.Ц-д нэхэмжлэгч компанийн ажилтан байнга утсаар мэдэгдэж байсан бөгөөд тэрээр манай компанитай зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг, одоогоор үйл ажиллагаа нь зогсонги байгаа учир түр хугацаа өгөөч гэж гуйж өнөөдрийг хүрсэн.

6127 тоот гэрээний төлбөрт 2017 оны 1 сар хүртэл үндсэн зээлээс нийт 2 600 000 төгрөг, хүүгийн төлбөрт 264 000 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 1 800 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Гэрээгээр тохирсноор 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 949 хоногийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 900 000 төгрөгийн алданги тооцоход нийт 2 700 000 төгрөг болно. Дээрх гэрээтэй холбоотой төлөлт хийхдээ ажилтан Г.О-гаас барьцаа хөрөнгүүдээ гуйж авсан. 46 тоот гэрээний гүйцэтгэвэл зохих үүрэг 13 500 000 төгрөг, 6127 тоот гэрээний 2 700 000 төгрөг, нийт 16 200 000 төгрөгийг хариуцагч Д.Ц-гээс гаргуулна

Харин 8 тоот зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэл гаргахад шаардаагүй боловч уг гэрээний үүргийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. 2015 оны 11 дүгээр сар хүртэл үндсэн төлбөрт 120 000 төгрөг, хүүд 385 000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн бөгөөд үндсэн зээл 5 380 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Гэрээ болон хуульд зааснаар алданги тооцон, гүйцэтгээгүй үүргийн 50 хувьд дүйцүүлэн 2 690 000 төгрөгийн алданги, нийт 8 070 000 төгрөгийг үндсэн нэхэмжлэл 16 200 000 төгрөг дээр нэмж, нийт 24 270 000 төгрөгийг хариуцагч Д.Ц-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие барьцаат зээлийн гэрээний журамтай танилцаж, сард 8 хувь, хоногийн 0,3 хувь, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 7 дахь өдрөөс эхлэн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж байгууллагыг хохиролгүй болгоно гэж заасныг зөвшөөрч гарын үсэг зурж гэрээг байгуулсан.

9 809 000 төгрөгийн зээлийн хувьд 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 809 000 төгрөг үндсэн зээлээс, 540 000 төгрөгийг хүүд төлсөн. Мөн 3, 4, 5 дугаар сарын 12-ны өдөр 540 000 төгрөгийг тус тус төлсөн. Үлдэгдэл 7 380 000 төгрөгт барьцаа хөрөнгө хангалттай учраас 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл барьцаа хөрөнгийг худалдан борлуулахыг зөвшөөрсөн. Уг зээлийн гэрээ хэрэгжих хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон тул үүргийн гүйцэтгэл шаардаж байгааг зөвшөөрөхгүй.

Дараагийн зээлийн хувьд 4 400 000 төгрөг зээлж, барьцаанд монетан бөгж 3 ширхэг, алтан бөгж 2 ширхэг, монетан ээмэг, гинж, кулон зэргийг тавьсан. 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл үндсэн зээлээ төлж дууссан тул барьцаа хөрөнгөө авахыг хүсэхэд “Н” ХХК--ийн ажилтан Г.О-, н.Бямбаа нар нь барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй байна гээд 2 500 000 төгрөг, зээлийн хүүд 280 000 төгрөгийг төлөөрэй гэсэн учир 2 264 000 төгрөгийг төлж, монетан ээмэг, гинж, кулоныг буцаан авсан. Энэ зээлийн төлбөр нь нийт 2 000 000 төгрөг үлдсэн. Миний бие нийт 8 000 000 төгрөг төлж, зээлийн барьцаанд дүүгийн 2 ширхэг алтан бөгжийг үлдсэн.

3 дахь зээлийн тухайд 5 500 000 төгрөгийг зээлж авсан. Сар бүр 385 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлсөн. Миний тооцоогоор 6 160 000 төгрөгийг төлж, илүү 285 000 төгрөг төлж энэ зээлийг дуусгасан.

“Н” ХХК--тай байгуулсан 3 удаагийн зээлийн төлбөрийг төлж дуусгасан учир  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тус компаниас барьцаанд байгаа алтан бөгж 3 ширхэг, монетан бөгж 5 ширхэг, гинж 1 ширхэг, хос ээмэг зэрэг өөрийн хөрөнгө болон илүү төлсөн мөнгөө буцаан авах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Д.Ц- сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Н” ХХК--иас 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 5 500 000 төгрөгийг үнэт эдлэлээ тавьж зээл авч төлсөөр 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сард 385 000 төгрөг төлж, нийт 16 сарын дотор 6 160 000 төгрөг буюу үндсэн зээл 5 500 000 төгрөг, хүү 385 000 төгрөгийг хасахад 275 000 төгрөг илүү төлсөн байна.

2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр үнэт зүйлсээ барьцаалан 4 400 000 төгрөгийн зээл авч сар бүр 264 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл нийт 23 сарын хугацаанд 5 972 000 төгрөгийг төлсөн байна. Мөн өдөр монетан ээмэг, бөгж, гинжээ авахад 2 600 000 төгрөг, хүүд 264 000 төгрөг төлж нийт 8 936 000 төгрөг өгсөн байна. Үүнээс үндсэн зээл 4 400 000 төгрөг, хүү 264 000 төгрөг хасахад 4 536 000 төгрөгийг илүү төлжээ. Мөн барьцаанд байгаа үнэт зүйлсээ авмаар байна. “Н” ХХК--ийн ломбардыг би хохироогоогүй, харин илүү төлөлт хийсэн тул нийт 4 811 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Түүнчлэн, “Н” ХХК--ийн ажилтан н.Бямбасүрэнгийн “Хаан банк” ХХК-ийн 5026943658 дансанд 2 500 000 төгрөгийн төлөлт хийсэн нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/01977 дугаар шийдвэрт Д.Баттулгаас “Н” ХХК--д төлсөн төлбөр биш гэж тогтоогдсон. Харин иргэн Д.Ц- нь “Н” ХХК--ийн зээлийн ажилтанд шилжүүлсэн учир энэ хэрэгт буюу “Н” ХХК--д төлсөн өөрийн төлбөрт тооцуулж гаргуулах хүсэлтэй байна.

“Н” ХХК--ийн зээлийн мэргэжилтэн н.Оюунмаад 500 000 төгрөг, 400 000 төгрөг, 500 000 төгрөгийг бэлнээр төлсөн ба нийт 1 400 000 төгрөг нь зээлийн илүү төлөлт тул шүүхээр тогтоолгож, 3 900 000 төгрөгийг өмнө шаардсан 4 811 000 төгрөг дээр нэмж, нийт 8 711 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 4 818 000 төгрөгт гаргасан анхны сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ямар нэгэн баримтгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Нотлох баримтаар өгсөн зээлийн журналыг түүвэрлэж үзэхэд Д.Ц- өдөрт 10 000-20 000 төгрөгийг төлж байсан. Зээлийг бүтнээр буюу 580 000 төгрөгөөр төлж байгаагүй. Бага мөнгөн дүнгээр сарын турш хийсэн зээлийн эргэн төлөлт ч байдаг.

Нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 3 900 000 төгрөгийн хувьд “Н” ХХК--ийн нэхэмжлэлтэй н.Баттулгад холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэр болон бусад нотлох баримтуудыг өгсөн ба уг шийдвэрт Д.Ц- нь “Н” ХХК--д төлсөн гэж худал тайлбарласан. Г.О-д төлсөн гэх 400 000 төгрөг, 500 000 төгрөгийг өөр зээлийн 10 000 000 төгрөгт холбогдуулж төлсөн. Д.Ц- нь олон зээл авсан, 1 зээл төлөлтийг 4-5 зээлийн үүрэгт хамааруулж тайлбарлаж, санаатай худал мэдүүлэг өгч байна.

 Д.Ц- нь “Н” ХХК--д 8 000 000 гаруй төгрөг илүү төлж, барьцаа хөрөнгө үлдээсэн зүйл байхгүй. 9 809 000 төгрөгийг барьцаагүй зээлсэн. Одоо тус ломбардад 8 тоот гэрээний дагуу алтан бөгж 1 ширхэг, монетан бөгж 2 ширхэг, монетан гинж 2 ширхэг, монетан ээмэг 1 хос байгаа. 2016 оны 12 дугаар сарын 02-ны  өдөр 6127 тоот гэрээний барьцаа хөрөнгийг Г.О-гаас гуйгаад аваад явсан.

Хариуцагч нь 46 тоот зээлийн гэрээний үүрэгт 2 879 780 төгрөг төлсөн. Талууд харилцан тохиролцож 540 000 төгрөгийг 3 удаа буюу 1 620 000 төгрөгийг гэрээг сунгуулахаар хүүд тооцсон. Үлдсэн 1 259 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцох боломжтой.

8 тоот гэрээний хувьд 844 000 төгрөгийг хэсэгчлэн, 2 200 000 төгрөгийг бэлнээр, нийт 3 044 000 төгрөг төлсөн. 264 000 төгрөг хүүд тооцогдоно. Гэрчийн мэдүүлгээр хариуцагч нь нэг өдрийн хүүг бүтнээр төлж байгаагүй, хэсэгчлэн өгдөг байсан нь тогтоогдсон.

Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид алданги нэхэмжлэх эрх байсан боловч хувь хүний нөхцөл байдлыг харгалзаж үзээд алдангийг тооцоогүй. Банкны баримтуудын хувьд Г.О-гаас н.Бямбасүрэнд төлсөн баримтууд гэж дүгнэсэн. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан 8 700 000 төгрөгийг илүү төлсөн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй. 11 төрлийн үнэт зүйлс тус ломбардад байгаа гэдэг нь үндэслэлгүй юм.

Мөн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн. Тухайн үнэт эдлэлийг зах зээлийн ханшаар тооцож тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ц-гээс 9 575 160 /есөн сая таван зуун далан таван мянга нэг зуун жаран/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК--д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 14 694 840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Ц-гийн нэхэмжлэгч “Н” ХХК--иас 8 711 000 төгрөг болон барьцаанд тавьсан 11 ширхэг эд зүйлсийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 385 250 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 239 300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-гээс 168 152 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч компанитай 46 дугаартай зээлийн гэрээ байгуулж 9 809 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 2 ширхэг мөнгөн аяганы ком, 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг алтан гинж, монетан бөгжнүүдийг барьцаалан зээл авсан. Төлбөрийг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр үндсэн зээл 809 000 төгрөг, хүүд 540 000 төгрөг, 3, 4, 5 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус тус 540 000 төгрөг нийт 2 442 380 төгрөг төлсөн.

Нэхэмжлэгч компани татан буугдахад зээлийн мэргэжилтэн н.Мөнгөнзул “ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон тул барьцаанд тавьсан эд зүйлийг ав” гэсэн. Миний бие барьцааны зүйлийг борлуулан төлөх саналтайгаа хэлэхэд зөвшөөрч, зээлийн тооцоог 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дуусгасан. Үүнээс хойш гэрээний хуулийн хугацааг хэтрүүлж буюу 3 жил өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан байна. Энэ талаар удаа дараа тайлбарласан байхад шүүх анхаарч үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэж надаас 11 932 740 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Гэрч Г.О-, н.Мөнгөнзул нарын мэдүүлгийн талаар шүүхийн шийдвэрт дүгнээгүй. Иймд миний бие барьцаанд тавьсан олон тооны эд зүйлээр зээлийн үүргийг гүйцэтгэсэн байхад нэмж төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй.

2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 6127 дугаартай зээлийн гэрээгээр 2 ширхэг алтан бөгж, 3 ширхэг монетан бөгж, ээмэг, гинж зэргийг барьцаалан 4 400 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн. 2016 оны 1 дүгээр сарын байдлаар зээлийн төлбөрт нийт 2 864 000 төгрөг төлсөн. Мөн дээрх зээлийн төлбөрт 2 600 000 төгрөг зээлийн хүүд 264 000 төгрөг төлж, монетан ээмэг, кулон, гинж, бөгжийг авч, үлдсэн эд хөрөнгөө аваагүй. Энэ зээлийн гэрээний дагуу 4 664 000 төгрөг төлөх ёстойгоос 1 024 000 төгрөгийг илүү төлсөн. Шүүх тус гэрээний барьцааны зүйлийг буцаан аваагүй болон гэрээний төлбөрөөс илүү төлөлт хийсэн байгааг анхаараагүйд гомдолтой байна.

2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 8 тоот зээлийн гэрээгээр 1 ширхэг алтан бөгж, 2 ширхэг монетан гинж, 1 хос ээмэг барьцаалан 5 500 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн төлбөрт 600 000 төгрөг төлсөн ба барьцааны зүйлээр 7 845 000 төгрөгийн үлдэгдэл тооцоог хангуулах боломжтой гэж шүүх дүгнэснийг эс зөвшөөрч байна.

Талуудын хооронд байгуулсан 8 тоот гэрээний дагуу 275 000 төгрөг, 6127 тоот гэрээний дагуу 3 922 000 төгрөг, 46 тоот гэрээний дагуу 2 969 000 төгрөг нийт 8 711 000 төгрөгийн илүү төлөлт хийж, барьцаанд тавьсан эд зүйлийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

“Н” ХХК--ийн ажилтан н.Бямбасүрэнгийн өгсөн “Хаан банк” ХХК-ийн 5026963658 тоот дансанд шилжүүлсэн 2 500 000 төгрөгийг зээлийн төлбөрийн тооцоонд оруулаагүй. Нэхэмжлэгч компанийн ажилтан зээлийн мэргэжилтэн н.Оюунмаад бэлнээр өгсөн 500 000 төгрөг, 400 000 төгрөг, 500 000 төгрөг, нийт 1 400 000 төгрөгийг зээлийн тооцоонд оруулаагүй. Мөн 6 дугаар сарын 27-ны өдрийн дагуу 1 000 000 төгрөг нэмэгдэж, нийт 4 900 000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдсон байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Зээлдүүлэгч нэхэмжлэгч компани өмнөх зээлийн төлбөрийн тооцоог тухай бүрд нь дуусгавар болгосон учраас дахин зээл олгосон. Илүү төлбөр төлсөн байгааг шүүх хянан үзэж, зээлийн гэрээ тус бүрийн төлбөл зохих төлбөр, тооцоог гаргаж, барьцааны эд зүйлийн талаарх гомдлыг минь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүйн улмаас маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК- нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан зээлийн болон барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 24 270 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний дагуу илүү төлсөн 8 711 000 төгрөг, барьцааны эд зүйлсийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд харилцан маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Н” ХХК- нь “...2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 46 тоот барьцаалан зээлдүүлэх гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн 9 000 000 төгрөг, хүү 540 000 төгрөг, алданги 4 500 000 төгрөг, нийт 13 940 000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хохиролд 2 700 000 төгрөгийг, дээрх хоёр гэрээнээс учирсан хохиролд 16 640 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байжээ. /хх1-2/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал “...2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 46 тоот барьцаат зээлийн гэрээний үндсэн зээлд 809 000 төгрөг, зээлийн хүүд 540 000 төгрөгийг хариуцагч төлсөн гээд үндсэн зээлийн үлдэгдэл 9 000 000 төгрөг, алданги 4 500 000 төгрөг, нийт 13 500 000 төгрөгийг, 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 6127 тоот барьцаат зээлийн гэрээнээс учирсан хохирол 2 700 000 төгрөг, дээрх хоёр гэрээнээс учирсан хохирол 16 200 000 төгрөг...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилсөн байна. /хх33-34/

 

Мөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндэслэлээ “...2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 8 тоот барьцаалан зээлдүүлэх гэрээний үндсэн төлбөрт 120 000 төгрөг, хүүгийн төлбөрт 385 000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн байх тул үндсэн зээл 5 380 000 төгрөгийг алданги 2 690 000 төгрөгийн хамт нийт 8 070 000 төгрөгийг нэмж, нийт 24 270 000 төгрөг гаргуулна...” гэж тайлбарлажээ. /хх62/

 

Хариуцагч “...зээлийн гэрээний харилцаа нь иргэн болон барьцаалан зээлдүүлэх газрын хооронд үүссэн барьцаат зээлийн гэрээ...” гэж тайлбарлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар маргасан.  

 

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан үүргийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гэрээ тус бүрийн дугаар, огноо, төлөлт бүртгэсэн “хар дэвтэр”-ийг шүүхэд гаргаснаар анхан шатны шүүх уг дэвтрийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж зохицуулсан бөгөөд хариуцагч уг дэвтэрт бичигдсэн төлөлтийн хэмжээнд маргаж байгаа тохиолдолд шүүх тухайн баримттай холбоотой талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг бүрэн хийгээгүй атлаа нэг талын баримтыг шууд үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Мөн 8 тоот барьцаалан зээлдүүлэх гэрээтэй огноо болон зээлийн үнийн дүн, бусад нөхцөл нь адил зээлийн гэрээ хариуцагч Д.Ц-, иргэн П.Б- нарын хооронд байгуулагдсан нь хэрэгт баримтаар авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч тал дээрх 2 гэрээг тусдаа зээлийн харилцаа үүссэн гэж тайлбарладаг бол хариуцагч тухайн гэрээнүүдийг нэг гэрээ бөгөөд нэхэмжлэгч компанийн ажилтан П.Б- “нотариатаар батлуулах шаардлагатай гэсний дагуу хийгдсэн, уг гэрээгээр мөнгө аваагүй” гэж зөрүүтэй тайлбарлаж байгааг шүүх анхаарч тодруулах нь хэргийг үнэн бодитой баримтад тулгуурлан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. /хх7,51/

 

 Түүнчлэн гэрч Г.О-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8 тоот гэрээний төлбөр дууссан эсхүл дуусаагүй, 6127 тоот гэрээний үргэлжлэл гэх байдлаар зөрүүтэй мэдүүлж, тайлбарлаж буй тохиолдолд тухайн үйл баримтын талаар шүүх тодруулах ажиллагааг хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулах боломжтой байжээ.

 

Хэргийн 50 дахь талд авагдсан нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргасан хариуцагч Д.Ц-гийн бичсэн гэх баримт нь огноо засвартай байх бөгөөд талууд уг баримтын талаар маргаж байхад шүүх тодруулах ажиллагааг хийгээгүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, барьцааны зүйлийг хариуцагч буцаан авсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцэхгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргааны зүйлийн талаарх удаа дараагийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд зөрүүтэй байгаа тохиолдолд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг зээлийн гэрээ тус бүрээр тодорхойлон эрх зүйн дүгнэлт хийх, анхан шатны шүүхээс хийвэл зохих ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагч Д.Ц-гийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хэмжээ, барьцааны зүйлийн талаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/03633 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 900 /70 200+93 700/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА