Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2021/00958

 

 


2021 12 09 151/ШШ2021/00958

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Алтантуул, шүүгч Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:А.Б,

Хариуцагч: И.Ш

Гэм хорын хохиролд 16.076.640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хангал, Т.Гүнирвэд, хариуцагч М.”“““““““, И.”“““““““, хариуцагч нарын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюут нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хангал, Т.Гүнирвэд нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.”“““““““ нь 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд өөрийн 35-97 УБД улсын дугаартай, Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлтай явж байх үед И.”“““““““ нь 13 цагийн 00 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг Замын толгой гэх газрын зүүн талын засмалаар Хурд маркийн 05-89 ТӨТ улсын дугаартай мотоциклийг замын баруун гар талын шороон замаар явж байгаад огцом эргэж урдуур дарж орж ирснээр осол гарч А.”“““““““ийн өмчлөлийн машинд хохирол учирсан. И.”“““““““ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан журмуудыг зөрчсөнөөр энэхүү осол гарсан. Мөн хариуцагчийн төрсөн ээж болох М.”“““““““ нь зөрчлийн хэрэг бүртгэл явагдаж байхад Хохирлыг нь бүрэн барагдуулна гэж гарын үсэг зурж амлалт өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл 1 жилийн хугацаанд хохирол огт барагдуулаагүй нэхэмжлэгчийн ёсны эрх ашгийг хөндсөн хэвээр байна. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-т заасны дагуу учирсан хохирлыг барагдуулахыг шаардаж байна. Иймд хариуцагч И.”“““““““, М.”“““““““ нараас гэм хорын хохирол 16.076.640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.”“““““““, И.”“““““““ нар шүүхэд гаргасан тайлбартаа: Замын хэмжилтийг буруу хийж, миний хүү И.”“““““““ыг буруутай гэж тогтоосон. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн нэхэмжлэгч А.”“““““““ нь анхнаасаа бид нартай гэм хорын хохирлын талаар ярилцаагүй, энэ талаар би төлнө гэж хүлээн зөвшөөрсөн бичиг хийж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Д.Занданбал нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өнөөдрийн хавтаст хэргийн талаар иргэний хувиар дүгнэж үзэхэд хариуцагч талаас хохирлыг барагдуулах нь зөв гэж үзлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.”“““““““ нь хариуцагч И.”“““““““, М.”“““““““ нарт холбогдуулан гэм хорын хохирол 16.076.640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч И.”“““““““, М.”“““““““ нар Гэм буруутай гэдгийг тогтоохгүйгээр хэргийг хаасан нь буруу бөгөөд гэм хорын хохиролд хэт өндөр дүнгээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байна.

Хэргийн 92-112 дугаар талд авагдсан И.”“““““““т холбогдох зөрчлийн материалаас үзэхэд 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын зүүн талын замд Тоёота Ланд крузер 200 маркийн, 35-97 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Хурд маркийн, 05-89 ТӨТ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөн зам тээврийн осол гарсан гэх зөрчлийг шалгасан байна.

Ингээд хариуцагч И.”“““““““ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн болон Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж үзээд 20.000 төгрөгөөр торгож, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны тэмдэглэл-ээр хэргийг хаажээ.

Тухайн өдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр насанд хүрээгүй холбогдогч И.”“““““““, түүний хууль ёсны төлөөлөгч М.”“““““““д хэргийг материал танилцуулсан боловч 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр А.”“““““““ийн хохирлын үнэлгээ хийлгэсэн баримтыг авч, түүнд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хэргийн материал танилцуулах үед хохирлоо барагдуулахыг хүссэн байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгасан нь буруу болжээ.

Мөн насанд хүрээгүй холбогдогч И.”“““““““ ...засмал замаар ороод гэр рүүгээ салах гэж байхдаа эсрэг урсгалд машин байхгүй болохоор нь арагшаа харсан. Тэгэхэд ард хар өнгийн Ланд машин нэлээн ойрхон ирсэн байсан. Тэгээд би урагшаа хараад рулээ баруун гар тал руугаа дарсан. Тэгсэн чинь намайг араас ирж мөргөсөн гэж, холбогдогч А.”“““““““ Тэр хүүхэд замын баруун гар талын шороон хөвөөгөөр явж байгаад шууд урдуур дараад ороод ирсэн. Тэгэхээр нь би тормоз гишгээд зүүн тийш руль дарсан. Тэгтэл тэр хүүхэд буцаад баруун тийш дарахад нь би араас нь мөргөсөн гэж тус тус мэдүүлсэн буюу талууд зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Гэвч талууд энэхүү ажиллагаатай холбоотой гомдлыг дээд шатны албан тушаалтан, эрх бүхий байгууллагад гаргаагүй тул хуулийн хүчинтэй болсон байх ба энэ нь зохигч талуудын хэн алины гэм бурууг тогтоосон шийдвэр болохгүй.

Иймд шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтын хэмжээнд дараах дүгнэлтийг хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Үүнд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч нарын өгсөн мэдүүлгээс үзэхэд Тоёота Ланд крузер 200 маркийн, 35-97 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Хурд маркийн, 05-89ТӨТ улсын дугаартай мотоциклийн араас мөргөж зам тээврийн осол гаргасан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч И.”“““““““ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т зааснаар замын хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдлыг биеэр шалгах, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөхдөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах үүргээ, харин нэхэмжлэгч А.”“““““““ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т зааснаар жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасахад буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явах үүргээ тус тус биелүүлээгүйгээс осол болжээ.

Зам тээврийн осолд холбогдсон Тоёота Ланд крузер 200 маркийн, 35-97 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчээр нэхэмжлэгч А.”“““““““ бүртгэлтэй бөгөөд хожим улсын уүртгэлийн дугаарыг 58-58 УНИ болгон өөрчилсөн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-53/

Шүүх тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, ....эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг, эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан тул хариуцагч И.”“““““““, М.”“““““““ нараас нэхэмжлэгч А.”“““““““ нь шаардах эрхтэй байна.

2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Тэнцвэр Эстимэйт ХХК-аар нэхэмжлэгч А.”“““““““ захиалан 35-97 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэсэн нь хялбаршуулан журмаар зөрчил шалган шийдвэрлэснээс цаг хугацааны хувьд хойно хийгдсэн тул бүхэлд нь бус зөвхөн автомашинд учирсан гэмтэлд тохирох эд анги, гарах зардал тооцоолсныг үндэслэв.

2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Тоёота Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэлийн эвдрэлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэргээс үзэхэд тухайн тээврийн хэрэгслийн Баруун урд буфер, баруун урд крыло, баруун урд их гэрэл, дохио хагарсан гэх бөгөөд үүнийг үнэлгээний тайлангаас үзэхэд урд буфер 650.000 төгрөг, баруун урд их гэрэл 4.750.000 төгрөг, баруун урд крыло 800.000 төгрөг, баруун урд толь /дохиотой/ 3.328.000 төгрөгөөр, мөн тухайн эд ангийг засварлахад гарах зардал гэж тооцогдсон эд ангийг солих ажлын хөлс 220.000 төгрөг, агрегат засварын ажлын хөлс 337.000 төгрөг, мөн үнэгээний хөлс 433.000 төгрөг, нийт 10.518.000 төгрөгийн бодит хохирол учирсан байна. /хх-94, 97/

Зам тээврийн осол тохиолдол нь нэхэмжлэгч, хариуцагч талын хэн алины буруутай эс үйлдлийн улмаас хохирол учирсан байх бөгөөд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-д зааснаар насанд хүрээгүй байсан И.”“““““““, түүний эх М.”“““““““ нарын эд хөрөнгийн байдал буюу дансны хуулгыг үндэслэн 10.518.000 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, 5.259.000 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэдийн төлөөлөгчийн Хариуцагч талаас хохирлыг барагдуулах нь зөв гэж үзлээ гэсэн дүгнэлтийг хүлээн авсан болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар хариуцагч И.”“““““““, М.”“““““““ нараас гэм хорын хохирол 5.259.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.”“““““““т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.817.640 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А.”“““““““ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.”“““““““, М.”“““““““ нараас 5.259.000 төгрөгт ногдох 99.094 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.”“““““““т олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар хариуцагч И.”“““““““, М.”“““““““ нараас гэм хорын хохирол 5.259.000 /таван сая хоёр зуун тавин есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.”“““““““т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.817.640 /арван сая найман зуун арван долоон мянга зургаан зуун дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А.”“““““““ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.340 /хоёр зуун гучин найман мянга гурван зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.”“““““““, М.”“““““““ нараас 99.094 /ерэн есөн мянга ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.”“““““““т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУУЛ

 

Д.МӨНХБҮРЭН