Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 223/МА2022/00016

 

                                                          

 

 

 

 

2022           03             31                                          223/МА2022/00016

 

А.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 151/ШШ2021/00958 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.И, И.Ш нарт холбогдох,

Гэм хорын хохирол 16.076.640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Дашравдан, хариуцагч М.И, И.Ш, хариуцагч нарын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хангал, Т.Гүн-Ирвэд нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд өөрийн ,,,,УБД улсын дугаартай, Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байх үед И.Ш нь 13 цагийн 00 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг Замын толгой гэх газрын зүүн талын засмалаар Хурд маркийн ,,,,ТӨТ улсын дугаартай мотоциклийг замын баруун гар талын шороон замаар явж байгаад огцом эргэж урдуур дарж орж ирснээр осол гарч А.Б ийн өмчлөлийн машинд хохирол учирсан. И.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан журмуудыг зөрчсөнөөр энэхүү осол гарсан. Мөн хариуцагчийн төрсөн ээж болох М.И нь зөрчлийн хэрэг бүртгэл явагдаж байхад Хохирлыг нь бүрэн барагдуулна гэж гарын үсэг зурж амлалт өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл 1 жилийн хугацаанд хохирол огт барагдуулаагүй нэхэмжлэгчийн ёсны эрх ашгийг хөндсөн хэвээр байна. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-т заасны дагуу учирсан хохирлыг барагдуулахыг шаардаж байна. Иймд хариуцагч И.Ш, М.И нараас гэм хорын хохирол 16.076.640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.И, И.Ш нар шүүхэд гаргасан тайлбартаа: Замын хэмжилтийг буруу хийж, миний хүү И.Ш-ыг буруутай гэж тогтоосон. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн нэхэмжлэгч А.Б нь анхнаасаа бид нартай гэм хорын хохирлын талаар ярилцаагүй, энэ талаар би төлнө гэж хүлээн зөвшөөрсөн бичиг хийж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.   

                       

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар хариуцагч И.Ш, М.И нараас гэм хорын хохирол 5.259.000 /таван сая хоёр зуун тавин есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.817.640 /арван сая найман зуун арван долоон мянга зургаан зуун дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.340 /хоёр зуун гучин найман мянга гурван зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Ш, М.И нараас 99.094 /ерэн есөн мянга ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х давж заалдах гомдолдоо: Миний бие А.Х нь А.Б-ийн нэхэмжлэлтэй И.Ш, М.И нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөн оролцож байгаа билээ.

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 151/ШШ2021/00958 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

 

1. Зам тээврийн ослыг анх Төв аймгийн Замын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч нар хянан шийдвэрлэсэн. Дараа нь хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс замын цагдаагийн байгууллагаар ослын хэмжилтийг дахин хэмжүүлсэн, мөн ШУТИС-иас шинжээч томилуулж осол гарсан шалтгаант нөхцөлийг дахин тодруулж нийт ослын шалтгааныг 3 шат дамжлагаар нягтлан тогтоосон. Ийнхүү осол гарсан шалтгаан нь И.Ш нь насанд хүрээгүй үедээ аюулгүй байдлын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг унаж замын хөдөлгөөнд орж осол гаргасныг нотолсон байхад анхан шатны шүүх тус нотлох баримтыг үндэслэлгүй 2 талын буруу гэж үзсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг зөрчсөн байна.

 

2. Машины хохирлын үнэлгээг анхан шатны шүүх нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зам тээврийн осол гарснаас хойш 3 хоногийн дараа авчирсан гэх үндэслэлээр албан ёсны байгууллагын дүгнэлтийг цаг хугацааны хувьд зөрж байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хохирлыг үнэлэхдээ тухайн осол болсон өдрийн тэмдэглэл дээрх мөрдөн байцаагчийн зөвхөн нүдэнд харагдаж байгааг л дурдсан тэмдэглэлийг үндэслэж "Тэнцвэр Эстимет" ХХК буюу мэргэжлийн байгууллагын үнэлгээг үндэслэлгүй шүүх өөрсдөө үнэлгээг хийж бодит хохирол болох 16.076.640 төгрөгийг 5.558.640 төгрөгөөр бууруулж нийт хохирлыг 10.518.000 төгрөг болгон тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ", 116 дугаар зүйлийн 116.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэж заасныг илтэд зөрчсөн байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Мөн анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 514.2-т заасныг үндэслэж гэм хорын нөхөн төлбөрийг үндэслэлгүйгээр 2 дахин бууруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагч И.Ш нь аюулгүй байдал хангаагүй тээврийн хэрэгсэл унаж явахыг ээж болох М.И нь зөвшөөрсөн гэх тайлбарыг өгсөн нь осол гарах нөхцөлийг санаатайгаар бүрдүүлсэн болох нь тогтоогдсон. Анхнаасаа замын хөдөлгөөнд оролцох насанд хүрсэн болон замын эгнээ байр солих замын хөдөлгөөний дүрмийг баримталсан бол, мөн ард талын хөдөлгөөнөө харах тольтой мотоцикл унасан бол нэхэмжлэгч А.Б нь өөрийн эд хөрөнгө цаг хугацааны хувьд хохирохгүй байсан.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгчийн 2 жилийн хугацаанд зөрчигдөөд байгаа эрх ашгийг сэргээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байх ба хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.

 

Шүүхийн шийдвэр нь хэлбэр бүтцийн хувьд Монгол Улсын нэрийн өмнөөс “Шийдвэр” хэлбэртэй байхаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйл, 116 дугаар зүйлүүдэд заасан.

 

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж А.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.И, М.И нарт холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргадаг шүүхийн шийдвэр биш “Шүүхийн тогтоол” гаргасан нь дээрх хуулийг зөрчсөн, хууль ёсны шаардлага хангаагүй шийдвэр гаргасан байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заажээ.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж үзэж буй этгээдийг хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэл гаргах эрхтэй хэдий ч тухайн этгээд хариуцлага хүлээх эсэхийг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр шүүх шийдвэрлэх учиртай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно.” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчаар тодорхойлогдсон этгээд нь бодит байдлаар нэхэмжлэгчийн эрх болон хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шүүх тогтоож байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой байжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.” гэсний дагуу хариуцагч нь хариуцлага хүлээх этгээд мөн эсэхийг үндэслэлтэй тогтоож чадаагүй тул шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 151/ШШ2021/00958 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхлээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183.238 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАА

                   ШҮҮГЧИД                                            Г.ТЭГШСУУРЬ

                                                                                М.МӨНХДАВАА