Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/01085

 

 

 

 

 

2020 оны 04сар ы 24дөр

181/ШШ2020/01085

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.К ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Шт холбогдох,

 

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Г.*******, гуравдагч этгээд ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 4/4793 тоот мэдэгдлийг хүлээн авч танилцаад энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Дээр дурдсан 2020 оны 4/4793 тоот мэдэгдэлд: төлбөрт хураагдсан Ө.М ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Сд хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 369 м.кв талбай бүхий нэгж талбарын ЫЫЫЫЫ дугаартай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн ЙЙЙЙ дугаартай гэрчилгээтэй газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-д заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 574,860,000 төгрөгөөр тогтоосныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдэж байна гэжээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Ө.М ХХК-ийн өмчлөлийн Сд хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 369 м.кв талбай бүхий нэгж талбарын ЫЫЫЫЫ дугаартай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн ЙЙЙЙ дугаартай гэрчилгээтэй газрыг 574,860,000 төгрөгөөр үнэлснийг дор дурдсан үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7011 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу иргэн А Эрдэнэтөгс, Т.Одгэрэл, Т.К ХХК нараас 274,015,000 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7011 дугаартай шүүгчийн захирамжид дурдсанаар хариуцагч дээрх 274,015,000 төгрөгийг сайн дураар ******* ******* ХХК-д төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201018449 дугаарт бүртгэлтэй Ө.М ХХК-ийн өмчлөлийн Сд хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 369 м.кв талбай бүхий нэгж талбарын ЫЫЫЫЫ дугаартай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн ЙЙЙЙ дугаартай гэрчилгээтэй газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэх ажиллагаа явуулж хөрөнгийн үнэлгээг тогтоолгохдоо холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж төлбөр төлөгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулаад байна. Үүнд: Нэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэж заажээ. Гэтэл хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК төлбөрт хураагдсан Сд хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 369 м.кв талбай бүхий нэгж талбарын ЫЫЫЫЫ дугаартай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн ЙЙЙЙ дугаартай гэрчилгээтэй газрыг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлээгүй, хэт дахин бага үнэлгээ тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь төлбөрт хураагдсан Сд хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд, төв зам дагуу байрладаг, төвийн дулаан, цахилгаан, халуун, хүйтэн усны системд бүрэн холбогдсон, шугаман болон баганан суурьтай, цутгамал төмөр бетон каркастай, төмөр бетон хучилттай, тоосгон ханатай, хавтгай дээвэртэй, зоорийн болон техникийн давхар бүхий 1 давхар үл хөдлөх эд хөрөнгө тул хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханш гэж үзэх боломжгүй байна. Хоёр. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно хэмээн заасан байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр нь гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөрт хураагдсан хөрөнгийн өмчлөгч Ө.М ХХК, төлбөр төлөгч Г.Одгэрэл нараас үнийн санал аваагүй, үнийн санал авах ажиллагаа огт хийгээгүй болно. Төлбөрт хураагдсан хөрөнгийн өмчлөгч болон төлбөр төлөгч нараас үнийн санал аваагүй атлаа барьцаа хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-аар үнэлүүлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн хууль бус ажиллагаа болсон гэж үзэж байна. Иймд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Сд хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 369 м.кв талбай бүхий нэгж талбарын ЫЫЫЫЫ дугаартай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн ЙЙЙЙ дугаартай гэрчилгээтэй газрыг 574,860,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 7011 дугаар захирамжаар А.Эрдэнэтөгс Т.Одгэрэл, Т.К ХХК-аас 274,015,000 төгрөг гаргуулж ******* *******инд олгохоор шийдвэрлэсний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан зээлийн барьцаанд тавигдсан, Ө.М ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж 29/8 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201018449 дугаартай үйлчилгээний зориулалттай 174.2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, нэгж талбарын ЫЫЫЫЫ дугаартай 396 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн ЙЙЙЙ дугаар гэрчилгээтэй газрыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч Т.К ХХК-аас үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4/1130, төлбөр төлөгч А.Эрдэнэтөгс, Т.Одгэрэл нарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4/1131 дугаар албан бичгээр биечлэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийн өмчлөгч Ө.М ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Төлбөр төлөгч А.Эрдэнэтөгс 1,300,000,000 төгрөг, төлбөр төлөгч Г.Одгэрэл 1,400,000,000 төгрөг, Топтийм катерианг ХХК 1,300,000,000 төгрөгөөр үнэлсэн тухай үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн, төлбөр авагч ******* ******* 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэнтэй санал нийцэхгүй байгаа тул хөндлөнгийн үнэлгээчин томилуулах хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 100 дугаар тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Үнэлгээг тогтоолгоход Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол Москвагийн гудамж 29/8 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201018449 дугаартай үйлчилгээний зориулалттай 174.2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, нэгж талбарын ЫЫЫЫЫ дугаартай 396 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн ЙЙЙЙ дугаар гэрчилгээтэй газрыг 574,860,000 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоосон. Төлбөр төлөгч А.Эрдэнэтөгс, Г.Одгэрэл, Т.К ХХК-д Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар шинжээчийн үнэлсэн 574,860,000 төгрөгийн үнэлгээ болон дээрх үнэлгээний 70 хувь болох 402,402,000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тус тус мэдэгдлийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4/4794, 4/4793,4/4791, 4/4792 дугаар албан бичгээр төлбөр төлөгч А.Эрдэнэтөгсөд биечлэн гардуулсан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ө.М ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4/4788, 4/4787 дугаар албан бичгээр тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч, уг мэдэгдлийн талаар ямар нэгэн шалтгаанаар буцаалт хийсэн талаар магадлагаа шуудангийн газраас ирүүлээгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар мэргэжлийн тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр оролцуулж хөрөнгийн үнэлгээг бодитоор үнэлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

Гуравдагч этгээд, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.К ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Шт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* нь хэргийн материалтай танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ний өдрийн 181/Ш32018/07011 дугаартай шүүгчийн захирамжаар Ганбатын Одгэрэл, Амгаланбаатарын Эрдэнэтөгс, Т.К ХХК нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 274,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөг, нийт 274,015,000 төгрөгийг ******* ******* ХХК-д олгох, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сд хаягт байрлах Ү-2201018449 дугаарт бүртгэлтэй 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Г-2201027384 бүртгэлийн дугаартай 396 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 24,395,000 төгрөг төлсөн ба 249,620,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 01 сарын 10-ны өдөр эд хөрөнгийг хураах тогтоол үйлдэн төлбөр төлөгч талд 2020 оны 01 сарын 10 болон 2020 оны 01 сарын 28-нд үнийн саналаа ирүүлэхийг 4/1131, 4/2589 тоот мэдэгдлээр мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч Г.Одгэрэл болон Т.К ХХК нь 2020 оны 01 сарын 24-нд 1,4 тэрбум төгрөг, төлбөр төлөгч А.Эрдэнэтөгс нь 1,3 тэрбум төгрөг гэж үнийн саналаа ирүүлсэн. Банк нь энэ үнийн саналыг зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулан, зах зээлийн бодит үнэлгээг гаргуулж албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 02 сарын 07-нд №100 дугаартай Шинжээч томилох тогтоол гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 зүйлд заасны дагуу явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч нарын ирүүлсэн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлэх ёстой. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч нараас үнийн саналыг бичгээр авсан болно. Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь 2020 оны 02 сарын 10-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлангаа Н.Шт ирүүлснийг энэ өдөр нь талуудад танилцуулсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 д заасны дагуу явагдсан. Нэхэмжлэгч тал нь шинжээчийн үнэлгээ гарснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн үнээс илүү дүнгээр уг үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах эрхтэй ба анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээс дээгүүр дүнгээр худалдан борлуулах бүрэн боломжтой атал шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа үйлдэл гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.К ХХК нь хариуцагч Н.Шт холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан бол гуравдагч этгээд ******* ******* ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээнд гомдол гаргасан нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа үйлдэл гэсэн тайлбарыг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь заалтад ... нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх гэж заасан, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хариуцагчийн хүсэлтээр хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 181/ШЗ2018/07011 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж /хх-9,10 тал/-аар ******* ******* ХХК болон Г.Одгэрэл, А.Эрдэнэтөгс, Т.К ХХК нарын эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр харилцан тохиролцож байгуулсан 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 92 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулж шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 сарын 29-ний өдрийн 181/ШЗ2018/09464 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх-43 тал/ гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 сарын 06-ны өдрийн 18280980 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-44 тал/-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 сарын 04-ний өдрийн 155/18280980 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-53 тал/-оор эрхийн улсын бүртгэлийн Ү-2201018449 дугаарт бүртгэлтэй, Сд хаягт байрлах, 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-2201027384 бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороонд байрлах, 396 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгийг битүүмжилж, 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 155/18280980 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-62 тал/-оор хураасан байна.

А.Эрдэнэтөгс нь Н.Шт эрхийн улсын бүртгэлийн Ү-2201018449 дугаарт бүртгэлтэй, Сд хаягт байрлах, 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-2201027384 бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороонд бйрлах, 396 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгийг 1,300,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал /хх-66 тал/, Г.Одгэрэл нь 1,400,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал /хх-66 тал/, Т.К ХХК нь 1,300,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал /хх-68 тал/-ыг ирүүлснийг ******* ******* ХХК нь эс зөвшөөрч 2020 оны 01 сарын 29-ний адар шинжээч томилуулах хүсэлт /хх-69 тал/ гаргаснаар 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 100 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-71 тал/-оор эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, мөн өдөр шинжээчид эрх үүрэг тайлбарлаж өгсөн /хх-73 тал/ байна.

Н.Ш дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд Н.Ш нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийн өмчлөгч болох Ө.М ХХК болон төлбөр төлөгч Г.Одгэрэл нараас үнийн санал аваагүй, үнийн санал авах ажиллагаа огт хийгээгүй гэсэн байх боловч Г.Одгэрэл нь эд хөрөнгийг 1,400,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг ирүүлсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 4/2583 дугаартай Үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл /хх-69 тал/-ээр Ө.М ХХК-д үнийн санал ирүүлэх талаар мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан Н.Ш нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийн өмчлөгч болох Ө.М ХХК болон төлбөр төлөгч Г.Одгэрэл нараас үнийн санал аваагүй, үнийн санал авах ажиллагаа огт хийгээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Сэлэнгэ эстимэйт ХХК нь 2020 оны 02 сарын 10-ны өдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2201018449 дугаарт бүртгэлтэй, Сд хаягт байрлах, 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-2201027384 бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороонд бйрлах, 396 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 574,860,000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-74-92 тал/-г гаргасан байна.

Үнэлгээний талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 сарын 10-ны өдрийн 4/4788 дугаартай мэдэгдэл /хх-93 тал/-ээр Ө.М ХХК-д, 2020 оны 02 сарын 10-ны өдрийн 4/4792 дугаартай мэдэгдэл /хх-94 тал/-ээр А.Эрдэнэтөгс, Г.Одгэрэл нарт, 2020 оны 02 сарын 10-ны өдрийн 4/4794 дугаартай мэдэгдэл /хх-95 тал/-ээр Т.К ХХК-д тус тус мэдэгдсэн байх ба Т.К ХХК нь үнэлгээний талаар тус шүүхэд 2020 оны 02 сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгч Т.К ХХК-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтад заасан хугацаанд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлээгүй, хэд дахин бага үнэлгээ тогтоосон гэж маргасан байх боловч тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.К ХХК-ийн хариуцагч Н.Шт холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.К ХХК-ийн хариуцагч Н.Шт холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 181/ШЗ2020/03371 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР