Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01485

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 24-ны өдрийн 181/ШШ2020/01085 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн хариуцагч НШШГГ т холбогдуулан гаргасан “С ” ХХК-ийн 2020 оны 02 сарын 10-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 7011 дугаар захирамжаар иргэн “Т ” ХХК, А.Э, Г.О нараас нийт 274 015 000 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй, “Ө” ХХК-ийн өмчлөлийн ааа хаягт байршилтай 174.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 369 м.кв талбайтай нэгж талбарын 00/0000 дугаартай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн 0000000 дугаартай гэрчилгээтэй газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагчийн томилсон шинжээч “С” ХХК-ийн төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө, эзэмших эрхтэй газрыг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлээгүй, хэд дахин бага үнэлгээ тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд, төв зам дагуу байрладаг, төвийн дулаан, цахилгаан, халуун, хүйтэн усны системд бүрэн холбогдсон, шугаман болон баганан суурьтай, цутгамал төмөр бетон каркастай, төмөр бетон хучилттай, тоосгон ханатай, хавтгай дээвэртэй, зоорийн болон техникийн давхар бүхий 1 давхар эд хөрөнгө юм.

НШШГГ нь ажиллагаа явуулахдаа төлбөрт хураагдсан хөрөнгийн өмчлөгч “Ө” ХХК, төлбөр төлөгч Г.О нараас үнийн санал аваагүй, үнийн санал авах ажиллагааг огт хийгээгүй болно. Ийнхүү үнийн санал аваагүй атлаа барьцаа хөрөнгийг “С ” ХХК-аар үнэлүүлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1, 55.2.2-т заасныг ноцтой зөрчсөн хууль бус ажиллагаа болсон гэж үзэж байна.

Иймд ааа хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 174.2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй 369 м.кв талбай бүхий газрыг 574,860,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 7011 дугаар захирамжаар иргэн “Т ” ХХК, А.Э, Г.О нараас 274 015 000 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөрт хураагдсан зээлийн барьцаанд тавигдсан “Ө ” ХХК-ийн өмчлөлийн ааа хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 174.2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 00/0000 дугаартай 369 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн 0000000 дугаартай гэрчилгээтэй газрыг 2019 оны 10 сарын 04-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 01 сарын 10-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан.

Төлбөр төлөгч “Т” ХХК-аас үнийн санал ирүүлэх тухай 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 0/0000 , 0/0000 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч А.Э , Г.О нарт 2020 оны 01 сарын 10-ны өдөр биечлэн, өмчлөгч “Ө ” ХХК-д 2020 оны 01 сарын 28-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Төлбөр төлөгч А.Э 1,3 тэрбум төгрөг, төлбөр төлөгч Г.О 1,4 тэрбум төгрөг, “Т ” ХХК 1,3 тэрбум төгрөгөөр үнэлсэн тухай үнэлгээг 2020 оны 01 сарын 24-ний өдөр, төлбөр авагч “Х” ХХК 2020 оны 01 сарын 29-ний өдөр барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэнтэй санал нийлэхгүй байгаа тул хөндлөнгийн үнэлгээчин томилуулах хүсэлт ирүүлсний дагуу “С” ХХК-ийг шинжээчээр томилсон. Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эзэмших эрхтэй газрыг 574 860 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ тогтоосон.

Төлбөр төлөгч А.Э , Г.О , “Т” ХХК-д Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээчийн үнэлсэн 574 860 000 төгрөгийн үнэлгээ болон дээрх үнэлгээний 70 хувь болох 402 402 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тус тус мэдэгдлийг 2020 оны 02 сарын 10-ны өдөр төлбөр төлөгч А.Э өд биечлэн гардуулсан, “Ө ” ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч уг мэдэгдлийн талаар ямар нэгэн шалтгаанаар буцаалт хийсэн тухай магадлагаа шуудангийн газраас ирүүлээгүй байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар мэргэжлийн тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр оролцуулж хөрөнгийн үнэлгээг бодитоор үнэлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК тайлбартаа: Шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч нар 24 395 000 төгрөг төлж 249 620 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад төлбөр төлөгч талд 2020 оны 01 сарын 10-ны өдөр, 2020 оны 01 сарын 28-ны өдөр тус тус үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч Г.О болон “Т” ХХК 1,4 тэрбум төгрөг, төлбөр төлөгч А.Э 1,3 тэрбум төгрөг гэж үнийн саналаа ирүүлсэн. Банк энэ үнийн саналыг зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулан зах зээлийн бодит үнэлгээг гаргуулах хүсэлт гаргасны дагуу шинжээч томилсон нь хуульд нийцсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хариуцагч НШШГГ т холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч талд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх үүрэгтэй оролцох талаар тайлбарлаагүй, хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд мэтгэлцэх нөхцөлөөр хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд оролцож чадаагүйн улмаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, түүнийгээ нотлох тайлбар гаргаж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч НШШГГ т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “Х” ХХК мөн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талууд харилцан маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 181/ШЗ2018/07011 дугаар захирамжаар хариуцагч “Т ” ХХК, Г.О , А.Э нараас 274 000 000 төгрөг болон 15 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй, ааа хаягт байршилтай 174.2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 396 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 41-42/

 

Дээр дурдсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ явуулж байгаа бөгөөд уг ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг үнэлүүлсэн ажиллагааг төлбөр төлөгч “Т ” ХХК эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ. /хх 1-3/

 

Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж маргадаг. /хх 1-3, 21-22, 37/ 

 

Төлбөр төлөгч А.Э , “Т ” ХХК нар үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нийт 1 300 000 000 төгрөгөөр, Г.О нийт 1 400 000 000 /хх 66-арын нүүр/ төгрөгөөр тус тус үнэлснийг /хх 66, 66-арын нүүр, 68-арын нүүр/ төлбөр авагч “Х” ХХК эс зөвшөөрсөн /хх 69/ үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “С ” ХХК-ийг шинжээчээр томилсон нь /хх 71/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч “Ө ” ХХК-д үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2020 оны 01 сарын 23-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй байна. /хх 69-арын нүүр/

 

“С ” ХХК-ийн үнэлгээчин Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх 72, 72-арын нүүр/ байх ба “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-даа үнэлгээг гаргахдаа баримталсан хууль, стандартыг дурдаж, үнэлж буй хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурджээ. /хх 74-92/

 

Үл хөдлөх эд хөрөнгө, газрыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэсэн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн захирал А.Э өд 2020 оны 03 сарын 18-ны өдөр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б өд 2020 оны 04 сарын 16-ны өдөр эрх, үүргийг тайлбарлан өгсөн байх ба /хх 15/, А.Э 2020 оны 03 сарын 18-ны өдөр, Л.Б 2020 оны 04 сарын 15-ны өдөр хэргийн материалтай тус тус танилцсан байна /хх 17, 97/. Мөн шүүхийн зүгээс нэхэмжлэгч талыг хэргийн материалтай танилцах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудас болон утсаар тус тус мэдэгджээ /хх 106, 106-арын нүүр, 107/.

 

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Түүнчлэн, хэргийн материалтай танилцах нь иргэний маргааны нэг тал болох нэхэмжлэгчийн эдлэх эрх бөгөөд энэхүү эрхээ эдлэх эсэх нь түүний өөрийн хүсэл зоригоос хамаарах учир шүүх хэргийн материалтай танилцуулах үүрэгтэй мэтээр тайлбарлаж буй гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй болохыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01085 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 0000000000000 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 05 сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                      

                                    ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                                         Д.НЯМБАЗАР