Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/Хт2021/00747

 
 

******* катеринг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01085 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1485 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: ******* катеринг ХХК

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:******* ХХК

 

нэхэмжлэл: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн хяналтын журмаар 2020.08.13-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 396 м.кв талбай бүхий эзэмших эрхийн 0204057 дугаартай гэрчилгээтэй газрыг 574,860,000 төгрөгөөр үнэлснийг дор дурдсан үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.. НШШГГ нь гүйцэтгэх ажиллагаа явуулж хөрөнгийн үнэлгээг тогтоолгохдоо холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж төлбөр төлөгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулаад байна. Үүнд: Нэг. ШШГТХ-н 55.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заажээ. Гэтэл хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК төлбөрт хураагдсан 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 396 м.кв талбай бүхий эзэмших эрхийн 0204057 дугаартай гэрчилгээтэй газрыг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлээгүй, хэт дахин бага үнэлгээ тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь төлбөрт хураагдсан 174,2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь УБ хотын А зэрэглэлийн бүсэд, төв зам дагуу байрладаг, төвийн дулаан, цахилгаан, халуун, хүйтэн усны системд бүрэн холбогдсон, шугаман болон баганан суурьтай, цутгамал төмөр бетон каркастай, төмөр бетон хучилттай, тоосгон ханатай, хавтгай дээвэртэй, зоорийн болон техникийн давхар бүхий 1 давхар үл хөдлөх эд хөрөнгө тул хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг зах зээлийн тухайн үеийн ханш гэж үзэх боломжгүй байна. Хоёр. ИХ-н 177.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно хэмээн заасан байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр нь гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөрт хураагдсан хөрөнгийн өмчлөгч Өгөөмөр мандал ХХК, төлбөр төлөгч Г.Одгэрэл нараас үнийн санал аваагүй, үнийн санал авах ажиллагаа огт хийгээгүй болно. Төлбөрт хураагдсан хөрөнгийн өмчлөгч болон төлбөр төлөгч нараас үнийн санал аваагүй атлаа барьцаа хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-иар үнэлүүлснийг ШШГТХ-н 55.1, 55.2.2-г ноцтой зөрчсөн хууль бус ажиллагаа болсон гэж үзэж байна. Иймд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. СХД-н, 16-р хороо, 1-р хороолол, Москвагийн гудамж, 29/8 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 396 м.кв талбай бүхий нэгж талбарын 23/0005 дугаартай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн 0204057 дугаартай гэрчилгээтэй газрыг 574,860,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Төлбөрт хураагдсан зээлийн барьцаанд тавигдсан Өгөөмөр мандал ХХК-ийн өмчлөлийн 174.2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 396 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн 0204057 дугаартай гэрчилгээтэй газрыг 2019.10.04-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020.01.10-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч ******* катеринг ХХК-иас үнийн санал ирүүлэх тухай 2020.01.10-ны өдрийн 4/1130, 4/1131 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч А.Эрдэнэтөгс, Г.Одгэрэл нарт 2020.01.10-ны өдөр биечлэн, өмчлөгч Өгөөмөр мандал ХХК-д 2020.01.28-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч А.Эрдэнэтөгс 1,3 тэрбум төгрөг, төлбөр төлөгч Г.Одгэрэл 1,4 тэрбум төгрөг, ******* катеринг ХХК 1,3 тэрбум төгрөгөөр үнэлсэн тухай үнэлгээг 2020.01.24-ний өдөр, төлбөр авагч******* ХХК 2020.01.29-ний өдөр барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэнтэй санал нийлэхгүй байгаа тул хөндлөнгийн үнэлгээчин томилуулах хүсэлт ирүүлсний дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эзэмших эрхтэй газрыг 574,860,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ тогтоосон. Төлбөр төлөгч А.Эрдэнэтөгс, Г.Одгэрэл, ******* катеринг" ХХК-д ИХ-н 177.1-д зааснаар шинжээчийн үнэлсэн 574,860,000 төгрөгийн үнэлгээ болон дээрх үнэлгээний 70 хувь болох 402,402,000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тус тус мэдэгдлийг 2020.02.10-ны өдөр төлбөр төлөгч А.Эрдэнэтөгсөд биечлэн гардуулсан, Өгөөмөр мандал ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч уг мэдэгдлийн талаар ямар нэгэн шалтгаанаар буцаалт хийсэн тухай магадлагаа шуудангийн газраас ирүүлээгүй байна. Иймд ШШГТХ-н 42-д зааснаар мэргэжлийн тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр оролцуулж хөрөнгийн үнэлгээг бодитоор үнэлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд******* ХХК тайлбартаа: Шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч нар 24,395,000 төгрөг төлж 249,620,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад төлбөр төлөгч талд 2020.01.10-ны өдөр, 2020.01.28-ны өдөр тус тус үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч Г.Одгэрэл болон ******* катеринг ХХК 1,4 тэрбум төгрөг, төлбөр төлөгч А.Эрдэнэтөгс 1,3 тэрбум төгрөг гэж үнийн саналаа ирүүлсэн. Банк энэ үнийн саналыг зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулан зах зээлийн бодит үнэлгээг гаргуулах хүсэлт гаргасны дагуу шинжээч томилсон нь хуульд нийцсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 181/ШШ2020/01085 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ******* катеринг ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 181/ШЗ2020/03371 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1485 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 181 /ШШ2020/01085 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгтээ ...Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлгээг гаргахдаа баримталсан хууль, стандартыг дурдаж, үнэлж буй хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурджээ гэжээ. Давж заалдах шатны шүүх Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1-д заасан тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээ гаргах эрх бүхий этгээд мөн эсэх талаар, тус компаний гаргасан үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9-д заасан нөхцөл шаардлагуудыг хангасан эсэх талаар ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй магадлал гаргасан нь давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны гарсан гэдэг эргэлзээ төрүүлж байна. Маргааны зүйл болох УБ хот, СХД-н 16-р хороо, 1-р хороолол, Москвагийн гудамж, 29/8 тоот хаягт байрлах 174.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь УБ хотын А зэрэглэлийн бүсэд, төв зам дагуу байрладаг, төвийн дулаан, цахилгаан, халуун хүйтэн усны системд бүрэн холбогдсон, шугаман болон баганан суурьтай, цутгамал төмөр бетон каркастай, төмөр бетон хучилттай, тоосгон ханатай, хавтгай дээвэртэй, зоорийн боон техникийн давхар бүхий 1 давхар эд хөрөнгө. Мөн энэхүү эд хөрөнгө нь хэдэн жилийн удаан эдэлгээтэй, цаашид өргөжүүлэн өндөрсгөх бүрэн боломжтой, цаг хугацааны явцад үнэ цэнэ, чанараа алдхааргүй барилга. Гэвч үнэлгээний тайлан гаргасан компани дээрх эд хөрөнгийг ямар үнэлгээний аргаар хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн бөгөөд энэхүү үнэлгээг анхан болон давж заалдах шатны шүүх бодитой үнэлгээ гэж үзсэнд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж давж шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* катеринг ХХК 2020.02.13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 174,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 396 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг нийт 574,860,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулахыг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2018.06.08-ны өр 181/ШЗ2018/07011 дугаартай захирамж гаргаж, ...Хас банкны шаардсан 274,000,000 төгрөгийг төлөхийг Г.Одгэрэл, А.Эрдэнэтөгс, ******* катеринг ХХК нар хүлээн зөвшөөрсөн.. эвлэрлийн гэрээг биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол, Москвагийн гудамж, 29/8 тоот хаягт байрлах 174,2 кв.м талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө... 396 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж болох..-р заасан байна.

 

Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол, Москвагийн гудамж, 29/8 тоот хаягт байрлах 174,2 кв.м талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Өгөөмөр Мандал ХХК- ийн өмч /хх 45/ болох нь , 396 м.кв талбай бүхий газрыг Өгөөмөр Мандал ХХК-ийн эзэмших эрхтэй /хх 46/ нь тус тус нотлогджээ.

 

Төлбөр төлөгч А.Эрдэнэтөгс ******* катеринг ХХК-ийн хувьцаа эзэмшигч /хх 5-8,99-100/, Өгөөмөр Мандал ХХК гүйцэтгэх захирал /хх122/ байх бөгөөд зохигч маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт нийцнэ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШЗ2018/07011 дугаар захирамжийг төлбөр төлөгч нар сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн, хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн, шинжээч эд хөрөнгийн үнийг хэт бага үнэлсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй байна.

 

Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 107 дугаар зүйлийн 107.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.6 дахь хэсэг болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд маргааны талаар дүгнэлт хийнэ.

Шинжээч болох Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад маргасан баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүхэд энэ талаар мэтгэлцээгүй /хх 1, 18,98/, шүүх хуралдаанд оролцоогүй байна.

 

Шүүх хэрэгт байгаа баримт, зохигчийн гаргасан тайлбарын хэмжээнд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн тул үнэлгээ гаргасан этгээдийн бүрэн эрхтэй холбоотой үндэслэл нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй юм.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

4. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болох бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01085 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1485 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД, Б.МӨНХТУЯА

П.ЗОЛЗАЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ