Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 101/2016/04853/И |
Дугаар | 181/шш2017/00275 |
Огноо | 2017-01-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 181/шш2017/00275
2017 оны 01 сарын 23-ны өдөр Дугаар 181/ШШ2017/00275 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т.Ж ХХК нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х.Б ХХК-д холбогдох
5001020967 дугаартай данснаас 465 519 990 төгрөг суутган авсаныг хууль бус болохыг тогтоож, 465 519 990 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л.Х, өмгөөлөгч С.О, Г.Т,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Э.М,
гуравдагч этгээд Б.п ХХК-ийн төлөөлөгч Ө.А,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.Ж ХХК нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд 2013 онд Монгол улсад хөрөнгө оруулж барилга угсралтын ажил хийх зорилтын хүрээнд Монгол улсад бүртгэлтэй******* ХХК-ийн захирал *******тэй харилцан тохирч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй Ургах наран хороололд орон сууцны барилга угсралтын ажлыг өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барихаар Хөрөнгө оруулах гэрээ-г 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан.
Энэ гэрээг байгуулахтай зэрэгцэн тухайн барилга барих газар нь Рендербау ХХК-ийн эзэмшилд, Х.Б ХХК-ийн зээлийн барьцаанд байсан тул Т.Ж ХХК,******* ХХК, Рендербау ХХК, Х.Б ХХК хамтран тэр өдрөө буюу 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дахин гэрээг байгуулсан.
Ингэхдээ Т.Ж ХХК нь Рендербау ХХК-ийн эзэмшиж буй газарт хөрөнгө оруулж барилга барих, барилга барихдаа Рендербау ХХК-ийн зээлийг төлөх үүргийг давхар хүлээсэн байдаг. /гэрээний 1.1, 1.2 дугаар заалт/ Энэ үүргийг хүлээхдээ хөрөнгө оруулагч Т.Ж ХХК нь зохих хөрөнгө оруулалт хийгээгүй буюу 2013 онд багтааж 480 айлын орон сууц барихгүй бол энэхүү гэрээг цуцлах / гэрээний 4.1.3 дугаар заалт/ талаар тусгасан байдаг.
Энэхүү гэрээг байгуулснаас хойш******* ХХК нь монгол улсад хөрөнгө оруулах нөхцөл бололцоог хангаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс хөрөнгө оруулах ямар ч боломжгүй болсон бөгөөд******* ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулах гэрээ болон 4 байгууллагын хамтран байгуулсан гэрээ аль аль нь хэрэгжих боломжгүй болсон.
Гэтэл Х.Б ХХК нь гэрээ хэрэгжих боломжгүй болсныг мэдсээр байж манай компанийн Х.Б ХХК дахь 5001020967 дугаартай харилцах данснаас огт зөвшөөрөл авалгүй дураар аашлан нийтдээ 465 519 990 төгрөгийг банкны тухай тогтоомж зөрчин авч компанид онц их хэмжээний хохирол учруулаад байна.
Иймд банкны энэхүү үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Х.Б ХХК-иас 465 519 990 төгрөгийг гаргуулж өгнө үү. Х.Б-ны энэ үйлдэл Иргэний хууль, холбогдох бусад хуулийг зөрясөн үйлдэл юм гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг гомдолд дурдагдсан суутгалыг банк Т.Ж ХХК, Рендербау ХХК, Бльюскай ХХК, Х.Б ХХК нарын хооронд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан дөрвөн тапт гэрээний дагуу хийсэн. Уг гэрээний товч агуулга нь Х.Б ХХК зээлдэгч Рендербау ХХК-ийн зээлд газраа барьцаалуулсан******* ХХК нь өөрийн газар дээр хэрэгжүүлж буй Ургах наран хороолол төслийн Т.Ж ХХК барилга барихыг зөвшөөрөх, ийнхүү зөвшөөрсөнтэй холбоотойгоор Т.Ж ХХК нь Рендербау ХХК-ийн өмнөөс зээл төлөх, Х.Б ХХК нь Т.Ж ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд барьж ашиглалтад оруулсан 96 айлын орон сууцыг зээлээр худапдахад хамтран ажиллах, Рендербау ХХК-ийн зээлийн зээлдүүлэгч, барилга баригдах газрын барьцаалагчийн хувьд Т.Ж ХХК-аас төлбөрийг шаардах тухай байсан юм.
Дээрх дөрвөн талт гэрээ байгуулагдахаас өмнө Рөндербау ХХК,******* ХХК болон Т.Ж ХХК нар нь хамтран ажиллах тохиролцоонд хүрч, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа Х.Б ХХК-д хандсан. Рендербау ХХК, Бльюскай Партнерс ХХК, Т.Ж ХХК нараас банкинд тавьсан санал, Т.Ж ХХК-аас зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлнө гэсэн амлалтын дагуу Х.Б ХХК дөрвөн талт гэрээ байгуулсан.
Дөрвөн талт гэрээнд зааснаар Т.Ж ХХК нь худалдан борлуулсан орон сууцны 1 м.кв тутмын үнийн дүнгийн 5 хувийг Бльюскай Партнерс ХХК-д төлөх, уг 5 хувиас үл хамаарч Рендербау ХХК-ийн зээлийн төлбөрийг хуваарийн дагуу Банкинд төлөх үүрэг хүлээсэн юм.
Рендербау ХХК-ийн зээлийн эргэн төлөлт 2013 оны 10 дугаар сараас хугацаа хэтэрч Х.Б ХХК энэ талаар Т.Ж ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг амаар болон бичгээр мэдэгдэж байсан ба гэрээний 1.1, 1.2, 2.6, 2.9, 2.15, 3.1.4-т Т.Ж ХХК нь Рендербау ХХК-ийн зээлийн төлбөр төлөх, үл маргах журмаар өөрийн данснаас, тухайлбал Зүүнхараа дахь орон сууцны борлуулалтын орлогыг төвлөрүүлж төлбөр суутгуулах эрхийг Х.Б ХХК-д олгосны дагуу 2013 оны 12 дугаар сарын 31, 2014 оны 01 дүгээр сарын 13, 28, 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд 465 519 990.3 төгрөгийг Рендербау ХХК-ийн зээлийн 1410000513 тоот дансанд шилжүүлсэн.
Дөрвөн талт гэрээний 1.1, 1.2, 2.6, 2.9, 2.15, 3.1.4-т заасныг үндэслэн банк гүйлгээг хийсэн тул Т.Ж ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Үүсээд байгаа маргаан нь Рендербау ХХК, Бльюскай Партнерс ХХК нарын дөрвөн талт гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй болон үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэгтэй холбоотой маргаан бөгөөд үр дагаврыг тухайн үүрэг зөрчсөн этгээдүүдээс шаардах ёстой гэж үзэж байна.
Иймд Т.Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд******* ХХК, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ одоо ч хэрэгжих боломжтой юм. Мөнгө суутгасны хувьд Х.Б гэрээнд зааснаар суутган авсан байна гэв.
Гуравдагч этгээд Рендербау ХХК хариу тайлбар өгөөгүй болно.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Ж ХХК нь Х.Б ХХК-нд холбогдуулан Т.Ж ХХК-ийн данснаас 465 519 990 төгрөг суутган авсныг хууль бус болохыг тогтоолгох, 465 519 990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь гэрээнд заасны дагуу зохих суутгалыг хийсэн тул нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
I
2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Т.Ж ХХК,******* ХХК, Рендербау ХХК, Х.Б ХХК нар нь харилцан тохиролцож Ургах наран орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх, холбогдон гарах төлбөрийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор гэрээ байгуулсан байх ба уг хэлцэл нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцанд хамаарч байна.
Гэрээний дагуу Т.Ж ХХК нь******* ХХК-ийн газар дээр хариу төлбөртэйгээр барилга барих, мөн Рендербау ХХК-ийн төлөх төлбөрийг Х.Б ХХК-д төлөх гол нөхцлийг талууд тохиролцжээ.
Х.Б ХХК, Рендербау ХХК,******* ХХК, Рендер ХХК-ийн хооронд 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 1410000513 тоот Барьцаат зээлийн гэрээ-ээр Рендербау ХХК нь Х.Б ХХК-иас 2 162 000 ам.долларын зээлийг 36 сарын хугацаатайгаар авч, гэрээний хавсралтаар зээлийн санхүүжилт, эргэн төлөлтийн хуваарийг тогтоосон байна.
Дээрх хамтран ажиллах гэрээ, барьцаат зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, Рендербау ХХК нь Х.Б ХХК-нд зээлийн төлбөрийг барьцаат зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
II
Т.Ж ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд ашиглалтад оруулсан орон сууцыг худалдан авагч нараас шилжүүлсэн төлбөр Т.Ж ХХК-ийн Х.Б дахь 5001020967 тоот дансанд төвлөрсөн байснаас Х.Б ХХК 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 243 980 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 147 800 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 32 990 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 40 749 990.3 төгрөг, нийт 465 519 990 төгрөгийг Рендербау ХХК-ийн банкинд төлөх ёстой зээлийн төлбөрт тооцон суутган авсан үйл баримт, хугацаа, мөнгөн дүн дээр талууд маргаагүй, энэ талаарх холбогдох дансны хуулгууд хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагджээ.
Нэхэмжлэгч нь Хамтран ажиллах гэрээ-нд зааснаар газрыг барьцаалж аваагүй, хятад ажилчид оруулж ирэх нөхцөл хангагдаагүйгээс хөрөнгө оруулах болон гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсон байхад суутгал хийсэн нь хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Учир нь Хамтран ажиллах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т Т.Ж ХХК нь Рендербау ХХК-ийн зээлийн төлбөрийг банкинд эргэн төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахаар урьдчилан өгсөн амлалт нь дөрвөн талт гэрээ байгуулах урьдчилсан нөхцөл болсон, 2 дугаар зүйлийн 2.6-д Т.Ж ХХК нь Рендербау ХХК-ийн зээлийн төлбөрийг банкинд эрэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцан төлөх, 2.9-т Рендербау ХХК нь 2 162 000 ам.долларын зээл авсан, 2.14-т Т.Ж ХХК нь орон сууцны орлогыг банкинд дансаар дамжин хийх, банк 2.9-д заасан зээлийн төлбөрт үл маргах журмаар суутган авах эрхэтй болохыг, 2.15-д гэрээний 2.14-т заасан дансаар Т.Ж ХХК-ийн хөрөнгө оруулсан Зүүнхараа дахь орон сууцны борлуулалтын орлогыг мөн дамжуулан хийх бөгөөд уг орлогыг банк зээлийн төлбөрт суутган авах эрхтэй болохыг тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл Т.Ж ХХК нь Рендербау ХХК-ийн зээлийг урьдчилсан нөхцөл, болзол тавилгүйгээр төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд Х.Б ХХК нь мөн урьдчилсан нөхцөл, болзолгүйгээр Т.Ж ХХК-ийн данснаас суутгал хийх эрхтэй байсан байна.
Хамтран ажиллах гэрээний дагуу Т.Ж ХХК-ийн хүлээсэн Рендербау ХХК-ийн зээлийг банкны өмнө төлөх үүрэг нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан баталгааны гэрээний шинжийг агуулсан гэж үзнэ. Тодотговол, Т.Ж ХХК нь Рендербау ХХК-ийн Х.Б-ны өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийг бүхэлд нь шилжүүлэн авсан үйл баримт байхгүй ба харин баталгаа гаргасан болох нь Хамтран ажиллах гэрээ-ний харилцан тохиролцсон байдлаар тогтоогдсон болно.
Иймд хууль, гэрээнд заасан үндэслэлээр Т.Ж ХХК-ийн данснаас 465 519 990 төгрөг суутган авсан Х.Б ХХК-ийн үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй, мөн мөнгөн төлбөрийн суутгалыг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй.
III
Өмнө дурдсанчлан суутгалыг зөвшөөрөхгүй байгаа нэхэмжлэгчийн гаргаж ирсэн газрыг барьцаалж аваагүй, хятад ажилчид оруулж ирэх нөхцөл хангагдаагүйгээс хөрөнгө оруулах болон гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэх мэтгэлцээний байр суурь нь Хамтран ажиллах гэрээ-нд зааснаар Х.Б ХХК-нд биш, харин гэрээний бусад оролцогчдод хамаарахаар байна. Х.Б нь Хамтран ажиллах гэрээ-ний зөвхөн төлбөр тооцооны харилцаанд оролцсон бөгөөд гэрээнд заагдсан Ургах наран орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажил, төсөл хэрэгжүүлэх, тодорхой болзолтойгоор хөрөнгө оруулах зэрэг үйл явц нь Т.Ж ХХК,******* ХХК, Рендербау ХХК-иудын хооронд үүссэн.
Мөн Т.Ж ХХК болон******* ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулах гэрээ-ний харилцаа, тохиролцоо нь Х.Б ХХК-ийн Т.Ж ХХК-ийн банк дахь данснаас суутгал хийсэн асуудалд үр дагавар үүсгэхгүй.
Хэдийгээр Ургах наран хорооллыг барихаар төлөвлөсөн газар тухайн үед Х.Б ХХК-ийн зээлийн барьцаанд байсан байх боловч тухайн зээлийн барьцаанаас газрыг чөлөөлж авах үүргийг зөвхөн Х.Б ХХК-тай гэрээ байгуулсан зээлдэгч, барьцаалуулагч талууд хүлээх учиртай юм.
IV
Нэхэмжлэгч талаас Хамтран ажиллах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасны дагуу Ургах наран орон сууцны хороолол 2013 онд баригдаагүй тул гэрээ тухайн 2013 оны 12 дугаар сард багтаж цуцлагдсан, тиймээс гэрээ цуцлагдсан байхад суутгал хийсэн гэх байр суурийг илэрхийлжээ.
2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.5 дахь хэсэгт гэрээ цуцлах нөхцлүүдийг тусгахдаа гэрээний 4.1 дэх хэсэгт санал гаргаж байгаа тал гэрээ цуцлахаас нэг сарын өмнө бусад талдаа албан бичгээр мэдэгдсэн байх урьдач нөхцлийг тогтоож өгчээ.
Т.Ж ХХК-ийн зүгээс 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 017 тоот албан бичгээр гэрээний хэрэгжилтийн талаар, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 001 тоот албан бичгээр гэрээ цуцлах талаар Х.Б ХХК-нд мэдэгдсэн боловч гэрээний бусад эрх тэгш оролцогчид болох******* ХХК, Рендербау ХХК-д мэдэгдээгүй.
Холбогдуулан авч үзвэл гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах, дуусгавар болгох асуудал нь зөвхөн Т.Ж ХХК, Х.Б ХХК-иудын асуудал биш бөгөөд******* ХХК, Рендербау ХХК-д гэрээ цуцлах талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргийг гэрээний бүх талууд хүлээх ёстой тул Х.Б ХХК-ийн зүгээс суутгал хийх үед Хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуульд заасан журмын хүрээнд цуцлагдсан байсан гэж үзэхгүй.
V
Мөн Хамтран ажиллах гэрээ-ээр Т.Ж ХХК нь Рендербау ХХК-ийн ямар хэмжээний мөнгөн төлбөрийн үүргийг хариуцах ёстой болохыг гэрээний 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хавсралт болгож батлах ёстой байсан, ингэж батлаагүй тул Т.Ж ХХК нь Рендербау ХХК-ийн төлөх ёстой мөнгөн төлбөрийн үүргийг бусдын өмнө хариуцахгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан байна.
Харин Хамтран ажиллах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.6, 2.14, 2.15, 3 дугаар зүйлийн 3.1.4 /уг заалтуудыг өмнө дэлгэрэнгүй дурдсан/ дэх хэсэгт зааснаар Т.Ж ХХК нь Х.Б ХХК, Рендербау ХХК,******* ХХК, Рендер ХХК-ийн хооронд 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 1410000513 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу Рендербау ХХК-ийн зээлийн мөнгөн төлбөрийн үүргийг төлөх ёстой болохыг тодорхой, ойлгомжтой байдлаар тусгажээ.
VI
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар захирамжаар Х.Б-ны 2 416 175 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 1410000513 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний хүрээнд гаргасан байх бөгөөд хариуцагч Рендербау ХХК,******* ХХК, Г.Цогоо, Х.Эрдэмбилэг нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл урьд шүүхээр шийдвэрлэгдсэн дээрх маргаан нь одоо Т.Ж ХХК болон Х.Б ХХК-ийн хооронд төлбөр тооцооны маргаан үүсэх үндэс болсон 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 1410000513 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний хүрээнд мөн гарчээ. Гэхдээ Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар захирамж нь Х.Б ХХК-ийн Т.Ж ХХК-иас 465 519 990 төгрөг суутган авсны дараа гарсан байхын зэрэгцээ уг суутгаж авсан 465 519 990 төгрөгийг дахин өөр этгээдэд хариуцуулж гаргаагүй.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар Х.Б ХХК-иас гаргуулан авсан Рендербау ХХК-ийн зээлийн төлбөрийн дансны хуулгаар Т.Ж ХХК-иас суутган авсан 465 519 990 төгрөг нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар захирамжийн дагуу төлөгдсөн мөнгөн төлбөртэй давхардаагүй болох нь тогтоогдсон. Энэ тогтоогдсон үйл баримтын талаар хариуцагч/зээлдүүлэгч Х.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс тодорхой тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй, өрсөлдөх нотлох баримтыг гаргаагүй.
2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 1410000513 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний дагуу мөнгөн хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авсан Рендербау ХХК нь хариуцагч Х.Б ХХК-ийг мөнгө төлбөрийн үүрэгт илүү суутгал хийсэн, гэрээнд зааснаас давсан хэмжээгээр төлбөр төлүүлсэн гэж маргасан үйл баримт байхгүй.
Иймд Т.Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.Б ХХК-нд холбогдох энэхүү нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн байхгүй гэж үзэх нь зүйтэй.
VII
Энэ шийдвэрээр 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-ний Т.Ж ХХК-ийн Х.Б ХХК-ийн өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой хэсэгт гарсан маргааныг шийдвэрлэсэн бөгөөд цаашлаад нэхэмжлэгч Т.Ж ХХК-ийн дээрх Хамтран ажиллах гэрээ-ний бусад оролцогчдод холбогдуулан нэхэмжлэх гарах эрх бол нээлттэй үлдэж байгааг дурдаж байна.
VIII
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, БНХАУ-ын иргэн ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагчгүй оролцох болохоо илэрхийлсэн бөгөөд шүүх хуралдаанд монгол хэлээр тайлбар өгч оролцсон. Түүний орчуулагчгүй оролцох талаар гаргасан тайлбар, хэлэлцүүлэгт гаргаж байсан байр суурь зэрэг нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээр баталгаажсан болно.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Рендербау ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг өөрөө мэдсэн /холбогдох баримт үйлдэгдсэн/ боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, зохигчид Рендербау ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаагүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01959 дүгээр захирамжаар авсан хариуцагч Х.Бнаас 465 519 990 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ нь энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоход хүчингүй болохыг дурдвал зохино.
Өгсөн дүгнэлтийн хүрээнд Т.Ж ХХК-ийн данснаас 465 519 990 төгрөг суутган авсан Х.Б ХХК-ийн үйлдэл нь хууль, гэрээнд заасны дагуу явагдсан байх тул Т.Ж ХХК-ийн данснаас 465 519 990 төгрөг суутган авсныг хууль бус болохыг тогтоолгох, 465 519 990 төгрөг гаргуулах тухай Т.Ж ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б ХХК-нд холбогдох Т.Ж ХХК-ийн данснаас 465 519 990 төгрөг суутган авсныг хууль бус болохыг тогтоолгох, 465 519 990 төгрөг гаргуулах тухай Т.Ж ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 555 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ