Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 347

 

С.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 000/ШШ2019/00049 дугаар шийдвэртэй, С.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ц-д холбогдох, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 000 тоот орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшин шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А- миний бие 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Y-2205006638 тоот үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 000 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд охин А.А нь “Кредитех СТМ ББСБ” ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 55 000 000 төгрөг зээлж, зээлийн үүргийн гүйцэтгэлд дээрх орон сууцыг барьцаалсан ба зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй тул гэрээний дагуу уг орон сууцыг төлбөрт тооцох тул чөлөөлөх арга хэмжээ ав гэсэн мэдэгдэл банк бус санхүүгийн байгууллагаас ирсэн.

Зээ хүү маань тус орон сууцанд түр амьдардаг бөгөөд мэдэгдэл ирүүлсэнтэй холбогдуулан охин бид хоёр хүүгээ өөр тийш нүүлгэж, орон сууцыг чөлөөлөх арга хэмжээ авахаар очиход хүү биш Т.Ц- 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Түүнд орон сууцыг өөрийн өмч, зээлийн төлбөрт тооцохоор болсон талаар хэлж яаралтай суллах арга хэмжээ авч, нүү гэхэд “би танай зээ хүүгийн эхнэр. Ойрд бид хоёр таарамжгүй байгаа. Зээ хүүтэй чинь ойрын хугацаанд учраа олоод холбогдъё” гэсэн боловч эргэж холбогдоогүй, дахин очтол “би гэрлэлт цуцлалтын асуудлаа шийдвэрлэж дууссаны дараа байрыг чөлөөлнө” гэж хэлээд одоог хүртэл үргэлжлүүлэн амьдарсаар байна. Удаа дараа түүнтэй уулзсан, мөн шүүхэд хандаад яахав гэж бодоод суллаж өгөхийг хүлээсэн боловч сүүлдээ хаалгаа тайлж өгөхгүй, утсаа унтраагаад, орон сууцнаас гарахгүй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу Т.Ц-ын хууль бус эзэмшлээс дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгч С.А- надад олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 12 дугаар байрны 000 тоот байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгч С.А-гийн төрсөн хүү А.О-тэй 2012 оны 4 дүгээр сард танилцаж, мөн оны 8 дугаар сараас эхлэн бид гэр бүл болж хамтран амьдрах болсон. Бидний дундаас охин О.Индра 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, охин О.Нинжин 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус тус төрсөн.  Анх гэр бүл болох үед С.А- нь “манай хүүхдүүд хүнтэй гэрлэлтээ батлуулж, гэр бүл болдоггүй. Удмын хараал хүрч аль нэг нь өнгөрдөг” гэсний улмаас бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч охин О.И, О.Н нарыг эцэг А.О-ээр нь овоглож, иргэний бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авсан.

Тухайн үед би А.О-ийн эх С.А-тай удаа дараа уулзаж, гэрлэлтийн талаар ярилцаж байхад С.А- “өөрийн хүү А.О-ээ тусад нь гаргаж орон байраар хангана, энд тэнд олон орон сууц байгаа” гэж хэлсэн. Бид гэр бүл болсны дараа 2012 оноос хойш нэг жилийн хугацаанд С.А-гийн гэр буюу Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 49 дүгээр байр, 81 тоот хаягт хамт амьдарч байгаад 2014 оны 8 сараас эхлэн дээрх хаягт шилжин амьдарсан. Уг орон сууцыг эгч нар нь авч өгсөн, бага хэмжээний зээлээр авсан учраас одоогоор ээжийнх нь нэр дээр байдаг. 2-3 жилийн дараа зээлийг нь бүрэн төлж дуусгаад өөрийн нэр дээр шилжүүлж авна гэж А.О- надад хэлснээр маргаан бүхий орон сууцанд 4 жил амьдарч, орон сууц ашиглалтын төлбөрийг бүрэн төлж байсан.

Гэтэл С.А- нэхэмжлэлдээ намайг болон охидуудыг танихгүй, орон сууцанд нь хууль бусаар амьдарч байна гэж огт үндэслэлгүй зүйл бичиж, намайг гүтгэсэн байна. А.О-тэй гэр бүл болсны дараа гайгүй байж байснаа 2016 оноос эхлэн архи уух нь ихсэж, улмаар гэр орондоо согтуу ирж, хэрүүл маргаан үүсгэж, хэд хоногоор ирэхгүй алга болж, агсам согтуу тавьж, заримдаа миний эрх чөлөөнд халдах тохиолдол гарч байсан. А.О- нь би өөр амьдралтай, эхнэр хүүхэдтэй гэх зүйлсийг ярьдаг болсон. Тухайн үед нь би согтуу хүний үг гээд төдийлөн тоодоггүй байсан. 2018 оны 7 дугаар сард гэрээсээ гарч яваад дахиж ирээгүй. Түүнийг гэртээ ирэхгүй болохоор нь Өмнөговь аймагт байрлах эгчийнхээ нүүрсний компанид, хөдөө ажиллаж байгаа гэж бодож байтал эгч А.Адъяасүрэн нь утсаар “...миний дүү А.О- чамаас салж байгаа, 2 хүүхдээ аваад байр чөлөөлөөрэй...” гэсэн. А.О-ээс тодруулахыг хүссэн боловч тэрээр надад олдоогүй. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүүхдүүдээ цэцэрлэгээс аваад гэртээ ирэхэд хулгай орсон бололтой хамаг юм хөглөрсөн байхаар нь эд зүйлсээ бүртгэж үзэхэд зөвхөн А.О-ийн хувцас, хэрэглэдэг бүх зүйлс нь байхгүй, өөрийн эд зүйлсээ аваад явсан нь тодорхой болсон.

Үүний дараа танихгүй хүмүүс гэрт ирж, энэ орон сууц банкны барьцаанд байгаа, байраа чөлөөлж өг гэх зэргээр дарамт шахалт үзүүлэх болсон. Эхнэр, охидуудаа хаяж, орон гэрээс нь хөөлгөж, гудамжинд гаргахаар зүтгэж буй нөхөр А.О-, хадам эх С.А-, түүний эгч нарын ёс жудаггүй үйлдэлд маш их гомдолтой, 7 жил хамт амьдарсан, өрх тусгаарлахад хүний ёсоор гэрийн зүүн талын бүх тавилгыг авсан. Дээрх орон сууцыг барьцаанд байгаа гэж бодохгүй байна, барьцаанд байгаа бол гуравдагч этгээдийн эрх хөндөгдөнө.  Хуульд зааснаар аливаа иргэн шүүхэд үнэн мэдүүлэг, тайлбар гаргах үүрэгтэй атал С.А- нь ор үндэслэлгүй худал зүйл бичиж, хууль ёсыг зөрчсөн үйлдэл гаргаж байх тул хуулийн дагуу шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байрны 000 тоот хаягт байрлах орон сууцыг Т.Ц-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, С.А-д олгох тухай С.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн “...нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг хүсч байгаа үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг нэхэмжлэгч С.А- нь зээлийн барьцаанд тавьсан эсэх, улмаар уг орон сууцыг тухайн зээлийн төлбөрт тооцохоор болсон гэх үйл баримтыг нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй...” гэх үндэслэлийн тухайд.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлдээ маргаан бүхий орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан талаар тодорхой тайлбарласан. “Кредитех СТМ” ББСБ-тай 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ17/03/012 тоот зээлийн гэрээ байгуулж 55 000 000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд миний өмчлөлийн дээрх орон сууцыг тавьсан бөгөөд охин зээлээ хугацаанд нь төлөөгүй учир зээлийн гэрээний дагуу уг орон сууцыг төлбөрт тооцохоор болсныг нэхэмжлэлд бичиж, улмаар шүүх хуралдааны явцад ч тайлбарласан.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа “...хариуцагчид “Кредитех СТМ” ББСБ-аас тус орон сууцанд амьдарч байсантай холбогдуулан мэдэгдэл хүргүүлсэн, түүнд мэдэгдсэн...” гэж, хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...танихгүй хүмүүс гэрт ирж, энэ байр банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа, байраа чөлөөлж өг гэх зэрэг дарамт шахалт үзүүлэх болсон...” гэж тус тус тайлбарласан атал уг тайлбаруудыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зохигч гагцхүү... хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 000 тоот орон сууцыг хариуцагч Т.Ц-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгч С.А-д олгох гэж тодорхойлсноос банк бус санхүүгийн барьцаанд байгаа эсэх талаар маргаагүй байтал хэрэгт зээлийн барьцаанд тавьсан эсэх, улмаар төлбөрт тооцохоор гэх үйл баримтыг нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн шүүхээс нэхэмжлэгчийг өөрийн хүсэл зоригийн дагуу, өөрийн өмчлөлийн хөрөнгийг Т.Ц-д шилжүүлсэн байна гэж үзэхээр байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй байна гэсэн нь ч үндэслэлгүй. Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт иргэн, Хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж заасны дагуу хариуцагчид нэхэмжлэгчээс өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн талаар баримтгүй ба хариуцагчийн нэр дээр маргаан бүхий орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авагдаагүй байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хариуцагчийн нэр дээр одоогийн байдлаар өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй...” гэж шүүх хуралдааны явцад тайлбарласаар байхад анхан шатны шүүх хариуцагчид маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Хариуцагчийн эцэг охиндоо зориулан дээрх орон сууцанд тохируулж тавилга хийлгэж өгч байсан гэж тайлбарладаг боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх зөвхөн уг тайлбарыг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй.

Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн хүү А.О-тэй уг орон сууцанд хамтран 4 жил амьдарсан нь үнэн боловч энэ нь уг орон сууцыг хууль ёсоор эзэмшиж өмчлөх эрхтэй гэсэн ойлголт биш. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан. Энэ нь зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшил нь эрх зүйн үр дагавар буюу шаардах эрхийг үүсгэнэ. Гэтэл нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг хариуцагчид шилжүүлээгүй, гэрээ хэлцэл байгуулаагүй байхад шүүх Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ зааж хэрэглэсэн нь үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангана уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнээгүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч Т.Ц-д холбогдуулан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 000 тоот орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх “...нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууц зээлийн барьцаанд байгаа эсэх, улмаар зээлийн төлбөрт тооцох болсон үйл баримтаа нотлоогүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн хүүтэй гэр бүл, одоо уг байранд хоёр хүүхдийн хамт амьдарч байгаад талууд маргаагүй, хариуцагчийн эцэг орон сууцанд нь тавилга хийлгэсэн гэх тайлбаруудыг үнэлж, нэхэмжлэгчийг өөрийн хүсэл зоригийн дагуу, өмчлөлийн хөрөнгөө хариуцагчид шилжүүлсэн байна. Үүнийг хууль бус эзэмшил гэж үзэхгүй гээд Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны эзэмшигчээс эд хөрөнгийг шаардаж болохгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүхийн дээрх дүгнэлт нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.Ц-ын эзэмшил нь зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн тохиолдолд хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Харин, нэхэмжлэгч С.А- нь маргааны зүйл болох орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000340490 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй./хх5/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн хүүтэй гэр бүлийн харилцаатай байсан, уг орон сууцанд тавилга хийлгэсэн, тухайн үл хөдлөх эд хөрөнгө зээлийн барьцаанд байгаа, улмаар төлбөрт хураан авах болсон талаарх баримт авагдаагүй зэрэг нь өмчлөгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй юм.

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч С.А- нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Т.Ц-ын эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй тул хууль болон гэрээгээр эзэмшил шилжүүлээгүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж С.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 12 дугаар байр 000 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хариуцагч Т.Ц-ын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 000/ШШ2019/00049 дугаар шийдвэрийн,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын  12 дугаар байр 000 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг Т.Ц-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгч С.А-д олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулсугай...” гэж нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                           

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА