Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2017/01100

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2017/01100

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, Баян-Өндөр сум, Зэст баг, 1-16-78 тоотод оршин суух, Гал овгийн Пэлжээгийн Уугантулгын /Регистрийн дугаар: ФА75090664/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ХХК-нд холбогдох

Ажилгүй байсан үеийн цалин, нөхөн олговор, 13 дахь сарын цалин болон бонус, бусад урамшуулал гаргуулах, мөн хугацаанд тасарсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, *******-ийн Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаартай тушаалын түр ажилд томилох заалтыг хүчингүй болгон байнгын ажлын байран ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Пэлжээ овогтой Уугантулга би тус шүүхэд хандаж 2015 оны 08 сарын 16-ны өдөр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2015 оны 07 сарын 31-ны өдрийн Б-840 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, авах байсан шагнал урамшуулыг олгуулах нэхэмжлэлийг гаргасан билээ.

Миний нэхэмжпэлийн дагуу 2016 оны 09 сарын 28-ны өдөр анхан шатны шүүхийн 1196 дугаартай шийдвэр гарч нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2016 оны 12 сарын 08-ны өдөр болж 111 дугаартай магадлал гарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гарган 2017 оны 02 сарын 16-ны өдөр Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн танхимын шүүх хуралдаан болж 2017 оны 02 сарын 16-ны өдөр 177 дугаартай тогтоол гарч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээсэн юм.

Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдож 2017 оны 08 сарын 07 ны өдрийн Б/1117 тушаал гарсанаар ажлаа хийж байна.

Нэхэмжпэгч би 2016 оны 09 сарын 28-ны өдөр анхан шатны шүүхийн 1196 дугаартай шийдвэр гарсанаас хойшхи хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор, 13 дахь сарын цалин болон бонус урамшуулал, мөн хугацаанд тасарсан эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гарч байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа. ******* би тус шүүхэд хандаж, ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаартай шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан үеийн цалин, нөхөн олговор, 13 дахь сарын цалин болон бонус, бусад урамшуулал гаргуулах, мөн хугацаанд тасарсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Дээрх 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаартай шийдвэрээр намайг эрхэлж байсан ажил дээр минь тогтоосоор атал Уурхайчин Соёлын ордны арга зүйч Э.Бүжидмаагийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр ажиллуулахаар 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б/1117 дугаартай *******-ийн захирлын тушаал гарсан тул би өөрийн гаргасан нэхэмжлэл дээр нэмж дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд: намайг байнгын ажлын байран дээр маань тогтоосон шийдвэрийг зөрчин түр ажлын байранд томилсон тушаалд өөрчлөлт оруулж байнгын ажлын байранд ажиллуулахаар өөрчлөлтийг оруулах шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор, 13 дахь сарын цалин болон бонус, урамшууллыг *******-аас гаргуулах, түр ажлын байранд томилсон тушаалд өөрчлөлт оруулж байнгын ажлын байранд ажиллуулах өөрчлөлт оруулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор, 13 дахь сарын цалин болон бонус, урамшууллыг *******-иас гаргуулах, түр ажлын байранд томилсон тушаалд өөрчлөлт оруулж байнгын ажлын байранд ажиллуулах өөрчлөлт оруулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно., Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Журам батлах тухай 55 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7дугаар зүйлийн (а)-д ...ажилтанд ажлаас халагдсан болон ...хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байна.

Нэхэмжлэгч *******д 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, 13 дахь сарын цалин, бонус, урамшууллын тооцоо, судалгааг гаргуулахаар Хууль, эрх зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 130/669 тоот албан бичгийг компанийн Эдийн засгийн хэлтэст хүргүүлсэн бөгөөд тус хэлтээс 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 108/185 тоот албан бичгээр нэхэмжлэгч *******д 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 10,924,160 төгрөг олгохоор байгаа тухай тооцоог Хууль, эрх зүйн газарт ирүүлсэн.

Хоёр. Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаар

тушаалд өөрчлөлт оруулах тухайд:

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх худалдааны 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00177 дугаар тогтоол зэргийг үндэслэн нэхэмжлэгч П.Уугантулгыг Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаар тушаалаар Уурхайчин соёлын ордны арга зүйчээр Э.Бүжидмаагийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр ажилд авсан.

Учир нь тус цехэд орон тоо байхгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж түр ажлын байраар хангасан учир Ерөнхий захирлын Б/1117 дугаар тушаалд өөрчлөлт оруулах нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаартай шийдвэрэр ажилд эгүүлэн тогтоогдсон байх бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор,13 дахь сарын цалин болон бонус урамшуулал, мөн хугацаанд тасарсан эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, *******-ийн Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаартай тушаалын түр ажилд томилох заалтыг хүчингүй болгон байнгын ажлын байран ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь анх тус шүүхэд хандаж 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Уулын баяжуулах *******-ны захирлын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/840 дугаартай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан байна.

Түүний нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан хэлэлцээд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаартай шийдвэрээр П.Уугантулгыг Эрдэнэт үйлдвэрХХК-ны Уурхайчин соёлын ордны арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 31.236.491 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 111 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 177 дугаартай тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг *******-ны захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Ажилд нь эгүүлэн түр ажиллуулах тухай Б/1117 дугаартай тушаалаар 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс компанийн Уурхайчин соёлын ордны арга зүйч Э.Бүжидмаагийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд арга зүйчээр түр ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Гэвч нэхэмжлэгч дээрх тушаалын дагуу тухайн хүний оронд арга зүйчээр түр ажиллахыг хүлээн зөвшөөрөөгүй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй, цалин хөлс аваагүй байна. Өөрөөр хэлбэл тэрээр өөрийн эрхэлж байсан арга зүйчийн байнгын ажлын байранд эгүүлэн тогтоогдоогүй, харин хүний оронд түр хугацаагаар ажиллах болсон нь шүүхийн шийдвэр биелэгдэхгүйд хүргэжээ. Нэхэмжлэгч нь ийнхүү хуучин эрхэлж байсан ажил албан тушаалдаа ороогүй, тушаал биелэгдээгүй байх тул түүнийг ажилгүй байсанд тооцож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах үндэстэй байна.

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт түүний дундаж цалинг 1.212.290 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг бодсон байх бөгөөд дээрх дундаж цалинг шүүх шийдвэр гаргахдаа баримталсан болно. Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 279 хоног ажилгүй байсан байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 09 дүгээр сарын 28-наас 2017 оны 10 дугаар сарын 26-н хүртэл 12 сар, үүнийг сард ажлын 21.5 хоног байх хуулийн заалтаар үржүүлэхэд /12 сар х 21.5 хоног= 258 хоног,үүн дээр 9 сарын 28-наас 10 сарын 26 хүртэл ажлын 21 хоног болж байгааг нэмэхэд нийт 279 хоног ажилгүй байсан байсан, 3 сарын дундаж цалинг нэг сарын ажлын дундаж өдөрт хувааж /1.212.290:21.5=56.385/ тооцоход нэг өдрийн цалин 56.385 төгрөг болж байна. Үүнийг ажилгүй байсан хоногоор /279*56.385=15.731.577/ үржүүлэхэд 15.731.577 төгрөгийн нөхөн олговорыг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заажээ. Иймд нэхэмжлэгч нь 13 дахь сарын цалин болон бонус урамшуулал нэхэмжилсэнийг хангах боломжгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаад, хариуцагчаас 306,808 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэргийг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан *******-ын Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаар тушаалын П.Уугантулгыг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс компанийн Уурхайчин соёлын ордны арга зүйч Э.Бүжидмаагийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд арга зүйчээр түр ажиллуулсугай гэсэн 1 дэх заалтыг хүчингүй болгож, П.Уугантулгыг Эрдэнэт үйлдвэрХХК-ны Уурхайчин соёлын ордны арга зүйчийн байнгын ажлын байраар хангахыг *******-д даалгаж, *******-наас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 15.731.577 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, 13 дахь сарын цалин болон бонус урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар П.Уугантулгын цалинтай тэнцэх нөхөх нөхөх олговор, урамшуулал 15.731.577 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг *******-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч *******-аас 306,808 төгрөг гаргуулан төрийн санд тэмдэгтийн хураамжаар оруулсугай.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН