Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 00183

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     П.Уугантулгын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/01100 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: П.Уугантулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох

“Ажилгүй байсан үеийн цалин, нөхөн олговор, 13 дахь сарын цалин болон бонус, бусад урамшуулал гаргуулах, мөн хугацаанд тасарсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017.08.07-ны өдрийн Б/1117 дугаартай тушаалын түр ажилд томилох заалтыг хүчингүй болгон байнгын ажлын байранд ажиллуулахыг даалгах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Уугантулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч П.Уугантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.Уугантулга би тус шүүхэд хандаж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2015 оны 07 сарын 31-ны өдрийн Б-840 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, авах байсан шагнал урамшуулыг олгуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд 2016 оны 09 сарын 28-ны өдөр анхан шатны шүүхийн 1196 дугаартай шийдвэр гарч нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2016 оны 12 сарын 08-ны өдөр болж 111 дугаартай магадлал гарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гарган 2017 оны 02 сарын 16-ны өдөр Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн танхимын шүүх хуралдаан болж 2017 оны 02 сарын 16-ны өдөр 177 дугаартай тогтоол гарч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээсэн юм.

Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдож 2017 оны 08 сарын 07 ны өдрийн Б/1117 тушаал гарсанаар ажлаа хийж байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаартай шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан үеийн цалин, нөхөн олговор, 13 дахь сарын цалин болон бонус, бусад урамшуулал гаргуулах, мөн хугацаанд тасарсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Дээрх 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаартай шийдвэрээр намайг эрхэлж байсан ажил дээр минь тогтоосоор атал Уурхайчин Соёлын ордны арга зүйч Э.Бүжидмаагийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр ажиллуулахаар 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б/1117 дугаартай Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захирлын тушаал гарсан тул би өөрийн гаргасан нэхэмжлэл дээр нэмж дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд: намайг байнгын ажлын байран дээр маань тогтоосон шийдвэрийг зөрчин түр ажлын байранд томилсон тушаалд өөрчлөлт оруулж байнгын ажлын байранд ажиллуулахаар өөрчлөлтийг оруулах шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно., Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Журам батлах тухай 55 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7дугаар зүйлийн (а)-д ...ажилтанд ажлаас халагдсан болон ...хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байна.

Нэхэмжлэгч П.Уугантулгад 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, 13 дахь сарын цалин, бонус, урамшууллын тооцоо, судалгааг гаргуулахаар Хууль, эрх зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 130/669 тоот албан бичгийг компанийн Эдийн засгийн хэлтэст хүргүүлсэн бөгөөд тус хэлтээс 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 108/185 тоот албан бичгээр нэхэмжлэгч П.Уугантулгад 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 10,924,160 төгрөг олгохоор байгаа тухай тооцоог Хууль, эрх зүйн газарт ирүүлсэн.

Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаар тушаалд өөрчлөлт оруулах тухайд:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх худалдааны 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00177 дугаар тогтоол зэргийг үндэслэн нэхэмжлэгч П.Уугантулгыг Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаар тушаалаар Уурхайчин соёлын ордны арга зүйчээр Э.Бүжидмаагийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр ажилд авсан. Учир нь тус цехэд орон тоо байхгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж түр ажлын байраар хангасан учир Ерөнхий захирлын Б/1117 дугаар тушаалд өөрчлөлт оруулах нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/01100 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-ын Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаар тушаалын П.Уугантулгыг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс компанийн Уурхайчин соёлын ордны арга зүйч Э.Бүжидмаагийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд арга зүйчээр түр ажиллуулсугай гэсэн 1 дэх заалтыг хүчингүй болгож, П.Уугантулгыг Эрдэнэт үйлдвэрХХК-ны Уурхайчин соёлын ордны арга зүйчийн байнгын ажлын байраар хангахыг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгаж, Эрдэнэт үйлдвэр ХХК-наас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 15.731.577 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Уугантулгад олгож, 13 дахь сарын цалин болон бонус урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар П.Уугантулгын цалинтай тэнцэх нөхөх нөхөх олговор, урамшуулал 15.731.577 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Уугантулга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 306,808 төгрөг гаргуулан төрийн санд тэмдэгтийн хураамжаар оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон давж заалдсан гомдолдоо:

Хөдөлмөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж заасан.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэж, 117 дугаар тогтоолоор Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж 1196 дугаар шийдвэр, Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

П.Уугантулга нь 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөнийг бөл мэдсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт “шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх ” хугацааг уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч П.Уугантулга нь 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр буюу Улсын дээд шүүхийн тогтоол гарсанаас хойш 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч П.Уугантулгад 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, 13 дахь сарын цалин, бонус, урамшууллын тооцоо, судалгааг гаргуулахаар Хууль, эрх зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 130/669 тоот албан бичгийг компанийн Эдийн засгийн хэлтэст хүргүүлсэн бөгөөд тус хэлтээс 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 108/185 тоот албан бичгээр “нэхэмжлэгч П.Уугантулгад 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 10,924,160 төгрөг олгохоор байгаа тухай тооцоог ” Хууль, эрх зүйн газарт ирүүлсэн байдаг бөгөөд шүүх ямар үндэслэл, аргачлалаар ажилгүй байсан хугацааны цалинг тооцож бодсон нь үндэслэл муутай байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан” гэдэг нь ажилтан шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг авахаар ажил олгогчид хандаж гаргасан гомдлыг ажил олгогч шиидвэрлээгүи, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилтанд олгохоос татгалзсан, энэ асуудлаар ажилтан, ажил олгогч нар маргалдсан байхыг шаардах бөгөөд ажил олгогчийн шийдвэрийг ажилтан эс зөвшөөрч хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага буюу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан, хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан байхыг шаардана. Өөрөөр хэлбэл ажилтан ажил олгогч нарын хооронд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох эсэх талаар маргаан үүссэн байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч П.Уугантулга нь Хөдөлмөрийн тухай хуудийн 128.1.5-д заасан маргаан үүсээгүй байхад шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Уугантулга ажилгүй байсан үеийн цалин, нөхөн олговор, 13 дахь сарын цалин болон бонус, бусад урамшуулал гаргуулах, мөн хугацаанд тасарсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...түр ажлын байранд томилсон тушаалд өөрчлөлт оруулж байнгын ажлын байранд ажиллуулахаар өөрчлөлтийг оруулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч П.Уугантулга нь ажил олгогчтой 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажил олгогчийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн Б/1117 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажилд эгүүлэн тогтоосон байх ба нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговрыг ямар хугацаанд хэрхэн тооцсон нь тодорхой бус өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж заагаагүй нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасныг зөрчжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч П.Уугантулга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил олгогчийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн Б/1117 дугаар тушаалыг өөрчлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад шүүх ажил олгогчийн Б/1117 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ. Учир нь ажил олгогчийн гаргасан тушаалыг өөрчлөх нь  шүүхээр хянан шийдвэрлэх хөдөлмөрийн маргаанд хамаарах эсэхийг шүүх анхаарч үзээгүй байна.

Нэхэмжлэгч П.Уугантулгын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, маргаантай үйл баримтыг үндэслэл бүхий тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд хариуцагчийн гаргасан “...Хөдөлмөрийн тухай хуудийн 128.1.5-д заасан маргаан үүсээгүй байхад шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэх давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/01100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236.608 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                                            Б.БАТТӨР

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ