Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 00052

 

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 207/МА2018/00052

 

 

П.У-ын нэхэмжлэлтэй

хариуцагч Э ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/00202 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч П.У-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э ХХК-д холбогдох,

Э ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, байнгын буюу үндсэн ажилдаа эгүүлэн тогтоосон тушаал гаргуулах, 2016 оны 09 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 2017 оны 10 сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2016 оны 9 сарын 28-ны өдрийн 1196 дугаартай шийдвэр гарснаас хойш 2017 оны 10 сарын 26 хүртэлх 13 сарын цалинг 1.212.290 төгрөгөөр бодон нийт 15.759.770 төгрөг гаргуулах, ажилгүй байсан 2016-2017 оны хоорондох 13 сарын хугацааны үр дүнгийн урамшуулал буюу 13 дахь цалин бусад урамшуулал гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П , нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч П.У  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.У  би тус шүүхэд хандаж Э ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 07 сарын 31-ний өдрийн Б/840 дугаартай тушаалыг хүчингүй болгон ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны үр дүнгийн урамшуулал болон бусад урамшууллыг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд 2016 оны 09 сарын 28-ны өдөр Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1196 дугаартай шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн бөгөөд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 111 дугаартай магадлал, Улсын Дээд Шүүхийн 177 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээн хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн билээ. Дээрх 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарснаас хойш мөн л ажилгүй байсан бөгөөд 2017 оны 08 сарын 07-ны өдөр Э ХХК-ийн Ерөнхий захирлын Б/1117 дугаартай тушаал гарсан бөгөөд уг тушаал хүүхэд асрах чөлөөтэй байгаа Бүжидмааг ажилдаа эргэн ортол гэсэн утгатайгаар түр ажлын орон тоон дээр гарсан байсан. Гэтэл 3 шатны шүүх намайг байнгын ажлын байранд үндсэн орон тоон дээр нь авч ажиллуулахаар шийдвэрлэсэн. Иймд:

1.Э ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 08 сарын 07-ны өдрийн Б/1117 дугаартай намайг түр ажлын байранд томилсон тушаалыг хүчингүй болгуулж, байнгын буюу үндсэн ажилдаа эгүүлэн тогтоосон тушаал гаргуулах,

2. 2016 оны 09 сарын 28-ны өдрөөс хойш 2017 оны 10 сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх,

3. 2016 оны 09 сарын 28-ны 1196 дугаартай шийдвэр гарснаас хойшхи 2017 оны 10 сарын 26 хүртэлх 13 сарын цалинг 1212290 төгрөгөөр бодон нийт 15759770 төгрөг/ цалингийн дундажийг Э ХХК-ийн Цалин хөлсний хэлтсээс 2015 онд гаргаж өгсөн 1212290 төгрөгөөр тооцов/ гаргуулах,

4. Ажилгүй байсан 2016-2017 оны хоорондох 13 сарын хугацааны үр дүнгийн урамшуулал буюу 13 дахь цалин, бусад урамшууллыг Уурхайчин соёлыг ордны арга зүйчдийн урамшууллуудын дундажтай харьцуулан Э ХХК-ийн Цалин, хөлсний хэлтсээс гаргасан тодорхойлолтыг үндэслэн гаргуулах зэрэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Э ХХК нь нэхэмжлэгч П.У-г Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаар тушаалаар Уурхайчин соёлын ордны арга зүйчээр Э.Бүжидмаагийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр ажилд авч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

П.У  нь Э ХХК-ийн Ерөнхий захиралтай 44/17/3 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулан, гэрээнд дээрх гол нөхцөлүүдийг тохирч, талууд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д Талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно. гэж заасан бөгөөд П.У  нь Ерөнхий захиралтай байгуулсан 44/17/3 дугаар хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-д Э.Бүжидмааг ажилдаа эргэн ороход өөр ажлын байраар хангуулах нөхцөлтэйгээр ажил олгогчтой тохиролцсон. Иймд П.У-н Э ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаартай намайг түр ажлын байранд томилсон тушаалыг хүчингүй болгуулж, байнгын буюу үндсэн ажилдаа эгүүлэн тогтоосон тушаал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд: Ажил олгогч нь ажилтны ажилласан цалин хөлснөөс эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварыг суутган нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийдэг учир үүнд шүүхийн шийдвэрээр даалгах хууль, зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаар тушаалаар нэхэмжлэгч П.У-г 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс Уурхайчин соёлын ордны арга зүйчээр Э.Бүжидмаагийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд П.У-н ажилласан цагийн бүртгэлийг үндэслэн 8 сард 573,913 төгрөг, нэмэгдэл цалин 120,000 төгрөг, нийт 693,913 төгрөг, 9 сард 1,100,000 төгрөг, нэмэгдэл цалин 120,000 төгрөг, нийт 1,220,000 төгрөг, 10 сард 600,000 төгрөг, нэмэгдэл цалин 320,509 төгрөг, нийт 920,509 төгрөг, 8, 9, 10 сарын цалин 2,834,422 төгрөг олгохоос үйлдвэрчний эвлэлийн татвар 22,739 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 240,000 төгрөг, хүн амын орлогын албан татвар 259,422 төгрөгийг тус тус суутгаж, П.У д 2,319,241 төгрөгийг олгосон байна.

Ажилгүй байсан 2016-2017 оны хоорондох 13 сарын хугацааны үр дүнгийн урамшуулал буюу 13 дахь цалин, бусад урамшууллуудыг Уурхайчин соёлын ордны арга зүйчдийн урамшууллуудын дундажтай харьцуулан Э ХХК-ийн цалин, хөлсний хэлтсээс гаргасан тодорхойлолтыг үндэслэн гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч П.У д жилийн эцсийн үр дүнгийн урамшууллыг харьцуулж гаргая гэхэд ижил албан тушаалын арга зүйч нар 2016 онд бүтэн ажиллаж байж урамшууллаа авсан байна, мөн ажилтны урамшуулал нь тайлант онд тухайн ажилтны цаг ашиглалт, дундаж цалин гүйцэтгэлийн үр дүн зэргээс шууд хамаардаг тул ижил албан тушаалын ажилтнуудын харьцуулсан судалгаагаар үр дүнгийн урамшууллын тодорхойлолтыг гаргах боломжгүй.

Нэхэмжлэгч П.У  нь 8, 9, 10 дугаар сарын цалин авчихаад аваагүй юм шиг нэхэж байгаа нь үндэслэлгүй. Бас П.У тай харилцан тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байгаа. Гэрээг үзүүлээд цалин хөлсний тодорхойлолтоо санхүү эдийн засгийн хэлтсээс аваад банкнаас зээл авах боломжтой. Хөдөлмөрийн гэрээн дээр хэрвээ н.Бүжидмаа буцаад ажилдаа орсон тохиолдолд П.У-г өөр ажилд томилж ажиллуулна гэсэн заалт байгаа. Тиймээс Э ХХК-н Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаартай тушаал хүчингүй болгох, байнгын болон үндсэн ажилдаа эгүүлэн томилуулах тушаал гаргуулах, 2017 оны 10 дугаар сарын 26-ны хүртэлх цалин 13 сарын үр дүнгийн урамшуулал 13 дахь цалин бусад урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагууд баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/00202 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.У-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 13.440.529 төгрөгийг хариуцагч ЭХХК-с гаргуулж, нэхэмжлэгч П.У д олгож, нэхэмжлэлээс байнгын буюу үндсэн ажилдаа эгүүлэн томилуулах тушаал гаргуулах, ажилгүй байсан 2016-2017 оны хоорондох 13 сарын хугацааны үр дүнгийн урамшуулал буюу 13 дахь цалин бусад урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д заасныг баримтлан П.У-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 13440529 төгрөгнөөс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Э ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.У  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 225.153 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П  давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч П.У-н тухайн үед ажиллаж байсан цалингийн дундаж тодорхойлолтыг гаргуулахаар Хууль, эрх зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 130/706 тоот албан бичгийг компанийн Санхүү, бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн бөгөөд тус хэлтсээс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Албан бичгийн хариу хүргүүлэх тухай 111/468 тоот албан бичгээр нэхэмжлэгч П.У-н ажиллаж байсан 2014 оны сүүлийн 9,10,11 дүгээр саруудын дундаж цалин 1,085,400 төгрөг байгаа тухай тооцоо-г Хууль, эрх зүйн газарт ирүүлсэн /хх-ийн 34,36-р тал/.

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, 13 дахь сарын цалин, бонус, урамшууллын тооцоо, судалгааг гаргуулахаар Хууль, эрх зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 130/669 тоот албан бичгийг компанийн Эдийн засгийн хэлтэст хүргүүлсэн бөгөөд тус хэлтээс 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 108/185 тоот албан бичгээр нэхэмжлэгч П.У д 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 10,924,160 төгрөг олгохоор байгаатухай тооцоог Хууль, эрх зүйн газарт ирүүлсэн /хх-ийн 30-32-р тал/.

Дээрх нотлох бичмэл баримтууд байсаар байтал Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч П.У-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй олговор 13.440.529 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч П.У д олгохоор шийдвэрэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч П.У  нь Э ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, байнгын болон үндсэн ажилдаа эргүүлэн тогтоолгох тушаал гаргуулах, 2016 оны 09 дүгээр сарын 28-наас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны цалин нөхөн олговорт 15.759.770 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, 2016-2017 оны 13 дахь сарын цалин үр дүнгийн урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр Э ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 тушаал зэрэгт тулгуурлан тодорхойлжээ.

Нэхэмжлэгч П.У  нь Э ХХК-ийн Уурхайчин соёлын ордонд арга зүйчээр ажиллаж байгаад Э ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/840 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаар шийдвэрээр Уурхайчин соёлын ордны арга зүйчийн ажилд эргүүлэн тогтоогдсон, хариуцагч Э ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа Бүжидмаагийн оронд арга зүйчийн ажилд түр томилсон зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн байнгын буюу үндсэн ажилдаа эргүүлэн тогтоосон тушаал гаргуулах тухай шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаан биш үндсэн болон байнгын ажлын байр гэх шаардлага нь тодорхой бус нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016-2017 оын үр дүнгийн урамшуулалд хэд хичнээн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн П.У-н ажиллаж байсан 2014 оны сүүлийн 9,10,11-р саруудын дундаж цалин 1.085.400 төгрөгөөр тодорхойлж ирүүлсэн эдийн засгийн хэлтсээс П.У-н ажилгүй байсан хугацааны цалин 10.924.160 төгрөг гаргуулах тооцоо зэргийг ирүүлсэн байхад цалин олговрыг 13.440.529 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд нийцээгүй анхан шатны шүүхийн нэхэмжлэгч П.У-н ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлийн Э ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн цалингийн тодорхойлолтыг үндэслэн цалин олговорт тооцож гаргасныг буруутгах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/00202 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П ы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Э ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.153 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

 

С.УРАНЧИМЭГ