Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 280

 

Т.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2018/03640 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Т.Д-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “П” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                      Т.Д-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                              Г.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:       Д.Н

Хариуцагчийн өмгөөлөгч:                                 Т.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:       Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “П” ХХК-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 15/18 тоот ажлаас халах тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг тушаалд намайг 3 зөрчил гаргасан гэж үзсэн. Гаалийн хяналтын талбайд байгаа түр агуулахын бараа надад хамааралгүй буюу миний ажил үүргийн хуваарьт байдаггүй. Энэ тухай Гаалийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тодорхой заасан байдаг бөгөөд тус барааг хүлээн авахад үед би байгаагүй. Мөн ажлын цагаар архидан согтуурах үйл ажиллагааг зохион байгуулж, хамт олныг ажил таслуулж, амралтад авч явсан гэсэн байна. Гэтэл тухайн өдөр амралтын өдөр таарч байсан. Бид гэр, гэрээсээ явсан бөгөөд өмнөх орой нь над руу утсаар залгаж ярилцсан. Тэр өдөр ажлын өдөр байгаагүй гэдгийг дахин хэлье. Ажилчид амралтын өдөр ажиллана гэж компанитай гэрээ байгуулаагүй болно. Иймд бусад хүмүүсийн үйлдлийг надтай холбож байгаад гомдолтой байна. Миний төрсөн дүү болох Т.М-ын гаргасан зөрчлийг гал тогоонд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж надад хамаатуулсан. Ажил үүргийн хуваарийн дагуу миний бие гал тогоонд хяналт тавих ёстой. Мөнгө дутаасан нь санхүүгийн албанд хамааралтай тул би мэдэхгүй. Бэлэн болон бэлэн бусаар мөнгө захиран зарцуулах эрх надад олгогдоогүй. Т.М-ад 2 000 000 төгрөг өгөөгүй. Дээрх зөрчлийг гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн 2018 оны 7 дугаар сарын 30, 31-ний өдөр нь ажлын өдрүүд байсан. Би жирэмсний хяналтын эмчид үзүүлэх тухайгаа нөөцийн ажилтан Д.Н-д утсаар хэлж, захидал бичсэн. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч 2018 оны 7 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ажил тасалсан. Энэ талаар байгууллагад мэдэгдээгүй. Уг асуудлыг “Чөлөө олгох тухай журам”-аар зохицуулсан байдаг. Түр агуулахад ирсэн бараанд бүртгэл үйлдээгүйн улмаас харилцагч компани гомдол гаргаж, захирал тухайн үед биеэрээ таарч, асуудлыг зохицуулсан. Энэ нь компанийн нэр хүнд нөлөөлсөн. Мөн 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ажлын өдөр байсан. Учир нь зуны улиралд ажлын ачаалал ихтэй байдаг тул 7 хоногийн амралтын өдрүүдийг ажилчидтай тохиролцсоны үндсэнд ажлын өдөр болгосон. Гэтэл ажлын өдөр ажилчдыг уриалан амралтад явж, ажил таслуулан, архидалт зохион байгуулсан. Гэрчүүд тайлбараа бичгээр өгсөн. Т.Д-гийн төрсөн дүү болох туслах тогооч Т.М- кассаас 2 000 000 төгрөг авсан. Нэхэмжлэгч гал тогоонд хяналт тавих үүрэгтэй бөгөөд уг мөнгийг авахыг зөвшөөрсөн байдаг. Эдгээр ноцтой зөрчлүүдийг гаргасан тул хурлын тэмдэглэл болоод Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.2, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3, 10.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгүүдэд зааснаар ажлаас халсан тушаал үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 100 дугаар зүйлийн 100.1, 69 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Боржигин овогт Төрмөнхийн Дашцэрмааг “П” ХХК-ийн хяналтын талбай хариуцсан эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 79 хоногийн цалин 5 144 164 төгрөгийг “П” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Т.Д-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 97 250 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н- давж заалдах гомдолдоо:

Шүүх Т.Д-г зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын шийтгэлийг ногдуулахдаа шат дараалсан арга хэмжээ аваагүй байна, хоёрдмол утгатай зүйл бичсэн, мөн “М” ХХК-ны гаргасан гомдолд Т.Д-г буруутай гэж дурдаагүй, гомдлоос үүдэлтэй хохирол компанид учраагүй, ажилчидтай амралтын өдөр ажиллах гэрээ хэлэлцээр байгуулаагүй, ахлах тогооч Т.М-ад санхүүгийн хэлтсийн ажилтнууд хяналт тавих үүрэгтэй, жирэмсэн, 3 хүртэл насны хүүхэдтэй гэж дурдсаныг эс зөвшөөрч байна. Шүүх Т.Д-г зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэсэн атлаа сахилгын шийтгэлийг шат дараалан ногдуулахыг заажээ. Мөн 2018 оны 7 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Т.Д- ажил тасалж, хуурамчаар өвчний акт бичүүлж компанид ирүүлсэн. Энэ нь Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн албан бичгээр нотлогдож байна. Т.Д-гийн гаргасан дээрх зөрчлүүдийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу өөрт оногдсон эрх мэдлээ хэтрүүлсэн гэж компанийн удирдлага үзсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээний 4.3.2-т заасныг тус тус баримтлан ажлаас чөлөөлсөн болно. Мөн Т.Д- жирэмсэн, 3 нас хүрээгүй хүүхэдтэй гэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан тохиолдолд ажлаас халахыг зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар ажил үүргээ бүрэн гүйцэтгээгүй. Мөн удирдах, зохион байгуулах, хяналт тавих тухай ажил олгогчоос хамаарч олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн, хортойгоор ашигласан буюу доод тушаалын ажилтнуудыг удирдан чөлөө олгодог, зохион байгуулах эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө чөлөө олгож, ажлын байраа эзэнгүй орхисон, ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэж буй ажилчдыг компанийн үйл ажиллагааг тасалдуулан авч явсан. “М” ХХК-ийн гаргасан гомдлын албан бичигт Т.Д-г буруутай гэж дурдаагүй гэжээ. Манай компанийн харилцагч “М” ХХК-ийн гомдлын албан бичигт Т.Д-гийн нэрийг дурдаагүй боловч “талбайн эрхлэгчид анх хүлээлгэн өгсөн" гэсэн нь нэхэмжлэгч уг гомдолд хамааралтай болохыг нотолж байна. Ажилчидтай амралтын өдөр ажиллах гэрээ хэлэлцээр байгуулаагүй гэжээ. Компанийн удирдлага ажлын зайлшгүй шаардлагаар ажилчидтай амаар харилцан тохиролцож, тэдний зөвшөөрснөөр ажиллуулсан ба амралтад явсан ажилчдын зарим нь тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэн, ажлын байран дээрээ байсан нь цагийн бүртгэл болон ажилтнуудын тайлбарт бичигдсэн. Өөрийн удирдлагад ажилладаг доод шатны ажилтнуудыг удирдан зохион байгуулах тал дээр өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, ажлын байрнаас нь авч явсан байна. Санхүү хэлтсийн ажилтнууд ахлах тогооч Т.М-ад хяналт тавих үүрэгтэй гэсэн байна. Т.Д- нь ажил үүргийн хуваарьт зааснаар гал тогооны үйл ажиллагаанд бүхэлд нь хяналт тавих ёстой. Уг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас түүний төрсөн дүү болох туслах тогооч Т.М- 2 000 000 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн. Кассын нярав 2 000 000 төгрөгийг Т.Д-гаас зөвшөөрөл авч Т.М-ад олгосон гэсэн бөгөөд энэ нь хурлын тэмдэглэлд бичигдсэн байгаа. Т.Д-гийн гаргасан зөрчлийг нотолсон баримтуудыг ажил олгогч шүүхэд ирүүлсэн, зөрчил гаргасан нь үндэслэлтэй байхад шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн нэг шаардлагаа шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Д- нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч “П” ХХК-ийн захирал 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 15/18 тоот тушаалаар Т.Д-г талбайн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан байна. Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалдаа “... өөрийн төрсөн дүү Т.М-ад хувьдаа мөнгө завших боломж олгосон, үйлчлүүлэгчийн 13,6 тонн ачааг зохих ёсоор бүртгэлд оруулалгүй компанид хохирол учруулсан, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өөрийн удирдлагад ажиллаж буй ажилчдыг уриалан архидалт зохион байгуулсан” гэж заажээ. /хх-ийн 6 тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага шүүхэд гаргасан тайлбартаа тушаалд заасан үндэслэлүүдээсээ гадна нэхэмжлэгчийг 2018 оны 7 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ажил тасалсан гэж маргасан, нэхэмжлэгч нь тухайн өдрүүдэд жирэмсний хяналтын эмчид үзүүлсэн тухайгаа Д.Н-д утсаар хэлж, захидал бичсэн гэж тайлбар гаргажээ. Хариуцагч нэхэмжлэгчийн ажилдаа ирээгүй шалтгаанаа нотолсон баримтыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй, дээрх өдрүүдэд ажил тасалсан гэх зөрчлийг ажлаас халах тушаалын үндэслэлд заагаагүй болно.

 

Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлд 2018 оны 7 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ажил тасалсан зөрчлийг заагаагүй байх бөгөөд хариуцагч тал уг байдлыг тайлбараараа үгүйсгээгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч талаас нэхэмжлэгчийн зөрчил гаргасныг нотлохоор “М” ХХК-аас “П” ХХК-д 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр ирүүлсэн гомдлыг шүүхэд ирүүлсэн байх боловч уг баримтын огноо засвартай байх тул дээрх баримтыг эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт гэж үзэн нэхэмжлэгч Т.Д-г ажлын байраа  орхин явсан гэж үзэх боломжгүй юм./хх 28/

 

Мөн “Зөрчлийн арга хэмжээ” тооцох хуудсаар туслах тогооч Т.М-ад “... 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр удирдлагын зөвшөөрөлгүй кассаас 2 000 000 төгрөгийг бэлнээр авч явж, үрэгдүүлсэн зэрэг зөрчлийг гаргасан” гэж ажлаас халах  сахилгын арга хэмжээг авсан байх ба тухайн зөрчлийг нэхэмжлэгч Т.Д-д хэрхэн хамааруулсан нь тодорхой бус байна. /хх-ийн 45 тал/

 

Түүнчлэн, 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нь амралтын өдөр байсан байх бөгөөд уг өдөр байгууллага ажилчдаа ажиллуулах буюу илүү цагаар ажиллуулах талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, нэхэмжлэгч тухайн өдөр ажиллаж байсан ажилчдыг уриалан архидалт зохион байгуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, нэхэмжлэгч Т.Д-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 79 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 5 144 164 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах учиртай. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох маргаанд шууд хамааралгүй заалт болох Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалт баримталсныг хасч, мөн ажил олгогчийн үүрэг буюу нэхэмжлэлийн шаардлага болох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагыг хариуцагчид үүрэг болгосон заалтыг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг баримтлахдаа хуулийн заалтыг зөв бичээгүй нь техникийн алдаа байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2018/03640 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1,2 дахь заалтыг нэгтгэн “ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Д-г “П” ХХК-ийн хяналтын талбай хариуцсан эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “П” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 144 164 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Д-д олгосугай” гэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д-гийн дээрх олговороос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “П” ХХК-д үүрэг болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 257 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                       ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                          Ц.ИЧИНХОРЛОО