Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/000804

 

Т.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/03640 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 280 дугаар магадлалтай,

Т.Д-гийн нэхэмжлэлтэй,

“П” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарансүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би П ХХК-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 15/18 тоот ажлаас халах тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг тушаалд намайг 3 зөрчил гаргасан гэж үзсэн. Гаалийн хяналтын талбайд байгаа түр агуулахын бараа надад хамааралгүй буюу миний ажил үүргийн хуваарьт байдаггүй. Мөн ажлын цагаар архидан согтуурах үйл ажиллагааг зохион байгуулж, хамт олныг ажил таслуулж, амралтад авч явсан гэсэн байна. Гэтэл тухайн өдөр амралтын өдөр таарч байсан. Ажилчид амралтын өдөр ажиллана гэж компанитай гэрээ байгуулаагүй болно. Миний төрсөн дүү болох Т.Мөнхбатын гаргасан зөрчлийг гал тогоонд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж надад хамаатуулсан. Ажил үүргийн хуваарийн дагуу миний бие гал тогоонд хяналт тавих ёстой. Мөнгө дутаасан нь санхүүгийн албанд хамааралтай тул би мэдэхгүй. Дээрх зөрчлийг гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн 2018 оны 7 дугаар сарын 30, 31-ний өдөр нь ажлын өдрүүд байсан. Би жирэмсний хяналтын эмчид үзүүлэх тухайгаа нөөцийн ажилтан Д.Нарансүрэнд утсаар хэлж, захидал бичсэн. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “П” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2018 оны 7 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ажил тасалсан. Энэ талаар байгууллагад мэдэгдээгүй. Уг асуудлыг Чөлөө олгох тухай журам-аар зохицуулсан байдаг. Түр агуулахад ирсэн бараанд бүртгэл үйлдээгүйн улмаас харилцагч компани гомдол гаргаж, захирал тухайн үед биеэрээ таарч, асуудлыг зохицуулсан. Мөн 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ажлын өдөр байсан. Учир нь зуны улиралд ажлын ачаалал ихтэй байдаг тул 7 хоногийн амралтын өдрүүдийг ажилчидтай тохиролцсоны үндсэнд ажлын өдөр болгосон. Т.Д-гийн төрсөн дүү болох туслах тогооч Т.Мөнхбат кассаас 2.000.000 төгрөг авсан. Нэхэмжлэгч гал тогоонд хяналт тавих үүрэгтэй бөгөөд уг мөнгийг авахыг зөвшөөрсөн байдаг. Эдгээр ноцтой зөрчлүүдийг гаргасан тул хурлын тэмдэглэл болоод Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.2, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3, 10.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгүүдэд зааснаар ажлаас халсан тушаал үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/03640 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 100 дугаар зүйлийн 100.1, 69 дүгээр зүйлийн дэх хэсгүүдэд заасныг баримтлан Боржигин овогт Төрмөнхийн Дашцэрмааг П ХХК-ийн хяналтын талбай хариуцсан эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 79 хоногийн цалин 5.144.164 төгрөгийг П ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Т.Д-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 97.250 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 280 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2018/03640 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Д-г П ХХК-ийн хяналтын талбай хариуцсан эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч П ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5.144.164 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Д-д олгосугай” гэж, “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д-гийн дээрх олговороос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч П ХХК-д үүрэг болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.257 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарансүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Дугаар 102/ШШ2018/03640 тоог шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 280 тоог магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч 2018 оны 07 сарын 30, 31-ны өдрүүдэд жирэмсний хяналтын эмчид үзүүлсэн тухайгаа Д.Нарансүрэнд утсаар хэлж, захидал бичсэн гэж хэлсэн өөрийн тайлбараа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй, нотлоогүй ба хариуцагч дээрх өдрүүдэд нэг ч удаа нэхэмжлэгч Т Дашцэрмаатай захидал болон утсаар холбогдоогүй учраас хуурамчаар нотлох баримт бүрдүүлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч 2018 оны 7 дугаар сарын 30, 31-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй шалтгаанаа нотолсон баримтыг нь няцаасан баримт буюу ажилтны тухайн үеийн ирцийн бүртгэлийн хуудас /хх-76/, БГД-ийн ЭМ-ийн 7-р төвийн 2018 оны 10 сарын 08-ны 584 тоот албан бичиг /хх-37/, цахим бүртгэлийн лавлагаа /хх-38/ -аар нэхэмжлэгч нь 07 сарын 30, 31- ны өдрүүдэд тус эмнэлэг болон амбулаториор эмчилгээ, үйлчилгээ аваагүй, эмчийн хяналтад ороогүй болох нь тогтоогдсон ба нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. /хх-76/. Компани болон Т.Д- нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ (Хөдөлмөрийн гэрээ)-нд тухайлан заасан ноцтой зөрчил буюу 4 дүгээр зүйлийн 4.3.2-д заасан зөрчил нь ноцтой болох талаар талууд маргаагүй болно. 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажилтнуудыг ажлын байран дээрээс нь зохион байгуулж авч явсан, уриалсан болохоо хүлээн зөвшөөрсөн нь /хх-66/, ажилтан П.Цэнд-Аюуш, Ц.Ганбаатар, Г.Батцэнгэл, Т.Отгонхүү, Э.Оюунболор нарын бичгээр гаргасан тайлбар /хх 40, 41, 42, 44/, цагийн бүртгэлийн баримт /хх-77/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ажилтнуудтай тохиролцож ажил тасалсан болох нь тогтоогдож байна. Төрсөн дүү Т.Мөнхбатад мөнгө завших боломжийг олгож, захиран зарцуулах, мөнгө олгохыг зөвшөөрч үүрэг болгосныг санхүүгийн ажилтан Х.Гантигмаагийн бичгээр гаргасан тайлбар /хх-65/, нэхэмжлэгч дээрх зөрчилтэй холбоотой хохирлыг өөрөө төлж барагдуулсан нь санхүүгийн баримтаар тогтоогдсон болохыг нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн. /хх - 47,48/ Нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүд гаргасан атал шүүхээс дээрх өдрүүдэд ажил тасалсан гэж үзээгүй шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралд оролцсон зохигчдын үгүйсгээгүй нотлох баримтыг өөрийн санаачилгаар үгүйсгэсэн байна. Энэ нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шүүхийн үндэслэл болсон нотлох баримтыг эргэлзээтэй талаас нь тайлбарласан бол зохигчид үзлэг хийлгэх, нотлох баримтаас хасуулах эрх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд олгогдсон бөгөөд зохигчид дээрх нотлох баримт дээр маргаагүй атал шүүх өөрийн санаачилгаар огноо засвартай гэсэн шалтгаанаар үнэлэхээс татгалзах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Хэрэглэгч “Монватт" ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн гомдолд "Мон Ватт ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 19 өдрөөс 08 сарын 03-ны хооронд 15 хоног 17 паддон 13,6 тонн ачааг тус компанийн гаалийн хяналтын талбайн эрхлэгчид хүлээлгэн өгч түр агуулахад хадгалуулсан билээ...” гэсэн байна. /хх-38/ Т.Д- нь ачааг хүлээн авч, хадгалсан болохыг нотлох 2018 оны 08 сарын 03- ны өдөр үйлдэгдсэн Протоколыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. /хх-29/ Үүгээр нэхэмжлэгч Т.Д- нь дээрх бичигт заасан цаг хугацаанд талбайн эрхлэгчийн ажил үүргийг гүйцэтгэж байсан, барааг хүлээж авсан ажилтан мөн болохыг нотолсныг шүүх огт үнэлээгүй байна. Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.4-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэлийг шат дараалуулж оногдуулах шаардлагагүй атал шүүхээс сахилгын зөрчилд сахилгын шийтгэлийг шат дараалуулж ногдуулах талаар үндэслэлээ болгосон нь хуульд нийцэхгүй юм. Мөн нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь 2018 оны 07 сарын 30-аас 09 сарын 15-ны хооронд илэрч, үйлдсэн болох нь тус тусдаа хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба шат дараалсан сахилгын арга хэмжээ авах шаардлагагүй юм. Иймд 2018 оны 8 сарын 15-ны өдрийн 15 тоот Ажлаас чөлөөлөх тухай шийдвэрт заасан зөрчлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 болон хөдөлмөрийн дотоод журмын 4.3.2 дахь заалтад заасан үндэслэлтэй бүрэн нийцсэн гаж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Дугаар 102/ШШ2018/03640 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 280 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Талбайн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Т.Д-гийн нэхэмжлэлийг хариуцагч П ХХК эс зөвшөөрч, маргажээ.

Ажил олгогч нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 15/18 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгчийг ажлаас халахдаа “...өөрийн төрсөн дүү Т.Мөнхбатад мөнгө завших боломж олгосон, үйлчлүүлэгчийн 13.6 тн ачааг зохих ёсоор бүртгэлд оруулалгүй компанид хохирол учруулсан, 2018 оны 7 дугаар сарын 28-ний өдөр архидалт зохион байгуулснаас 2018 оны 7 дугаар сарын 29, 30-ний өдрүүдэд зарим ажилчид ажилдаа ирж чадаагүй, ажил тасалсан ...ноцтой зөрчил гаргасан талаар дурдаад  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэл болгожээ /хэргийн 6 дугаар тал/.

Хуулийн дээрх зохицуулалтаар ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэл тайлбараа хариуцагч нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 5.144.164 төгрөгийг  ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1. дэх зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Түүнчлэн хөдөлмөрийн маргааны талаар шүүхэд мэдүүлэх хөөн хэлэлцэх хугацаа, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах зэрэг хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээ, найруулгын өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 280 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарансүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 97.257 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ