Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/02499

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/02499

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АТҮГ т холбогдох

Ажилгүй байсан бүх хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Х нь Завхан аймгийн Автотээврийн төвд тасалбар түгээгчээр ажиллаж байгаад Автотээрийн төвийн дарга Э.М 2016.04.05-ны өдрийн Б/04 тоот хууль бус тушаалаар ажлаасаа халагдаж хохирсон юм. Уг тушаалыг хууль бус гэж үзэн шүүхэд хандаад 2015.07.19-ний өдрийн 257 дугаар шүүгчийн захирамжаар ажилдаа эгүүлэн тогтоолгосон боловч өнөөдрийг хүртэл Автотээврийн төвийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн авахгүй шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өдийг хүртлээ.

Иймд Д.Х нь 2016.07.19-ний өдрөөс 2016.08.01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулаагүй, мөн 2016.08.01-нээс 2016.09.27-ыг хүртэл ажиллуулсан боловч ажилд авсан тушаал гаргаагүй. Харин 2016.08.01-ээс 2016.09.27-ыг хүртэл хугацааны цалин авсан, мөн 2016 оны 10 сард ажлаагүй байхад цалин бодож олгосон. Иймээс, 2016 оны 10 сараас хойш шүүхийн шийдвэр биелэгдээгүй намайг ажилд томилохгүй, ажилуулаагүй байгаа учир ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Д.Хг Завхан аймгийн Автотээврийн төвийн даргын 2016.04.05-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ажлаас халсан учир тус шүүхэд хандаж байна. Миний бие Завхан аймгийн Автотээрийн төвийн даргын эрх мэдэл яаж өөрчлөгдсөнийг мэдэхгүй байна.

Иймд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан хийж хэргийг шийдвэрлэх хүртэл хугацааны цалин нөхөн олговорыг нийт 529 хоног нэг өдрийн цалин 28098 төгрөгөөр тооцоход нийтдээ 14 863 842 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Х нь Завхан аймгийн Авто тээврийн төвд тасалбар түгээгчээр ажиллаж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн б/04 тоот тушаалаар ажлаас халсан байдаг. Уг тушаалтай холбогдуулан Д.Х Завхан аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 250 дугаартай шийдвэр гарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг нь Хадхүү гомдол гаргаж Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар магадлалаар Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхэд буцаасан.

Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхэд 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 257 тоот захирамжаар талууд эвлэрч Завхан аймгийн Авто тээврийн төвд тасалбар тэгээгчийн ажилд Д.Хг эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны 3 142 950 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэртэй холбогдуулан Д.Хд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг олгож, ажилд нь эгүүлэн авч ажиллуулж байгаад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Авто тээрийн үндэсний төвийн ТӨҮГ-ын орон нутаг дахь Авто тээврийн төв болон салбарын ажил албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар Завхан аймгийн Авто тээврийн төвд тасалбар түгээгчийн орон тоо хасагдаж байхгүй болсон.

Дээрх тушаалтай холбогдуулан Д.Хд 2017 оны 01 сарын 10-ны өдөр 04 тоот мэдэгдлийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулан танилцуулсан байна. Гэтэл иргэн Д.Х нь 2016 оны 8 дугаар сарын 01-нээс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 4 578 350 төгрөгийн цалин, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан байдаг боловч санхүүгийн баримт болон Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/46 дугаар тушаалаар 2016 оны 8, 9, 10 дугаар сарын цалин олгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Д.Хд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 04 тоот мэдэгдлийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан баримтаас Завхан аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг тоолоход 1 сар 3 хоног болсон байна. Иймд хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2017/16838 тоот захирамжаар Д.Х нэхэмжлэлээ эргүүлэн татаж авсныг хэрэгсэхгүй болгосон. Тус захирамжийн үндэслэх хэсэгт ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг удирдлага болгон хэрэгсэхгүй болгосон. Хэрэв Иргэний хуулийн 106 дугаар зүйлээр хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хуулийн 106.5-д заасныг харгалзан үзэх зайлшгүй шаардлага гарч байна. Хуулийн 106.5-д энэхүү хуулийн 106.3-, 106.4-т заасны дагуу шүүгч захирамж гаргасан тохиолдолд хуулийн 74.4-т заасан зохицуулалт хамаарахаар заасан. Хуулийн 74.4-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас авч үзэхэд иргэн Г.Хадхүүгийн өөрөө хүсэлтээрээ нэхэмжлэлээ татсан бөгөөд шүүх хүсэлтийн дагуу захирамж гаргасан тул дахин хэрэг үүсгэх эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх хүртэл хугацааны цалин олговорт 14 863 842 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай гомдол гаргасан байна.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тус харьяаллын дагуу шийдвэрлэнэ, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэж заасан хугацааны дотор харьяаллын дагуу гомдлоо гаргасан байх тул шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргадаг боловч хэрэгт цугларсан бичгийн баримтууд, хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгч буюу ажилтан Д.Хг ажлын байраар хангаагүй эс үйлдэхүй нь 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс Д.Хгийн шүүхэд гомдол гаргах хүртэл хугацаанд үргэлжилсэн болох нь талуудын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Ажилтан Д.Х нь ажил олгогч Завхан аймгийн Авто тээврийн төвд тасалбар түгээгчээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 257 дугаартай захирамж, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй./хх-5-9, 32-33 дугаар тал/

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 257 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Д.Хг хариуцагч Завхан аймгийн Авто тээврийн төв нь хуучин ажиллаж байсан тасалбар түгээгчийн ажилд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3 142 950 төгрөгийг 2 хувааж өгөхөөр тохиролцож, эвлэрэн хэлэлцэж шийдвэрлүүлсэн хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байна.

Энэхүү шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч Завхан аймгийн Авто тээврийн төв нь нэхэмжлэгч Д.Хг тасалбар түгээгчийн ажилд нь тушаал гаргалгүйгээр авч ажиллуулсан байх бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш түүнийг ажиллуулаагүй ба тушаал гаргаж халаагүй үйл баримт талуудын тайлбар, мэтгэлцээнээр нотлогдлоо.

Тодруулбал, хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд ...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 55 дугаар тогтооллоор Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын бүтэц, орон тоог баталсан ба уг тогтоолыг үндэслэн Автотээрийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар тушаалыг гаргаж, түүний хавсралтаар Завхан аймгийн Автотээврийн төвийн ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан. Ингэхэд тасалбар түгээгчийн орон тоо цомхотголд орсон учир Д.Хд 2017 оны 01 сарын 10-ны өдөр Завхан аймгийн Автотээврийн төв мэдэгдэл гардуулан өгч, гарын үсэг зуруулж, түүнд 2016 оны 8, 9, 10 дугаар саруудын цалинг олгосон. Түүнийг өмнө халсан ба шүүхээс гаргасан захирамжид ...Д.Хг хуучин ажиллаж байсан Завхан аймгийн Автотээврийн төвийн тасалбар түгээгчийн ажилд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эгүүлэн авч ажиллуул гэж заачихсан учир манайх дахин тушаал гаргаагүй шүүхийн захирамжийн дагуу авч ажилуулсан... гэж тайлбарласан болно.

Дээрх тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч нь Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 257 дугаартай захирамжид заасан ...ажилгүй байсан хугацааны цалин олговор 3 142 950 төгрөгийг Д.Хд олгосон үйл баримтын талаар маргаангүй байна.

Харин ажил олгогч Автотээврийн үндэсний төв ТӨҮГазар нь ажилтан Д.Хг хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоогоогүй үйл баримт нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халахдаа тушаал гаргах ба тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцдэг.

Иймээс ажилтан Д.Хг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа ажил олгогчийн үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэх учиртай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах бөгөөд мөн зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж заажээ.

Ажил олгогч нь ажилтан Д.Хд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдэл гардуулан өгсөн гэж тайлбарласан ба хэргийн 77 дугаар талд Завхан аймгийн Автотээврийн төвийн 2017.01.10-ны өдрийн 04 дугаартай иргэн Д.Хд 2016 оны 09 сарын 29 өдрийн 55 дугаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 28 өдрийн А/275 тоот захирлын тушаалаар тасалбар түгээгчийн орон тоо цомхотголд орсон тул уг албан тушаалд томилох боломжгүй байна гэсэн албан бичиг авагджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн 3 үндэслэл заасан байхад орон тоо хасагдах үндэслэлд Д.Хг ямар шалгуур үзүүлэлтээр хамруулсан нь тодорхойгүй ба энэ талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатэй эдэлнэ, тус зүйлийн 4-т ...хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, 13-т Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно, Арван долдугаар зүйлийн 2-т Хөдөлмөрлөх ...нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж тус тус зааж, Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглажээ.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГазрын захирал нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон түүнтэй холбоотой дүрэм журмыг баримтлан ажиллах үүрэгтэй.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажлын нийт хоногийг 529 өдөр гэж, нэг өдрийн цалинг 28 098 төгрөг, нийт 14 463 842 төгрөгийг гаргуулаар тооцож нэхэмжилсэн ба, шүүх хэргийн 33 дугаар талд авагдсан Д.Хгийн хөдөлмөрийн үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болох нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн баримтыг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу дараах байдлаар тооцов.

Д.Хгийн 2016 оны 1, 2, 3 дугаар саруудад авсан цалин /740000+1218000+745000/ нийт 2 703 000 төгрөг : 3 сар=901 000 төгрөг : 21.5 = 41 907 төгрөгийг нэг өдрийнхөөр, ажилгүй байсан бүх хугацаа гэж нэхэмжлэгчийн тодорхойлсон 529 хоногоор тооцоход /41 907 төгрөг х 529 хоног/ нийтдээ 22 168 803 төгрөг болж байх боловч тэдгээрийн тооцоолон нэхэмжилсэн 14 863 842 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иймд нэхэмжлэгч Д.Хд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 863 842 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Д.Х өмнө нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээ эгүүлэн татан авсан ба шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж заасан нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх, түүнийгээ дэмжих эсэх, мөн түүнээсээ татгалзах эсэх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу нэхэмжлэгчийн эрх юм.

Нэхэмжлэгч Д.Х өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг нэхэмжлэлээ татан авсан болохыг нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2017/16838 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба энэхүү захирамжийн Захирамжлах хэсгийн 3-т Нэхэмжлэгч Д.Х нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж заасан байна.

Түүнчлэн, уг захирамжийн Тодорхойлох хэсэгт бичигдсэн Нэхэмжлэгч Д.Хгийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би шүүхэд гаргасан Автотээврийн Үндэсний төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авч, дахин шинээр нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна гэснээс үзэхэд тухайн үед гаргасан нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлээгүй дараа нь дахин нэхэмжлэлээ гаргах хүсэл зоригтой байсан болох нь тодорхойлогдож байна.

Иймээс, дээрх үндэслэлээр хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд болон 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан үндэслэлээр хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГазраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 863 842 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгон, тухайн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГазарт үүрэг болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Х улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232 269 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас нь хойш 14 хоногийн дотор шүүхэд өөрөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ