Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 285

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О даргалж, шүүгч Г.Д, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02499 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Д.Х-ийн хариуцагч АТТ ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Г нар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х нь Завхан аймгийн АТТ-д тасалбар түгээгчээр ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ажлаас халагдсан. Уг тушаалыг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 257 дугаар шүүгчийн захирамжаар ажилд эгүүлэн тогтоолгосон боловч тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн аваагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Д.Х-г 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулаагүй, мөн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажиллуулсан боловч ажилд авсан тушаал гаргаагүй. Харин 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалин авсан бөгөөд 2016 оны 10 дугаар сард ажиллаагүй атал цалин олгосон. 2016 оны 10 дугаар сараас хойш шүүхийн шийдвэр биелэгдээгүй ажилд томилохгүй, ажиллуулаагүй тул дээрх хугацааны цалин нөхөн олговрыг гаргуулж өгнө үү. Завхан аймгийн Автотээврийн төвийн даргын эрх мэдэл яаж өөрчлөгдсөнийг мэдэхгүй байгаа тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаа болох 529 хоногийн цалинг өдрийн 28 098 төгрөгөөр тооцож нийт 14 863 842 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Завхан аймгийн АТТ-д тасалбар түгээгчээр ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Уг тушаалтай холбогдуулан Д.Х Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 250 дугаартай шийдвэр гарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар магадлалаар анхан шатны шүүхэд буцаасан. Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 257 тоот захирамжаар талууд эвлэрч Завхан аймгийн Авто тээврийн төвд тасалбар түгээгчийн ажилд Д.Х-г эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны олговорт 3 142 950 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. А.Х-д ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгож, ажилд нь эгүүлэн авч ажиллуулж байгаад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн АТҮТ ТӨҮГ-ын орон нутаг дахь Авто тээврийн төв болон салбарын ажил албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар Завхан аймгийн Авто тээврийн төвийн тасалбар түгээгчийн орон тоо хасагдсан. Энэ тухай 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 04 тоот мэдэгдэлтэй нэхэмжлэгч танилцаж гарын үсэг зуруулж танилцуулсан. Гэтэл иргэн Д.Х нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 4 578 350 төгрөгийн цалин, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан. Санхүүгийн баримт болон АТҮТ ТӨҮГ-ын захирлын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/46 дугаар тушаалаар 2016 оны 8-10 дугаар сарын цалин олгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар А.Х-д 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 04 тоот мэдэгдлийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан баримтаас Завхан аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг тоолоход 1 сар 3 хоног болсон байна. Иймд хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2017/16838 тоот захирамжаар Д.Х нэхэмжлэлээ эргүүлэн татаж авсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэрэгсэхгүй болгосон. Хэрэв Иргэний хуулийн 106 дугаар зүйлээр хэрэгсэхгүй болгосон тохиолдолд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт энэхүү хуулийн 106.3, 106.4 дэх хэсэгт заасны дагуу шүүгч захирамж гаргасан тохиолдолд мөн мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасан зохицуулалт хамаарахаар заасныг харгалзан үзэх шаардлагатай. Хуулийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас авч үзэхэд иргэн Д.Х өөрөө хүсэлтээрээ нэхэмжлэлээ татсан бөгөөд хүсэлтийн дагуу захирамж гаргасан тул дахин хэрэг үүсгэх эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 863 842 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, тухайн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232 269 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/Ш32017/16838 тоот захирамжаар Д.Х-ийн нэхэмжлэлээ эргүүлэн татсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэв Иргэний хуулийн 106 дугаар зүйлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд 106.5 дахь хэсэгт заасныг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай. Хуулийн 106.5 дахь хэсэгт энэхүү хуулийн 106.3, 106.4 дэх хэсэгт заасны дагуу шүүгч захирамж гаргасан тохиолдолд хуулийн 74.4 дэх хэсэгт заасан зохицуулалт хамаарахаар заасан. Хуулийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан. Д.Х өөрийн хүсэлтээр нэхэмжлэлээ татсан бөгөөд шүүх хүсэлтийн дагуу захирамж гаргасан тул дахин хэрэг үүсгэх эрх зүйн үндэслэлгүй байсан талаар шүүхэд тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж заасан нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ гаргах, түүнийгээ дэмжих, мөн түүнээсээ татгалзах эсэх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу нэхэмжлэгчийн эрх гэж тодорхойлон шийдвэрлэжээ. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ татах эрхэд хамаарах асуудлыг хөндөөгүй бөгөөд уг асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль бус гарсан нэхэмжлэгчид нэхэмжлэлээ татсан тохиолдолд шүүгч захирамж гаргадаг. Захирамж гаргасан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар дахин нэхэмжлэл гаргаж болохоор заасан нь хууль бус гэсэн. Хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/Ш32017/16838 тоот захирамжийн 3-т “нэхэмжлэгч Д.Х нь тухайн асуудлаар шүүхэд дахин гаргах эрхтэй болохыг дурдсан уг захирамжийн 4 дүгээр заалтаар зохигчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан тул гомдол гаргаагүй. Хууль буруу хэрэглэсэн талаар шүүхэд тайлбарласан боловч хэрэг үүсгэн шийдвэрлэсэн тул шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Автотээврийн үндэсний төвд холбогдуулан 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэргийг шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага /хх1/ гаргаснаа, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тодруулж ажилгүй байсан хугацааны олговрыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан болох өдөр хүртэл нийт 529 өдрийн 14 863 842 төгрөг байхаар тодруулсныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ хүчин төгөлдөр захирамжийн дагуу ажилд эгүүлэн авч ажиллуулж байсан, уг тасалбар түгээгчийн орон тоо цомхотгогдсон гэж тайлбарлажээ. /хх52/

 

            Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Автотээврийн үндэсний төвд ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар Д.Х-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх3/ Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 257 дугаар шүүгчийн захирамж /хх5-9/ зэргээр нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

 

            Хариуцагч байгууллага нь Д.Х-г 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажиллуулсан боловч тушаал гаргаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж нэхэмжлэгч маргасан. Өөрөөр хэлбэл, шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авч цалин олгож байсан талаар нэхэмжлэгч өөрөө тайлбар гаргасан гэж үзэхээр байна. Иймд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажилд эгүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдсон тул ажил олгогчийн зүгээс ажилд томилсон тушаалыг бичгийн хэлбэрээр гаргаагүйг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй юм.

            Хариуцагч тал нэхэмжлэгчийг тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн авч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, тус байгууллага дахь тасалбар түгээгчийн орон тоо хасагдсан гэж тайлбарлаж, уг тайлбар татгалзлаа баримтаар нотолсноос /хх89-91/ гадна орон тоо хасагдсаныг мэдэгдсэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4 дугаартай албан тоот хүргүүлснийг /хх79/ нэхэмжлэгч хүлээн авч гарын үсэг зурсан байна. /хх80/ Нэхэмжлэгч нь уг үйл баримтын талаар маргаагүй атлаа хариуцагч байгууллагыг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж буруутган маргажээ.

Иймд хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажилд эгүүлэн авсан, нэхэмжлэгч орон тоо хасагдаж, цаашид ажиллуулах боломжгүй талаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 тоот мэдэгдэлтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй тул хэргийн оролцогчийн өөрийнх нь тодорхойлсон шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн тогтоолгох буюу холбогдох бусад үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Харин 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргаагүйгээс гадна, энэ талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2017/16838 дугаар хүчин төгөлдөр шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай заасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилтныг ажиллуулан цалин хөлсийг олгосон хэргийн дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хангасан нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02499 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 232 269 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ж.О

 

                                           ШҮҮГЧИД                                            Г.Д

 

                                                                                                        А.О