Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00816

 

Д.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02499 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлалтай, 

Д.Х-гийн нэхэмжлэлтэй

АТҮГ- ТӨҮГ-т холбогдох, 

Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Ц.Э нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Х-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Завхан аймгийн Автотээврийн төвд тасалбар түгээгчээр ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ажлаас халагдсан. Уг тушаалыг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 257 дугаар шүүгчийн захирамжаар ажилд эгүүлэн тогтоолгосон боловч тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн аваагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулаагүй, мөн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажиллуулсан боловч ажилд авсан тушаал гаргаагүй. Харин 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалин авсан бөгөөд 2016 оны 10 дугаар сард ажиллаагүй атал цалин олгосон. 2016 оны 10 дугаар сараас хойш шүүхийн шийдвэр биелэгдээгүй ажилд томилохгүй, ажиллуулаагүй байна. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаа болох 529 хоногийн цалинг өдрийн 28.098 төгрөгөөр тооцож нийт 14.863.842 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Автотээврийн төвд тасалбар түгээгчээр ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Уг тушаалтай холбогдуулан Д.Х- Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 250 дугаартай шийдвэр гарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар магадлалаар анхан шатны шүүхэд буцаасан. Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 257 тоот захирамжаар талууд эвлэрч Завхан аймгийн Авто тээврийн төвд тасалбар түгээгчийн ажилд Д.Х-г эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны олговорт 3.142.950 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Д.Х-д ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгож, ажилд нь эгүүлэн авч ажиллуулж байгаад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн АТҮГ- ТӨҮГ-ын орон нутаг дахь Авто тээврийн төв болон салбарын ажил албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар Завхан аймгийн Авто тээврийн төвийн тасалбар түгээгчийн орон тоо хасагдсан. Энэ тухай 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 04 тоот мэдэгдэлтэй нэхэмжлэгч танилцаж гарын үсэг зуруулж танилцуулсан. Гэтэл иргэн Д.Х- нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 4.578.350 төгрөгийн цалин, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан. Санхүүгийн баримт болон АТҮГ- ТӨҮГ-ын захирлын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/46 дугаар тушаалаар 2016 оны 8-10 дугаар сарын цалин олгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар Д.Х-д 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 04 тоот мэдэгдлийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан баримтаас Завхан аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг тоолоход 1 сар 3 хоног болсон байна. Иймд хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2017/16838 тоот захирамжаар Д.Х- нэхэмжлэлээ эргүүлэн татаж авсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэрэгсэхгүй болгосон. Хэрэв Иргэний хэрэг үззхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлээр хэрэгсэхгүй болгосон тохиолдолд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт энэхүү хуулийн 106.3, 106.4 дэх хэсэгт заасны дагуу шүүгч захирамж гаргасан тохиолдолд мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасан зохицуулалт хамаарахаар заасныг харгалзан үзэх шаардлагатай. Хуулийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас авч үзэхэд иргэн Д.Х- өөрөө хүсэлтээрээ нэхэмжлэлээ татсан бөгөөд хүсэлтийн дагуу захирамж гаргасан тул дахин хэрэг үүсгэх эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02499 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 863 842 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, тухайн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232.269 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02499 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 232.269 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажилд эгүүлэн авсан, нэхэмжлэгч орон тоо хасагдаж, цаашид ажиллуулах боломжгүй талаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 тоот мэдэгдэлтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй тул хэргийн оролцогчийн өөрийнх нь тодорхойлсон шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн тогтоолгох буюу холбогдох бусад үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилд эгүүлэн авсан тушаал гаргадаггүй, яг тухайн үед нь цалин хөлс олгоогүй, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй мөртлөө мэдэгдэх хуудсаар зөвхөн мэдэгдсэн болохоос ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар Д.Х- нь хөдөлмөр эрхэлсэн гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагч байгууллагын төлөөлөгч, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх ажилдаа буцаж орсон мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Х-, АТҮГ- ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хүссэнийг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүйгээс, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Ажилтанг ажлаас буруу халсныг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгох үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажил олгогч хүлээнэ.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Д.Х- хариуцагч Завхан аймгийн Авто тээврийн төвд тасалбар түгээгчээр ажиллаж байгаад тус төвийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ажлаас халагдсан, зохигчийн эвлэрлийг баталсан Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 257 дугаар захирамжийн дагуу ажил олгогч түүнийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл урьд эрхэлж байсан ажил, үүргийг гүйцэтгүүлж, цалин олгосныг зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Х- нэхэмжлэлийн үндэслэлээ, шүүгчийн 257 дугаар захирамж биелэгдээгүй агуулгаар тайлбарлаж, цалин хөлсийг 2016 оны 11 дүгээр сараас эхлэн  нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч Завхан аймгийн автотээврийн газар нь шүүгчийн захирамжийн дагуу ажилтанг ажилд томилсон тушаал гаргаагүй боловч нэхэмжлэгч 8 дугаар сарын 03-наас 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн, 10 дугаар сарыг дуустал цалин олгогдсон тул дээрх захирамж биелэгдсэн гэж үзнэ.

Харин дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгч Д.Х- ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд  хариуцагч Завхан аймгийн автотээврийн газар нь  түүнд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 тоот албан бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоол болон тус газрын захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 тоот тушаалаар “тасалбар түгээгчийн орон тоо хасагдсан” тул цаашид ажиллуулах боломжгүй гэсэн мэдэгдэл өгчээ.

Нэхэмжлэгч  шүүхэд  2017 оны 02 дугаар сард “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэл гаргаж, улмаар нэхэмжлэлээ 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр татан авсан  тухай баримт хэрэгт авагдсан байна.

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь 257 дугаар захирамж биелэгдээгүй гэж урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцэхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажлаас буруу халсан тухай ажил олгогчийн шийдвэрийг ажилтан хүлээн авснаас хойш нэг сарын дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй. Тасалбар түгээгчийн орон тоо хасагдсан тухай мэдэгдэж,  цаашид ажиллуулаагүйг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй бол ажил олгогчийн тухайн шийдвэр, үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэн гомдлоо гаргах боломжтой байтал Д.Х- нь шүүхэд хандаагүй, хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлжээ.

Иймээс шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ