Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/00457

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/00457

Улааанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ц.Б

Нэхэмждэгч: Я.Жнарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Б холбогдох

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоотод байрлах газрыг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, Я.Ж, хариуцагч Ш.Б, өмгөөлөгч Ш.Г, нарийн бичгийн даргаар Б.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Б Я.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Ц.Б, Я.Ж бид нар 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан талийгаач Ш.Цы хууль ёсны өв залгамжлагч юм. Талийгаач аавын өмч болох Сүхбаатар дүүргийн 9 хороо Алтайн 10 гудамжны 284 тоот газар аавыг нас барснаас хойш 4 сарын дараа буюу 2008 оны 07 сарын 29-нд Л.Б гэгчид бэлэглэлийн гэрээгээр шилжсэн байдаг. Үүнд миний аавын алга болсон Сүхбаатар дүүргийн 9 хороо Алтайн 10 гудамжны 284 тоот газрын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг нь ашиглагдсан байна. Улмаар энэ хэргийн хариуцагч Ш.Б нь Л.Бтэй 2008 оны 08 сарын 22-нд буюу хууль бус бэлэглэлээс хойш сарын дараа хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл хийж, 2 хүний нэртэй өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулжээ. Уг хууль бус үйлдэл үргэлжилж 2012 оны 03 дугаар сарын 15-нд Ш.Б нь Багахангай, Налайх дүүргийн шүүхэд Л.Бгээ хариуцагчаар татан дээрх хууль бус бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгуулах 97 дугаартай шийдвэр гаргуулж, тус ондоо Л.Бгээ Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1230 шийдвэрээр хамтран өмчлөгчөөс хасуулж, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулжээ.

Ийнхүү дээрх үйлдлүүдээс улбаалж өмчлөх эрхийн 000110525 дугаартай гэрчилгээ гаргуулснаар ИХ-ийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хууль ёсны өмчлөгч болох Ш.Цы эхнэр, хүүхдийн өв хөрөнгөө өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймээс Ш.Бы өмчлөлийг хүчингүй болгож, эхнэр Я.Ж охин Ц.Б бидний зөрчигдөж буй эрхийг минь сэргээх үүднээс хариуцагч Ш.Баас Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот газар буюу үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамжны 284 тоотод байрлах 493.10м2 газрыг 1984 онд Ш.Б би Норовын Батсуурь гэх хүнээс худалдаж авсан бөгөөд 2000 онд өөрийн төрсөн эцэг Ш.Шын нэр дээр өмчлүүлэхээр Сүхбаатар дүүргийн газрын албанд холбогдох материалыг бүрдүүлж өгөн 2004 оны Нийслэлийн Засаг даргын 558 тоот захирамжаар Ш.Шт газар өмчлүүлэх шийдвэр гарч, 2005 онд 000039544 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан. Дээрх газрын асуудлыг хөөцөлдөж явахад төрсөн эцэг Ш.Ш нь 2000 онд нас барсан.

Гэтэл миний төрсөн дүү Ш.Ц нь 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр талийгаач эцгийг амьд сэрүүн байгаа мэтээр хууль бусаар Бэлэглэлийн гэрээгээр уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг бөгөөд нэхэмжлэгч нар үүнийг мэдсээр байж хууль бусаар шилжүүлж авсан үйлдлийг ярихгүй зөвхөн өөрсдийн эрх зөрчигдсөн тухай ярьж байгаа нь утгагүй байна.

Ш.Ц нь 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2008 оны 03-р сарын 07-ны өдөр нас барах хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 9-р хороо Алтайн 10-284 тоот хаягт амьдарч байсан бөгөөд нэхэмжлэгч нар нь талийгаачтай хамт амьдарч байгаагүй түүнийг нас барснаас хойш 1 жилийн хугацаанд дээрх газрыг өвлөж авах хүсэлт гаргаагүй, эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан зүйл байхгүй.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсан шиг Ш.Б би нэхэмжлэгч нарын өв хөрөнгө өвлөх эрхийг зөрчсөн зүйл байхгүй харин ч нас барсан Ш.Шыг амьд сэрүүн мэтээр бэлэглэлийн гэрээгээр Ш.Цы нэр дээр, дараа нь Л.Бд шилжсэн газраа олж авч өөрийн эрх ашгийг хамгаалсан гэж ойлгож өнөөдрийг хүртэл түүнийхээ төлөө хуулийн дагуу тэмцсээр байгаа болно.

Иймд нэхэмжлэгч Ц.Б, Я.Ж нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нарын өвлөх гэж байгаа газар нь Ш.Цы өмч хөрөнгө биш гэдгийг тогтоохын тулд тус шүүхэд 2018.10.31-нд хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан Я.Жы нотлох баримтаар өгсөн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа №101000541-г үндэслэн Ш.Цы баталгаатай эхнэр Я.Ж, охин Ц.Б нар нь Ш.Цы 2007.02.13-нд хууль бусаар Иргэний хуулийн 56.1.1 ба 56.1.10-ийг зөрчиж хийсэн бэлэглэлийн гэрээг хариуцах эрхтэй учраас 2000.10.03-нд нас барсан Ш.Шаас газар бэлэглэлийн гэрээгээр авсан №00002590 дугаартай гэрчилгээтэй өмчлөх эрхийг хууль бус гэдгийг, 2000.10.03-нд нас барсан Ш.Шаас 2007.02.13-нд Ш.Цы хийсэн газар бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгч Ц.Б Я.Ж нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Бидний аав, хань Ш.Цы өмч болох Сүхбаатар дүүргийн 9 хороо Алтайн 10-284 тоот газрыг бид мэдэж байсан бөгөөд, нас барснаас нь хойш 1 жилийн дараа хууль ёсоор өвлөх болоход дээрх газрын өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй болчихсон байсан учир бид хаана хандаж яахаа мэдэхгүй, Ш.Быг олохгүй байсан юм. Улмаар 2013 онд ҮХЭХБ-ийн бүртгэлийн газраас лавлагаа авч болдгийг мэдсэнээр 2013.8.8-нд Талийгаачийнхаа хөрөнгийн лавлагааг автал дээрхи өмчийн газар нь нас барснаас нь хойш 4 сарын дараа бэлэглэлийн журмаар бусдад шилжсэн байсан. Ингээд бид энэ үйлдлийг цагдаад шалгуулахад, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байна, гэвч эрүүгийн хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. иргэний шүүхэд ханд гэснээр анх 2015 онд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ш.Быг хариуцагчаар татах бүрэн үндэслэлтэй байсан учраас энэ хэрэгт нэхэмжлэл гаргасан билээ. Тухайн үед Ш.Б нь Сонгинохайрхан дүүргийн хаягтай байсан боловч энэхүү хэргийн хэлэлцүүлгийн үед буюу 2017.7 сард бидний нэхэмжилж буй газрын хаяг болох СБД-ийн Алтайн 10-284 тоот газар дээр шилжин ирж иргэний үнэмлэх гаргуулсан байдаг. Уул нь энэхүү газрыг нэхэмжлэгч миний бие уг газрыг битүүмжлүүлэхээр хүсэпт гаргаж 2016.01.04-нд 01279 захирамжаар битүүмжлүүлсээр байтал, ингэж авирлаж байгаа нь Ш.Б дандаа хууль бус үйлдэл хийж явдгийг гэрчилж байна. Иймээс өөрөө дандаа ийм хууль бус үйлдэл хийдэг мөртлөө иймэрхүү нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Бид Ш.Бы сөрөг нэхэмжлэлийн хариуцагч нь биш. Ш.Б нь гэрээний 1 тал биш учраас сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Ш.Бы сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б Я.Ж нар нь хариуцагч Ш.Б холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоотод байрлах газрыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгч Ц.Б Я.Ж нарт холбогдуулан 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч нар газрыг өв залгамжлан авах эрхтэй, хариуцагч Ш.Б хууль бусаар өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Ш.Б эс зөвшөөрч талийгаач Ш.Ц хууль бусаар газрыг өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан түүний өмч биш, нэхэмжлэгч нар өвлөхөөс татгалзсан гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган талууд маргаж байна.

 

Монгол Улсын Их хурлаас 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 588 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод байрлах 493,10 мкв талбай бүхий газрыг Шаалуугийн Шаравд үнэгүй өмчлүүлсэн байх бөгөөд Ш.Шын нэр дээр 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарчээ. /1-р хх-141-148х/

 

Шаалуу овогтой Шарав /РД:ХА17021313/ нь 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын архивын хэлтсийн Нас барсны бүртгэлийн лавлагаа /2-р хх-114х/-аар тогтоогдож байна.

Ш.Шын эзэмших, ашиглах эрхтэй байсан газрыг түүнийг бас барсны дараа төрөөс түүнд үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх шийдвэр гарснаар Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод байрлах 493,10 мкв талбай бүхий газрын өмчлөгч нь Ш.Ш болсон байх тул талийгаач Ш.Шын хууль ёсны өвлөгч нар уг газрыг улсын бүртгэлд бүртгэсэн 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс хойш өвлөх эрхтэй болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдснээр үүсдэг тул Ш.Шыг газрын өмчлөгчөөр 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэснээр газар өмчлөх эрх Ш.Шт үүссэн.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар талийгаач Ш.Шын хууль ёсны өвлөгч нь Ш.Б, Ш.Ц нар байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Ш.Б, Ш.Ц нар Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод байрлах 493,10 мкв талбай бүхий газрыг өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд аль аль нь уг газрыг өөрийн эзэмшилд байлгасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, Ш.Б газрыг хараа хяналтандаа байлгаж, уг газрыг бусдад эзэмшүүлж байсан, Ш.Ц уг газарт амьдрах хаягийн бүртгэл хийлгэсэн, бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д зааснаар Ш.Б, Ш.Ц нар газрыг буюу өвийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ-гээр Ш.Шын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод байрлах 493,10 мкв талбай бүхий газар Ш.Цы өмчлөлд шилжиж, 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ш.Цд газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /2-р хх-1-7х/

Ш.Ш 2000 онд нас барсан тул 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ-г хууль бусаар хийсэн, хуурамч гэж үзэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Ш.Ц нь 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-8х/-гээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар талийгаач Ш.Цы хууль ёсны өвлөгч нь Я.Ж, Ц.Б нар болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримт /1-р хх-8х, 3-р хх-110х/-аар тогтоогдож байна.

 

Талийгаач Ш.Ц 2005 оноос нас барах хүртэлх хугацаанд хаана амьдарч байсан талаар зохигч маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч Я.Ж, Ц.Б нар талийгаач Ш.Цыг Баянгол дүүргийн 2 хороо, 4а байрны 18 тоотод амьдарч байсан гэж тайлбарлаж байхад хариуцагч Ш.Б талийгаач Ш.Цыг Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод амьдарч байсан гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно гэж заасны дагуу Ш.Цыг 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс нас барах хүртлээ Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод амьдарч байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1.Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ гэж заасны дагуу талийгаач Ш.Цы өв нээгдсэн газрыг Сүхбаатар дүүрэг гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б, Я.Ж нар Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод амьдарч байгаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж зохицуулсны дагуу өвийг хүлээн аваагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б, Я.Ж нар нь 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас талийгаач Ш.Цы өмчлөлд байсан эд хөрөнгүүдийн лавлагааг авч, Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод байрлах 493,10 мкв талбай бүхий газрыг Ш.Цы өмчлөлд байж байгаад бусдад шилжсэнийг мэдсэн байх бөгөөд 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд газрын талаар огт шаардлага гаргаагүй, газартай холбоотой ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д зааснаар Ц.Б, Я.Ж нарыг Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод байрлах 493,10 мкв талбай бүхий газрын Ш.Цд ногдох хэсгийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч Я.Ж, Ц.Б нар нь Ш.Баас Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод байрлах 493,10 мкв талбай бүхий газрыг гаргуулахаар шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

Ш.Б нь талийгаач Ш.Шын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод байрлах 493,10 мкв талбай бүхий газрын зохих хэсгийг өвлөн авсан тул 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасны дагуу шаардаж эрхтэй байна.

 

2000 онд нас барсан Ш.Штай Ш.Ц нь 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Газар бэлэглэх гэрээ-г хийсэн байх тул уг гэрээ хууль бус, хуурамч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардах хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, гэж, мөн зүйлийн 76.2.Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ... үеэс үүснэ. гэж зохицуулсан.

Ш.Б нь Ш.Цы талийгаач Ш.Шын өмчлөлд бүртгэлтэй байсан Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод байрлах 493,10 мкв талбай бүхий газрыг өөрийнхөө өмчлөлд шилжүүлсэн 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ-г 2008 онд мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Ш.Б нь 2008 оны 08 сарын 22-ны өдрийн хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлээр Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод байрлах 493,10 мкв талбай бүхий газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн тул газар талийгаач Ш.Шаас бусдад хэрхэн шилжсэнийг мэдэх ёстой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Ш.Б 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод байрлах 493,10 мкв талбай бүхий газрын хамтран өмчлөгчөөр бүртгэгдснээр 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ-гээр зөрчигдсөн эрх нь сэргээгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх Ц.Б, Я.Ж нарын тайлбар үндэслэлгүй байна.

2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ буюу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн Ш.Ш, Ш.Ц нь нас барсан.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1.Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө, 515.2.Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасны дагуу Ш.Ц өмчлөлийн газрыг өвлөх эрхтэй гэж маргаж шаардлага гаргасан Я.Ж, Ц.Б нарт холбогдуулан газар Ш.Ц өмчлөлд шилжсэн 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг Ш.Б гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна: гээд 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан тул уг хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхаар хууль тогтоосон байна.

Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийг шүүхээс хүчин төгөлдөр бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Ш.Бы 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д зааснаар сонирхогч этгээд болон хэлцэл хийсэн талууд хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Ш.Б нь 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлээр Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод байрлах 493,10 мкв талбай бүхий газрын өмчлөгч болсон, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1230 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 741 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 718 дугаар тогтоолоор Л.Бг хамтран өмчлөгчөөс хасуулж, одоо уг газрын өмчлөгч байгаа болох Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000110525 дугаартай гэрчилгээ /2-р хх-99х/-гээр тогтоогдож байна.

 

Иймд Ш.Бы 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ буюу хүчин төгөлдөр бус хэлцлээр зөрчигдсөн эрх нь сэргээгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардлага гаргах шаардлагагүй болсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Ж, Ц.Б нарын Ш.Бд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод байрлах 493,10 мкв талбай бүхий газрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар Ш.Бы Я.Ж, Ц.Б нарт холбогдуулан гаргасан 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б, Я.Ж нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ш.Б тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12956 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА