Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 816

 

 

 

 

 

 

 

 

 

  Ц.Б, Я.Ж нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00457 дугаар шийдвэртэй, Ц.Б, Я.Ж нарын нэхэмжлэлтэй, Ш.Бд холбогдох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоотод байрлах газрыг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Газар бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, Я.Ж, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагч Ш.Б, өмгөөлөгч Ш.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Б Я.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан Ш.Цогтсайханы хууль ёсны өв залгамжлагч юм. Түүний өмч болох Сүхбаатар дүүргийн 9 хороо Алтайн 10 гудамжны 284 тоот газар нь аавыг нас барснаас хойш 4 сарын дараа буюу 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Л.Бямбацэрэн гэгчид бэлэглэлийн гэрээгээр шилжсэн байдаг. Үүнд миний аавын алга болсон газрын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг нь ашиглагдсан байна. Улмаар Ш.Б нь Л.Бямбацэрэнтэй 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр буюу хууль бус бэлэглэлийн гэрээнээс хойш сарын дараа хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл хийж, 2 хүний нэртэй өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулжээ. Уг хууль бус үйлдэл үргэлжилж 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ш.Б нь Багахангай, Налайх дүүргийн шүүхэд Л.Бямбацэрэнг хариуцагчаар татан дээрх хууль бус бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгуулах 97 дугаартай шийдвэр гаргуулж, тус ондоо Л.Бямбацэрэнг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1230 шийдвэрээр хамтран өмчлөгчөөс хасуулж, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулжээ.

Дээрх үйлдлүүдээс улбаалж өмчлөх эрхийн 000110525 дугаартай гэрчилгээ гаргуулснаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өмчлөгч болох Ш.Цогтсайханы эхнэр, хүүхдийн өв хөрөнгө өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймээс Ш.Бы өмчлөлийг хүчингүй болгож, эхнэр Я.Ж охин Ц.Б бидний зөрчигдөж буй эрхийг минь сэргээх үүднээс Ш.Баас Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот газар буюу үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамжны 284 тоотод байрлах 493.1 м.кв газрыг 1984 онд би Н.Батсуурь гэх хүнээс худалдаж авсан бөгөөд холбогдох материал бүрдүүлж 2004 оны Нийслэлийн Засаг даргын 558 тоот захирамжаар миний эцэг Ш.Шаравт газар өмчлүүлэх шийдвэр гарч, 2005 онд 000039544 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан. Дээрх газрын асуудлыг хөөцөлдөж явахад төрсөн эцэг Ш.Шарав нь 2000 онд нас барсан.

Гэтэл миний төрсөн дүү Ш.Цогтсайхан нь 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ш.Шаравыг амьд байгаа мэтээр хууль бусаар бэлэглэлийн гэрээгээр уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг бөгөөд нэхэмжлэгч нар үүнийг мэдсээр байж хууль бусаар шилжүүлж авсан үйлдлийг ярихгүй зөвхөн өөрсдийн эрх зөрчигдсөн тухай ярьж байна.

Ш.Цогтсайхан нь 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барах хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 9-р хороо Алтайн 10-284 тоот хаягт амьдарч байсан бөгөөд нэхэмжлэгч нар нь Ш.Цогтсайхантай хамт амьдарч байгаагүй, түүнийг нас барснаас хойш 1 жилийн хугацаанд дээрх газрыг өвлөж авах хүсэлт гаргаагүй, эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан зүйл байхгүй.

Би нэхэмжлэгч нарын өв хөрөнгө өвлөх эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Нас барсан Ш.Шаравыг амьд мэтээр бэлэглэлийн гэрээгээр Ш.Цогтсайханы нэр дээр, дараа нь Л.Бямбацэрэнд шилжсэн газраа олж авч өөрийн эрх ашгийг хамгаалсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ш.Цогтсайханы эхнэр Я.Ж, охин Ц.Б нар нь түүний Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д заасныг зөрчиж хийсэн бэлэглэлийн гэрээг хариуцах ёстой. Учир нь миний аав Ш.Шарав нь 2000 онд нас барсан байхад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоот газар нь 2005 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Ш.Шарав гэдэг хүний өмчлөлд бүртгэгдээд, 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 147 дугаар газар бэлэглэлийн гэрээгээр Ш.Цогтсайханд шилжсэн байна. Иймд газар бэлэглэх гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Б Я.Ж нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Ш.Цогтсайханы хөрөнгийн лавлагаанд нас барснаас хойш 4 сарын дараа бэлэглэлийн журмаар бусдад шилжсэн байдаг. 2015 онд шүүхэд Ш.Быг хариуцагчаар татахад Сонгинохайрхан дүүргийн хаягтай байсан боловч шүүхийн хэлэлцүүлгийн үед буюу 2017 оны 7 дугаар сард бидний нэхэмжилж буй газрын хаяг болох Сүхбаатар дүүргийн Алтайн 10-284 тоот газар дээр шилжин ирж иргэний үнэмлэх гаргуулсан байдаг.  

Бид сөрөг нэхэмжлэлийн хариуцагч биш, Ш.Б нь гэрээний нэг тал биш учраас сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Ш.Бы сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх:  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Ж, Ц.Б нарын Ш.Бд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод байрлах 493.10 м.кв талбай бүхий газрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Ш.Бы Я.Ж, Ц.Б нарт холбогдуулан гаргасан 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Газар бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б, Я.Ж нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээн, хариуцагч Ш.Б тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12956 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б, Я.Ж нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нь өвийг хүлээн аваагүй буюу 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлд нэхэмжлэгч нар Ш.Цогтсайханы бичиг баримт алдагдсан болон хариуцагч Ш.Б нь бусад өвлөгч нарын зөвшөөрөлгүйгээр Л.Бямбацэрэн гэгчийг газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн хууль бус үйлдлүүдийн үр дагаврыг арилгуулахаар зохих байгууллагад хандаж байсан үйл баримт хангалттай авагдсан.

Хариуцагч нь нэхэмжлэгч нарын өвлөх эрхийг зөрчих гэмт хэргийг санаатай үйлдэж байснаар өвтэй холбоотой нэхэмжлэгч нарын эрх хязгаарласан нь анхан шатны шүүх бодитой дүгнэлт өгөөгүй, нотлох баримтуудыг бүх талаас нь үнэн зөв үнэлж чадаагүй.

Хариуцагч нь гэмт үйлдлээр холбогдсон Л.Бямбацэрэнг хамтран өмчлөгчөөс хасуулахаар шүүхэд хандан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх түүнийг хангаж шийдвэрлэсэн нь Ш.Б, Л.Бямбацэрэн нар нь хууль ёсны өвлөгч нарын эрхийг зориуд тасалдуулсан гэж үзэхээр хангалттай нотлох баримт байхад шүүх энэ үйл баримтад дүгнэлт өгөөгүй. Мөн Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн Ш.Б, Л.Бямбацэрэнгийн тайлбаруудад хариуцагч Ш.Б нь энэхүү газартай холбоотой бусад өвлөгчийн эрхийг хязгаарлах оролдлогуудыг хийж байсан нь нотлогдож байгааг шүүх анхаарч үзээгүй.

Дээрх бичгийн нотлох баримт болон илэрсэн үйл баримтуудаас хариуцагч нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх боломжийг зориуд хаан боогдуулсны улмаас өвлөгч нар өвлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нь нотлогдож байхад шүүх өвлөгч нараас өвөөс татгалзсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар үгүйсгэгдэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ш.Цогтсайханыг хаана амьдарч байсан нь тодорхойгүй” гэж дүгнэжээ. Гэтэл Ш.Цогтсайханыг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байранд амьдарч байсан талаарх 2006 оноос 2008 оны өрхийн лавлагаа, мөн 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр мөн байранд нас барсан байдаг.

Шүүгч Ш.Б, Ц.Б, Я.Ж нарт шууд болон дам хамааралтай 3 иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зэрэг ноцтой зөрчилтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгч Ц.Б, Я.Ж нарын өмчлөх эрхийг хүчингүй болгож, газар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоотод байрлах 493.10 м.кв газрыг эзэмшиж байсан иргэн Ш.Шарав 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдөр  нас барсан /2хх 114 дэх тал/ боловч, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдсантай холбогдуулан уг газрыг төрөөс үнэ төлбөргүй өмчлүүлэх шийдвэр 2005 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Ш.Шаравын нэр дээр гарсан байна. /1хх 243 дахь тал/

Шүүх хэрэгт авагдсан “Гэрэг инвест” ХЗХ-ны тэргүүлэгчдийн хурлын 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоол, хоршооны гишүүний анкет, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, Ш.Цогтсайханаас хариуцагч Ш.Бд олгосон 2006 оны 01 дүгээр сарын 26-ны итгэмжлэл, тэдгээрийн иргэний үнэмлэхний хуулбар, иргэн Ж.Батчулуунд Ш.Цогтсайханаас олгож байсан итгэмжлэл /3хх 76-83, 1хх 38 дахь тал/ зэрэг бичгийн баримтуудыг үнэлж, нас барсан Ш.Шаравын хууль ёсны өмчлөгч болох Ш.Цогтсайхан, хариуцагч Ш.Б нар өвийг хүлээн авсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгч Я.Ж нь Ш.Цогтсайхантай 1977 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, тэдний дундаас охин Ц.Б, хүү Ц.Болдбаатар нар төрсөн, Ш.Цогтсайхан нь 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч Ц.Бын иргэний үнэмлэх, Ц.Болдбаатарын өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт, нас барсны гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна. /1хх 8, 3хх 91, 93 дахь тал/  Дээрх үйл баримтад болон мөн Я.Ж, Ц.Б, Ц.Болдбаатар нар нь нас барагч Ш.Цогтсайханы хууль ёсны өвлөгч гэдэгт талууд маргаангүй. Харин өвлүүлэгчийн газар өмчлөх эрхийг өвлөгч нар хуульд журмын дагуу хүлээн авсан, татгалзсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж, харин тэдгээрээс бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үздэг.

Нэхэмжлэгч нар Ш.Цогтсайханыг нас барах хүртэл түүнтэй хамт Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны 4а байрны 18 тоот орон сууцанд амьдарч байсан гэж марган, 2006 оны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд гарган өгчээ. Уг дэвтрийн өрхийн гишүүдийн талаарх бүртгэлд Ш.Цогтсайхан, Ц.Болдбаатар, Ц.Б, Ч.Энхбат, Э.Зүйрлэшгүй, Я.Ж, Э.Эрчиммөнх нарын нэрс бүртгэгдсэн хэдий ч Ш.Цогтсайханы нэрний урд бичигдсэн “01” дугаарын гадуур дугуйлсан, суурьшлын байдлыг бүртгэсэн хүснэгтийн “1” гэсэн бичилт засвартай, бусад хүмүүсийн нэрний ард “  ” гэсэн тэмдэг тавьсан байх тул уг бичгийн баримтыг эргэлзээтэй гэж үзнэ. /3хх 144 дэх тал/

Нас барагч Ш.Цогтсайханы иргэний үнэмлэхний лавлагаанд дээрх хаягт амьдарч эхэлсэн огноог 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэж, сүүлд амьдарч байсан хаяг гэсэн хэсэгт Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 10-284 гэж тус тус бичигджээ. /3хх 182 дахь тал/ Мөн 3 дугаар хавтаст хэргийн 81 дэх талд авагдсан нас барагч Ш.Цогтсайханы иргэний үнэмлэхэд түүний оршин суугаа газрын хаягийг Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоот. 2005/03/18 гэсэн бичилт хийсэн /3хх 81 дэх тал/ байхаас гадна нас барагч нь 2006 онд “Гэрэг инвест” ХЗХ-ны гишүүнээр элсэх анкет болон зээлийн гэрээ, ах Ш.Бд өгсөн итгэмжлэл зэрэгт өөрийн оршин суугаа газраа дээрх хаягаар тодорхойлж байсан болох нь 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн итгэмжлэл, хоршооны гишүүний анкет, зээлийн гэрээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /3хх 76, 82, 86-88 дахь тал/ Түүнчлэн, нас барагч Ш.Цогтсайхан, Л.Бямбацэрэн нарыг Алтайн 10-284 тоотод бүртгэлтэй талаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны хүн ам, өрхийн бүртгэлийн 2008 оны дэвтэрт хэрэгт авагджээ. /3хх 79 дэх тал/

Хариуцагч Ш.Б “... Ш.Цогтсайхан нас барах хүртлээ Алтайн 10-284 тоотод өөрийн эхнэр Г.Отгончимэгтэй хамт амьдарч байсан, ... Баянгол дүүргийн шүүх дээр болсон шүүх хуралдаанд Ц.Б өөрөө “авгай нь манайхаар байнгын янз бүрийн зовлон хэлж ирдэг байсан, тэгээд аавыг минь аваад явсан” гэж хэлсэн байдаг ..., ... энэ хүн чинь Ш.Цогтсайханыг өөр хүнтэй явсан гээд гэртээ оруулдаггүй байсан ...” гэж шүүх хуралдаанд тайлбарласныг нэхэмжлэгч нар үгүйсгэж, няцаагаагүй байна. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ш.Быг “аав Ш.Цогтсайханыг нас барсны дараа түүний хувцасны халааснаас иргэний үнэмлэхийг авч явсан” гэдэг бол нэхэмжлэгч Я.Ж “Ш.Цогтсайханы иргэний үнэмлэх алга болсон, дахин авах өргөдлөө 2008 оны 02 дугаар сарын 27-нд гаргаад авч чадаагүй байхдаа нас барсан” гэж зөрүүтэй тайлбар гаргажээ. /3хх 214, 217 дахь тал/

Мөн нэхэмжлэгч Ц.Бт 2000, 2012 онд олгогдсон иргэний үнэмлэхэд оршин суугаа газрын хаяг нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоот бичигдсэн, мөн нас барагч Ш.Цогтсайхан 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 4а байрны 18 тоот орон сууцанд нас барсан хэдий ч энэ нь нэхэмжлэгч Ц.Б, Я.Ж, хүү Ц.Болдбаатар нарыг нас барагч Ш.Цогтсайханыг нас барах хүртэл хамт амьдарч байсан үйл баримтыг нотлохгүй байна.

Нөгөөтэйгүүр маргааны зүйл болох газрын өмчлөх эрх хариуцагч Ш.Бы нэр дээр бүртгэлтэй, уг бүртгэл хүчин төгөлдөр байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нар хариуцагч Ш.Бы өмчлөлийг хүчингүй болгож, өмчлөгчөөс газрыг гаргуулахаар шаардах эрхгүй юм.

 Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарыг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоотод байрлах 493.10 м.кв талбай бүхий газрын нас барагч Ш.Цогтсайханд ногдох хэсгийн өвлөх эрхээс татгалзсан гэж дүгнэн, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

Хариуцагч Ш.Б нь нас барагч Ш.Цогтсайханы байгуулсан 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хэргийн баримтаас үзвэл, нас барагч Ш.Цогтсайхан нь өөрийн эцэг Ш.Шаравыг нас барснаас хойш гэрээний нэг тал буюу бэлэглэгчээр Ш.Шаравыг, нөгөө тал буюу бэлэг хүлээн авагчаар өөрийгөө тодорхойлон, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоотод орших 493.10 м.кв газрын өмчлөх эрхийг бэлэглэсэн гэрээ байгуулан гарын үсэг зурж, гэрээг 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн төдийгүй дээрх газрын хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд мөн сарын 14-ний өдөр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь тогтоогдож байна. Уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах боловч одоо уг хэлцлийн хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоох нь ач холбогдолгүй болжээ. Учир нь иргэн Л.Бямбацэрэн, Ш.Цогтсайханыг нас барснаас хойш 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Газар бэлэглэх гэрээ”-г хуурамчаар үйлдэн газрыг өмчлөлдөө шилжүүлж авсан, улмаар өмчлөгчөөр хариуцагч Ш.Быг нэмж бүртгүүлсэн, Л.Бямбацэрэнгийн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн үйлдэлтэй нь холбогдуулан түүнийг газрын өмчлөгчөөс хассан зэрэг үйл баримтыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байна. /3хх 100-103 дахь тал/ Иймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн давж заалдах гомдолд дурдсанаар шүүгч нь Ш.Бы нэхэмжлэлтэй Л.Бямбацэрэнд холбогдох хамтран өмчлөгчөөс хасуулах тухай, Ц.Б, Я.Ж нарын Ш.Бд холбогдуулан гаргасан орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргүүдийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан шүүгч иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд дахин оролцож болохгүй үндэслэлд хамаарахгүй бөгөөд мөн хуулийн 91 дүгээр зүйлд заасан шүүгч татгалзан гарах үндэслэл биш юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ТУЯА

           

                                            ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ч.ЦЭНД