Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00368

 

 Ц.Болор, Я.Жаргалсайхан нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00457 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 816 дугаар магадлалтай, 

Ц.Болор, Я.Жаргалсайхан нарын нэхэмжлэлтэй,

Ш.Батсайханд холбогдох

Сүхбаатар дүүргийн IX хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоотод байрлах газрыг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

  Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд: Бид 2008.03.07-ны өдөр нас барсан Ш.Цогтсайханы хууль ёсны өв залгамжлагч юм. Түүний өмч болох Сүхбаатар дүүргийн 9 хороо Алтайн 10 гудамжны 284 тоот газар нь аавыг нас барснаас хойш 4 сарын дараа буюу 2008.07.29-ний өдөр Л.Бямбацэрэн гэгчид бэлэглэлийн гэрээгээр шилжсэн байдаг. Үүнд миний аавын алга болсон газрын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг нь ашиглагдсан байна. Улмаар Ш.Батсайхан нь Л.Бямбацэрэнтэй 2008.08.22-ны өдөр буюу хууль бус бэлэглэлийн гэрээнээс хойш сарын дараа хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл хийж, 2 хүний нэртэй өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулжээ. Уг хууль бус үйлдэл үргэлжилж 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ш.Батсайхан нь Багахангай, Налайх дүүргийн шүүхэд Л.Бямбацэрэнг хариуцагчаар татан дээрх хууль бус бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгуулах 97 дугаартай шийдвэр гаргуулж, тус ондоо Л.Бямбацэрэнг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1230 шийдвэрээр хамтран өмчлөгчөөс хасуулж, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулжээ. Дээрх үйлдлүүдээс улбаалж өмчлөх эрхийн 000110525 дугаартай гэрчилгээ гаргуулснаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өмчлөгч болох Ш.Цогтсайханы эхнэр, хүүхдийн өв хөрөнгө өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймээс Ш.Батсайханы өмчлөлийг хүчингүй болгож, эхнэр Я.Жаргалсайхан, охин Ц.Болор бидний зөрчигдөж буй эрхийг минь сэргээх үүднээс Ш.Батсайханаас Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот газар буюу үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамжны 284 тоотод байрлах 493.1 м.кв газрыг 1984 онд би Н.Батсуурь гэх хүнээс худалдаж авсан бөгөөд холбогдох материал бүрдүүлж 2004 оны Нийслэлийн Засаг даргын 558 тоот захирамжаар миний эцэг Ш.Шаравт газар өмчлүүлэх шийдвэр гарч, 2005 онд 000039544 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан. Дээрх газрын асуудлыг хөөцөлдөж явахад төрсөн эцэг Ш.Шарав нь 2000 онд нас барсан. Гэтэл миний төрсөн дүү Ш.Цогтсайхан нь 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ш.Шаравыг амьд байгаа мэтээр хууль бусаар бэлэглэлийн гэрээгээр уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг бөгөөд нэхэмжлэгч нар үүнийг мэдсээр байж хууль бусаар шилжүүлж авсан үйлдлийг ярихгүй зөвхөн өөрсдийн эрх зөрчигдсөн тухай ярьж байна. Ш.Цогтсайхан нь 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барах хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 9-р хороо Алтайн 10-284 тоот хаягт амьдарч байсан бөгөөд нэхэмжлэгч нар нь Ш.Цогтсайхантай хамт амьдарч байгаагүй, түүнийг нас барснаас хойш 1 жилийн хугацаанд дээрх газрыг өвлөж авах хүсэлт гаргаагүй, эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан зүйл байхгүй. Би нэхэмжлэгч нарын өв хөрөнгө өвлөх эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Нас барсан Ш.Шаравыг амьд мэтээр бэлэглэлийн гэрээгээр Ш.Цогтсайханы нэр дээр, дараа нь Л.Бямбацэрэнд шилжсэн газраа олж авч өөрийн эрх ашгийг хамгаалсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: Ш.Цогтсайханы эхнэр Я.Жаргалсайхан, охин Ц.Болор нар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д заасныг зөрчиж хийсэн бэлэглэлийн гэрээг хариуцах ёстой. Учир нь миний аав Ш.Шарав нь 2000 онд нас барсан байхад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоот газар нь 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ш.Шарав гэдэг хүний өмчлөлд бүртгэгдээд, 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 147 дугаар газар бэлэглэлийн гэрээгээр Ш.Цогтсайханд шилжсэн байна. Иймд газар бэлэглэх гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нараас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ш.Цогтсайханы хөрөнгийн лавлагаанд нас барснаас хойш 4 сарын дараа бэлэглэлийн журмаар бусдад шилжсэн байдаг. 2015 онд шүүхэд Ш.Батсайханыг хариуцагчаар татахад Сонгинохайрхан дүүргийн хаягтай байсан боловч шүүхийн хэлэлцүүлгийн үед буюу 2017 оны 7 дугаар сард бидний нэхэмжилж буй газрын хаяг болох Сүхбаатар дүүргийн Алтайн 10-284 тоот газар дээр шилжин ирж иргэний үнэмлэх гаргуулсан байдаг. Бид сөрөг нэхэмжлэлийн хариуцагч биш, Ш.Батсайхан нь гэрээний нэг тал биш учраас сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Ш.Батсайханы сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00457 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Жаргалсайхан, Ц.Болор нарын Ш.Батсайханд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 10 гудамж 284 тоотод байрлах 493.10 м.кв талбай бүхий газрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Ш.Батсайханы Я.Жаргалсайхан, Ц.Болор нарт холбогдуулан гаргасан 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Болор, Я.Жаргалсайхан нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээн, хариуцагч Ш.Батсайхан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12956 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 816 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч бид СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 181/ШШ219/00457 шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 816 магадлалаар давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нарын зүгээс дараах үндэслэлүүдээр шинээр илэрсэн нөхцөл байдлуудыг тооцуулахаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан. Үүнд: Ш.Батсайханы нэхэмжлэлтэй, Ц.Болор, Я.Жаргалсайхан нарт холбогдох 2013.10.14-ний өдрийн 86 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагатай СБД-ийн ИХАШШүүхийн 2014.11.21-ний өдрийн 5563 шийдвэрийн үндэслэх хэсгийг 6-р мөрийн ИХ-ийн 528-р зүйлийн 528.1-т 3 сарын хугацаанд татгалзах хүсэлт гаргаагүй бол өвийг хүлээн авсанд тооцно, хариуцагч нар нь татгалзаагүй байх тул өвийг хүлээн авсан гэж үзэхээр байна гэснийг мөн УДШ-ийн 2015.06.23-ны 489 тогтоолын хянавал хэсгийн 5 дах мөр хариуцагч Я.Жаргалсайхан, Ц.Болор нар нь ИХ-ийн 520-р зүйлийн 520.1.1-д зааснаар Ш.Цогтсайханы хууль ёсны өвлөгч мөн бөгөөд түүнийг нас барах үед нь хамт амьдарч байсан тул ИХ-ийн 528-р зүйлд зааснаар өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор татгалзсан тухайгаа мэдэгдээгүй бол өв хүлээн авсанд тооцох журмын дагуу Ш.Цогтсайханы өвийг хүлээн авсанд тооцно. СБД-ийн ИХАШШүүхийн 2019.02.11-ний 181/ШШ2019/00365 шийдвэрийн үндэслэх хэсгийн 8,9-р мөр Ш.Цогтсайхан 2007.03.07-ны өдөр нас барсан учир ИХ-ийн 520, 531-р зүйлийг үндэслэн өвлүүлэгчийн эхнэр Я.Жаргалсайхан, охин Ц.Болор нарын өмчлөлд байсан 48 тоот орон сууцыг өвлөх эрхийг гэрчилгээгээр олгосон бөгөөд Ш.Батсайхан нь уг өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахад дүүргийн ИХАШатны 2-р шүүхийн 2014.11.21-ний өдрийн 5563 шийдвэр, ИХДЗШатны 10-р шүүхийн 2015.04.03-ны өдрийн 379 магадлал, УДШ-ийн 2015.06.23-ны өдрийн 489 тогтоолоор нэхэмжлэгч Ш.Батсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэ нь ИХ-ийн 528-р зүйлийн 528.1 дэх хэсэгт заасан өвлөгч мөн болохыг нотолж байгааг СБД-ийн тойргийн нотариатч Д.Эрдэнийн бүртгэлийн дэвтрийн 2014.03.10-ны өдрийн 2838 бүртгэлд ЧД-ийн 14-р хороо 13-269 тоот оршин суугч иргэн С.Батцоо гэгч Ш.Цогтсайханы алдагдсан иргэний үнэмлэхийг гэрчлүүлсэн үйл баримтыг, хоршооны анкет гэх баримтыг нэхэмжлэгч Ш.Батсайхан 10,11 гэсэн дугаартай хэсгийг дарж Гэрэг инвест ХЗХ-ны тэргүүлэгчдийн хурлын тогтоол гэсэн бичвэртэй болгож өөрчилснийг шүүх хуралдаанаас олж авсан бөгөөд тус баримтын 11-рт онц яаралтай үед танд мэдээ дамжуулах, холбоо барих 2 хүний овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар гэх хэсэгт БГД-ийн 4-р хороо 4а-18 тоот гэсэн хаяг бичиж яаралтай холбоо барих хүнээр охин Болорын нөхөр Ч.Энхбатыг дурдсан нь талийгаач нэхэмжлэгч Ц.Болор, Я.Жаргалсайхан болон хүргэн, зээ нарын хамт амьдарч байсан болохыг нотлох үйл баримтуудыг тогтоолгохоор хандсан боловч давж заалдах шатны шүүхээс хүсэлтийг хянаад 2019.09.13-ны өдрийн 439 тогтоолоор хүсэлтийг хангаагүй тул нэхэмжлэгч нар СБД-ийн ИХАШШүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хугацаагаа сэргээлгэх хүсэлт гаргасныг 2019.10.16-ны өдөр тус шүүхээс 181/Ш32018/11451 тоот захирамжаар хангаж шийдвэрлэсний дагуу хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн 816 магадлалын хянавал хэсгийн 5-р талын 3-р догол мөрний хамгийн сүүлийн хэсэгт өвлүүлэгчийн газар өмчлөх эрхийг өвлөгч нар хууль журмын дагуу хүлээн авсан, татгалзсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч нарын хувьд хууль ёсны өвлөгч мөн болохоо тогтоолгож, өвлөх эрхээ сэргээлгэх агуулгатай бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын хууль ёсны өвлөгч мөн эсэх дээр ямар нэгэн маргаангүй гэж дүгнэсэн. Хэрвээ Ц.Болор, ялангуяа Я.Жаргалсайхан нь ИХ-ийн 520-р зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өвлөгч мөн гэж дүгнэсэн бол тус хуулийн 528-р зүйлийн 528.1-д заасан хамт амьдарч байсан өвлөгч мөн гэж үзэх үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүхээс зөвхөн өвлүүлэгчийн газар өмчлөх эрхийг өвлөгч нар хууль журмын дагуу хүлээн авсан, татгалзсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болж гэж дүгнэсэн нь шүүхээс маргааны зүйлийн хууль зүйн агуулга, үр дагаврыг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

2006 оны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд гаргаж өгсөн байх ба уг дэвтрийн өрхийн гишүүдийн талаарх бүртгэлд Ш.Цогтсайхан, Ц.Болдбаатар, Ц.Болор, Ч.Энхбат, Э.Зүйрлэшгүй, Я.Жаргалсайхан, Э.Эрчиммөнх нарын нэрс бүртгэгдсэн хэдий ч Ш.Цогтсайханы нэрийн урд бичигдсэн 01 дугаарын гадуур дугуйлсан, суурьшлын байдлыг бүртгэсэн хүснэгтийн 1 гэсэн бичилт засвартай, бусад хүмүүсийн ард V гэсэн тэмдэг тавьсан байх тул уг бичгийн баримтыг эргэлзээтэй гэж үзнэ /З хх 144 тал/ гэснийг нэхэмжлэгч нарын зүгээс хангалттай тайлбарласан байх ба 01 дугаарын гадуур дугуйлсан нь оршин суугч нас барсан буюу бүртгэлээс хасах талаарх бүртгэлийн ажилтны хувийн тэмдэглэгээ бөгөөд нас барагчийг тухайн хаягт амьдарч байсан болох дээрх бүртгэлийн, дэвтрээр нотлогдож байгааг зөвхөн дугуйлсан тэмдэглэгээгээр үгүйсгэж байгаа нь анхан шатны шүүх мөн давж заалдах шатны шүүхээс ч бичгийн баримтын үнэн байдлыг үнэлээгүй зөвхөн хариуцагчийн тайлбарт автах байдлаар хэт нэг талыг барьж хэрэгт хандсанд гомдолтой байна. Харин бусад хүмүүсийн ард V гэсэн тэмдэг нь одоо тус хаягтаа амьдарч байгааг тодруулсан тэмдэглэгээ болох нь нэн ойлгомжтой байсаар байхад нэхэмжлэгчийн тайлбар, гаргасан баримтыг үнэлэхээс илэрхий зайлсхийж байгаа дээрх үйлдлийг зөвтгөх боломжгүй юм. Нас барагч Ш.Цогтсайханы иргэний үнэмлэхийн лавлагаанд дээрх хаягт амьдарч эхэлсэн огноог 1993.07.01-ний өдөр гэж, сүүлд амьдарч байсан хаяг гэсэн хэсэгт СБД 9-р хороо 10-284 гэж тус, тус бичигджээ. Мөн 3-р хавтаст хэргийн 81 дэх талд авагдсан нас барагч Ш.Цогтсайханы иргэний үнэмлэхэд түүний оршин суугаа газрын хаягийг СБД 9-р хороо Алтайн 10-284 тоот. 2005/03/18 гэсэн бичилт хийгдсэн байхаас гадна нас барагч нь 2006 онд Гэрэг инвест ХЗХ-ны гишүүнээр элсэх анкет болон зээлийн гэрээ, ах Ш.Батсайханд өгсөн итгэмжлэл зэрэгт өөрийн оршин суугаа газраа дээрх хаягаар тодорхойлж байсан болох нь 2006.01.26-ны итгэмжлэл, гишүүнээр элсэх анкет, зээлийн гэрээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Түүнчлэн нас барагч Ш.Цогтсайхан, Л.Бямбацэрэн нарыг алтайн 10-284 тоотод бүртгэлтэй талаар СБД 9-р хорооны хүн, ам өрхийн бүртгэлийн 2008 оны дэвтэрт авагджээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгосон дээрх баримтуудыг хэн бичсэн талаар хариуцагчаас татгалзлаа нотлох үүргийнхээ дагуу нотлоогүй бөгөөд нас барагч бичсэн гэх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байхад дээрх баримтуудыг Ш.Цогтсайхан гараараа бичсэн мэтээр 2 шатны шүүх үнэлж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг орхигдуулсан, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, бодиттой талаас нь огт үнэлээгүйг харуулж байна. Ш.Цогтсайхан, Л.Бямбацэрэн нарыг Алтайн 10-284 тоотод бүртгэлтэй талаар СБД 9-р хорооны хүн, ам өрхийн бүртгэлийн 2008 оны дэвтэрт бүртгэхдээ гэр бүлийн гишүүд гэсэн байдлаар бүртгэсэн нь бүртгэлээс харагддаг ба гэтэл Ш.Цогтсайхан, Л.Бямбацэрэн нарыг гэр бүлийн харьцаатайг нотолсон ганц ч нотлох баримт байдаггүй эсрэгээрээ Ш.Батсайхан нь Л.Бямбасүрэнг өөрийн асран хамгаалагчаар тогтоолгож улмаар хамт амьдарч байсан баримт, шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байхад тэдгээр анхан болон давж заалдах шатны шүүх ядаж харьцуулсан байдлаар дүгнэлт хийж эдгээр нотлох баримтуудыг үнэлэх шаардлагагүй үндэслэлээ магадлалд огт дурдаагүй байгаа нь шүүх хэт нэг талыг барьж шийдсэн болохыг илэрхийлж байна.

Хариуцагч Ш.Батсайхан Ш.Цогтсайхан нас барах хүртлээ Алтайн 10-284 тоотод өөрийн эхнэр Г.Отгончимэгтэй хамт амьдарч байсан БГД-ийн шүүх дээр болсон хуралд Ц.Болор өөрөө авгай нь манайхаар байнгын янз бүрийн зовлон хэлж ирдэг байсан, тэгээд аавыг минь аваад явсан гэж хэлсэн байдаг энэ хүн чинь Ш.Цогтсайханыг өөр хүнтэй явсан гээд гэртээ оруулдаггүй байсан гэж шүүх хуралдаанд тайлбарласныг нэхэмжлэгч нар үгүйсгэж, няцаагаагүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх ямар ч нотолгоогүй бидний гэр бүлийг илтэд доромжилсон зүгээр л хүний амнаас гарсан хийг нотлогдсон үйл баримт мэтээр үнэлж байгаа нь ИХШХШТХ-д заасан нотлох баримтыг үнэлэх зохицуулалтыг санаатай зөрчсөн үйлдэл боллоо. Хэрвээ шүүхүүд анзаарсан бол Ш.Цогтсайхан, Л.Бямбацэрэн нарыг Алтайн 10-284 тоотод бүртгэлтэй талаар СБД 9-р хорооны хүн, ам өрхийн бүртгэлийн 2008 оны дэвтэрт гэр бүл гэж бүртгэсэн гэсэн баримтыг хариуцагч гаргасныг үнэлчхээд дараагийн өгүүлбэртээ Ш.Цогтсайхан Г.Отгончимэгтэй хамт амьдарч байсан гэсэн Ш.Батсайханы тайлбарыг үнэн зөв гэж үнэлсэн шүүхүүдийн итгэл үнэмшилд хэн итгэх вэ гэдэг нь эргэлзээтэй. Тэгээд энэ гүтгэлгийг нэхэмжлэгч нар няцааж чадаагүй тул ИХ-ийн 528-р зүйлийн 528.1-т заасан өвлөгч биш гэж маш бүдүүлэг агаад ямар ч хууль зүйн үндэслэлгүй тайлбарласан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх дээр Отгончимэг гэгчийг гэрчээр дуудахад хариуцагч Ш.Батсайхан огт өөр хүн авчраад шүүх танхимаас зайлуулагдаж байсан баримт хавтаст хэрэгт бий. Миний аав, миний нөхөр хэзээ ч өөр гэр бүл зохиож байгаагүй тул бидний зүгээс үнэхээр тэвчиж чадаагүй тул балмагдсандаа сайн чангаар үгээ хэлж чадаагүй байж болох ч шүүх ийм баримтаар нотлогдоогүй гэр бүлийн харилцааг албан ёсны бусад баримтуудаас илүү үнэн зөв гэж үнэлж байгаад үнэхээр эргэлзэж маш их гомдож байна. Нэхэмжлэгч Ц.Болор нь хариуцагч Ш.Батсайханыг аав Ш.Цогтсайханыг нас барсны дараа түүний хувцасны халааснаас иргэний үнэмлэхийг авч явсан гэдэг бол нэхэмжлэгч Я.Жаргалсайхан Ш.Цогтсайханы үнэмлэх алга болсон, дахин авах өргөдлөө 2008.02.27-ны өдөр гаргаад авч чадаагүй байхдаа нас барсан гэж зөрүүтэй тайлбар гаргажээ. Тиймээ иргэний үнэмлэх гэрээс алга болсон байсан нь үнэн харин нас барагч Ш.Цогтсайхан нь БГД-ийн 4-р хорооны Засаг даргад хандаж иргэний үнэмлэхээ шинээр авахаар хүсэлт гаргаж байсан нотлох баримтыг гаргаж өгснийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрхэн үнэлж, үгүйсгэж байгаа талаар магадлалд огт дурдаагүй нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах бичгийн баримтыг үнэлэхгүй байх, хэргийн нэг талын эрх ашигт хэт үйлчлэх зүй бус хандлага гаргасныг хяналтын шатны шүүх анхаарч өгнө үү. Мөн нэхэмжлэгч Ц.Болорт 2000, 2001 онд олгогдсон иргэний үнэмлэхэд оршин суугаа газрын хаягийг БГД 4-р хороо 4а-18 тоот гэж бичигдсэн, мөн нас барагч Ш.Цогтсайхан 2008.03.07-ны өдөр БГД 4-р хороо 4а-18 тоот орон сууцанд нас барсан хэдий ч энэ нь нэхэмжлэгч Ц.Болор, Я.Жаргалсайхан, хүү Ц.Болдбаатар нарыг нас барагч Ш.Цогтсайханыг нас барах хүртэл хамт амьдарч байсан үйл баримтыг нотлохгүй байна гэсэн анхан, давж заалдах шатны шүүхийн тайлбар үнэхээр утга, агуулгын хувьд ч, үйл баримтыг нотлохгүй байгаа үндэслэлийн хувьд ч хэтэрхий ядмаг байна. 2008.03.07-ны өдөр БГД 4-р хороо 4а-18 тоот орон сууцанд нас барсан хэдий ч энэ нь нэхэмжлэгч Ц.Болор, Я.Жаргалсайхан, хүү Ц.Болдбаатар нарыг нас барагч Ш.Цогтсайханыг нас барах хүртэл хамт амьдарч байсан үйл баримтыг нотлохгүй байна. Гэртээ нас барсан нь тэгээд итгэмжлэл, зээлийн гэрээ, анкетаас дор үйл баримт гэж үү, Цагдаагийн байгууллагад хариуцагч Ш.Батсайханы өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан түүнд мөн Ш.Батсайхан нь дүү Ш.Цогтсайхан нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэсэн мэдүүлэг ямар үндэслэлээр шүүх үнэлэх боломжгүй нотолгооны эх сурвалж болсон нь тодорхойгүй, БГД-ийн 4-р хорооны засаг даргын тодорхойлолтыг хэрхэн үгүйсгэсэн нь ойлгомжгүй ийм л дүгнэлтийг шүүхүүд хийж бидний сэтгэл санаанд хүртэл дарамт учруулж байгаад гомдолтой байна. Ш.Цогтсайхан нь шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан шиг Бямбацэрэн, Отгончимэг гэх 2 авгайтай байсан юм бол тэдгээртэй хэзээнээс гэр бүл болсон нь яагаад нас барах хүртлээ тэд нартай амьдраагүй гэртээ нас барсан зэрэг үйл явдлын дараалалд шүүх яагаад үнэлэлт өгсөнгүй вэ. Хүн гэртээ нас барсан нь нотлогдоод байхад хамт амьдарсан нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн шүүхүүд яагаад зөвхөн хариуцагчийн тайлбараар Ш.Цогтсайханы амьдарч байсан газрыг тогтоогоод байгаа юм бэ. Энэ тохиолдолд нас барагч Ш.Цогтсайханы хамгийн сүүлд хаана амьдарч байсан нь эргэлзээтэй байгаа гэж үзэж ИХ-ийн 22.2 дахь заалтыг хэрэглэж оршин суугаа газрыг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоох бүрэн боломжтой байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Нөгөөтэйгүүр маргааны зүйл болох газрын өмчлөх эрх хариуцагч Ш.Батсайханы нэр дээр бүртгэлтэй, уг бүртгэл хүчин төгөлдөр байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нар хариуцагч Ш.Батсайханы өмчлөлийг хүчингүй болгож газрыг гаргуулахаар шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүх ИХ-ийн 528.2, 528.3 дахь хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэж нэхэмжлэгч нарыг ногдох хэсгийн өвлөх эрхээс татгалзсан гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч нь ИХ-ийн 520, 528-р зүйлийн зохих заалтуудыг санаатай зөрчиж хууль бусаар өмчлөх эрх олж авсан байх тул нэхэмжлэгч нарын зүгээс хуулиар олгогдсон өвлөх, өмчлөх эрхээ сэргээлгэхээр шаардлага гаргасан Үндсэн хууль, Иргэний хуульд нийцэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний алдаа гарсан эсэх болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь анхан шатны шүүх үнэн зөв, бодиттой үнэлсэн эсэхэд огт үнэлэлт өгч чадаагүй зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас гаргаж байсан нотлох баримтаар нотлогдоогүй аман тайлбар, хэн бичсэн нь тодорхойгүй итгэмжлэл, зээлийн гэрээ, анкет зэрэг баримт, мөн хорооны өрхийн дэвтэрт бичигдсэн бичилт зэрэг баримтыг үнэлж дурдсан бичвэрийг магадлалд шууд хуулж бичсэн нь давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах хуулийн үүргээ биелүүлээгүй болохыг нотолж байна. Мөн СБД-ийн ИХАШШүүхийн 2019.02.11-ний 181/ШШ2019/00365 шийдвэрийн үндэслэх хэсгийн 8,9-р мөр Ш.Цогтсайхан 2007.03.07-ны өдөр нас барсан учир ИХ-ийн 520, 531-р зүйлийг үндэслэн өвлүүлэгчийн эхнэр Я.Жаргалсайхан, охин Ц.Болор нарын өмчлөлд байсан 48 тоот орон сууцыг өвлөх эрхийг гэрчилгээгээр олгосон бөгөөд Ш.Батсайхан нь уг өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахад дүүргийн ИХАШатны 2-р шүүхийн 2014.11.21-ний өдрийн 5563 шийдвэр, ИХДЗШатны 10-р шүүхийн 2015.04.03-ны өдрийн 379 магадлал, УДШ-ийн 2015.06.23-ны өдрийн 489 тогтоолоор нэхэмжлэгч Ш.Батсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэ нь нэхэмжлэгч нар ИХ-ийн 520.1, 528.1 дэх хэсэгт заасан өвлөгч мөн болохыг нотолж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрүүдийг дахин үнэлэх замаар гарсан СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.20-ны өдрийн 181/ШШ219/00457 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.08-ны өдрийн 816 магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны журмаар дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Болор, Я.Жаргалсайхан нар нь хариуцагч Ш.Батсайханд холбогдуулан Сүхбаатар дүүргийн IX хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоотод байрлах газрыг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2007.02.13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

1.    Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Сүхбаатар дүүргийн IX хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоотод байрлах 493.10 м.кв газрыг эзэмшиж байсан иргэн Ш.Шарав 2000.10.02-ны өдөр нас барсан боловч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан уг газрыг төрөөс үнэ төлбөргүй өмчлүүлэх шийдвэр 2005.07.27-ны өдөр Ш.Шаравын нэр дээр гарсан баримт хэрэгт авагдсан байна.

Хэрэгт авагдсан Гэрэг инвест ХЗХ-ны тэргүүлэгчдийн хурлын 2006.02.13-ны өдрийн №01 тогтоол, хоршооны гишүүний анкет, Сүхбаатар дүүргийн IX хорооны Засаг даргын 2006.12.06-ны өдрийн тодорхойлолт, Ш.Цогтсайханаас Ш.Батсайханд 2006.01.06-ны өдөр олгосон итгэмжлэл, Ж.Батчулуунд Ш.Цогтсайханаас олгож байсан итгэмжлэл гэсэн бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нас барсан Ш.Шаравын хууль ёсны өв залгамжлагч болох Ш.Цогтсайхан, Ш.Батсайхан нарыг маргааны зүйл болж буй газар буюу өвийг хүлээн авсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.  

2008.03.07-ны өдөр нас барсан Ш.Цогтсайханы хууль ёсны өвлөгч нь Я.Жаргалсайхан, Ц.Болор нар болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон ба талийгаач Ш.Цогтсайхан 2005 оноос нас барах хүртэлх хугацаанд хаана амьдарч байсан талаар зохигчид маргажээ.

Шүүх Ш.Цогтсайханыг 2005.03.18-ны өдрөөс нас барах хүртлээ Сүхбаатар дүүргийн IX хороо, Алтайн 10 гудамж, 284 тоотод амьдарч байсан гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөв тайлбарласан, нэхэмжлэгч нар энэ хаягт амьдарч байгаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу өвийг хүлээн аваагүй гэж дүгнэхдээ хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлсэн, түүнчлэн 2008.03.07-ны өдрөөс 2013.08.08-ны өдрийг хүртэл энэ газрын талаар шаардлага гаргаж байсан тухай баримтыг нэхэмжлэгч нараас шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар Ц.Болор, Я.Жаргалсайхан нарыг маргааны зүйл болж буй газрын Ш.Цогтсайханд ногдох хэсгийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх тул өвийн хөрөнгө гэж шаардах эрхгүй, өвийн хөрөнгийг өмчлөх эрх үүсээгүй байна.

Иймээс нэхэмжлэгч нарын ...газрыг гаргуулах гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг зохигчийн тайлбар, хэргийн баримтад тулгуурлан дүгнэвэл ...байрлах 493,10 м.кв талбай газар-ын өмчлөгчөөр тогтоолгох агуулгатай нэхэмжлэл гэж үзэх бөгөөд Ш.Шаравын өмчлөлд байсан газрыг түүний хууль ёсны өвлөгч болох Ш.Батсайханаас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхгүй гэж үзнэ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Я.Жаргалсайхан, Ц.Болор нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийг оновчтой сонгож хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

2.    Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Ш.Батсайхан нь Ш.Цогтсайханы байгуулсан 2007.02.13-ны өдрийн Газар бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хэргийн баримтаас үзвэл нас барагч Ш.Цогтсайхан нь өөрийн эцэг Ш.Шаравыг нас барснаас хойш бэлэглэгчээр Ш.Шаравыг, бэлэг хүлээн авагчаар өөрийгөө тодорхойлон, маргааны зүйл болж буй 493.10 м.кв газрын өмчлөх эрхийг өөртөө бэлэглэсэн гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байх боловч энэ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн хэдий ч хэлцлийн хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоох нь ач холбогдолгүй, хууль зүйн үр дагавар үүсгэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, иргэн Л.Бямбацэрэн, Ш.Цогтсайханыг нас барснаас хойш 2008.07.28-ны өдөр Газар бэлэглэх гэрээ-г хуурамчаар үйлдэн газрыг өмчлөлдөө шилжүүлж авсан, улмаар өмчлөгчөөр хариуцагч Ш.Батсайханыг нэмж бүртгүүлсэн, Л.Бямбацэрэнгийн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн үйлдэлтэй нь холбогдуулан түүнийг газрын өмчлөгчөөс хассан зэрэг үйл баримтыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцсэн гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гомдол гаргаснаас хойш хариуцагч Ш.Батсайхан 2019.12.27-ны өдөр нас барсан тухай 7205 дугаарт бүртгэсэн 0000242092 тоот нас барсны гэрчилгээний хуулбар хэрэгт байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Батсайханд эрх залгамжлагч тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын мэтгэлцэх эрхийг хангасан байх тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 816 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00457 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД