Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 324

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/02570 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ж” ХХК-д холбогдох

 

Ажилласан хугацааны цалингаас дутуу олгосон 15 688 682 төгрөг, ээлжийн амралтын 1 869 650 төгрөг, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүйн алданги 1 782 600 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1 152 000 төгрөг, нийт 20 492 932 төгрөг гаргуулах, ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 гэснийг өөрчлүүлэх, нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо хийж, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч           Ц.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:             Г.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:             Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгчийн нийт ажилласан хугацааны цалингийн 15 хувь буюу 2 800 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 4 000 000 төгрөгийг И-март дэлгүүрээс бараа худалдан авах эрхийн бичиг хэлбэрээр олгосон байдаг. Мөн угаалгын нунтаг, үзвэрийг билет шахах хэлбэрээр зарим цалинг олгосон. Энэ талаар нэхэмжлэгч “...компанийн эдийн засаг муу байсан учраас дээрх байдлаар цалин олгож байна гэж ойлгосон” гэж тайлбарладаг. Мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийдэггүй болохыг сүүлд жирэмсэн болоод эмнэлгээр явахдаа мэдсэн. Эдгээр асуудлаас үүдэн компани ажилтны хооронд үл ойлголцол бий болсон. Бүтэн жилээр ч хамаагүй цалин тавьдаггүй байсан тул ажилдаа яаралгүй ирдэг байсан. Дарга хэлэхдээ “...хийх ёстой гол зүйлээ хийчих, дансаар мөнгө орж ирэх юм бол цалин өгнө” гэх байдлаар тайлбарлаж байсан. Хэдийгээр байгууллагын ерөнхий нягтлан бодогч гэх албан тушаалтай хэдий ч төлбөрийн баримтад гарын үсэг зурдаггүй байсан бөгөөд нярав, захирал хоёр нь төлбөрийн баримтад гарын үсэг зурдаг байсан тул өр, авлага, орлого орж ирэхэд өөрөө мэдэх боломжгүй нөхцөл байдалд байсан. Нэхэмжлэгч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх, цалин өгөхгүй байх тул ээлжийн амралтаа авъя гэх шаардлагуудыг тавихад ажил олгогчийн зүгээс хүлээн зөвшөөрч “ажлаа өөр хүнд хүлээлгэж өгөхийг зөвшөөрсөн” байдаг. Улмаар амаржсаных нь дараа таныг ажлаас халсан гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс ажилласан хугацааныхаа цалинг гаргуулж авахаар шаардлага гаргахад “цалинг нь өгөөгүй, энэ талаар бичгээр хариу мэдэгдээгүй” тул шүүхэд хандсан. Одоо нэхэмжлэгч амаржсан байгаа бөгөөд үүнтэй холбогдсон тэтгэвэр, тэтгэмжээ авч чадаагүй байна. Нэхэмжлэгчийн нийт ажилласан хугацааны цалин 18 118 182 төгрөг болж байгаа болно. Гэтэл хариуцагч байгууллага өөрөө тооцоолол хийгээд тамга дарчихсан баримт гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс нийгмийн даатгалын тайланг нотлох баримтын шаардлага хангуулсан байдлаар гаргаж өгсөн байдаг. Үүнд үндэслэн цалингийн тооцооллыг гаргасан ба зөрүү гардаг. Байгууллагын дотоод журамд зааснаар хоол, унааны мөнгийг нэмж олгодог юм билээ. Гүйцэтгэлээр 18 000 000 төгрөгийн үнийн дүн гарч байна. Нэхэмжлэгчид нийт 7 018 285 төгрөг өгсөн ба үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийн зүгээс цалингийн олгогдоогүй үлдэгдэл 15 688 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1 869 650 төгрөг, цалин хөлсөө хугацаандаа олгоогүй алданги 1 782 600 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1 152 000 төгрөг, нийт 20 492 932 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн нэхэмжлэгч цаашид ажиллаж, хөдөлмөрлөх болно. Гэтэл ажлаас халсан тушаалд “...ажлаа хийх чадваргүй” гэж дурдсан. Иймд уг тушаалын агуулгад өөрчлөлт оруулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгчийн зүгээс нийгмийн даатгалын бичилт 18 000 000 төгрөг гэж байгаа боловч манай тооцооллоор 17 000 000 төгрөг болж байна. Манай компанийн нягтлан бодогч хоол унааны мөнгийг оруулаагүй тооцсон. Авсан мөнгөний тухайд хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч цалингаа авч чадаагүй учраас ажилдаа ирээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл бүх албан байгууллага өглөөний 09 цагаас оройн 18 цагийн хооронд ажилладаг. Ц.Б- нь 3 дугаар сард ажилд орсон бөгөөд ажилд орсон цагаасаа хойш ажлаас хоцордог, тасалдаг байсан. Цагийн бүртгэлийн тухайд үүдний харуул бүртгэдэг байсан учраас нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авч ирэх боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч нь ажлын дадлага, туршлагагүй байсан. Компанийн 2017 оны жилийн эцсийн тайланг 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалж, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор тайлагнах ёстой байдаг. Нэхэмжлэгч Ц.Б- уг тайланг тайлагнасан хэдий ч 10 хоногийн дотор баталгаажсан эсэхийг хянах, шалгах үүргээ хэрэгжүүлээгүй буюу тайланг баталгаажуулаагүй байсан. Энэ талаар компанийн удирдлагад мэдэгдээгүй байсан ба сүүлд ажлаас гарахад нь мэдсэн. Дээрх нөхцөл байдлаас үүдэн ажил мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй гэж үзсэн. Хариуцагчийн зүгээс тушаалын агуулгыг өөрчлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

  •   Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас олгоогүй цалин 7 020 000 төгрөг, амралтын мөнгө 1 869 650 төгрөг, алданги 1 007 720 төгрөг, нийт 9 897 370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 595 562 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Ц.Б-гийн ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т гэснийг өөрчлүүлэх, нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо хийж, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Ж” ХХК зөвшөөрснийг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас 173 308 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгож  шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Б-д олгоогүй цалин 7 020 000 төгрөг, амралтын мөнгө 1 869 650 төгрөг, алданги 1 007 720 төгрөг, нийт 9 897 370 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтаас зөрүүлж буюу тооцооллын алдаа гаргасныг залруулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Компанийн цалингийн хүснэгт болон нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаас харахад ажилласан хугацааны нийт цалин 18 118 182 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд 1 790 000 төгрөг, хүн амын орлогын албан татварт 1 434 500 төгрөг, нийт суутгал 3 224 500 төгрөг, олгогдоогүй цалин 9 745 052 төгрөг болж байна. Компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хоол унааны хөнгөлөлт 795 000 төгрөгийг нэмээд гар дээр авах 17 558 332 төгрөгөөс 7 018 280 төгрөгийг компани олгосон болохыг талууд хүлээн зөвшөөрч тайлбар, баримт, тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл олгогдоогүй үлдэгдэл цалин 10 540 052 төгрөгийг хариуцагч талаас олгосон 7 020 000 төгрөг гэж андуурсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ажилласан хугацааны цалингийн олгоогүй үлдэгдэл 15 688 682 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1 869 650 төгрөг, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй алданги 1 782 600 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1 152 000 төгрөг, нийт 20 492 932 төгрөгийг гаргуулахаар тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр цалингаас дутуу олгосон 10 540 052 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1 869 650 төгрөг, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй алданги 1 782 600 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1 152 000 төгрөг, нийт 15 344 302 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 5 148 630 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ эдгээрийг хольж хутган тайлбарлаж, нотлох баримтаас зөрүүтэй байдлаар буруу дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг илт зөрүүтэйгээр бичсэн байна. Иймд шүүх тус шүүх хуралдааны бичлэгийг дахин нягталж, нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                              ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалингаас дутуу олгосон 15 688 682 төгрөг, ээлжийн амралтын 1 869 650 төгрөг, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүйн алданги 1 782 600 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1 152 000 төгрөг, нийт 20 492 932 төгрөг гаргуулах, ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 гэснийг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 7 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 5 000 000 төгрөгөөр багасгажээ.  /хх63/

           

“Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч Ц.Б-г ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилсон байх ба 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б-02/26 дугаар тушаалаар нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д тус тус заасныг үндэслэн, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.3а заалтуудыг үндэслэжээ. /хх12/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Б- ээлжийн амралтын болон цалингаас дутуу олгосон мөнгө нэхэмжилсэн хугацаагаа 2017 оны 3 дугаар сараас 2018 оны 6 сарын 18-ны өдөр хүртэл тодорхойлсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх байсан өдрөөс хойш гомдлоо шүүхэд гаргах эрхтэй. Нэхэмжлэгч хуульд заасан дээрх хугацааны дотор гомдлоо гаргаагүй байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхээ нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх энэ талаарх хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, ажил олгогчоос 2018 оны 4, 5, 6 дугаар сарын цалин 3 013 943 төгрөг гаргуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар дээрх мөнгөнд алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Харин ажил олгогч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаас 7 020 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байх тул уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй болно.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо цөөрүүлсэн, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, ажилтан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн тохиолдолд ажилтанд ажлаас халагдсаны тэтгэмж олгодог бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Б-гийн ажлаас халагдсан үндэслэл нь дээрх заалтад хамаарахгүй байна гэж дүгнэн ажлаас халагдсан тэтгэмжид 1 152 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн ...ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 гэснийг өөрчлүүлэх, нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо хийж, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийлгэх тухай шаардлагуудыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалттай нийцжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх “...нотлох баримтыг буруу дүгнэсэн” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/02570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

Ц.ИЧИНХОРЛОО