Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2570

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: Ц.Б-н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ж  ХХК -д холбогдох

 

            Ажилласан хугацааны цалингийн олгоогүй үлдэгдэл 15.688.682 төгрөг, ээлжийн амралтын 1.869.650 төгрөг, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүйн алданги 1.782.600 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1.152.000 төгрөг, нийт 20.492.932 төгрөг гаргуулах, ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 гэснийг өөрчлүүлэх, нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо хийж, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгэх тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болдмаа, хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Нэхэмжлэгчийн ажилласан нийт хугацааны цалингийн 15 хувийг буюу 2,8 сая төгрөгийг мөнгөн хэлбэрээр олгосон. 4 сая төгрөгийг И-март дэлгүүрээс бараа худалдан авах эрхийн бичиг хэлбэрээр олгосон байдаг. Гэтэл тус эрхийн бичиг бодит үнийн дүнгээр борлогдох боломжгүй байдаг. Мөн угаалгын нунтаг, үзвэрийг билет шахах хэлбэрээр зарим цалин олгосон байдаг.

Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс компанийн эдийн засаг муу байсан учраас энэ нөхцөл байдлыг ойлгож байсан гэж тайлбарладаг. Гэтэл сүүлд жирэмсэн болсны дараа эмнэлгээр явах хэрэгтэй болоход нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийдэггүй, бичилт хийж өгдөггүй байсан. Үүнээс болж улсын эмнэлэг биш хувийн төлбөртэй эмнэлгээр явах шаардлагатай болдог. Тиймээс компанитайгаа үл ойлголцсон.

Мөн бүтэн жилээр цалингаа өгөхгүй байсан тул ажилдаа тааваараа ирдэг байсан. Гэхдээ дарга нь ч хийх ёстой гол зүйлээ хийчих гэх тайлбар өгч, дансаар мөнгө орж ирэх юм бол цалин өгнө гэх тайлбар хэлж байсан юм байна лээ. Хэдийгээр байгууллагын ерөнхий нягтлан бодогч гэх албан тушаалтай хэдий ч төлбөрийн баримтад гарын үсэг зурдаггүй, нярав, захирал хоёр нь төлбөрийн баримтад гарын үсэг зурж авдаг байсан учраас өр, авлага, орлого орж ирэхэд өөрөө мэдэх боломжгүй байдаг. Иймэрхүү байдлаар явсаар хамгийн сүүлд жирэмсэн байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бичилттэй холбоотой асуудал үүссэн.

Сүүлд нэхэмжлэгч жирэмсэн болж, дэвтэрт бичилт хийхгүй байна, цалингаа өгөхгүй байгаа тул ээлжийн амралт авъя гэж хэлсэн байдаг. Тэгтэл хүлээн зөвшөөрч ажлаа өөр хүнд хүлээлгэж өг гэж хэлсэн байна лээ. Ингээд амаржсаны дараа таныг ажлаас халсан гэж хэлсэн байдаг. Тэгвэл ядаж цалингаа авъя гэж хэлэхэд цалинг ч өгдөггүй, бичгээр ч хариу өгөхгүй байсан тул шүүхэд хандсан. Одоо энэ хүн төрчихсөн байгаа. Тэтгэвэр болон тэтгэмжээ аваагүй байгаа.

Ажилласан нийт хугацааны цалингийн тооцоолол нь 18.118.182 төгрөг болж байгаа. Гэтэл хариуцагч байгууллага өөрөө тооцоолол хийж тамга дарчихсан баримт гаргаж өгсөн байгаа. Харин нэхэмжлэгч талын зүгээс нийгмийн даатгалын тайланг шаардлага хангуулан гаргаж ирсэн байгаа. Тус дүнгээр нэхэмжлэлийн тооцооллыг гаргасан. Үүнд зөрүү байгаа. Байгууллагын дотоод журамд зааснаар хоол, унааны мөнгө өгдөг юм байна лээ. Гүйцэтгэлээр гарж байгаа дүн 18 сая төгрөг болж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд хоол, унааны хөнгөлөлт олгоно, олгохдоо үүнээс нийгмийн даатгал тооцох ёстой байдаг. Гэтэл сүүлд гаргаж өгсөн тооцоололд тусгаагүй байна лээ. Тиймээс нотолж чадахгүй гэж үзэж байна.

Ингээд нийт 7.018.285 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа.

Цалингийн олгогдоогүй үлдэгдэл 15.688.000, ээлжийн амралтын мөнгө 1.869.650 төгрөг, цалин хөлсөө хугацаандаа олгоогүй алданги 1.782.600 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1.152.000 төгрөг, нийт 20.492.932 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн энэ хүн цааш ажиллана. Гэтэл ажлаа хийх чадваргүй гэж ажлаас халсан тушаалд дурдсан байгаа. Тиймээс тус тушаалын агуулгад өөрчлөлт оруулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын бичилт 18.000.000 төгрөг гэж байгаа боловч манай тооцоололд 17.000.000 төгрөг байгаа. Манай нягтлан хоол унааны мөнгийг оруулаагүй бодсон байна. Авсан мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч цалингаа авч чадаагүй учир ажилдаа ирээгүй гэж байна. Бүх байгууллага 09 цагаас 18 цагийн хооронд ажилладаг. Гэтэл Ц.Б  3 сард ажилд орсон. Орсноос хойш ажлаас хоцордог, тасалдаг байсан. Цагийн бүртгэлийг харуулах гэсэн боловч манай харуул бүртгэдэг байсан тул нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авч ирэх боломжгүй байсан. Тиймээс гаргаж өгөөгүй. Мөн ажиллах дадлага туршлагагүй байсан. Энэ нь 2017 оны жилийн эцсийн тайлангаа 12 дугаар сарын 31-ний өдрөөс тасалж, 2018 оны 12 дугаар сарын 20-ны дотор тайлагнах ёстой байдаг. Түүнийг Ц.Б  тайлагнасан хэдий ч 10 хоногийн дотор баталгаажсан эсэхийг хянаж, шалгаж байх ёстой байтал тус тайлан баталгаажуулаагүй байсан. Тэр талаар бид нарт хэлээгүй байж байгаад сүүлд ажлаас гарахад нь мэдсэн. Дээрх нөхцөлийг харж ажил мэргэжлийн шаардлага хангахгүй гэж үзсэн.

Хариуцагчийн зүгээс тушаалын агуулгыг өөрчлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

”  гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Б  нь хариуцагч Ж  ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалингийн олгоогүй үлдэгдэл 15.688.682 төгрөг, ээлжийн амралтын 1.869.650 төгрөг, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүйн алданги 1.782.600 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1.152.000 төгрөг, нийт 20.492.932 төгрөг гаргуулах, ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 гэснийг өөрчлүүлэх, нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо хийж, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг 5.000.000 төгрөгөөр багасгасан болохыг дурдах нь зүйтэй.

 

            Хариуцагч нь ажилласан хугацааны цалин 7.020.000 төгрөг, амралтын мөнгө 1.869.650 төгрөг, ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 гэснийг өөрчлүүлэх, нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо хийж, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаагүй, харин цалингийн үлдэгдэл 8.668.682 төгрөг, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүйн алданги 1.782.600 төгрөг болон ажлаас халагдсаны тэтгэмж 1.152.000 төгрөгийг тус тус олгох үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Ц.Б  нь Ж  ХХК-ийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар “Ерөнхий нягтлан бодогч”-ийн ажил, албан тушаалд томилогдсон бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б-02/26 дугаар тушаалын 1 дэх заалтаар “...Тус компаний ажилтан “нягтлан бодогч” албан тушаалтай Цэдэндаш овогтой Бадамсүрэн /РД: НЮ 74071080/-ийн үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг тус тус үндэслэн, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.3 а-г үндэслэн Ц.Б г ажлаас нь чөлөөлжээ.

 

            Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахаар маргаагүй, ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийг өөрчлүүлэхээр маргасан болно.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэг сарын цалинг 1.200.000 төгрөг гэж заасан атлаа ажилд орсон хугацаанаас хойш 17.558.332 төгрөгийн цалин авах бөгөөд нийт 16 сар ажиллахад 2 удаа 2.813.500 төгрөг, 7 удаа 4.029.000 төгрөгийн үнэ бүхий бараа худалдан авах эрхийн бичиг, бараагаар нийт 175.780 төгрөг, нийт 7.018.280 төгрөг олгосон, цалингийн үлдэгдэл нийт  10.540.052 төгрөгийн цалинг олгоогүй, алданги 1.782.600 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс шалтгаалан ажлаас халагдсаны тэтгэмж авч чадаагүй тул 1.152.000 төгрөгийн тэтгэмж шаардаж байгаа” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан, хариуцагч нь “манай байгууллага эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан цалинд нийт 7.018.280 төгрөг олгосон, харин олгоогүй цалингийн үлдэгдэл 7.020.000 төгрөг болж байгаа, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүйн алданги 1.782.600 төгрөгийг олгох үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд анх 2018 оны 7 дугаар 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд Ц.Б гийн ажилд орсон хугацаагаас хойш олгосон цалинг тооцож үзэхэд 2017 оны 9 дүгээр сараас цалин олгоогүй бөгөөд 2018 оны 4, 5, 6 дугаар сарын цалин нь гомдол гаргах хугацаанд хамаарч байгаа цалин нь 3.013.943 төгрөг болох бөгөөд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 7.020.000 төгрөгийн хэмжээгээр Ж  ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б д олгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.Б г ажлаас халсан үндэслэл нь хуулийн дээрхи үндэслэлд хамаарахгүй байх тул ажлаас халагдсаны тэтгэмж 1.152.000 төгрөгийг олгох үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д “Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаанд хамаарч байгаа 2018 оны 4, 5, 6 дугаар сарын цалингаас хуульд заасан хэмжээгээр алданги тооцоход 972.000 төгрөг болж байгаа бөгөөд хариуцагч нь ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тул 1.007.720 төгрөгийн хариуцагч Ж  ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Ж  ХХК-иас олгоогүй цалин 7.020.000 төгрөг, амралтын мөнгө 1.869.650 төгрөг, алданги 1.007.720 төгрөг, нийт 9.897.370 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б д олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 гэснийг өөрчлүүлэх, нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо хийж, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.4-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Ж  ХХК-иас олгоогүй цалин 7.020.000 төгрөг, амралтын мөнгө 1.869.650 төгрөг, алданги 1.007.720 төгрөг, нийт 9.897.370 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.595.562 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ц.Б гийн ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 гэснийг өөрчлүүлэх, нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо хийж, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж  ХХК зөвшөөрснийг баталсугай.

 

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж  ХХК-иас 173.308 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б д олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР