Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00965

 

Ц.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/02570 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 324 дүгээр магадлалтай,

Ц.Бгийн нэхэмжлэлтэй

“Ж”-д холбогдох

Ажилласан хугацааны цалингаас дутуу олгосон 15 688 682 төгрөг, ээлжийн амралтын 1 869 650 төгрөг, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүйн алданги 1 782 600 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1 152 000 төгрөг, нийт 20 492 932 төгрөг гаргуулах, ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 гэснийг өөрчлүүлэх, нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо хийж, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болдмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сүлд-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нийт ажилласан хугацааны цалингийн 15 хувь буюу 2 800 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 4 000 000төгрөгийг И-март дэлгүүрээс бараа худалдан авах эрхийн бичиг хэлбэрээр олгосон байдаг. Мөн угаалгын нунтаг, үзвэрийг билет шахах хэлбэрээр зарим цалинг олгосон. Энэ талаар нэхэмжлэгч ...компанийн эдийн засаг муу байсан учраас дээрх байдлаар цалин олгож байна гэж ойлгосон гэж тайлбарладаг. Мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийдэггүй болохыг сүүлд жирэмсэн болоод эмнэлгээр явахдаа мэдсэн. Эдгээр асуудлаас үүдэн компани ажилтны хооронд үл ойлголцол бий болсон. Бүтэн жилээр ч хамаагүй цалин тавьдаггүй байсан тул ажилдаа яаралгүй ирдэг байсан. Дарга хэлэхдээ ...хийх ёстой гол зүйлээ хийчих, дансаар мөнгө орж ирэх юм бол цалин өгнө гэх байдлаар тайлбарлаж байсан. Хэдийгээр байгууллагын ерөнхий нягтлан бодогч гэх албан тушаалтай хэдий ч төлбөрийн баримтад гарын үсэг зурдаггүй байсан бөгөөд нярав, захирал хоёр нь төлбөрийн баримтад гарын үсэг зурдаг байсан тул өр, авлага, орлого орж ирэхэд өөрөө мэдэх боломжгүй нөхцөл байдалд байсан. Нэхэмжлэгч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх, цалин өгөхгүй байх тул ээлжийн амралтаа авъя гэх шаардлагуудыг тавихад ажил олгогчийн зүгээс хүлээн зөвшөөрч ажлаа өөр хүнд хүлээлгэж өгөхийг зөвшөөрсөн байдаг. Улмаар амаржсаных нь дараа таныг ажлаас халсан гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс ажилласан хугацааныхаа цалинг гаргуулж авахаар шаардлага гаргахад цалинг нь өгөөгүй, энэ талаар бичгээр хариу мэдэгдээгүй тул шүүхэд хандсан. Одоо нэхэмжлэгч амаржсан байгаа бөгөөд үүнтэй холбогдсон тэтгэвэр, тэтгэмжээ авч чадаагүй байна. Нэхэмжлэгчийн нийт ажилласан хугацааны цалин 18 118 182 төгрөг болж байгаа болно. Гэтэл хариуцагч байгууллага өөрөө тооцоолол хийгээд тамга дарчихсан баримт гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс нийгмийн даатгалын тайланг нотлох баримтын шаардлага хангуулсан байдлаар гаргаж өгсөн байдаг. Үүнд үндэслэн цалингийн тооцооллыг гаргасан ба зөрүү гардаг. Байгууллагын дотоод журамд зааснаар хоол, унааны мөнгийг нэмж олгодог юм билээ. Гүйцэтгэлээр 18 000 000 төгрөгийн үнийн дүн гарч байна. Нэхэмжлэгчид нийт 7 018 285 төгрөг өгсөн ба үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийн зүгээс цалингийн олгогдоогүй үлдэгдэл 15 688 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1 869 650 төгрөг, цалин хөлсөө хугацаандаа олгоогүй алданги 1 782 600 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1 152 000 төгрөг, нийт 20 492 932 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн нэхэмжлэгч цаашид ажиллаж, хөдөлмөрлөх болно. Гэтэл ажлаас халсан тушаалд ...ажлаа хийх чадваргүй гэж дурдсан. Иймд уг тушаалын агуулгад өөрчлөлт оруулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс нийгмийн даатгалын бичилт 18 000 000 төгрөг гэж байгаа боловч манай тооцооллоор 17 000 000 төгрөг болж байна. Манай компанийн нягтлан бодогч хоол унааны мөнгийг оруулаагүй тооцсон. Авсан мөнгөний тухайд хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч цалингаа авч чадаагүй учраас ажилдаа ирээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл бүх албан байгууллага өглөөний 09 цагаас оройн 18 цагийн хооронд ажилладаг. Ц.Б нь 3 дугаар сард ажилд орсон бөгөөд ажилд орсон цагаасаа хойш ажлаас хоцордог, тасалдаг байсан. Цагийн бүртгэлийн тухайд үүдний харуул бүртгэдэг байсан учраас нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авч ирэх боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч нь ажлын дадлага, туршлагагүй байсан. Компанийн 2017 оны жилийн эцсийн тайланг 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалж, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор тайлагнах ёстой байдаг. Нэхэмжлэгч Ц.Б уг тайланг тайлагнасан хэдий ч 10 хоногийн дотор баталгаажсан эсэхийг хянах, шалгах үүргээ хэрэгжүүлээгүй буюу тайланг баталгаажуулаагүй байсан. Энэ талаар компанийн удирдлагад мэдэгдээгүй байсан ба сүүлд ажлаас гарахад нь мэдсэн. Дээрх нөхцөл байдлаас үүдэн ажил мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй гэж үзсэн. Хариуцагчийн зүгээс тушаалын агуулгыг өөрчлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/02570 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ж”-иас олгоогүй цалин 7 020 000 төгрөг, амралтын мөнгө 1 869 650 төгрөг, алданги 1 007 720 төгрөг, нийт 9 897 370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 595 562 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Ц.Бгийн ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т гэснийг өөрчлүүлэх, нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо хийж, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Ж” зөвшөөрснийг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж”-иас 173 308 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 324 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/02570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болдмаа хяналтын гомдолдоо: 4 дэх удаагаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн боловч мөн л тодорхой үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримт бүгд нэг баримт бөгөөд тооцоологдсон нийт 18 сая 118 мянга 182 төгрөг, НДШ 1 сая 790 мянган төгрөг, татвар 1 сая 434 мянга 500 төгрөг зэрэг цалингаас суутгасан НДШ, татвар бүгд санхүүгийн тайлан балансад бүртгэлтэй. Нийгмийн даатгалын тайлан, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт бүгд адил байхад яг ямар үндэслэлээр олгогдоогүй цалин 10 сая 540 мянга 052 төгрөгийн зарим хэсгийг нь буюу 3 сая 520 мянга 052 төгрөгийг хэрэгсэхгүй болгоод 7 сая 20 мянган төгрөгийг цалин олгогдоогүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, цалингаас төлсөн болон ажил олгогчоос төлсөн НДШ, татвар яагаад хүчингүй болсон, түүнийг буцаан авах, олгох эсвэл НД-ийн байгууллагад үлдээх эсэх талаар шийдвэрт огт дурьдаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгаагүй. Иймд давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд давж заалдах шүүхийн шийдвэрт анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэхүү үндэслэлдээ Иргэний хуулийн 129.2 дахь хэсгийг үндэс болгосон байна. Хуулийн энэ заалтыг нэхэмжлэгч огт зөрчөөгүй бөгөөд дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 3 удаагийн захирамжийг анхан шатны журмаар хэрэг хүлээн авч шийдвэрлэсэн шүүгч С.Энхбаяр өөрөө гаргасан ба 4 дэх нэхэмжлэлийг харин хүлээн авсан билээ. Энэхүү захирамжууд хэрэгт байгаагаас гадна нэхэмжлэгч нэхэмжлэлдээ энэ талаар бичсэн байгаа. Мөн шүүгч С.Энхбаярын гаргасан шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 5 сая 595 мянга 562 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн энэхүү заалтыг огт дурьдаагүй юм. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хуулийн ямар зүйл заалтыг үндэслэн ямар үндэслэлээр хэргийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа тодорхой бичих ёстой боловч энэ тухай дурьдаагүй учир шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан билээ. Давж заалдах шүүх хэргийн нотлох баримтыг судлаагүй нэхэмжлэлийг уншаагүй эсвэл хайхрамжгүй хандсанаас шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлага хангаагүй гэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “Ж”-д холбогдуулан ажилласан хугацааны цалингийн дутуу 15 688 682 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 869 650 төгрөг, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүйн алданги 1 782 600 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1 152 000 төгрөг, нийт 20 492 932 төгрөг гаргуулах, ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримталсныг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 5 000 000 төгрөгөөр багасгажээ. /хх63/ Хариуцагч 7 000 000 төгрөгийг төлөх, тушаалын үндэслэлийг өөрчлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагыг зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 9 897 370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажлаас халсан тушаалын үндэслэлийг өөрчлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Ц.Б нь 2017 оны 3 дугаар сарын 20-ноос 2018 оны 6 дугаар сарын 18  хүртэл хугацаанд “Ж”-д нягтлан бодогчоор ажилласан ба сарын цалин 1 200 000 төгрөг, энэ хугацаанд нийт 18 118 182 төгрөг авахаас 7 018 285 төгрөгийг авсан, 2017 оны 3 дугаар сараас 2018 оны 6 сарын 18-ны өдөр хүртэл цалинг аваагүй гэж шаардлагаа тодорхойлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 07 сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул 2018 оны 4 сарын 25-наас өмнөх хугацааны цалинг шаардах эрхээ алджээ. 2018 оны 4, 5, 6 сарын цалинг нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд цалинг 7 020 000 төгрөгөөр тооцож, ээлжийн амралтын олговор 1 869 650 төгрөг, алданги 1 007 720 төгрөг нийт 9 897 370 төгрөгийг гаргуулсан нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.4-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Ажил олгогч 2018 оны 6 сарын 18-ны өдрийн Б-02/26 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д тус тус заасныг үндэслэн, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.3а заалтыг баримталж Ц.Бг ажлаас халсан ба уг тушаалын үндэслэлийг өөрчлөхийг хариуцагч зөвшөөрсөн, уг зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй байв.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/02570 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 324 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА